Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/251

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цээжнүүд овогт Б.Пид холбогдох 1821000000263 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, .....д харуул ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг .... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Цээжнүүд овогт Б.П

Шүүгдэгч Б.П нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг ........ тоотод Ц.Стэй маргалдан улмаар цохиж, түлхэж биед нь доод уруул, эрүү, баруун бугалга, баруун зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос санал болгож байгаа 450.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна... гэв.

 

Хохирогч Ц.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хамтран амьдрагч Б.Пийн хамт танил эгч Энхбаатарын гэрт Төмөр замын баяр тэмдэглэсэн. Тухайн үед Энхбаатар болон түүний нөхөр Эрдэнэгомбо бид дөрөв “Түмний хишиг” нэртэй 750 граммын архи хувааж уусан. Би Б.Пийг янхан, гичий гэх зэргээр доромжилсон юм. Өмнө нь тэр намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог байсан. Гэтэл Б.П уурлаад намайг ор руу түлхэж унагаад хоолны шүүгээнд байсан гурилын элдүүр төмрийг авч намайг зодсон. Б.П надад эмчилгээний зардал болох 300.000 төгрөгийг өгсөн. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул надад ямар нэг гомдол санал байхгүй.” гэжээ. /хх-ийн 14-15 тал/

 

Гэрч Д.Эрдэнэгомбо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Бид дөрөв  нэлээд ууцгаасан бөгөөд орой 19 цагийн орчимд манай гэрт Ц.С хамтран амьдрагч Б.Пийг янхан, гичий, банзал гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжлон хоорондоо маргалдаад байсан. Тэр үед би гадаа гарч бие засчихаад буцаад гэртээ орж ирэхэд гэрийн баруун орон дээр Ц.С ахиад цохь л доо гээд хашгираад суучихсан өөдөөс нь харин Б.П цохисон ч яадаг юм гээд манай гэрийн гурилын элдүүрийг баруун гартаа барьчихсан далайгаад зогсож байхаар нь би очиж элдүүрийг нь булааж авсан...” гэжээ. /хх-ийн 22-23 тал/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 593 тоот актын дүгнэлтэд

            1. Ц.С-ийн биед доод уруул, эрүү, баруун бугалга, баруун зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ. /хх-ийн 35 тал/

    

- Эд мөрийн баримт хураан авах тухай 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-09 тал/

- Б.П-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Цээжнүүд овогт Б.П нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг ........ тоотод хохирогч Ц.Стэй маргалдан улмаар түлхэж унагаан гурилын элдүүрээр цохиж, биед нь доод уруул, эрүү, баруун бугалга, баруун зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч Ц.С, гэрч Д.Эрдэнэгомбо нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 593 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Б.П-ид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Б.П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Б.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч Б.П нь  “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

 Хохирогч Ц.С нь шүүгдэгч Б.П-оос эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан бөгөөд шүүгдэгчид гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул  шүүгдэгч Б.П-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.


            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гурилын төмөр элдүүр 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Пийн ....... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч Цээжнүүд овогт Б.П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гурилын төмөр элдүүр 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.П-ийн ...  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.П-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ