| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0069/Э |
| Дугаар | 91 |
| Огноо | 2018-03-13 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 91
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Хохирогч *******,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн Орхон сумын Соёлын төвд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ******* *******, ******* ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1718004280037 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, ******* ******* /РД: *******/, 1969 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Ширээ нуруунд оршин суух албан ёсны хаягтай боловч Орхон сумын Энхтал 2 дугаар багийн нутаг “Хар эргийн задгай” гэх газар байнга оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-1986 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109.б-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,
-1989 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 3 жил 3 сар 5 хоногийн хугацаагаар хорих ял,
-1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял,
-1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 79.1, 123 дугаар зүйлийн 123.1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
-2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ял,
-2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т зааснаар 200000 төгрөгөөр торгох ял,
-2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,
-2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
-2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,
2. Монгол Улсын иргэн, ******* ******* /РД: *******/, 1972 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг *******тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
-2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
-2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
-2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь 2017 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бэрх” уулын өврөөс иргэн *******ын 3 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь 2017 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бэрх” уулын өврөөс иргэн *******ын 3 тооны адууг хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “******* Сэлэнгэ аймгийн Баянгол гэх газар очиж ******* гэдэг хүнтэй наймаа хийхээр явсан. Ингээд замынхаа тэг дундаас буцаж явахдаа буюу 2017 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө замдаа байсан хээр алаг морь, хонгор халзан морь, хар алаг морьдыг аваад шөнийн 11 цаг өнгөрч байхад Дархан-Уул аймгийн Орхон суманд байдаг гэртээ ирсэн. Маргааш өглөө нь хээр алаг морийг нь алж, нөгөө хоёр морийг нь уячихсан байсан. Тэгсэн өдрийн 15 цагийн үед хохирогч хэдэн хүмүүстэй 2 машинтай ирээд “мал хайж байна, гол яаж гарах уу?” гэж асуухаар нь гарам зааж өгөхөд хохирогч нөгөө хүмүүстэйгээ яваад өгсөн. Үдээс хойш 17 цагийн үед цагдаа нар ирээд хүн адуугаа алдсан байна. Танай энд мөр нь гарсан байна. Маргааш цагдаа дээр ирж уулзаарай гэж хэлээд явсан. Харин ******* бид хоёр алсан адууны махыг дэрсэн дотор нуусан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хүнээс адуу авах ёстой байсан юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Баянгол сум орох гэж яваад тэнгэр хангай муухай болохоор нь гэр рүүгээ буцсан. Тэгээд буцах замдаа бэлчээрт байсан 3 тооны адууг туугаад шөнө 23 цагийн орчим *******ийн гэрт ирсэн. Тэр шөнөдөө 2 адууг нь бургаснаас уяж, 1 морийг нь *******ийн малын хашаанд хонуулаад маргааш өглөө нь нядалсан. Гэтэл хохирогч хэсэг хүмүүстэй морио хайгаад ирж байна гэхээр нь 2 адууг нь тавьж явуулсан. Ингээд алсан адууныхаа махыг хогийн цэгт нуусан.” гэх мэдүүлэг,
-Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би адуугаа алдаад мөрөөр нь дагаж голын айл болон арын айлуудаар очсон. Адууны мөр *******ийн үүдэнд очоод алга болсон. Би адуугаа нилээн хэдэн өдөр хайсан. Адуугаа хайж явахад миний машины хроп эвдэрч, *******ын машинаар Дарханд авчирсан. Миний машин эвдэрсэн гэдгийг энэ 2 хүн сайн мэдэж байгаа. Миний хувьд 3 адууны хохирлоо төлүүлж авсан. Одоо машины хроп худалдаж авсан 650000 төгрөгийг төлж өгвөл гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-13/,
-Гэрч Ш.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр *******, ******* хоёр морь унаад өглөө гарсан. Өдөр огт ирэхгүй байж байгаад шөнө 02-03 цагийн орчим ирэхэд нь би босч хоол халааж өгсөн юм. Тэгж ирэхдээ 3 тооны адуу авч ирсэн. Өглөө босоход нэг морийг нь малын хашаан дотор уясан байсан, нөгөө 2 морь нь байхгүй байсан. Би тэр хоёроос “юун морь юм” гэсэн чинь майга ******* “миний найзын морь байгаа юм, өнөөдөр энэ морийг ална” гэсэн. Тэгээд *******, ******* хоёр хашаанд байсан морийг нядалж, махыг нь явдаггүй портерийн дээр тавьсан байснаа майханд ороогоод хогийн жалганд орхисон.
...Би тэд нарыг алсан мориныхоо махыг хогийн цэг рүү хийгээд байхаар нь гайхаад хулгайлсан юм болов уу гэж бодсон. Тэгж байтал цагдаа нар ирээд нөгөө махыг нь олж авахаар нь хулгай хийсэн юм байна гэж мэдсэн” гэх мэдүүлэг /хэргийн 27-28/,
- “Үнэлгээнд хамрагдсан дээрх адууны зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний байдлаар 2250000 төгрөгөөр тогтоосон болно.” гэх 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 39-41/,
-“Иргэн *******ийн хэрэгцээлсэн 154 кг адууны мах нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийн 507 тоот сорилтын дүнгээр шинжлүүлсэн үзүүлэлтүүдийн хүрээнд “хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтүүдийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS6308:2012 стандартын 2.1.12 дахь заалт, үхэр, өсвөр үхэр, адууны өрөөл, тал өрөөл, хонь, хурга, ямааны гулууз мах ТЕШ, MNS1111:2007 стандартын 5.1, 5.2, 5.3 дахь заалтуудын шаардлагыг хангахгүй байна.” гэх махны чанар, аюулгүй байдлын тухай 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10/01 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 48-51/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 139/,
-Хохирол төлсөн баримтууд /хэргийн 209-210/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******од адууны үнэ 2250000 төгрөгийн, автомашины хроп эвдэрсний улмаас 650000 төгрөгийн хохирол учирсан гэж холбогдох баримтаа /хэргийн 39-41,165/ ирүүлжээ.
Шүүгдэгч нар нь хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор 5 хоногийн завсарлага авсан бөгөөд уг хугацаанд хохирол төлбөрийг төлж барагдуулсан тухай баримт /хэргийн 209/ ирүүлсэн, хохирогч ******* нь “...хохирол, төлбөр хүлээн авлаа. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хохирол төлбөр бүрэн барагдсан учир шүүгдэгчийг хорихоос өөр хөнгөн төрлийн ялаар шийтгэж өгнө үү.” гэх тодорхойлолт /хэргийн 210/ ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь 2017 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бэрх” уулын өврөөс иргэн *******ын 3 тооны адууг хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...маргааш өглөө нь хээр алаг морийг нь алж, нөгөө хоёр морийг нь уячихсан байсан. Тэгсэн өдрийн 15 цагийн үед хохирогч хэдэн хүмүүстэй 2 машинтай ирээд “мал хайж байна, гол яаж гарах уу?” гэж асуухаар нь гарам зааж өгөхөд хохирогч нөгөө хүмүүстэйгээ яваад өгсөн.” гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...буцах замдаа бэлчээрт байсан 3 тооны адууг туугаад шөнө 23 цагийн орчим *******ийн гэрт ирсэн. Тэр шөнөдөө 2 адууг нь бургаснаас уяж, 1 морийг нь *******ийн малын хашаанд хонуулаад маргааш өглөө нь нядалсан.” гэх мэдүүлэг, хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...адууны мөр *******ийн үүдэнд очоод алга болсон. Би адуугаа нилээн хэдэн өдөр хайсан.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-13/, гэрч Ш.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр *******, ******* хоёр морь унаад өглөө гарсан. Өдөр огт ирэхгүй байж байгаад шөнө 02-03 цагийн орчим ирэхэд нь би босч хоол халааж өгсөн юм. Тэгж ирэхдээ 3 тооны адуу авч ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 27-28/, “үнэлгээнд хамрагдсан дээрх адууны зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний байдлаар 2250000 төгрөгөөр тогтоосон болно.” гэх 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 39-41/, “махны чанар, аюулгүй байдлын тухай 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10/01 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 48-51/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 139/, хохирол төлсөн баримтууд /хэргийн 209-210/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байжээ.
Шүүгдэгч ******* нь 2017 онд “бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгүүлсэн бөгөөд 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-т “бүлэглэн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн хуульчлагдаагүй байна.
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ад Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ын энэ хэрэгт 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 хоног, *******ийн энэ хэрэгт 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 154 адууны кг махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг бусдын 3 тооны адууг хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч *******ад Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* *******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, ******* *******ад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоног, *******ийн энэ хэрэгт 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 154 кг адууны махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ