2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/11705

 

 

 

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.А нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч:МЦХ ХКхолбогдох

 

            Өндөр насны тэтгэвэрт гарсны тэтгэмжид 9 сарын цалинтай тэнцэх 11,188,933.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өндөр насны тэтгэвэрт гарсны тэтгэмжид 9 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний төгрөг болох 11,188,933.3 төгрөг шаардах тухай

Нэхэмжлэлийн үндэслэл:

1.   Өндөр насны тэтгэвэрт гарсны тэтгэмж дутуу олгосон тухай

1.1.     Миний бие, ******* овогтой *******ын ******* 1995 оны 2-р сарын 2-ны өдөр ******* аймгийн холбооны газар Ахлах нягтлан бодогчоор ажилд орж ажилласнаас хойш энэхүү байгууллагад нийт 27 жил 7 сар ажилласан.

1.2.      Би 2022 оны 2-р сарын 11-ний өдөр орон тооны цомхотголд орж ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд 2025 оны 4-р сарын 7-ны өдөр ******* аймгийн холбооны газарт дахин ажилд орсон.

1.3.      2025 оны 6-р сард өгсөн миний өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтийн дагуу ******* аймгийн холбооны газрын захирал Х.******* 2025 оны 6-р сарын 30-ны өдрийн Б/11 тоот тушаалаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 6-р сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн. Тус тушаалд надад 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох тухай      заасан.

1.4.      ******* аймгийн холбооны газрын захирлын тус тушаал нь Монголын цахилгаан холбоо ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 7.1.4 хэсэгт “Аймаг, дүүргийн Холбооны газрын захирал нь тухайн салбарын ажилтнуудыг ... ажлаас чөлөөлөх ... зэрэг хөдөлмөрийн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох асуудлыг Удирдлага, хүний нөөцийн газрын захирлын бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн тушаал, шийдвэр гаргана" гэж заасны дагуу Удирдлага, хүний нөөцийн захирал Ч.*******ийн 2025 оны 6-р сарын 9-ний өдрийн 25/97 дугаар дотоод албан бичигт үндэслэн гарсан.

1.5.      Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2024-2025 онд хэрэгжүүлэх 2024 оны 6- р сарын 7-ны өдрийн Хамтын гэрээний 2.1.4.9 хэсэгт “Ажилтан өндөр насны тэтгэвэрт гарсан бол компанид ажилласан жилийг харгалзан 1-12 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг дараах байдлаар бодож олгоно. Үүнд: 26-аас дээш жил ажилласан бол 12 сараар тооцож олгоно" гэж заасан.

1.6.      Миний бие Монголын цахилгаан холбоо ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг сар бүр төлсөөр ирсэн. Иймд миний бие Үйлдвэрчний эвлэлийн гишүүн бөгөөд тус байгууллагад 26-аас дээш жил ажилласан тул Хамтын гэрээний дагуу 12 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж авах эрхтэй байна.

1.7.      2025 оны 7-р сарын 9-ний өдөр Монголын цахилгаан холбоо ХК-иас 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж болох 3,729,644.30 төгрөгийг “Өндөр настны тэтгэмж” гүйлгээний утгатайгаар миний 5005661483 тоот Хас банкны данс руу шилжүүлсэн.

1.8.      Нэг сарын дундаж цалин хөлсийг миний ажилласан сүүлийн 3 сар (2025 оны 4, 5, 6 сар)-ын цалингийн нийлбэрийг 3-т хувааж, тодорхойлсон. Тодруулбал:

a.   2025 оны 4-р сарын цалин - 1,016,909.09 төгрөг;

b.   2025 оны 5-р сарын цалин - 1,405,735.24 төгрөг; болон

c.    2025 оны 6-р сарын цалин - 1,307,000.00 төгрөг,

Нийт 3,729,644.33 төгрөг байна.

d.   Нэг сарын дундаж цалин хөлсийг тооцохдоо сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр дүн 3,729,644.33 төгрөгийг 3-т хувааж, 1,243,214.8 төгрөгөөр бодсон байна.

1.9.      Иймд 12 сарын дундаж цалин болох 14,918,577.6 төгрөгөөс надад олгосон 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж болох 3,729,644.30 төгрөгийг хасаж, үлдэгдэл 9 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж болох 11,188,933.3 төгрөгийг олгож өгнө үү.

2.   Маргааныг урьдчилан шийдвэрлүүлсэн тухай

2.1.      Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу тус маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Монголын цахилгаан холбоо ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандсан бөгөөд ажил олгогчтой тохиролцоонд хүрч чадаагүй болно.

2.2.      Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо энэхүү маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу энэхүү Нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд миний гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү.

 

1.1.             Нэхэмжлэгч өмнө нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан. Улмаар хурал давхардсан тул өмгөөлөгчгүй хурлыг үргэлжлүүлье.

Нэхэмжлэгч нь ******* аймгийн салбарт 27 жил ажилласан. ҮЭ-д татвараа тогтмол төлж байсан. Улмаар өндөр насны тэтгэвэрт гарсан. Хариуцагч нь 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон. Гэтэл 27 жил 7 сар ажилласан тул 12 сарын тэтгэмж авах ёстой гэж үзээд 11 сая төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэл нь дан хамтын гэрээгээр бус Хөдөлмөрийн тухай хуулийн 82.5, 82.3, 12.2.1-т заасан байдаг. Хуульд энэ зохицуулалтыг яагаад оруулсан бэ гэхээр хууль тогтоогч олон жил ажилласан ажилтныг урамшуулах гэж ойлгож байгаа юм. Гэтэл хариуцагч өөрөөр тайлбарладаг. Үүнд цомхотголд орж тэтгэмж олгосон. Энэ нь ажилтнаас үл хамаарах шалтгаанаар тэтгэмж олгосон гэж нэхэмжлэгч үзэж байгаа юм. Урд нь менежер гэсэн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд цомхотголд орсноор тэтгэмж олгосон. Одоо харин тэтгэвэрт гарсан тул тэтгэмж авна. Улмаар шинэ албан тушаалд томилогдсон гэсэн утгаар тэтгэвэрт гарсан тэтгэмж олгохгүй гэдэг нь хуульд нийцэхгүй юм. Энэ 2 тэтгэмж нь өөр өөр заалтаар хамтын гэрээ болон хуульд зохицуулсан байдаг. Тухайн байгууллагадаа л ажиллаж байсан юм.

Өмнөх тэтгэмж нь тухайн үеийн хамтын гэрээний 2.1.4.9-д зааснаар 12 сараар олгохоор заасан байдаг. Өмнөх тэтгэмж нь тэтгэвэрт гарсан тэтгэмж биш юм гэв.

 

2.                   Хариуцагчийн төлөөлөгч Б.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МЦХ ХК-д холбогдуулан иргэн *******ын *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

I. Эхний хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үүссэн, дуусгавар болсон, тэтгэмж олгосон талаар:

Нэхэмжлэгч *******ын ******* нь:

1.            Холбооны яамны харьяа ******* аймгийн холбооны газрын даргын 1995 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар тушаалаар ерөнхий нягтлан бодогчоор томилогдож, газрын даргын 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр тушаалаар чөлөөлөгдсөн;

2.            МЦХ ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 63 дугаар тушаалаар холбооны газрын даргаар томилогдож, Гүйцэтгэх захирлын 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 479 дүгээр тушаалаар чөлөөлөгдсөн;

3.            МЦХ ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 644 дүгээр тушаалаар холбооны газрын даргаар томилогдож, Гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Х/19 дүгээр тушаалаар чөлөөлөгдсөн;

4.            МЦХ ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Х/27 дугаар тушаалаар Дотоод аудит, шинжилгээ үнэлгээний албанд мэргэжилтнээр томилогдож, Гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар ******* аймгийн холбооны газарт менежерээр шилжин томилогдсон;

5.            2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр МЦХ ХК-ийн Гүйцэтгэх захиралд хандан “02 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдөж, Хамтын гэрээнд заасан тэтгэмж авах тухай” хүсэлтийг гаргаж, хүсэлтийн дагуу ******* аймгийн холбооны газрын захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх “ажил олгогч ... тэтгэмжийг нэг удаа олгоно”, 82.3 дахь хэсэг “... хамтын гэрээ, хэлэлцээрээр 82.1, 82.2-т заасан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно.” хэсэг, Монголын цахилгаан холбоо ХК- Монголын Тээвэр, Холбоо, Газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой байгуулсан 2012-2013 онд хэрэгжүүлэх ХАМТЫН ГЭРЭЭ (2022 оны 04

дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан)-ний НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН 2.1.6.5 дахь заалт холбооны салбарт нийт 26 жил 09 сар 12 өдөр ажилласан хугацаанд ногдох 9 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийн 7719376.00 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ХААН банкны 5935148337 тоот дансанд бүрэн шилжүүлсэн. (нэхэмжлэгч 2022 онд ажлаас чөлөөлөгдсөн болон тэтгэмжийн тухай гомдол гаргаагүй болно)

II.      Дараагийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа шинээр үүссэн, дуусгавар болсон, тэтгэмж олгосон талаар:

1. А.******* 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн холбооны газрын захиралд “2025 оны 09 дүгээр сар хүртэл ажиллах тухай хүсэлт” гаргасан ба хүсэлтийн дагуу ******* аймгийн холбооны газрын захирлын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар мөн өдрөөс тус холбооны газрын ахлах инженерээр ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа шинээр үүсэж, улмаар 2 сар 27 хоногийн дараа Монгол Улсын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтад заасан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тухай 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүсэлтээ гаргасан.

Энэ хүсэлтийн дагуу Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь “Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно" хэсэг, 82.1.1 дэх “тухай аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно” заалт болон Монголын цахилгаан холбоо ХК- Монголын цахилгаан холбоо ХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн байгууллага- Монголын Тээвэр, Холбоо, Газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой байгуулсан 2024-2025 онд хэрэгжүүлэх ХАМТЫН ГЭРЭЭНИЙ 2.1.4.9 дэх заалт дахь компанид 6 сараас дээш хугацаанд ажиллаагүй, тэтгэмж авах эрх үүсээгүй ч ажилтны өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр АЖИЛ ОЛГОГЧ ******* аймгийн холбооны газрын захирал 2025 оны Б/11 дүгээр тушаалаар 3 сарын цалинтай тэнцэх 3729644.30 төгрөгийн тэтгэмжийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ХАС банкны 5005661483 торт дансанд шилжүүлсэн.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг “... ажил олгогч ... тэтгэмжийг нэг удаа олгоно” гэсэн зарчмыг баримтлан нийт (11188933.30 төгрөг) нэхэмжилж буй тэтгэмжийг (260087.00 төгрөгийг илүү) олгосон -ь хавсралт дахь баримтаар тогтоогдож байгаа тул АЖИЛ ОЛГОГЧ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн.

Дээр дурдсан баримт, эрх зүйн үндэслэлүүдийг харгалзан А.*******ийн нэхэмжлэл нь хууль болон Хамтын гэрээний шаардлагад нийцэхгүй байгаа бөгөөд МЦХ ХК-д 25 жил 02 сар 25 өдөр ажилласан нь 2024-2025 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 2.1.4.9 дэх заалтад заасны дагуу 8 сарын тэтгэмжээс 2022 онд 9 сарын, 2025 онд 3 сарын, нийт 2 удаа 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэхэмжлэгч талд олгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2.1.             Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1-д зааснаар тэтгэмжийг нэг удаа олгоно гэдэг бөгөөд ялгавартай заагаагүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо хамтын гэрээнд заасны дагуу 9 сарын тэтгэмжийг олгосон байдаг. Энэ талаар 2022 онд ямар нэг гомдол гаргаагүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа шинээр үүссэн гэдэг нь ******* аймгийн салбарт ажилд ороод 2 сар 27 хоногийн дараа тэтгэвэрт гаргах талаар хүсэлт гаргасан байдаг. Ингэхэд хамтын гэрээнд заасан 6 сар хүрээгүй, мөн 6 сараас 2 жил хугацаа болоогүй боловч 3 сарын тэтгэмж олгосон. Нэхэмжлэлд 12 сар гэсэн нь өмнөх 9 сар болон сүүлийн 3 сарын тэтгэмжтэй нийлээд 12 сар болох тул ажил олгогч үүргээ бүрэн биелүүлсэн. Хамтын гэрээгээр 25 жил ажилласан байгаа юм гэв.

 

3.                   Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 37644 дүгээр захирамж /хх5-7/, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны худалдааны шийдвэр /хх10-12/, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /хх13-17/, цалингийн карт /хх36-37/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх44-50/,

3б. Хариуцагчаас: 2012-2013 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний хуулбар /хх64-68/, 2012-2013 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуулбар /хх69-70/, 2024-2025 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний хуулбар /хх71-74/, Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/60 дугаар тушаалын хуулбар /хх75/, хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /хх75-86/, ******* аймгийн холбооны газрын захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн Б/06 дугаар тушаалын хуулбар /хх87/, төлбөрийн даалгаврын хуулбар 2 ширхэг /хх88, 99/, ******* аймгийн холбооны газрын захирлын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр тушаалын хуулбар /хх89/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх90-93/, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх94-96/, дотоод албан бичгийн хуулбар /хх97/, ******* аймгийн холбооны газрын захирлын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/11 дүгээр тушаалын хуулбар /хх98/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 6,216,073.85 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч А.******* нь өндөр насны тэтгэвэрт гарсны тэтгэмжид 9 сарын цалинтай тэнцэх 11,188,933.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч “Монгол цахилгаан холбоо” ХК нь ажилласан хугацаа тасалдсанаар тэтгэмж авах эрх нээгдээгүй, өмнө олгосон тэтгэмжтэй нийлүүлэн тооцвол 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон гэж маргасан.

 

4.                   Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 2000 оны 01 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ******* аймгийн холбооны газрын захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн Б/06 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна. /хх44-49, 87/

Энэхүү хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаас үзэхэд ажлын байр хасагдсан гэх үндэслэл заасан байна. Улмаар ийнхүү ажлаас чөлөөлөхдөө 7,719,376 төгрөгийн тэтгэмж олгожээ. /хх88/

4.1.             ******* аймгийн холбооны газрын захирлын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг тус холбооны газрын ахлах инженерээр томилсон байна. /хх89/

Цаашлаад ******* аймгийн холбооны газрын захирлын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. /хх98/

Эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

5.                   Нэхэмжлэгч нь тухайн байгууллагад 27 жил ажилласан тул өндөр насны тэтгэвэрт гарахад 12 сарын тэтгэмж олгох ёстой. 2025 онд ажлаас чөлөөлөгдөх үед 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон гэх үндэслэлээр 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж шаардсан. Улмаар нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон тэтгэмжтэй холбогдуулан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст өргөдөл гаргасныг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж 03 дугаар тэмдэглэл гарчээ. /хх13-17/

Үүний дараа нэхэмжлэгч нь тэтгэмжийг дутуу олгосон гэх агуулгаар Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 08 дугаар сарын 04-ны өдөр гомдол гаргасныг мөн оны 08 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж талууд харилцан тохиролцоогүй тул маргааныг дуусгавар болгосон байна. /хх10-12/

Энэхүү тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч нь 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гардан авчээ. Улмаар 5-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн мөн оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 37644 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна. Улмаар 19-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг хүлээн авч 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь маргаж буй асуудлаар гомдол, нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8-д заасан хугацааг хэтрүүлээгүй.

 

6.                   Нэхэмжлэгчийг ******* аймгийн холбооны газрын захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөх үед 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 9.4.3-т заасантай нийцжээ. /хх75-86/

6.1.             Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд тэрээр ажлаас чөлөөлөгдсөний дараа өөр байгууллагад ажиллаж байжээ.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл эхний 22 жилийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь хэдийгээр өөрөөс шалтгаалаагүй боловч дуусгавар болсон. Улмаар дараа нь ******* аймгийн холбооны газрын захирлын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар шинээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсжээ.

Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-82.1.4-т тухайн байгууллага гэж заасан байна.

Үүнээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаас үзэхэд нэг удаа гэдэг нь харилцаа дуусгавар болсон тухайн цаг хугацаанд хамаарах бөгөөд харин дахин харилцаа үүсэж, дуусгавар болж байгаа тохиолдолд өмнө олгосон тэтгэмжийг сүүлд дуусгавар болж буй харилцааны хувьд олгох тэтгэмжтэй хамтадган тооцох үндэслэлгүй гэж үзлээ. Иймд нийт ажилласан хугацааг нэгтгэж тооцох нь зүйтэй юм.

6.2.             Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, дээрх ажилд томилсон, чөлөөлсөн тушаалуудаас үзэхэд нэхэмжлэгч нь эхлээд 22 жил, 2 сар, дараа нь 3 сар тухайн байгууллагад ажиллажээ.

Нэхэмжлэгчийн маргаж буй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 2025 онд дуусгавар болсон тул 2024-2025 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 2.1.4.9-д зааснаар 8 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй байна. /хх71-74/

Ийнхүү ажлаас чөлөөлөгдөхдөө 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 3,729,644.30 төгрөг олгосон болох нь ******* аймгийн холбооны газрын захирлын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр тушаал, төлбөрийн даалгавраар тогтоогдож байна. /хх98-99/

Зохигч 3 сарын тэтгэмжид 3,729,644.30 төгрөг олгосон мөнгөн дүнгийн талаар маргаагүй тул 1 сарын тэтгэмжид 1,243,214.77 төгрөг олгогджээ. Иймд олгогдоогүй 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 6,216,073.85 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

 

7.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.                   Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.4-т зааснаар хариуцагч “Монгол цахилгаан холбоо” ХК-с 6,216,073.85 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,972,859.45 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193,973 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 114,407.18 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД