2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/11716

 

 

 

 

 

 

 

 

 

  2025         12          17

   191/ШШ2025/11716

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М Д ХХК холбогдох

 

Даатгалын гэрээний үүрэгт 44,608,179 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн төлөөлөгч Э.*******, М.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Г.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Б.*******ын /*******/ хамт 2015 онд Худалдаа хөгжлийн банкны Төмөр зам салбараас Орон сууцны ипотекийн 8 хувийн зээл авсан. Уг зээлийг авах үед Монгол даатгал компанитай Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг /үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч 50, 50 хувиар / байгуулсан байдаг.

2024 оны 11 сарын 04-ны өдөр нөхөр Б.******* гэнэтийн ослоор нас барсан. Худалдаа хөгжлийн банкны Төмөр зам салбарт Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын талаар хандахад ******* компанид даатгал шилжсэн байсан. ******* компанид Орон сууцны зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний 4.3.2-д заасны дагуу даатгалын нөхөн төлбөр авах хүсэлт гаргасан. ******* компаниас 2025 оны 8 сарын 11-ны өдрийн 0112-781 тоот албан бичгээр Иргэний хуулийн 443.7-д заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгсөн.

Санхүүгийн Зохицуулах хороонд уг албан бичгийн хариунд гомдол гаргасны дагуу 2025 оны 9 сарын 9-ны өдрийн №9/3401 албан бичгээр ******* компанид даатгалын нөхөн төлбөрийг олгож шийдвэрлэхийг үүрэг болгосон албан бичиг өгсөн.

Уг албан хариуг авсан дараа *******д Даатгалын нөхөн төлбөрийг авах хүсэлт дахин гаргахад 2025 оны 9 сарын 9-ны өдрийн № 9/3401 тоот албан бичгээр өмнөх нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрээ хэвээр үлдээж байгаа иргэний шүүхээр шийдвэрлүүлэх тухай хариу ирүүлсэн. Энэ албан бичигт Санхүүгийн Зохицуулах хороонд гаргасан шийдвэрийг эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт гаргахад 2025 оны 9 сарын 25-ны өдрийн № 9/3573 албан бичгээр өмнө хариу өгсөн тул шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөсөн албан бичиг ирсэн. ******* компани Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг зөрчин даатгалын гэрээ болон Иргэний хуулийн дагуу даатгалын нөхөн төлбөр авах даатгуулагч миний хууль ёсны эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан.

Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулсан, гэнэтийн ослоор амь насаа алдсан даатгалын тохиолдол болсон, даатгалын нөхөн төлбөр авах эрх хууль болон гэрээний дагуу үүссэн тул даатгалын нөхөн төлбөрийг даатгалын тохиолдол болсон өдрөөс /2024 он 11сарын 04-ноос/ эхлэн тооцож, Худалдаа хөгжлийн банкны зээлийн хуулганд заасан зээлийн үлдэгдлийн дүн болох 83 242 298 / Наян гурван сая хоёр зуун дөчин хоёр төгрөг хоёр зуун ерэн найман төгрөг/ -н 50 хувь / даатгалын гэрээнд заасан 50 хувиар/ болох 41 621 149 / Дөчин нэгэн сая зургаан зуун хорин нэгэн мянга нэг зуун дөчин есөн/ төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжилж байгаагаас гадна даатгалын тохиолдол бий болсноос хойш төлөгдсөн зээлийн хүүгийн 50 хувь болох 2 987 030 / Хоёр сая есөн зуун наян долоон мянга гучин төгрөгийн хүүг / зээл төлөх хуваариас тооцсон болно/ тооцож нийт 44 608 179 /Дечин дөрвөн сая зургаан зуун найман мянган нэг зуун далан есөн / төгрөгийг Миг даатгал компаниас даатгуулагч иргэн Ч.*******т гаргуулж шийдвэрлэж өгнө үү.

 

1.1.        Нэхэмжлэгч нь 2015 онд Худалдаа хөгжлийн банканд ипотекийн зээлд хамрагдсан. Ингэхдээ амь насны даатгалын гэрээ байгуулагдсан. Гэтэл хамтран зээлдэгч гэнэтийн ослоор нас барсан. Гэрээ МИГ даатгалд шилжсэн байсан. Бид нөхөн төлбөр авахаар хүсэлт гаргасан боловч татгалзсан. Бид СЗХ-д гомдол гаргасан. Улмаар нөхөн төлбөр олгох ёстой гэсэн боловч хариуцагч нь олгоогүй. Дансны хуулганы үлдэгдлийн 50 хувиар шаардаж байгаа юм. Даатгалын гэрээн дээр 50, 50 хувь гэсэн бөгөөд 8-д байгаа нөхөн төлбөр олгохгүй үндэслэлд хамаарахгүй юм гэв.

 

2.            Хариуцагч “МИГ даатгал” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч М.*******, Э.******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь доорх үндэслэлийг дурджээ. Үүнд:

1. Даатгуулагч Б.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэнэтийн ослоор нас барж даатгалын тохиолдол үүссэн гэж,

2. ******* ХХК-ийн зүгээс нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул 44,608,179 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах нь зүйтэй гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагадаа дурджээ.

Иймд хариуцагчийн зүгээс хариу тайлбарыг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хэмжээнд гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

Талуудын хооронд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4ASSR20241130886 дугаар Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаат гэрээг 1 (нэг) жилийн хугацаатай байгуулсан байна.

Дээрх үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчийн ирүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023 дугаар мөрдөгчийн магадалгаанд “... хууль ёсны төлөөлөгч Ч.******* нь талийгаач Б.******* нь миний нөхөр байсан... Мөргөсөн жолооч Батбуян нь манай нөхөртэй ах дүү хоёрын хүүхэд ба хамаатан тэр хоёр хамт ажил хийх гэж байгаад ийм осол болсон болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ба хохирлын төлбөр авахгүй, сэтгэл санааны хохирол хийлгэхгүй... ” гэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолд “хохирол төлбөрийн хувьд: амь хохирогч Б.*******ын хууль ёсны төлөөлөгч Ч.*******ын зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдал зэргийг харгалзан энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, иргэний хариуцагчаар татагдсан Цэвээнравданы Батмөнхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй орхив... ” гэж тус тус дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч нь буруутай этгээдээс хохирол мөнгө нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “...Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу нөхөн төлбөр олгох үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан учир шаардах эрх даатгагчид шилжих боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон байна.

Иймд дээр дурдсан үйл баримт, холбогдох хуулийн заалт, гэрээ, нотлох баримт зэргийг үндэслэн хариуцагч “*******” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2.1.        Талууд амь насны даатгалын гэрээ байгуулсан. Мөрдөгчийн лавлагаанд мөргөсөн жолооч нь ах дүүс тул гомдол нэхэмжлэхгүй гэсэн байдаг. Мөн нэхэмжлэгч нь гомдол саналгүй гэсэн байдгаас үзэхэд нэхэмжлэгч нь буруутай этгээдээс хохирол шаардах эрхээсээ татгалзсан. Иймд нэхэмжлэгч буруутай этгээдээс шаардах эрхээсээ татгалзсан тул Иргэний хуулийн 443-д зааснаар нөхөн төлбөр олгох боломжгүй юм. Хэрэгт зээлийн үлдэгдлийн баримт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. СЗХ нь маргааныг урьдчилсан журмаар шийдэх бөгөөд зөвшөөрөхгүй бол шүүхээр шийдвэрлүүлдэг. Талууд гэрээгээр тохиролцоогүй зүйлийг хуулиар зохицуулна.

 

2.2.        Нэхэмжлэгч хохирлоо авахаас татгалзсан тул бид нөхөн төлбөр өгөхөөс чөлөөлөгдсөн. Гэтэл татгалзчихаад шүүх дээр шаардах эрхгүй гэв.

 

3.            Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх4/, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх5/, хариуцагчийн албан тоотын хуулбар 2 ширхэг /хх6-7/, Санхүүгийн зохицуулах хорооны албан тоотын хуулбар 2 ширхэг /хх8-9/, дүгнэлтийн хуулбар /хх10/, мөрдөгчийн тогтоолын хуулбар /хх11/, даатгалын баталгаа /хх12-14/, дансны хуулга /хх15/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх16-18/, зээлийн гэрээний хуулбар /хх19-21/, барьцааны гэрээний хуулбар /хх22-23/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ******* дүгээр шийтгэл тогтоолын хуулбар /хх24-26/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 44,608,179 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч Ч.******* нь даатгалын гэрээний үүрэгт 44,608,179 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Хариуцагч “МИГ даатгал” ХХК нь даатгалын тохиолдолд болсон үйл баримтын талаар маргаагүй боловч гэм буруутай этгээдээс хохирол шаардах эрхээсээ татгалзсан тул даатгагч гэрээний үүргээс чөлөөлөгдөнө гэж маргасан.

 

4.            Нэхэмжлэгч Ч.******* болон Б.******* нар нь 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай 15 жилийн хугацаатай орон сууцны зээлийн гэрээ байгуулсан байна. /хх19-21/

Энэхүү зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан зээлдэгч нар нь хариуцагчтай 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр даатгалын гэрээ байгуулжээ. /хх14/

Даатгалын гэрээний 2.1-т зааснаар даатгалын зүйл нь амь нас байна.

Зээлдэгч буюу даатгуулагч Б.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр нас барсан болох нь Нийслэлийн улсын бүртгэлийн газраас олгосон иргэний бүртгэлийн ******* дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх4/

Эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

5.            Даатгалын гэрээний 7.7-д зааснаар даатгуулагч нас барсан тохиолдолд түүнд хамаарах зээлийн гэрээний үүргийг даатгагч хариуцан төлөхөөр тохиролцсон байна. Мөн гэрээний удиртгал хэсгээс үзэхэд даатгуулагчид зээлийн гэрээний үүргийг тэнцүү хэмжээгээр буюу 50:50 хувиар хариуцахаар заажээ.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар "даатгалын нөхөн төлбөр" гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээд нь учруулсан хохирлыг хариуцан арилгах бөгөөд харин хохирогчийн бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй.

 

6.            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ******* дүгээр шийтгэл тогтоолоос үзэхэд нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол шаардах эрхээсээ татгалзсан байна. /хх24-26/

Харин зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс чөлөөлөгдөөгүй, мөн даатгалын гэрээтэй холбогдох эрх, үүргээс татгалзаагүй.

Тодруулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэдэг нь бодит хохирол болон олох байсан орлогыг ойлгоно. Харин даатгалын гэрээгээр нас барсны улмаас үүргээ биелүүлэх боломжгүй болох тохиолдлыг даатгуулсан байна.

Иймд хариуцагчийн гэм буруутай этгээдээс хохирол шаардах эрхээсээ татгалзсан тул даатгагч нөхөн төлбөр олгох үүргээс чөлөөлөгдөнө гэх тайлбар үндэслэлгүй.

6.1.        Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д зөвшөөрөл эзэмшигч хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх гэж заасан. Улмаар эрх бүхий этгээд болох Санхүүгийн зохицуулах хороо нь маргаж буй асуудлыг шалгаж нөхөн төлбөр олгох ёстой гэж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй. /хх8/

Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнээд хариуцагч нь амь хохирогчийн зээлийн гэрээний үүргийг хариуцан төлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

7.            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ******* дүгээр шийтгэл тогтоол, нас барсны бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд гэмт хэрэг 2024 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр үлдэгдсэн. Худалдаа хөгжлийн банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулганаас үзэхэд 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн  байдлаар зээлийн гэрээний үүргийн үлдэх төлбөр нь 83,807,889.93 төгрөг байсан тул амь хохирогчид хамаарах буюу даатгалын гэрээний дагуу төлөх нөхөн төлбөр нь  41,903,944.96 төгрөг юм. Гэвч нэхэмжлэгч нь энэ шаардлагын хувьд 41,621,149 төгрөг шаардсан тул  нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв. /хх15/

7.1.        Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваариас үзэхэд 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 5,974,065.57 төгрөгийн хүү төлөхөөр тохиролцсон. Улмаар дээрх дансны хуулганаас үзэхэд зээлийн гэрээний үүрэгт нийт 9,212,256.21 төгрөг төлөгдсөн байх тул зээлдэгч нь гэрээгээр тохиролцсон хүүг төлсөн гэж үзэхээр байна.

Иймд төлсөн хүүгийн тал хувь нь 2,987,032.78 төгрөг боловч энэхүү шаардлагад 2,987,030 төгрөг шаардсан тул шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв.

 

8.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар хариуцагч “МИГ даатгал” ХХК-с 44,608,179 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 380,990 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД