| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 102/2018/03742/И |
| Дугаар | 210/МА2019/00484 |
| Огноо | 2019-03-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2019/00484
| 2019 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 210/МА2019/00484 |
Ашидтүвшин финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/00348 дугаар шийдвэртэй Ашидтүвшин финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Батцэцэг, Б.Жаргалсайхан нарт холбогдох, 12 432 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Батцэцэг, Б.Жаргалсайхан нар 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хуучнаар Туусжам ББСБ ХХК буюу шинээр Ашидтүвшин финанс ББСБ ХХК-аас 20 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй зээлдэж, зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулж, барьцаанд Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, 65 байрны 80 тоот орон сууцыг барьцаалуулсан. Хариуцагч нар зээлээс 5 138 480 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 14 821 520 төгрөг, хүүгийн үлдэгдэл 6 347 398 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1 269 479 төгрөг, нийт 22 438 397 төгрөгийг төлөөгүй зээлийн гэрээний үүргээ зөрчиж байсан. Иймд манай байгууллага 2017 оны 02 дугаар сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 674 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээр дурдсан шүүхийн шийдвэрийг үндэслэн Б.Батцэцэг, Б.Жаргалсайхан нарын хүсэлтээр 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зээлийн болон зээлийн барьцааны гэрээний хугацааг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар сунгасан ба зээлийн хүүгийн хэмжээг сарын 3.5 хувь, үндсэн зээлийн хэмжээг 14 800 000 төгрөг байхаар тохирсон. Уг гэрээний дагуу хариуцагч нар нь зээлийн хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд гэрээний дагуу зээлийн хүүг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 10 360 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 072 000 төгрөг, нийт 12 432 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Батцэцэг, Б.Жаргалсайхан нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ББСБ-аас 20 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй зээлж авсан. Бид үндсэн зээл болон хүүгээ тухайн сар тутам төлж байсан ба бусадтай хамтран хийж байсан зээлийн бизнесийн үйл ажиллагаа зогсож зээл, хүүгээ төлж чадахгүйд хүрсэн. Тус ББСБ нь биднийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж тухайн үед бидний эвлэрлийг шүүх баталж шийдвэрлэсэн. Гэтэл тухайн үед шүүхээр шийдвэрлэсэн зээлийн хүүг бид нараас дахин нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Учир нь гэрээг Туусжам ББСБ ХХК-тай байгуулсан. Туусжам ББСБ ХХК нь Ашид түвшин финанс ББСБ ХХК болж өөрчлөгдсөн нь баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Батцэцэг, Б.Жаргалсайхан нарт холбогдох, 12 432 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ашидтүвшин финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 214 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Ашидтүвшин финанс ББСБ ХХК-ийн Б.Батцэцэг, Б.Жаргалсайхан нарт холбогдуулан зээлийн хүү 10 360 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 072 000 төгрөг нийт 12 430 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 72 дугаар зүйл 72.7 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэсэн дүгнэлт хийхдээ тус хуулийн 71 дүгээр зүйл, 71.1 дэх хэсэгт заасан хугацааг тоолох журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Мөн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Б.Батцэцэг, Б.Жаргалсайхан нартай байгуулсан 01/14 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10-ны өдөр дуусгавар болсон байхад 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл гэрээний хугацааг сунгасан гэж үзэх боломжгүй гэх дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 674 дугаар захирамжаар зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хэрэгт авагдсан. Уг захирамжид талууд гэрээний хугацааг сунгах талаар тодорхой заасныг үндэслэн зээлийн болон барьцааны гэрээний хугацааг сунгасан байхад энэ нь шаардах эрхийн үндэслэл болохгүй гэсэн дүгнэлт гаргасан. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйл 453.1 дэх хэсгийг буруу тайлбарлан нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардах эрхгүй гэж дүгнэсэн. Хэдийгээр Б.Батцэцэг, Б.Жаргалсайхан нартай зээлийн болон барьцааны гэрээний сунгалтын гэрээг Туусжам ББСБ ХХК байгуулсан нөхцөл байдал нь цаг хугацааны хувьд зөрүүтэй харагдаж байгаа боловч үүнийг нэхэмжлэгч Ашидтүвшин финанс ББСБ ХХК хүлээн зөвшөөрдөг. Ийм учраас Ашидтүвшин финанс ББСБ ХХК шаардах эрхтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.
Нэхэмжлэгч Ашидтүвшин финанс ББСБ ХХК нь хариуцагч Б.Батцэцэг, Б.Жаргалсайхан нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 432 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Б.Батцэцэг, Б.Жаргалсайхан нар 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Туусжам ББСБ ХХК-тай зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй зээлдэж, гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, 65 байрны 80 тоот орон сууцыг барьцаалуулсан. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой Туусжам ББСБ ХХК нь Б.Батцэцэг, Б.Жаргалсайхан нараас 22 438 397 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 00674 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон зэрэг үйл баримт хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамж, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон./хх-ийн 6-7, 94-98 дугаар тал/
Талууд буюу Туусжам ББСБ ХХК, Б.Батцэцэг, Б.Жаргалсайхан нар нь 2017 оны 3 сарын 14-ний өдөр 01/14 дугаартай зээлийн болон барьцааны гэрээний сунгалтын гэрээг байгуулсан. Эдгээрээс үзэхэд дээрх зээлийн гэрээний талууд нь Туусжам ББСБ ХХК, Б.Батцэцэг, Б.Жаргалсайхан нар байх бөгөөд тэд тухайн гэрээний эрх, үүргийг хэрэгжүүлэх учиртай.
Ашидтүвшин финанс ББСБ ХХК ньТуусжам ББСБ ХХК-ийг нэгтгэсэн, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэх нэхэмжлэгчийн тайлбар, гомдол хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй нотлогдохгүй байхаас гадна түүний өөрийн шаардлагын үндэслэл болгож буй 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нэгтгэх гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. /хх-ийн 10 дугаар тал/
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно гэж заасан.
Нэхэмжлэгч Ашидтүвшин финанс ББСБ ХХК нь уг зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй, зээлдүүлэгч Туусжам ББСБ ХХК нь шаардах эрхээ шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй болно.
Харин зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд оролцсон субьект эрх нь зөрчигдсөн гэж үзвэл шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/00348 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Б.НАРМАНДАХ