| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 2326003730001 |
| Дугаар | 2025/ДШМ/37 |
| Огноо | 2025-07-04 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/37
2025 оны 7 сарын 04 2025/ДШМ/37
З.Т д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Б.Цэрэнпүрэв, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Хандмаа /цахимаар/,
Яллагдагч З.Т ,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүгчийн 2025/ШЗ/468 дугаар захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр яллагдагч З.Т д холбогдох эрүүгийн 2326003730001 тоот хэргийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, З.Т
З.Т нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Тарагт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Услалтын систем” бүтээн байгуулах ажлын 20,000,000 төгрөгийн төсвийг Төсвийн тухай хуулийн 60.3 дугаар зүйлийн 6-д заасныг зөрчиж төсөвт тусгасан нэршил, зориулалтын дагуу ашиглалгүй иргэн Г.Б-той 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Ногоон байгууламжийн талбай хашаажуулах ажлыг гүйцэтгэх” гэрээг 20,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр шууд гэрээ байгуулан түүнээс техникийн тодорхойлолтод заасан 330 метр урт төмөр хашаа, 150 ширхэг шон, хаалга огт авалгүйгээр 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус сумын төрийн сангаас 16000000 төгрөгийг шилжүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: З.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-т зааснаар яллагдагч З.Т холбогдох 2326003730001 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцааж, яллагдагч З.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.
Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Буяндалай би, 2326003730001 дугаартай З.Т д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг 2025 оны 05 дугаар 19-ний өдөр шүүхэд шилжүүлсэн. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/468 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Шүүгчийн захирамжийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй тул дараах хоёр үндэслэлээр эс зөвшөөрч байна.“...Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ДШМ/61 дугаартай магадлалд заасан ажиллагааг биелүүлээгүй,Яллагдагчийн өмгөөлөгч Р.Машлайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн материалтай танилцуулаагүй, танилцуулах талаар ажиллагаа хийгээгүй хуульд заасан эрхээр хангаагүй. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай...” гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Хэргийн үйл баримтын тухайд яллагдагч З.Т нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Тарагт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Услалтын систем” бүтээн байгуулах ажлын 20.000.000 төгрөгийн төсвийг Төсвийн тухай хуулийн 60.3 дугаар зүйлийн 6-т заасныг зөрчиж төсөвт тусгасан нэршил, зориулалтын дагуу ашиглалгүй иргэн Г.Б-той 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Ногоон байгууламжийн талбай хашаажуулах ажлыг гүйцэтгэх” гэрээг 20.000.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр шууд гэрээ байгуулан түүнээс техникийн тодорхойлолтод заасан 330 метр урт төмөр хашаа, 150 ширхэг шон, хаалга огт авалгүйгээр 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус сумын төрийн сангаас 16.000.000 төгрөгийг шилжүүлэн өгч, иргэн Д.Бадамсүрэнгийн дансаар дамжуулан өөрийн хамаарал бүхий хүн болох төрсөн дансанд шилжүүлэн өгч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн.
Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч буй тайлбар үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан. Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 202* оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2024/ДШМ/61 дугаартай магадлалд “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Учир нь: Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байна. ...Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Б, ерөнхий нягтлан бодогч Б.С, тооцооны нягтлан бодогч Д.Д нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тодруулаагүй...” гэж дүгнэсэн.
Гэтэл анхан шатны шүүх захирамждаа “давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг биелүүлээгүй” гэсэн үндэслэлийг дурдсан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлүүдийн нэг хэсэг нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн агуулгаар буюу анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
Мөн шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал болох Тарагт сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Б, ерөнхий нягтлан бодогч Б.С, тооцооны нягтлан бодогч Д.Д нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах буюу тэдэнд гэмт хэрэг үйлдэх сэдэлт санаа, зорилго байсан эсэх, тэдний хийсэн үйлдэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой шалтгаант холбоотой эсэхийг шалгах гэсэн агуулгатай байсан тул энэхүү нөхцөл байдлыг тодруулахаар хамаарал бүхий хүмүүсийн дансны мэдээллүүдийг гаргуулан авч, үзлэг хийх, гэрч Б.Б, Д.Б. Т.Б, А.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийж нөхцөл байдлыг тодруулан шалгасан байхад магадлалд заасан ажиллагааг хийгээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой хэмээн хуульчилсан байхад дахин ямар ажиллагаа хийх нь шүүгчийн захирамжаас тодорхой харагдахгүй байна. Яллагдагчийн гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж, улмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлдэг. Харин анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэрэлцэж. үйл баримтыг сэргээн тогтоосны үндсэн дээр шийдвэрээ гаргах шүүхийн бүрэн эрхэд хамаарна. Гэтэл анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шалгаж тогтоосон эсэхийг дүгнэх хууль зүйн боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 36.2 дугаар зүйлийн 3-т “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой. түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн заалттай тус тус нийцэхгүй байна.
2. Мөн шүүгчийн захирамжид “...яллагдагчийн өмгөөлөгч Р.Машлайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн материалтай танилцуулаагүй, танилцуулах талаар ажиллагаа хийгээгүй хуульд заасан эрхээр хангаагүй, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Мөрдөгч хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусгаад яллагдагч З.Т ийг өмгөөлөгч нарын хамт ирж хэргийн материалтай танилцуулахаар дуудсаны дагуу тэрээр өмгөөлөгч Б.Хандмаагийн хамт тус аймгийн Цагдаагийн газар очиж хэргийн материалтай танилцан тэмдэглэлд гарын үсэг зурсан байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хавтаст хэргийн материалтай танилцахыг ямар хэлбэрээр мэдэгдэх талаар тодорхой зохицуулаагүй тул мөрдөгч яллагдагч З.Т ийг түүний өмгөөлөгч нартай хамт дуудсаныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хэргийн материал танилцуулах ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Мөн өмгөөлөгч Р.Машлай нь Баянзүрх дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон байх тул өмгөөллийн үйл ажиллагаа явуулахгүй болохыг дурдах нь зүйтэй. /тушаалыг хавсаргав/
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/468 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/468 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Хэргийг буцаахдаа магадлалд заасан ажиллагааг биелүүлээгүй, яллагдагч ийн өмгөөлөгч Р.Машлайд хэргийн материал танилцуулаагүй гэсэн 2 үндэслэлээр буцаасан. Захирамжид ямар ажиллагааг нэмж хийлгэх нь ойлгомжгүй байгаа юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн аваад тодорхой ажиллагааг хийсэн байгаа. Магадлалд хэргийн бодит байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй буюу гэмт хэрэг хэзээ, хаана яаж үйлдэгдсэн, гэмт хэргийн санаа зорилго, гэм буруугийн хэлбэр гэдэг зүйлийг шалгаж тодруул гэсний дагуу шалгаж тодруулсан. Нэмээд Б, Б, Б, Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С гэдэг хүмүүсээс дахин мэдүүлэг авч нөхцөл байдлуудыг тодруулсан. Мөн хэрэгт хамааралтай байж болох хүмүүсийн дансны мэдээллүүдийг авч үзлэг хийсэн. Эдгээр хүмүүсийн хооронд хувийн ашиг сонирхол буюу мөнгө төгрөг шилжүүлсэн, дамжуулсан үйлдэл байгаа эсэхийг шалгаж тодруулсан. Гэтэл анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэх боломжтой байхад ямар ажиллагаа нэмж хийлгэх талаар ойлгомжгүй дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Яллагдагч 16,000,000 төгрөгөөс өөрийн төрсөн хүү болох Т.Ч-ын өрийг төлсөн гэж анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр хэлсэн. 10,000,000 төгрөгийг Б гэдэг хүнээс зээлж аваад хашаанд зарцуулсан гэж мэдүүлсэн. Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө 10,000,000 төгрөгийг Т.Ч надаас зээлж авсан гэдэг. Гэрч Б нь Т.Ч над руу 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны тоот дугаартай данс явуулж надаас 10,000,000 төгрөгийг зээлж авсан. Дараа нь Ч-тай над руу утсаар яриад тань руу металл гэсэн утгатай мөнгө орж ирнэ, та зээлүүлсэн мөнгөө аваад үлдсэн мөнгийг нь над руу шилжүүлээрэй гэсэн байдаг. Ингээд би 10,000,000 төгрөгөө авч үлдээд 6,000,000 төгрөгийг нь шилжүүлсэн. Ч ийм мэдүүлэг өгсөн байдаг. Харин Б гэдэг хүнээс мэдүүлэг авахад Бадамсүрэн гэдэг хүнийг танихгүй. Батмөнх гэдэг хүн рүү төрөөс шилжиж орсон мөнгийг Б-гийн дансанд 16,000,000 төгрөг шилжүүлж 10,000,000 төгрөгийг авч үлдээд 6,000,000 төгрөгийг нь Ч руу шилжүүлснээс хойш 9 дүгээр сард Б гэдэг хүнээс дахиад 10,000,000 төгрөгийг Б гэдэг хүн рүү шилжүүлсэн байдаг. Б гэдэг хүн тэрийг аваад Б цолны мялаалганы наадам дээр сур харваагаар түрүүлсэн охинд 10,000,000 төгрөг бэлгэнд өгсөн байдаг. Энэ 10,000,000 төгрөгийг Б авахдаа Б-ээс авсан байдаг.Сүүлд ямар учиртай мөнгө байсан бэ? гэхэд Т.Ч-аас зээлж гуйж эгчээс нь авсан 10,000,000 төгрөгийг өөрийн төрсөн дүү Д руу шилжүүлж байгаад гаргуулж авсан гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Ингээд өмнө өгч байсан мэдүүлгүүдээ энэ хүмүүс чинь буцаагаад өөрчлөөд тухайн үед сандарсан, айсан байсан болохоор худлаа хэлсэн гэдэг. Үнэнийг хэлэхэд З.Т гэдэг хүн надаас 10,000,000 төгрөг бэлнээр зээлж авсан шиг санагдаад байна гэсэн ийм л мэдүүлэг өгсөн. Тэгээд энэ хоёрын аль нь үнэн бэ гэдгийг бусад нотлох баримтаар шийдвэрлэх боломжтой. Яллагдагч З.Т 10,000,000 төгрөгийг зээлж аваад хашаанд зарцуулсан уу гэдэг нь нотлох баримтуудад хангалттай авагдсан. Хашааг ачиж ирэхэд зарцуулсан 1,000,000 төгрөгийг өөрийн эхнэр Наранхүүгийн данснаас шилжүүлсэн байдаг. Дараа нь хашааг суурилуулахад гагнасан гагнуурын аппаратыг Т.Ч гэдэг хүүгийнхээ данснаас 250,000 төгрөгийг шилжүүлж гагнуурын аппарат гээд худалдаж авсан байсан. Хашааг суурилуулахад ажиллуулсан хүмүүсийн 250,000 төгрөгийг З.Т өөрийнхөө данснаас цалин ажлын хөлс гээд шилжүүлсэн байгаа юм. Төмөр хашааг авчирч ирээд суулгахад гагнуурын аппарат, ажлын хөлс тээвэрлэж ирсэн зардал, цемент цутгаж шонг нь цемент дээр цутгасан байгаа. Энэ мөнгөнүүдийг эхнэр, хүүхэд өөрт байсан мөнгөнөөсөө зарцуулсан болох нь баримтаар тогтоогдсон. Хүнээс бэлэн мөнгө авч зарцуулсан гэдгийг үгүйсгээд байгаа. Төлбөрийг бэлнээр тооцоо хийсэн байдаг. Бэлнээр 10,000,000 төгрөгийг авсан. Яллагдагч З.Т нь хашааг өөрөө барьсан, нийлүүлэгч талаас нэг ч хүн оролцоогүй. Хашааг хүлээж авах комисс нь хашааг нь хүлээж авах гээд ирэхэд өөрөө хүлээлгэж өгөх гээд танайх хашаагаа ав гэсэн. Харин комисс хашааг хүлээж аваагүй. Техникийн тодорхойлолт дээр хашааг ногоон өнгөөр будсан байх ёстой та будгаа хийчих, тэгвэл авъя гэхэд дараа жил манай сумын 100-н жилийн ой болно, тэр үед нь будъя тэгэхгүй бол одоо будахаар будаг чинь гандах учраас өнгөтэй үзэмжтэй байлгахын тулд зун хийнэ гэсэн байдаг. Комиссын хүнээс мэдүүлэг авахад яллагдагч З.Т нь хашааг хүлээлгэж өгье гээд зүтгээд байсан. Хэрэг үүсгэж шалгаад ирэхээр хэзээ хойно нь үүнийгээ үгүйсгэх зорилгоор 4,000,000 төгрөгийн үнэтэй гэрлийн шон дээрээс нь туулайн торыг 2,000,000 төгрөгөөр авсан байдаг. Яллагдагч З.Т нь энэ мөнгийг зориулалтын бусаар зарцуулаад 20,000,000 төгрөгийн ажлыг дахин 20,000,000 төгрөг нэмж 40,000,000 төгрөгөөр хийсэн гэж үзэх боломжгүй. Наранхүү нь яллагдагч З.Т ийн эхнэр. Яллагдагч З.Т нь Батмөнхөөс 10,000,000 төгрөгийг бэлнээр зээлж авсан. Т.Ч 10,000,000 төгрөгийг эгчээсээ зээлж авангуутаа М гэдэг хүний дансанд хийсэн. Эхнэр болон хүүхэд нь 10,000,000 төгрөгийг Батмөнх гэдэг хүнд өгсөн. Яллагдагч З.Т нь мөнгөгүй байсан учраас бэлэн мөнгөөрөө зарцуулаад өөрийнхөө данснаас болон эхнэр, хүүхдийнхээ данснаас төлбөр тооцоогоо хийж байсан үйл баримт тодорхой. Б нь Т.Ч-д зээлүүлсэн 10,000,000 төгрөгөө аваад үлдэгдэл 6,000,000 төгрөгийг нь надад өгөөрэй гэж хэлсэн нь худлаа. Харин 10,000,000 төгрөгөө түр өөр дээрээ байлгаж байгаарай, хэрэг болохоороо авна гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь данс руу шилжүүлсэн. Б-ны мялаалганы наадам дээр өгсөн гэсэн утгатай юм яриад байдаг. Ийм 2 өөр зөрүүтэй мэдүүлэг өгөөд байдаг. Б, Б нарын мэдүүлгийн аль нь зөв болох нь бусад баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа. Бадамсүрэн, Батмөнх гэдэг 2 хүний мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгсөн гэж дүгнэж харьяаллын дагуу цагдаагийн газарт шалгуулахаар өгсөн. Мөн энэ хэрэгт өмнө нь худал мэдүүлэг өгсөн хүний шийтгэх тогтоолыг дүүргийн прокурорын газраар дамжуулан авч хэрэгт хавсаргасан. Анхан шатны шүүхээс магадлалд заасан ажиллагааг хийгээгүй гэдэг 4-н үгний цаана дахиад юу хийхээ үнэхээр ойлгохгүй байна. Р.Машлай өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй гэдэг боловч Р.Машлай нь прокурор болсон энэ талаарх баримтыг хавсаргасан. Энэ үндэслэлээр Р.Машлайд хэргийн материал танилцуул гэж хэргийг нь буцаах ямар ч үр дагаваргүй. Р.Машлай өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан хүн. Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан, тамгын газрын дарга гэсэн хүмүүс санаа зорилгоороо нэгдэж 10,000,000 төгрөгийг нь хүүхдийнх нь дансанд үлдээж төлүүлье гэсэн санаа зорилго байхгүй. Иймд болж өнгөрсөн үйл явдал нь тогтоогдсон учраас прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн. Анхан шатны шүүх нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гээд буцаасан байгаа нь ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй байгаа учраас анхан шатны шүүхийн захирамж тодорхой ойлгомжтой биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүй байх ёстой гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа учраас хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Яллагдагч З.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс магадлалд заасан ажиллагааг хийгээгүй гэдэг үндэслэлээр хэргийг буцаасан. Прокуророос ямар ажиллагаа хийхээ мэдэхгүй, тодорхойгүй гэсэн тайлбарыг хэлж байна. Давж заалдах шатны шүүхээс нягтлан З, тамгын газрын дарга Батцэцэг хоёрыг энэ хэрэгт хамтран оролцсон эсэхийг тодруул гэсэн үндэслэлээр буцаасан. Гэтэл З, С, Б нараас мэдүүлэг авч хууль хэрэглээний талаасаа нотлох баримт цуглуулаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан түүнээс нийтийн эрх ашиг хохирсон гэмт хэрэг байгаа. Тэгэхээр Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан Золзаяа, тамгын газрын дарга Батцэцэг хоёрын оролцоо төсвөөс зориулалтын бус, хуурамч гэрээ байгуулахад энэ хоёрын оролцоо байсан. Төсвөөс мөнгө гаргахад нягтлан Золзаяагийн оролцоо байсан. Эдгээр хүмүүс нь хамтран оролцсон байна гэж харагдаж байгаа. Яллагдагч З.Т гэрээнд ганцаараа гарын үсэг зураад сумынхаа төсвөөс тамгын газрын даргад ч мэдэгдэхгүйгээр бүх үйлдлийг хийгээгүй. Анхан шатын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хөндлөнгийн хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргаж байсан. Мөрдөгч, прокурорт эргэлзээ үүсвэл нарийн мэргэжлийн тусгай мэдлэгтэй хүнээс туслалцаа авч гэрчийн мэдүүлэг авч, шинжээчийн дүгнэлтээс гаргуулж авч болно. Энэ хэрэгт хөндлөнгийн нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгээгүй. Анх урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулахдаа Б, З нарын талаар хүсэлт гаргаж байсан юм. Р.Машлай өмгөөлөгчид хэргийн материал танилцуулсан талаараа тэмдэглэл үйлдээгүй анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд хавтаст хэргийн материалыг танилцуулах, 32.1 дүгээр зүйлийн 1.2-т мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдээд яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ гэж заасан байдаг. Р.Машлай өмгөөлөгчид хэргийн материал танилцуулсан эсэх нь тодорхойгүй, танилцуулсан тэмдэглэл байхгүй, утсаар мэдэгдсэн ч тэмдэглэл байхгүй байгаа. Р.Машлай өмгөөлөгчийг өмгөөлөгчөөр ажиллаж байх үед нь хэргийн материал танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Прокуророос яллагдагч З.Т ийг хашааныхаа гадуур туулайны тор татаад хаячихсан, мөнгөө гүйцээхийн тулд хийсэн гэж яриад байна. Гэтэл энэ хашаан дотор 5700 мод тарьсан ургаж байгаа. 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргаж мөрдөгч З.Т ээс мэдүүлэг авсан байдаг. Энэ мэдүүлэг болон гэрчийн мэдүүлэг хэргийн материалд авагдсан байгаа. З.Т хашаа бариад илүү гарсан мөнгөөрөө авсан материалууд нь сумын складад байгаа. З.Т зориулалтын бус гэрээ хийж 16,000,000 төгрөг орж ирсэн. Тэрнээс хойш хаашаа ямар данс руу шилжүүлсэн эсэх нь дараагийн асуудал юм. Хамгийн гол нь 16,000,000 төгрөг ямар замаар орж ирсэн, хэн хэн сумын төсвөөс гарах болсон. Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан Золзаяа, гэрээ байгуулсан Батцэцэг нар хууль зөрчиж гэрээ байгуулаад зориулалтын бус хөрөнгийг төсвийн хөрөнгөөс гаргахыг хориглосон гэж нягтланд үүрэг болгоод заасан байхад тэндээс 16,000,000 төгрөгийг гаргасан.
Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Яллагдагч З.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан хэлэх тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Прокуророос яллагдагч З.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхээс яллагдагч З.Т д холбогдох эрүүгийн 2326003730001 дугаартай хэрэгт давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг хийгээгүй, яллагдагчийн өмгөөлөгч Р.Машлайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн материалтай танилцуулаагүй, танилцуулах талаар ажиллагаа хийгээгүй, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхэд прокуророос ... анхан шатны шүүх захирамждаа давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг биелүүлээгүй гэсэн үндэслэлийг дурдсан нь ойлгомжгүй байна. Шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал болох Тарагт сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Б, ерөнхий нягтлан бодогч Б.С, тооцооны нягтлан бодогч Д.Д нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах буюу тэдэнд гэмт хэрэг үйлдэх сэдэлт санаа, зорилго байсан эсэх, тэдний хийсэн үйлдэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой шалтгаант холбоотой эсэхийг шалгах гэсэн агуулгатай байсан тул энэхүү нөхцөл байдлыг тодруулахаар хамаарал бүхий хүмүүсийн дансны мэдээллүүдийг гаргуулан авч, үзлэг хийх, гэрч Б.Б, Д.Б. Т.Б, А.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийж нөхцөл байдлыг тодруулан шалгасан байхад магадлалд заасан ажиллагааг хийгээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой хэмээн хуульчилсан байхад дахин ямар ажиллагаа хийх нь шүүгчийн захирамжаас тодорхой харагдахгүй байна. Мөн яллагдагчийн өмгөөлөгч Р.Машлайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн материалтай танилцуулаагүй, танилцуулах талаар ажиллагаа хийгээгүй хуульд заасан эрхээр хангаагүй, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Яллагдагч З.Т ийг өмгөөлөгч нарын хамт ирж хэргийн материалтай танилцуулахаар дуудсаны дагуу тэрээр өмгөөлөгч Б.Хандмаагийн хамт тус аймгийн Цагдаагийн газар очиж хэргийн материалтай танилцан тэмдэглэлд гарын үсэг зурсан байна. Хэргийн материал танилцуулах ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Яллагдагч З.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Хандмаа, Р.Машлай нарыг өмгөөлөгчөөр оролцуулж байгаа хэдий ч Р.Машлай нь өөр албан тушаалд томилогдсон болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул түүнд хэргийн материалыг өмгөөлөгчийн хувьд танилцуулах боломжгүй болсон, уг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг биелүүлээгүй гэсэн үндэслэлийг дурдсан боловч аль заалтыг биелүүлээгүй, энэ нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагч ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана ... гэж хуульчилжээ.
З.Т д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй алдаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/468 дугаар захирамжийг хүчингүй болгож, яллагдагч З.Т д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: