Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/41

 

Б.Б од холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралд аанд;           

Прокурор Ц.Цэрэндулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/123 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэлд үндэслэн цагаатгагдсан этгээд Б.Б од холбогдох 2419004730051 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Цагаатгагдсан этгээдийн биеийн байцаалт:

***

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Б.Б  нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн *** тоотод байрлах Ц.Мын тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч 200,000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Б.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Ц.Цэрэндулам эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд Ц.Маас "Манай хашаанд байсан амбаарт хулгай орсон байна” гэсэн мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 34 минутад өгсөн, холбогдогч Б.Б ын “эхнэр нь Д  нэртэй дэлгүүрийн үүдэнд таараад надад хандаж “чи М  ахынхаа амбаарт байсан тогоо аккумлятор зэргийг авчихсан байна шүү дээ, танай дүү Б  хэлж байна шүү дээ гэхээр нь би “эгчээ дүү нь авсан үнэн буцааж аваад өгчихнө гэж хэлэхэд за чи авч өгөөрэй гэж хэлчхээд яваад өгсөн.....хэд хоногийн дараа М  ах надтай уулзаж "...чи яагаад байгаа юм бэ ах нь чамд буруу санаж байсан удаа байхгүй дээ чи тэр амбаарын хаалганы цоожийг хүртэл эвдээд юм авчихсан байх юм гэхээр нь Жак ахад хандаж “за уучлаарай ахаа би амбаарын хаалгыг чинь цоожийг лоомоор цохиж эвдээд нэг бүтэн том тогоо нөгөө 3 нь эвдэрхий дундаа цоорхой жижиг тогоо нийт 4 ширхэг тогоо байсан санагдаж байна мөн жижиг аккумлятор зэргийг чинь авчхаад манай хойд хашааны айл болох Халзан гэх ахынд 150.000 төгрөгөөр зарчихсан юмаа ...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 4 удаагийн мэдүүлэгт “.... оож нь эвдэрчихсэн, цоож нь сэтэрчихсэн байсан. Тэгээд амбаараасаа эд зүйл хулгайд алдсан...” гэх мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад дүгнэлт хийхэд: шүүгдэгч Б.Б ын бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл буюу хохирогч Ц.Мын эзэмшлийн тусгайлан хамгаалсан агуулахын зориулалттай, цоожтой байсан амбаарт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, тэнд байсан эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэлгүйгээр өөрийн болгон авч, захиран зарцуулах бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүх хэргийн үйл баримтын талаар “шүүгдэгч Б.Б , хохирогч Ц.М нар нь ах дүү, төрөл садангийн холбоотой нэг хашаанд оршин суудаг, тухайн үүдний амбаар нь тэдний эмээ, өвөө нь эдэлж хэрэглэж байсан, одоо дундаа хамтран эд зүйлээ хийж хадгалдаг болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон” гэж дүгнэжээ. Цагаатгах тогтоолд дурдсанчлан шүүгдэгч Б.Б , хохирогч Ц.М нарын дундаа хамтран эд зүйлээ хадгалдаг агуулах савны зориулалттай амбаарт Б.Б  нэвтэрч орохдоо хаалганы цоожийг эвдэж ороод байгаа үйлдлийг мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Мын 4 удаа өгсөн "..амбаарын хаалганы цоожийг эвдсэн ... амбаараасаа эд зүйл хулгайд алдсан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр амбаарын хаалганы цоожийг эвдсэн нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгч Б.Б , хохирогч Ц.М нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон атлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна.” гэжээ.

6.Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийсэн цагаатгах тогтоол болсон тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Прокуророос Б.Быг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэсэн байгаа. Тусгайлсан хамгаалсан гэдгийг юу гэж үзэх талаар улсын дээд шүүхээс тайлбарлахдаа гэрээт хамгаалалт, харуулаар хамгаалуулах, тусгай техник төхөөрөмж, камер дохиоллоор хамгаалсан байхыг ойлгодог. Гэтэл энэ амбаарт тийм зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд энэ амбаар вэ хэний амбаар гэдгийг огт тогтоогоогүй байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт л хохирогч энэ талаар мэдүүлсэн байдаг. Тухайн цоожийг ямар байдлаар зүүсэн байдаг гэхээр тухайн хашаанд амьдардаг хүмүүсээс бусад хүмүүсийг оруулахгүй байхаар хийсэн байдаг. Хулгайн гэмт хэрэг байж болно, гэхдээ хулгайлах гэмт хэргийн шинжгүй, хохиролд хүрэхгүй хулгайлах гэмт хэргийн шинжгүй бол Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна гэж байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор Ц.Цэрэндуламаас гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх шийдвэр гаргахдаа эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан зэрэг нөхцөл байдлууд нь цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болсон.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Ц.М, шүүгдэгч Б.Б ын ээжийнх нь төрсөн дүү бөгөөд Дорноговь аймгийн ***тоотод байрлах байрны 2 талд тус тусдаа амьдардаг айлууд, шүүгдэгч Б.Б  тус хашаанд байдаг амбаарын цоожийг эвдлэн орж Ц.Мын гэрийн эд хөрөнгө болох 3 ширхэг том жижиг тогоо, аккумлятор зэргийг архины мөнгө болгох зорилгоор хулгайлж, 200,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ц.М, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Б.Б  нарын мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

3.Энэ үйл баримтад холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд “ ...шүүгдэгч, хохирогч нар нь төрөл садны холбоотой, нэг хашаанд оршин суудаг, тухайн үүдний амбаар нь тэдний эмээ, өвөө нь эдэлж хэрэглэж байсан, одоо дундаа хамтран эд зүйлээ хийж хадгалдаг болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон, ...хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээний хохирол буюу гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн хэмжээнд хүрээгүй, 200,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан” гэсэн үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Б од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийг прокуророос эс зөвшөөрч гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүхээс бүхэд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлүүдээр  анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж үзсэн.

Үүнд: -шүүгдэгч Б.Б ын ээж хохирогч Ц.М нар нь төрсөн эгч, дүүс боловч тус тусдаа ам бүлтэй, шүүгдэгч Б.Б  нь мөн тусдаа амьдралтай болох нь шүүгдэгч, хохирогч нарын ам бүлийн тодорхойлолт /хх35, 44/-оор,

-хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх5-8/-д “...амбаарт шүүгдэгч Б.Б ын гэрийн нүүрс хадгалагдаж байсан талаар тусгагдаагүй, Б.Б ын гэх эд зүйл байгаагүй, амбаарын түлхүүр хохирогчийнх, түүнийг шүүгдэгч эвдсэн” болох нь тогтоогдсон,

-хохирогч Ц.Маас цагдаагийн байгууллагад 2024 оны 12 дугаар сарын 05-нд гэмт хэрэг гарсан талаар гомдол гаргасан /хх4/ ба түүнийг мөн өдөр хохирогчоор тогтоож авсан мэдүүлэг /хх9/-т “...сэжиглэж байгаа хүнээ сайн таних уу гэсэн мөрдөгчийн асуултад “...Б.Б гэдэг, нэг байшингийн хоёр хаалгаар ордог хөрш айл” гэж шүүгдэгчийг шууд заан нэрлэсэн,

-шүүгдэгч Б.Б ын мөрдөн байцаалтын шатанд “...би тухайн үед согтуу байсан, огт мөнгөгүй байсан болохоор архины мөнгө болгочих санаатай авсан юм, амбаар жижиг шар өнгийн цоожтой байсныг эвдэж ...орсон” гэж өгсөн /хх11, 18/ мэдүүлэг зэргээр хохирогч Ц.Мын хашаанд байх амбаарт шүүгдэгч Б.Б  хууль бусаар, нууцаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан  үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудыг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, эдгээр нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна.

Хохирогч, шүүгдэгч нар төрөл садны холбоотой хүмүүс гэдэгт үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийг цагаатгах үндэслэл болгосон нь буруу болсон ба энэ тухай шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 буюу хулгайлах гэмт хэргийн тайлбарт “ ... энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй, энэ зүйлийн 2,3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заасан байхад анхан шатны шүүх “...200,000 төгрөгийн хохирлын хэмжээ гэмт хэрэгт тооцох хэмжээнд бага хэмжээнд хүрэхгүй байна”  гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэн, шүүгдэгч Б.Б од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэл болгосон алдааг гаргасан нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох мөн үндэслэл болсон.

6.Иймд эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн прокурорын эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэлэлцүүлгийн шатанд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.5 дугаар зүйлийн 1.1,  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны 2025/ШЦТ/123 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд буцааж, прокурор Ц.Цэрэндуламаас гаргасан эсэргүүцлийг хангасугай.

2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Б.Б од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

                        ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС

                        ШҮҮГЧ А.САЙНТӨГС