| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/08367/И |
| Дугаар | 191/ШШ2025/11375 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/11375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Ц нэхэмжлэлтэй,
Хариуцагч: МК ХХК д холбогдох
329,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.Адьяабаяр, өмгөөлөгч Б.Золбаяр нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн П.*******, “*******” ХХК нарын 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 316,800,000 төгрөг болон "*******” ХХК-ны орон сууцны барилгад нийлүүлсэн паркетан шалны үнэ болох 12,600,000 төгрөг, нийт 329,400,000 төгрөгийг “*******” ХХК-с гаргуулах тухай.
П.******* би “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.*******гийн санал болгосны дагуу Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус компанийн барьж буй 15 айлын 5 давхар орон сууцны барилгад 170,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, уг барилгыг ашиглалтад оруулж, борлуулсан орлогоос 340,000,000 төгрөг гаргуулан авахаар харилцан тохирч, хөрөнгө оруулалтын гэрээг гүйцэтгэх захирал Л.******* болон Ж.*******, Д.******* нартай 2014.07.23-ны өдөр байгуулсан.
Уг гэрээнд заасан 170,000,000 төгрөгийг өөрийн данснаас бэлнээр гаргаж, өөрт бэлнээр хадгалж байсан мөнгөнөөс болон мөн бусдаас хүүтэй зээлж “Моддерн” ХХК-д бэлнээр дараах байдлаар хүлээлгэн өгч байсан. Үүнд;
2014.07.23-нд 25,000,000 төгрөг,
2014.07.28-нд 7,000,000 төгрөг,
2014.07.30-нд 10,000,000 төгрөг,
2014.07.31-нд 20,000,000 төгрөг,
2014.08.04-нд 10,000,000 төгрөг,
2014.08.14-нд 12,000,000 төгрөг,
2014.08.20-нд 12,000,000 төгрөг
2014.09.15-нд 4,000,000 төгрөг,
2014.09.25-нд 30,000,000 төгрөг
2014.09.30-нд 40,000,000 төгрөг буюу нийт 170,000,000 төгрөгийг бэлнээр
Д.******* болон нягтлан бодогч С.Бүжин нарт хүлээлгэн өгсөн болно.
Уг орон сууцны барилгыг 2016.08.18-ны өдөр Улсын комисс хүлээн авч, ашиглалтад орсноор 15 айлын орон сууц борлуулагдаж дууссан. Анх гэрээгээр 2014.11.30-ны өдөр барилгын ажил бүрэн дуусна гэж байсан боловч хугацаандаа дуусгаагүй тул хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрт тооцон 2015.04.20-нд уг орон сууцны барилгын 4 дүгээр давхарт 46,4 м.кв өрөө орон сууцыг 23,200,000 төгрөгөөр тооцон, орон сууц захиалгын гэрээ байгуулан авсан болно.
Мөн барилгын ажил явагдаж байх үед паркетан шал таньдаг хүнээс авч нийлүүлж байсан байсан бөгөөд тухайн шалны 12 600 000 төгрөгийг би өөрөө хувиасаа төлж барагдуулж байсан
Иймд хөрөнгө оруулалтын гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл 316,800,000 төгрөг, орон сууцны барилгад нийлүүлсэн паркетан шалны үнэ болох 12,600,000 төгрөг, нийт 329,400,000 төгрөгийг “*******” ХХК-иас гаргуулж өгнө үү.
1.1. Нэхэмжлэгч нь хариуцагчийн 15 айлын орон сууцанд 170 сая төгрөгийн хөрөнгө оруулсан. Анх *******, *******, ******* нартай уулзаад мөнгийг цувуулж өгөхөөр тохиролцсон. Ингээд барилгыг нь үзэхэд суурь цутгагдсан байсан. Улмаар 2014.7.31-нд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. 7.23-нд 25 сая төгрөг, 28-нд 7 сая, 30-нд 10 сая, 31-нд 20 сая, 8.6-нд 10 сая, 8.14-нд 12 сая, 20-нд 12 сая, 9.15-нд 4 сая, 9.25-нд 30 сая, 30-нд 40 сая төгрөг төлсөн. Сүүлийн 30 болон 40 саяыг хүнээс зээлж авч өгсөн юм. 2014 оны 11 сард барилга ашиглалтад орно гэсэн боловч хойшилж байсан. Гэрээний явцад 2 өрөө орон сууцыг 23,200,000 төгрөгөөр авахаар тохироод авсан. Үүнийгээ зарж зээлээ төлсөн. Мөн 12,600,000 төгрөгийн паркетин шал хүнээс зээлж авч өгсөн. Огноог сайн мэдэхгүй байна. ******* болон нягтлан Бүжин нарт өгсөн. Зуучилж өгсөн юм. Хөрөнгө оруулалтын гэрээгээр 340 сая төгрөг өгөхөөр байсан бөгөөд 23,200,000 төгрөгийг хасаад шалны мөнгийг нэмээд 329,400,000 төгрөг нэхнэ. Энэ хүмүүс одоо утсаар ярьж нэхэж байгаа юм. Хариуцагчийн албан тоот дээр дурдсан гэрээ байхгүй. 12,6 сая төгрөгийн шал нийлүүлсэн баримтгүй. Энэ асуудлаар итгэж байсан тул өмнө нь шүүхэд болон цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй юм.
1.2. *******, ******* нар нь удирдах албан тушаалтан байсан талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан. Иймд бид эрх бүхий албан тушаалтантай гэрээ байгуулж, мөнгө өгсөн гэдэг ойлголт хэвээр байгаа юм. Саяхан хүртэл мөнгийг өгнө гэж байсан юм. Орон сууцнаас гадна нэмж үл хөдлөх эд хөрөнгө өгнө гэсэн бичиг хэрэгт байдаг. Улсын бүртгэлд явуулсан албан тоотоор мөнгө компанид ороогүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Л.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “******* ” ХХК-д холбогдох 329,400,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч “******* ” ХХК нь 2010 оны 07 дугаар сарын 19-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 01 -ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хүртэл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирлаар Ж.******* нь ажиллаж байсан.
Хариуцагч “******* ” ХХК-ийн захирал Ж.******* болон хувьцаа эзэмшигч байсан Д.******* нар нь гуравдагч этгээд нартай хууль бус гэрээ байгуулах, компанийн эд хөрөнгийг үргүй зарцуулах, ашиглан шамшигдуулах гэх мэт үйлдэл гаргасан байсан тул “******* ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдөр чөлөөлсөн болно.
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч “******* ” ХХК-д ямар нэгэн хөрөнгө оруулалт огт хийгээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.1. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагчийн захирлаар ******* ажиллаж байсан. Тэрээр болон хувьцаа эзэмшигч ******* нар нь гуравдагчтай хууль бус гэрээ хийсэн тул захирлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь ямар нэг хөрөнгө оруулалт хийгээгүй тул зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2015 гэрээ байгуулаад үл хөдлөх эд хөрөнгө авсан гэдэг. 2015 онд байр авчихад яагаад хөрөнгө оруулалтаа нэхэхгүй байсан нь хачирхалтай байгаа юм. Иргэний хуулийн 75-д гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Мөн ерөнхий хугацаа мөн адил дуусгавар болсон. ******* тамга ашиглаж байсан. Гэрээг бичсэн баримт нь хэн үйлдсэн нь тодорхойгүй байна. Тамгатай байсан тул яагаад мөнгөний баримт дээр тамга дараагүй вэ. Нэхэмжлэгч нь гэрээтэй холбоотойгоор ямар нэг шаардлага гаргаж байгаа юм гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
3а. Нэхэмжлэгчээс: Хөрөнгө оруулалтын гэрээ /хх5-6/, орон сууц захиалгаар бариулах гэрээ /хх8-11/, Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга /хх12-17, 18-19, 62-63, 76-77/ Хаан банк дахь дансны хуулга /хх20, 58-61/ төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх50/, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх51/, хариуцагчийн албан тоот /хх57/, зээлийн гэрээний хуулбар /хх64/, барьцааны гэрээний хуулбар /хх65/ үүрэг дуусгавар болсон хэлцлийн хуулбар /хх66/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх67/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх68/, гараар бичсэн баримт 6 ширхэг /хх70-75/
3б. Хариуцагчаас: Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх78/
3.1. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх45-46/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 24,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч П.******* нь гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 316,800,000 төгрөг, бусдаас бараа бүтээгдэхүүн худалдан авсны төлбөрийг төлсөн үнэнд 12,600,000 төгрөг, нийт 329,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “******* ” ХХК нь мөнгөн хөрөнгө хүлээн аваагүй, хууль бус гэрээ бөгөөд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.
4. Зохигч 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хөрөнгө оруулалтын гэсэн нэртэй гэрээ байгуулжээ. Хариуцагч талаас гэрээнд гарын үсэг зурж, тэмдэг дарсан этгээдүүд нь тухай үед компанийн эрх бүхий албан тушаалтай байсан нь хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй. /хх5-6/
Гэрээний 1.1, 1.5, 1.6-д зааснаар энэ хэргийн нэхэмжлэгч нь 170,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, хариуцагч нь барилга барьж ашиглалтад оруулаад, борлуулалтын орлогоос нэхэмжлэгчид 340,000,000 төгрөгийн ашиг хуваарилахаар тохиролцжээ. Үүнээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
5. Худалдаа хөгжлийн болон Хаан банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулганаас үзэхэд зарлагын гүйлгээ нь бэлэн мөнгөөр гарсан бөгөөд дансаар бусдад шилжүүлэгдээгүй байна. /хх12-17, 18-19, 20/
Хэрэгт авагдсан гараар бичсэн баримтаас мөнгөн хөрөнгийг Д.******* хүлээн авсан гэжээ. Зохигч уг баримт үйлдэгдсэн эсэх талаар маргаагүй боловч хариуцагч нь уг мөнгөн хөрөнгө хариуцагчид орлогоор бүртгэгдээгүй гэж маргаж байна.
Уг гараар бичсэн 2014 оны баримтаас үзэхэд мөнгөн хөрөнгийг хүлээн авсан гэх Д.******* нь хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч байсан болох нь хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон.
Гэвч Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн, хувьцаа эзэмшигч нь компанийн эрх, үүргийн бусдын өмнө хэрэгжүүлэхгүй юм.
Иймд уг баримтаар хүлээн авсан гэх мөнгийг хариуцагч хуулийн этгээд хүлээн авсан гэж үзэх боломжгүй байна.
6. Хөрөнгө оруулалтын гэсэн нэртэй хамтран ажиллах гэрээний 1.4-т зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 31-ны өдөр нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн. Улмаар энэ хэргээс өмнө нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл болон цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар дээрх гэрээний дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчид үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүссэн байна.
6.1. Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний үр шимд тооцож 23,200,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууц авсан болох нь зохигчийн хооронд 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээгээр тогтоогдож байна. /хх8-11/
Дээр дурдсан хөөн хэлэлцэх хугацаа нь шаардах эрхэд хамаарах тул гэрээтэй холбоотой маргаанаар хариуцагч нь уг орон сууцыг буцаан шаардах эрх энэ шийдвэрээр үүсэхгүйг дурдах нь зүйтэй.
7. Хариуцагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 16/65 дугаар албан тоотоос үзэхэд хамтран ажиллах гэрээний дагуу баригдсан барилга нь 5 давхар, 15 айлын орон сууцны барилга бөгөөд үйлчилгээний талбайтай гэж ойлгогдохгүй байна. Улмаар уг албан тоотод дурдсанаар нэхэмжлэгч нь үйлчилгээний талбайд зориулж 24,000,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. /хх57/
Цаашлаад үндэслэх хэсгийг 6.1-д дурдсан гэрээний зүйл нь энэхүү албан тоотод дурдаж буй үйлчилгээний талбайгаас зөрүүтэй байна. Мөн дээрх албан тоотод дурдсан 80 м.кв үйлчилгээний талбай олгогдоогүй талаар зохигч хэн аль нь маргаагүй.
Иймд хариуцагчийг 24,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх бөгөөд энэхүү албан тоот үйлдэгдсэнээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, дахин тоологдож эхэлнэ. Нэхэмжлэгч нь 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул энэхүү мөнгөн хөрөнгийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Учир нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг ердийн журмаар 10 жилээр тооцно.
8. Дээрх үндэслэлээр хамтран ажиллах гэрээгээр хураамжийг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр үр шим хуваарилахаар тохиролцсон боловч гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул зөвхөн хураамжийг буцаан олгох нь зүйтэй. Гэвч гараар бичсэн баримтаар хураамжийг хариуцагчид биш түүний хувьцаа эзэмшигчид олгосон байж болохоор байх тул олгогдсон мөнгөн хөрөнгөний тогтоогдсон хэмжээ болох 24,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч нь барилга барихад зохиулж орон сууцны шалыг бусдаас авахад таньдаг хүнээр дамжуулан зуучилсан. Улмаар төлбөр шаардсан тул хариуцагчийн өмнөөс үнийг төлсөн гэж тайлбарласан. Гэвч шалны үнэ төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Иймд энэхүү шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8, 82 дугаар зүйлийн 82.1, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч “******* ” ХХК-с 24,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 305,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,804,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД