Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/42

 

Т.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Г.Ганцэцэг/цахимаар/,

Шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Д.Энхтуяа/цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүгч Э.Болормаа, шүүгч Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н нарын давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Т.Хт холбогдох 2420001460166 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Т.Х нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн орой 17-19 цагийн хооронд Дорноговь аймгийн ***тоотод байрлах түрээслэн амьдарч байсан өөрийн гэртээ хамтран амьдрагч Ц.Х, Х.Н нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас хоорондоо маргаж, муудалцан, хохирогч Х.Нийн нүүрэн тус газарт гараараа цохиж, толгой дээр нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэж, зодон, түүний биед тархины битүү гэмтэл учруулсны улмаас олон эрхтний дутагдалд орж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…Т.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хг 10 арван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хт оногдуулсан 10 /арван/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хын цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Энэ хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, гаргуулбал зохих шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Т.Хаас 13,374,879 /арван гурван сая, гурван зуун далан дөрвөн мянга, найман зуун далан есөн/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт, хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд 24,109,034 /хорин дөрвөн сая, нэг зуун есөн мянга, гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорноговь аймгийн ***тоотод оршин суух Х.Н /РД:*/-т тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 51,834,967 /тавин нэгэн сая, найман зуун гучин дөрвөн мянга, есөн зуун жаран долоон/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 1,607,720 /нэг сая, зургаан зуун долоон мянга, долоон зуун хорин/ төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт авагдсан мөн шүүх хуралд шинжлэн судлагдсан нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлгээр амь хохирогч цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байх үеийн бодит үзлэгээр биеийн байдал хүндэвтэр, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, шөнө сайн унтсан, өөрт зовиур байна уу гэхэд толгой сэгсэрч хариулдаг, мэдрэлийн эмчийн үзлэгээр дээд мэдрэлийн үйл ажиллагаа хэвийн. өөрийн баримжаатай, орон зай цаг хугацааны баримжаа хэвийн, амин үзүүлэлт хэвийн, тархины талаас ямар нэгэн цус хуралт ишемийн өөрчлөлт үхжил, үрэвсэл, хатангиршил байгаагүй. Гэрч Гийн халдвар авах магадлал өндөр байсан гэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон лабораторийн шинжилгээгээр болон үзлэгээр нянгийн гаралтай үрэвсэлт өвчин болох пневмони буюу уушгины үрэвслээс гадна ахар сүүл цоорсон, катетер ходоод, давсагт тавигдсан байдалтай, шинжилгээнүүд нь үрэвсэл маш өндөр, ямар нэг байдлаар хоёрдогчоор цусанд халдвар авсан сеписийн шинж илэрсэн байдалтай. Мөн уушгийг хүчилтөрөгчөөр дэмжиж байсан трахейстомын гуурсыг авсантай холбоотойгоор уушгинд очих хүчилтөрөгч дутагдаж буюу амьсгал дутагдалд орж, илрэх шинж тэмдэг болох хамар уруулын гурвалжин хөхөрч, амьсгалд хавирга завсрын бол эгмийн доод булчин хүчтэй татагдан оролцож, амьсгалын замаар агаарын хүчилтөрөгч хангалттай орохгүй буюу организм түүнийг хэрэглэж чадахгүйгээс эдэд хүчилтөрөгчийн дутагдал буюу гипокси үүсэж, брадикарди хэлбэрээр зүрх зогссон байгаа. Тэгээд ч эмчлэгч эмч Гийн трахейстомын гуурс авсны дараа тэр даруй тар даруйд хүндрэл гарч амьсгалын дутагдал үүсч болно. ... 18 цагийн турш амьсгалын дутагдал үүсээгүй гэх мэдүүлгээр амьсгалын дутагдал үүсэх нь цаг хугацааны асуудал байх боломжтой байсан байх ба дээр дурдсанаар амь хохирогчийн үхэл дан ганц шүүгдэгчийн учруулсан гэмтэлтэй холбоогүй, хоёрдогчоор халдвар авсан, амьсгал дэмжих гуурс авсантай холбоотойгоор амьсгал зүрх судасны дутагдал нь түүний үхэлд хүргэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дан ганц хүндрүүлэх талын нотлох баримтыг цуглуулж гэрч Гоос дахин дахин мэдүүлэг авсан байдаг ба шүүх ч гэсэн Гийн хэрэгт авагдсан болон шүүх хуралд ...истори бичихдээ өмнөх хүнийхийг хуулбарлаад тэрийгээ хадгалж явж байгаад засаж чадаагүй зүйл болсон. ...миний буруу гэх мэдүүлгүүдийг мэдрэлийн эмчийн үзлэг бусад бичгийн нотлох баримтуудтай харьцуулан судлалгүй шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байдаг. Хэдийгээр гэрчид худал гэрчилбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай урьдчилан сануулдаг нь түүний мэдүүлгийг үнэн зөвд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг талтай ч гэрчийн мэдүүлгийг ямагт бусад мэдүүлэг болон нотлох баримтаас илүүд үзэх шалтгаан болохгүй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан судлах замаар үнэн бодитой магадлалыг тогтоох ёстой мөн мэдүүлэг болон бусад нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгнийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үздэг. Гэтэл шүүх харьцуулан судлалгүй, хэт нэг талыг буюу хүндрүүлэх талыг барьж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Иймд амь хохирогчийн нас барсан нь шалтгаан дан ганц шүүгдэгчийн буруутай үйлдлээс болсон эсэхэд эргэлзээ төрүүлж байх тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн хэрэгт авагдсан хувийн байдал, хохирол төлбөрөө тодорхой хэмжээгээр төлсөн, төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталж зүйл ангийг хөнгөрүүлэн ЭХТА-гийн 11.1-р зүйлийн 2.5-т заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү.” гэжээ.

6.Шүүгдэгч Т.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдсан гомдолтой холбогдуулан хэлэх тайлбаргүй.” гэв.

7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энхтуяа өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэдийгээр 10 жилийн хорих ял оногдуулсан ч гэсэн хохирогч талаас уг хорих ялын хэмжээг бага байна гэж үзэж байгаа. Хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол ар гэрт нь хэцүү байна. Хохирогч нь банкны зээлтэй энэ зээл нь хуримтлагдсан байгаа. Энэ мөнгөний хүүг зогсоох талаар банкнаас асуусан ч боломжгүй гэдэг хариуг өгсөн. Энэ зээлийг шүүгдэгчээс гаргуулах мөн сэтгэл санааны хохирлыг төлүүлэх саналтай байгаа.” гэв.

8.Прокурор Г.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдолд дараах тайлбарыг гаргая. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан бусдын бие махбодод хүнд хохирол учруулан амь насыг нь хохироох гэмт хэргийн гол яллагдах шинж нь гэмт этгээд үйлдэлдээ хандсан сэдэл санаа зорилго, тухайн гэмтлийн улмаас үхэлд хүргэсэн, бусад гэмтлийн улмаас хохирогч нас барсан уу гэдгийг тогтоосон байх хууль зүйн үндэслэл байдаг. Амь хохирогчийн тухайд тархины хүнд гэмтэл авснаас хойш гурван шатны эмнэлэгт эмчлүүлсэн. Энэ хугацаанд 48 хоног амьд байсан хэдий ч цаашид амьдрах боломжгүй өвчтөн байсан гэдэг нь эмчлэгч эмч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн мэдүүлэг, шинжээчийн хоёр удаагийн дүгнэлт, өвчний түүх, хэрэгт авагдсан бусад баримтуудаар үхэлд хүргэх хүнд гэмтэл учирсан Тухайн гэмтлийн улмаас Наранхуягийн амь нас хохирсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед үхэлд хүргэх хүнд гэмтэл учирсан тухайн гэмтлийн улмаас амь хохирогчийн амь нас хохирсон үйл баримт тогтоогддог. Нотлох баримтууд нь энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай хүрэлцээтэй байсан. Анхан шатны шүүхээс хуулийн дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлээ тайлбарлахдаа амь хохирогчийн биед хүнд гэмтэл учирснаас тухайн амь хохирогч нь нас барсан гэж яриад байгаа. Мөн хоёрдогч шинжээр уушгины хатгалгаа байсан гэж гомдолдоо дурдаад байгаа боловч анхнаасаа амь хохирогч нь үхэлд хүргэх хүнд гэмтэл авснаараа 48 хоногийн хугацаанд 3 шатны эмнэлэгт дамжин мэс засал хийгдсэн боловч тухайн амь хохирогч нь нэг удаа ч ухаан ороогүй. Мэс засал хийсэн нь тухайн амь хохирогчийн амьдрах хугацааг уртасгасан л үйл баримт байгаа,түүнээс амь хохирогч нь цаашид амьдрах боломжгүй байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байгаа учраас хуульд зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдолд тусгайлан гаргах тайлбаргүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н нарын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлуудыг хэлэлцэхгүй орхиж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх Т.Хт холбогдох эрүүгийн хэргийг  хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоогоогүй зэрэг нөхцөл байдлууд нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болсон.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Т.Х, түүний хамтран амьдрагч Ц.Х, Х.Н нарын хамт Х.Нийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед Ц.Х “...Х.Н миний хөлийг илээд байна” гэж шүүгдэгчид хэлснээс болж маргаан үүсч хохирогчийг зодож, хохирогчид тархины битүү гэмтэл, зүүн, баруун хавирганы олон хугарал бүхий гэмтлүүд  учруулсан боловч эмнэлгийн тусламж үзүүлэлгүйгээр гэрт нь орхиж явсны улмаас хохирогч олон эрхтний дутагдалд орж, нас барсан үйл баримтад холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

3.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н нараас гаргасан давж заалдсан гомдлуудад үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцвэл Шүүхийн тухайн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар “...анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хэрэг, маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, томилсон шийдвэрийг албажуулах”-ыг хуульчилсан. Гэтэл ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ шүүх бүрэлдэхүүнийг албажуулаагүйгээс тухайн хэрэгт шүүгч, шүүх бүрэлдэхүүн хууль ёсны дагуу томилогдоогүй буюу хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг  хянан шийдвэрлэсэн гэх алдааг гаргасан байна.

3.Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2-т “Хохирогч нас барсан …бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 1.3-т “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан, эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” хууль ёсны төлөөлөгчийг мөрдөгч, прокуророос томилох талаар тодорхой заасан.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Х.Н, Н  нар нь  гэрлэлтийн баталгаатай, хүүхэдтэй хууль ёсны гэр бүл байхад, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эхнэр, хүүхдийг тогтоогоогүй, хохирогчийн гэр бүлийн байдлын талаарх нотлох баримтуудыг хэрэгт огт олж аваагүй зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоогоогүй гэх нөхцөл байдал болно.

Хохирогч Х.Нийн эхнэр Н , түүний төрсөн хүүхэд Н.Баярмаа нарын зүгээс  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй гэсэн хүсэлт гаргасан тохиолдолд тэднийг хохирогчоор тогтоосны дараа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хохирогчийн төрсөн эгч Х.Нийг оролцуулж болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.2-т заасан байгааг мөрдөгч, прокурор, анхан шатны шүүхээс анхаараагүй байна.

4.Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч биш этгээд болох төрсөн эгч Х.Нийн сэтгэцэд шинжээч томилж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд  гэм хорын хохирол, хор учирсан байна гэж үзэж, хохирлыг Х.Нт олгохоор шийдвэрлэсэн нь мөн буруу болсон.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, ...хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хохирогчоор тогтоох эрх шүүхэд бий.

6.Эдгээр үндэслэл, нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.1-д тус тус зааснаар анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэлэлцүүлгийн шатанд буцааж, давж заалдсан гомдлуудыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, давж заалдсан гомдлуудыг хэлэлцэхгүй орхисугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х нь давж заалдах шатны шүүхийн магадлал уншиж сонсгох хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

                        ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС

                        ШҮҮГЧ А.САЙНТӨГС