Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 129

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 207/МА2018/00129

 

П.Баттөрийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрчний

эвлэлийн холбоонд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2018/00921 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.Баттөрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох,

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэр буюу Гүйцэтгэх зөвлөлийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тус холбооны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6.140.000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй хариуцагчийн төлөөлөгч Б.Төгсбаярын П.Баттөрөөс 3.209.650 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч П.Баттөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Баттөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагчийн төлөөлөгч Б.Төгсбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч П.Баттөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь ажил олгогч Эрдэнэт үйлдвэр ХХК-тай 2018 оноос 2020 онд мөрдөх Хамтын гэрээг шинэчлэн байгуулахаар хэлцэл хийж эхлээд, энэ ажлын хүрээнд талуудад үл ойлголцол удаа дараа үүсч байсан ба Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагын зүгээс өгсөн чиглэлийн дагуу Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөллийн удирдлагыг солих хууль бус ажиллагаа хэрэгжиж намайг хууль бусаар албан тушаалаас огцруулсан нэрийдлээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хэвийн үйл ажиллагааг саатуулж, Үйлдвэрчний эвлэлийн олон мянган гишүүдийн эрх ашгийг зөрчиж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааныг тэргүүлэгч гишүүн Б.Төгсбаяр нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийг зөрчин ганцаараа шийдвэр гарган удирдаж Үйлдвэрчний эвлэлийн дарга П.Баттөрийг огцруулах тухай шийдвэр гаргаж, гаргасан шийдвэр нь гишүүдийн гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажуулалгүйгээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албан өрөөг эвдэн орж, П.Баттөрийг үйлдвэрийн бүс болон албан өрөөнд нь нэвтрүүлэхгүй байх талаар Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудаас Гэрээт Цагдаагийн тасагт чиглэл өгүүлж, Үйлдвэрчний эвлэлийн холбооны гэрчилгээ болон бусад бичиг баримтыг Улсын бүртгэлийн хэлтсээс дахин гаргуулахаар хүсэлт тавих зэргээр хууль бус ажиллагаа явуулж байгаа тул энэ бүх шийдвэр болон хууль бус үйл ажиллагааг хууль бус болохыг нь тогтоолгож, миний эрхийг сэргэээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.Баттөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тус холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын тогтоол гэх шийдвэрийг хүчингүй болгуулах, П.Баттөрийг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 6140000 төгрөгийг мөн холбооноос гаргуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байна. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 06 сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2018 оны 05 сарын 22-ны өдрийн тус холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын тогтоол гэх шийдвэрийг хүчингүй болгуулах, П.Баттөрийг ажил албан тушаалд нь эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цалин 6140000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч П.Баттөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 54 дугаар тогтоолоор Гүйцэтгэх зөвлөлийн хурлыг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулж дараах асуудлыг хэлэлцэхээр товлосон юм. Үүнд:

1.Бүтэц зохион байгуулалтын асуудал

2.ҮЭ-ИЙН холбооны даргын мэдээлэл

3.Хянан шалгах зөвлөлийн мэдээлэл

4.Санхүүгийн мэдээлэл

5.Тэмцлийн арга хэмжээг ажил хаялтаар үргэлжлүүлэх эсэхэд шийдвэр гаргах

Гэтэл Гүйцэтгэх зөвлөлийн хурал эхлэхэд зөвлөлийн гишүүн Н.Эрдэнэбат гэнэт ҮЭ-ийн холбооны дарга П.Баттөрийг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудалд нэмж оруулья гэснээр санал хурааж хуралд хэлэлцэхээр болсон. Тэгээд хэлэлцэх асуудлуудын хамгийн сүүлд олонхи нь намайг ҮЭ-ийн холбооны даргын албан тушаалаас огцруулах санал өгсөн гээд Гүйцэтгэх зөвлөлийн хурлын 07 дугаар тогтоолоор намайг ҮЭ-ийн холбооны даргын үүрэгт ажлаас огцруулсан юм. Гүйцэтгэх зөвлөлийн хурлын дээрхи шийдвэр нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ИЙН ҮЭ-ийн Холбооны дүрмийн 16.1.14 дүгээр заалтыг зөрчсөн юм. Өөрөөр хэлбэл ҮЭ-ийн холбооны даргыг огцруулахаар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь бичгээр шаардлага гаргасан бол эсвэл гишүүн байгууллагуудын гуравны хоёроос доошгүй нь бичгээр шаардсан тохиолдолд огцлуулах тухай дүрмийн дээрхи заалтыг зөрчсөн юм. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга П.Баттөр намайг огцруулахаар хэн ч бичгээр шаардлага гаргаагүй юм.

Иймд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэр буюу Гүйцэтгэх зөвлөлийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож намайг тус холбооны даргын албан тушаалд эргүүлэн тогтоож өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Төгсбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

П.Баттөрийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний Холбооны даргаас огцруулсан асуудал нь Холбооны дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.14 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь Холбооны дүрмийн дагуу Холбооны Бага хурлын чөлөөт цагт эрх барих байгууллага Гүйцэтгэх зөвлөлийн эрх хэмжээг дүрмийн 15, 16 дугаар зүйлээр зохицуулсан ба уг дүрмийн 15.2-т заасан Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон Зөвлөлийн гишүүн нь Гүйцэтгэх зөвлөлийн хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал гаргах, уг саналыг хуралд оролцсон Зөвлөлийн гишүүдийн олонхи нь дэмжин хэлэлцэхийг тус Холбооны дүрэм, жишиг болгон баримтлах МҮЭ-ийн Холбооны дүрэм, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулиар хязгаарлаагүй тул Гүйцэтгэх зөвлөлийнн эрхийн асуудал юм. П.Баттөрийг Холбооны даргаас огцруулах асуудлыг зөвлөлийн гишүүн Н.Эрдэнэбат гаргаж, гишүүдийн 68.5 хувь нь дэмжин ийнхүү хэлэлцсэн нь тус Холбооны дүрмийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалт. 16 дугаар зүйлийн 16.1.14.1 дэх заалтад нийцэж байна. Гүйцэтгэх зөвлөлийн хурал дүрэмд заасан ирц бүрэн хуралдаж, гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь түүнийг огцруулах саналыг биечлэн дэмжсэн нь дүрмийн 16.1.14 дэх шаардлагыг хангаж байна. Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны 07 дугаар тогтоол гаргасны маргааш буюу 2018 оны 05 дугаар сарын 23-нд тус Холбооны гишүүн байгууллагууд П.Баттөрийг огцруулахыг дэмжсэн шаардлагыг 100 хувийн саналтай гаргасныг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Ийм учраас П.Баттөрийн тус Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, цалин хөлс гаргуулах шаардлага үндэслэлгүй болно. П.Баттөрийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний Холбооны даргаас огцруулсан асуудал нь Холбооны дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.14 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь:

А. Холбооны дүрмийн дагуу Холбооны Бага хурлын чөлөөт цагт эрх барих байгууллага Гүйцэтгэх зөвлөлийн эрх хэмжээг дүрмийн 15, 16 дугаар зүйлээр зохицуулсан ба уг дүрмийн 15.2-т заасан Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон Зөвлөлийн гишүүн нь Гүйцэтгэх зөвлөлийн хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал гаргах, уг саналыг хуралд оролцсон Зөвлөлийн гишүүдийн олонхи нь дэмжин хэлэлцэхийг тус Холбооны дүрэм, жишиг болгон баримтлах МҮЭ-ийн Холбооны дүрэм, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулиар хязгаарлаагүй тул Гүйцэтгэх зөвлөлийн эрхийн асуудал юм. П.Баттөрийг Холбооны даргаас огцруулах асуудлыг зөвлөлийн гишүүн Н.Эрдэнэбат гаргаж, гишүүдийн 68.5 хувь нь дэмжин ийнхүү хэлэлцсэн нь тус Холбооны дүрмийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.1.14.1 дэх заалтад нийцэж байна.

Б. Гүйцэтгэх зөвлөлийн хурал дүрэмд заасан ирц бүрэн хуралдаж, гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь түүнийг огцруулах саналыг биечлэн дэмжсэн нь дүрмийн 16.1.14 дэх шаардлагыг хангаж байна.

2. Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны 07 дугаар тогтоол гаргасны маргааш буюу 2018 оны 05 дугаар сарын 23-нд тус Холбооны гишүүн байгууллагууд П.Баттөрийг огцруулахыг дэмжсэн шаардлагыг 100 хувийн саналтай гаргасныг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Ийм учраас П.Баттөрийн тус Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, цалин хөлс гаргуулах шаардлага үндэслэлгүй болно гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Төгсбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

П.Баттөр нь "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны даргаар сонгогдон ажиллаж байсан ба түүнийг тус Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны хурлаар Холбооны даргаас огцруулсан болно. Тэрээр ажил албан тушаалаас эрх бүхий хурлын шийдвэрээр огцорсон боловч тус Холбооны өмч болох Нuyndai sonata 7 /Арлын дугаар КМНС411.ВТА485784/ загварын 1070 ОРХ улсын дугаартай автомашиныг хүлээлгэн өгөлгүй авч зугатсан ба одоо хүртэл өөрийн хувийн хэрэгцээнд унаж ашиглаж байна. Мөн түүнчлэн тэрээр албаны хэрэгцээнд олгосон Аspire Е15, Е5- 575G-76АҮ маркийн зөөврийн компюьтерийг хүлээлгэн өгөлгүй авч явж өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж байна. Авто машин нь 2018 оны 01 дүгээр сарын 02-нд худалдан авсан шинэ 17 000 000 сая төгрөгийн үнэтэй, зөөврийн компюьтер нь мөн шинэ 2 369 700 төгрөгийн үнэтэй болно. Иймд П.Баттөрөөс 17000000 төгрөгийн үнэ бүхий авто машиныг түүнийг 2 сар хагас хэрэглэсэн элэгдлийн зардал 425000 төгрөгийн хамт, мөн 2369700 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компюьтерийг тус тус гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн үнийн дүн 19794700 төгрөг болно. Тус Холбоо нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны Гүйцэтгэх Зөвлөлийн хурлаар Холбооны даргаас огцорсон П.Баттөр Холбооны тамга тэмдэг, гэрчилгээ, атомашин, албаны зөөврийн компьютерийг авч зугатсантай холбоотойгоор хүсэлт, сөрөг нэхэмжлэлийг танай шүүхэд гаргасан. П.Баттөр нь 2018 оны 08 дугаар сарын 03-нд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны 1070363 регистрийн дугаартай тэмдэг, 9074002063 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгзэ, 1070 ОРХ улсын дугаартай Соната-7 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон автомашин, Аspire Е15 маркийн зөөврийн компьютерыг хүлээлгэн өгсөн байна. Иймд сөрөг нэхэмжлэлд дараах өөрчлөлт оруулж байна. Сөрөг нэхэмжлэлээс 17,0 сая төгрөгийн үнэ бүхий 1070 ОРХ дугаарын Соната-7 автомашин, 2 369 700 төгрөгийн үнэ бүхий Аspire Е15 маркын зөөврийн компьютерыг эд зүйлээр нь гаргуулах шаардлагыг хариуцагч биелүүлсэн тул шүүхээр шийдвэрлэх шаардлагагүй болсон тул татгалзаж, харин автомашины элэгдэл 425000 төгрөг дээр П.Баттөрөөс хүлээн авсны дараа ердийн ашиглалтын шаардлага хангуулахаар автомашинд хийлгэсэн засварын зардал 2784650 төгрөг бүгд 3 209 650 төгрөгийг П.Баттөрөөс нэхэмжлэхээр сөрөг нэхэмжлэлд өөрчлөлт оруулж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2018/00921 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Баттөрийн хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, холбооны дэд дарга бөгөөд холбооны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Төгсбаярт холбогдуулан гаргасан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэр буюу Гүйцэтгэх зөвлөлийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тус холбооны даргын албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Төгсбаярын нэхэмжлэгч П.Баттөрд холбогдуулан гаргасан машинд учруулсан хохирол, автомашины элэгдэл засварын зардал 3209650 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэгч П.Баттөрд холбогдуулан гаргасан 17000000 төгрөгийн 1070 ОРХ улсын дугаартай соната 7 маркийн автомашин, 2369700 төгрөгийн үнэ бүхий Аspire Е15, Е5- 575G-76АҮ маркийн зөөврийн компюьтерийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Баттөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256924 төгрөгнөөс 47046 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, Төрийн банкны 130000801681 дугаарын данснаас 209878 төгрөгийг буцаан гаргаж хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Баттөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат нар давж заалдсан гомдолдоо:

Тус шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч П.Баттөрийн нэхэмжлэл, нэмэлт тайлбаруудад миний бие нь "Эрдэнэг үйлдвэр" ХХК-тай 2018 оноос 2020 онд мөрдөх Хамтын гэрээг шинээр байгуулахаар хэлэлцээр хийж Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн ҮЭ-ийн холбооны ажлын хэсгийг ахлан ажиллаж байхад ҮЭ-ийн байгууллагын төлөөллийн удирдлагыг солих саналыг "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн нийгмийн асуудап хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярын гарын үсэгтэй албан бичиг 2018.05.02-ны өдөр тус холбоонд ирүүлж байсан.

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ҮЭ-ийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн 2018.05.22-ны өдрийн хурлаар "хамтын гэрээний ҮЭ-ийн байгууллагын талын ажпын хэсгийн ахлагч П.Баттөрийг хэлэлцээрийн шатанд ҮЭХ-ны даргын албанаас огцруулж тус ҮЭ-ийн байгууллагын талын хамтын гэрээний ажлын хэсгийн ахлагчийн ажлаас зайлуулсан.

П.Баттөрийн ажлын байранд хүч түрэн эвдэн орж ажлыг нь авч "Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн дэмжлэгийг хүлээж П.Баттөрийг үйлдвэрийн районд нэвтрэхийг хориглосон.

Энэ ажлыг манлайлан зохион байгуулж гардан хийсэн Б.Төгсбаярыг ҮЭХ-ны дэд даргаар сонгон Холбооны даргын эрх олгосон. /Мөн Гүйцэтгэх зөвлөлийн хуралд гол үүрэг гүйцэтгэсэн ҮЭХ-ны ХШЗ-ийн дарга Т.Атарбаярыг ГЗ-ийн 5 сарын 22-ны өдрийн хурлын дараа Эрдэнэт үйлдвэрээс Засварын хэсгийн орлогч даргаар томилон урамшуулсан /зэрэг баримтууд шүүх хурал дээр хэргийн материалаас судлагдсан ба шүүхийн шийдвэрт, хурлын тэмдэглэлд тус тус тусгагдсан байна.

П. Багттөрийг огцруулах шийдвэр гарах хүртэл үйл явцад "Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ҮЭХ-ны дүрмийн 4.1.2-т "хараат бус байх зарчим", 4.1.7-д ажил олгогч эзэдтэй тэгш эрхтэйгээр гэрээ хэлэлцээрийг байгуулах зарчим", 7.1.9-д "ҮЭХ-ны эсрэг сөрөг сурталчилгаа явуулах, дарамт шахалт үзүүлэхгүй байх" үүрэг зэрэг заалтууд хөндөгдсөн ба ОГЦРУУЛАХАД тус дүрмийн 16.1.14-т "ГЗ-ийн болон гишүүн байгууллагуудын 2/3-оос доошгүй албан бичгээр шаардсан тохиолдолд /ээлжит бага хурлыг хуралдуудах, тус хуралд эрх хэмжээнийх нь асуудлыг оруулж хэлэлцүүлж шийдвэрлүүлэх зэрэг/ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх гэсэн заалт.

Дүрмийн 14-т Бага хурлын бүрэн эрхийг 14.1.5-д "Эрдэнэт Үйлдвэр"ХХК-ийн ҮЭХ-ны даргыг сонгох сонгон батлах гэж заасан ба сонгосон байгууллагаас татан буулгах болон эргүүлэн татах, огцруулах эрхүүд нь хадгалагддаг. Энэ эрх нь Иргэний хуульд нэгэн адил заасан байдаг. Дүрмийн 28-р зүйлд: Сонгуулийн бусад харилцааг зохицуулахдаа энэхүү дүрэмд зааснаар бусад харилцааг зохицуулахыг ҮЭХ-ны бага хурал, тогтоож болохоор заасан байдаг. Тэгвэл бага хурлаас холбооны дарга болон хамтын гэрээний ажлын хэсгийн ахлагчийг огцруулах бүрэн эрхийг бусдад шилжүүлсэн зохицуулапт дүрмэнд тусгагдаагүй байна. Энэ нь бага хурлын онцгой эрх учир ийм зохицуулапт хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ нь ҮЭХ-ны эрхийг хууль бусаар авахаас урьдчилсан сэргийлсэн байж болох талтай юм. Шүүхийн шийдвэрийн 14-15 дахь хуудсанд бичигдсэн дүгнэлтийн хэсэгт хууль болон холбогдох дүрмийн заалт хэрхэн зөрчигдсөнд дүгнэлт хийлгүй ҮЭХ-ны гүйцэтгэх зөвлөлийн 5-р сарын 22-ны өдрийн хурлын ирц саналын квотод дүгнэлт хийж зөвтгөн дотоод үйл ажиллагаанд оролцсон нь, шүүх ашиг сонирхолын шинжтэй үйл ажиллагаа явуулсан гэж үзэхэд хүргэж байна.

Дүрмийн 13.4.3-т "ҮЭХ-ны дарга үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ээлжит бус бага хурлыг хуралдуулна" гэж заасан заалтыг авч үзээгүй байна. Дүрмийн 16-р зүйлд гүйцэтгэх зөвлөлийн хурлын эрх үүргийг зохицуулахдаа 16.1.13-т дарга чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр зааснаас өөр тохиолдолд заагаагүй байгааг шүүх харгалзан үзээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 141.1.9-р зүйлд хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэхэд оролцсон ажилтны ажлын байранд гаднаас ажилтан авч ажиллуулсан, хадөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх, гэрээ хэлэлцээр хийхэд оролцсон ажилтныг төлөөлөгчдөд энэ хуулиар хориглосон заалтыг зөрчин сахилгын шийтгэл ноогдуулсан, ажлаас нь чөлөөлсөн, ажлаас нь өөрчилсөн, халсан албан тушаалтныг шүүх торгохоор заасан байдаг. Энэ заалт Зөрчлийн тухай хуулийн 10.16.4., мөн зүйлийн 4.1., 5.4.-т тусгагдсан байна.

Иймд "Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж П.Баттөрийг "Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ҮЭХолбооны даргын албанаас огцруулсан тус холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын 2018 оны 05-р сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож ажилд нь эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 14 сая төгрөгийг мөн холбооноос гаргуулж П.Баттөрд олгож ЭМД, НДШ-үүдийг нөхөн бичилт хийлгэхийг ҮЭХ-ны санхүүгийн албанд даалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П.Баттөр нь хариуцагч Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбоонд холбогдуулан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэр, 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож, тус холбооны даргын албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 6.140.000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Б.Төгсбаяр нь П.Баттөрд холбогдуулан 3.209.650 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Баттөрийн хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, холбооны дэд дарга бөгөөд холбооны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Төгсбаярт холбогдуулан гаргасан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэр буюу Гүйцэтгэх зөвлөлийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тус холбооны даргын албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Төгсбаярын нэхэмжлэгч П.Баттөрд холбогдуулан гаргасан машинд учруулсан хохирол, автомашины элэгдэл засварын зардал 3209650 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэгч П.Баттөрд холбогдуулан гаргасан 17000000 төгрөгийн 1070 ОРХ улсын дугаартай соната 7 маркийн автомашин, 2369700 төгрөгийн үнэ бүхий Аspire Е15, Е5- 575G-76АҮ маркийн зөөврийн компюьтерийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гүйцэтгэх зөвлөлийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаар тогтоолоор үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баттөр нь үүрэгт ажлаасаа огцорчээ.

Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 54 дугаар тогтоолоор гүйцэтгэх зөвлөлийн хурлыг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулахаар болжээ.

Уг хуралдаанаар бүтэц зохион байгуулалтын асуудал, үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын мэдээлэл, хянан шалгах зөвлөлийн мэдээлэл, санхүүгийн мэдээлэл, тэмцлийн арга хэмжээг ажил хаялтаар үргэлжлүүлэх эсэхэд шийдвэр гаргах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь П.Баттөр нь дээрх гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалд намайг огцруулах асуудал ороогүй байхад огцруулах асуудлыг хэлэлцсэн нь хууль бус гэдэг боловч хариуцагч Б.Төгсбаяр нь бүтэц зохион байгуулалтын асуудалд энэ нь хамаарч байгаа гэсэн хариу тайлбар өгч байгааг буруутгах боломжгүй юм.

Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаар тогтоолоор хурлын хэлэлцэх асуудлыг шинэчлэн баталжээ. Тогтоолын 8 дугаарт ҮЭ-ийн холбооны даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхээр заажээ.

Ингээд П.Баттөрийг Холбооны даргаас огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр зөвлөлийн гишүүн Н.Эрдэнэбат санал гаргаж, гишүүдийн 68.5 хувь нь дэмжин асуудлыг хэлэлцсэн байна.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны даргыг сонгон батлах эрхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Бага хурлын бүрэн эрхэд, мөн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны үйл ажиллагааг Бага хурлын хооронд удирдах эрх нь Гүйцэтгэх зөвлөлийн хуралд байна гэжээ.

Холбооны дүрэмд Холбооны Бага хурлын чөлөөт цагт эрх барих байгууллага болох ...Гүйцэтгэх зөвлөлийн эрх хэмжээ...-г дүрмийн 15, 16 дугаар зүйлд заажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал нь хууль дүрмийн дагуу хуралдаж, хурлын бүрэн эрх хэмжээнд заасны дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны сонгуульт ажилтан болох тус холбооны дарга П.Баттөрийг огцруулах асуудлыг хэлэлцэж, Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын 2018 оны 05 сарын 22-ны өдрийн 07 дугаар тогтоол гаргасан, тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байна гэсэн дүгнэлтийг хийж, гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэр буюу 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож, тус холбооны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байна.

Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ...машин, комьпютер гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, ...автомашинд нэхэмжлэгч П.Баттөр дээрх засвар үйлчилгээ хийгдсэн дүнгийн хохирол учруулсан байдал тогтоогдохгүй байна. Мөн холбооны өмчлөлийн 1070 ОРХ улсын дугаартай хюндай соната-7 маркийн автомашиныг хэрэглэсэн элэгдлийн зардал 425000 төгрөгийг тооцсон талаарх нотлох баримтгүй байх тул 3209650 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч П.Баттөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь нотлогдохгүй байх тул тэдний давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч П.Баттөрийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2018/00921 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Баттөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч П.Баттөрийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР