Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 311/ШШ2026/00076

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан, ...., ...-р баг, .................... тоот хаягт оршин суух, ....овогт ..........гийн ..........ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн .................... холбогдох,

Завхан аймгийн .................. даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, уг цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх, 4 хоног эмчилгээ хийлгэсэн өдрүүдийн цалин болох 173,456 төгрөг, шагналын мөнгө болох 175,500 төгрөг, нийт 348,956 төгрөг гаргуулах, 2025 оны хагас жилийн урамшууллыг зохих журмаар тооцож олгохыг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч................., нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Б................, хариуцагч байгууллагын төлөөлөгч С............., хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н............., гэрч Г................, Т.............., А............, Х..........., нарийн бичгийн дарга  М.Баярмэнд нар оролцов.

Иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч................. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Завхан аймгийн …………… даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 тоот тушаалаар тус хэлтсийн ………ээр томилогдож 2025 оны 09 дүгээр сар хүртэл үр бүтээлтэй, тогтвортой сайн ажиллаж байсан. Энэ хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал зөрчил гаргалгүй сахилгын зөрчилд холбогдолгүй ажилласан. Гэтэл Завхан аймгийн ……………. дарга………ын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Завхан аймгийн ………сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч тус хорооноос эвлэрэх боломжгүй болж энэ талаарх тэмдэглэлийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр надад гардуулсан. Иймд Завхан аймгийн ………… даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан …….ийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг хэргийг шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар тооцож гаргуулж надад олгох, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү.

Мөн 2025 оны 04 дүгээр сард дарга ……….ажлын бус цагаар намайг өрөөндөө дуудсаны дагуу даргын өрөөнд ороход намайг элдвээр доромжилж дарамталсны улмаас миний бие муудаж эмнэлгийн анхан шатны туламч авч 4 хоног эмчлүүлсэн энэ хугацаанд цалинг хасаж тооцсон байсан тул уг 4 өдрийн цалин болох 173,456 төгрөг, 2024 онд манай байгууллага системийн шилдэг байгууллагаар шалгарч мөнгөн шагнал авч байсан энэ нь манай байгууллагын бүх хүмүүсийн хичээл зүтгэл орсон бөгөөд үүнд миний оруулсан хувь нэмэр ч байгаа гэж үзэж байна. Удирдлагын зүгээс уг шагналын мөнгийг нийт ажилчиддаа хувааж хүн тус бүрт 175,500 төгрөг өгсөн байсан бөгөөд надад үндэслэлгүйгээр олгоогүй учир шагналын мөнгө болох 175,500 төгрөг, нийт 384,956 төгрөгийг гаргуулах, мөн 2025 оны хагас жилээр хангалтгүй үнэлэгдсэн гэж миний урамшууллыг хассан байсан. …үнэлгээнд зурагдсан гарын үсэг минийх биш байсан бас үнэлгээг илт шударга бус үнэлсэн байсан тул уг үнэлгээг хүчингүй болгож, хагас жилийн урамшууллын мөнгийг зохих журмаар тооцож олгохыг даалгуулхаар шаардлагаа нэмэгдүүлж гаргасан байгаа. Сая өмгөөлөгчтэйгээ ярилцаад урамшууллын мөнгө гаргуулах хэсгээсээ татгалзаж, бусад шаардалгаа дэмжиж байна гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож, түүний хууль зүйн туслалцаа үзүүлж, түүний эрх ашгийг хамгаалж оролцож байна. Завхан аймгийн ........... газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаартай тушаал нь нотлох баримтад үндэслэж хуульд нийцэж гараагүй байна гэж үзэж байгаа тул уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ...........ыг урьд эрхэлж байсан ...........ийн ажилд нь эгүүлэн тогтоож, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны цалинг тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг ажлын цаг ашиглалт хангалтгүй, ....үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгч нь үүрэгт ажлаа хангалттай биелүүлсэн талаар хамт олныхоо групп чатанд үзлэг хийлгүүлж нотолсон. Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчид амаар болон бичгээр ажлын үүрэг даалгавар өгсөн гэж байгаа боловч тухайн ажил үйлчилгээг хийгээгүй, өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлээгүй талаар нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй байна. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар нь миний үйлчлүүлэгчийг ажлаас халсан үндэслэлээ нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Мөн миний үйлчлүүлэгчийг 2024 оноос 2025 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд хийсэн ажлыг нь хангалтгүй үнэлсэн гэх тасгийн даргын гарын үсэгтэй баримтыг гаргаж өгсөн байна. Энэ баримтын талаар гэрч .............гаас “Та энэхүү баримтыг хэзээ гаргаж өгсөн юм бэ?” гэх асуултад энэ баримт миний компьютер дээр бичигдсэн хадгалаатай байдаг баримт. Шүүхэд хэрэгтэй байна гэхээр нь гаргаж өгсөн гэж байна. Компьютер дээр байгаа баримтыг хэзээ ч засах боломжтой. Уг баримт нь 2024 оны 1, 2, 3 сар гэх мэтчилэн 12 сар хүртэл үнэлэгдээд санхүүгийнхээ баримттай архивлагдсан байсан бол нотлох баримтаар үнэлэгдэх боломжтой байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шинээр хэвлэж өгч байгаа баримтыг үнэлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийг үүрэгт ажлаа хангалттай биелүүлээгүй гэх үндэслэл нь тогтоогдохгүй байна. Хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлээгүй зөрчлийг гаргасан гэж байна. Хууль ёсны ямар даалгавар өгсөн нь тогтоогдохгүй байна. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үйлчилгээг биелүүлээд байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байна. Гэрч ..........гийн өгч байгаа мэдүүлэг, байгууллагын дарга ...........ын хариу тайлбар зэргээс харахад энэ хүнийг ажлаас нь халчихъя гэсэн хандлага харагдаж байна. .......... ерөнхий газрын дэргэдэх ёс зүйн хорооны дүгнэлт хэрэгт байгаа. Ёс зүйн хороонд ......... хандсан байдаг. ............ын хүсэлтийн дагуу ..........ыг ёс зүйн зөрчил гаргасан байна гэж үзэж ......... ерөнхий газрын даргын тушаалаар ............аас уучлалт гуйх арга хэмжээ авсан байдаг. Уг арга хэмжээг ......... дарга бичгээр уучлалт гуйсан болох нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.  Үүнээс юу харагдаж байгаа юм бэ гэхээр ...........д ........... дарга дарамт үзүүлсэн байна. Энэ байгууллага ажилчдаа шударгаар үнэлдэг эсэх нь эргэлзээтэй байна.

Түүнчлэн 2024 онд Завхан аймгийн ........ хэлтэс шилдэг байгууллагаар шалгарсан байдаг. Уг байгууллагад нэхэмжлэгч .......... 2024 онд бүтэн ажилласан. Ажлаас чөлөөлсөн учраас шагналын мөнгийг нь олгохгүй гэсэн зүйл байж болохгүй. Шагналын мөнгө болох 175,500 төгрөгийг үгүйсгэсэн баримтыг хариуцагч байгууллагаас гаргаж өгөөгүй тул уг шагналын мөнгө болох 175,500 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэж байна. ......... даргын ёс зүйгүй үйлдэл гаргасных нь улмаас нэхэмжлэгч 4 хоног эмчлүүлсэн байдаг. Тухайн 4 хоногийн цалинг нь ажил олгогч хасаж тооцож тухайн сарын цалинг нь бодсон байдаг. Хариуцагч талаас хүсэлт гаргах юм бол уг цалинг нь олгох боломжтой гэж дотоод журмаараа зохицуулсан байдаг гэж тайлбарлаж байна. Хуулиас давсан дотоод журам гэж байх боломжгүй. Дотоод журамд үндэслэж 4 хоногийн цалинг хасах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Мөн  2025 оны хагас жилийн цалингийн урамшууллыг бас энэ байгууллага олгоогүй байдаг. Гэхдээ сая нэхэмжлэгчтэй ярилцаад энэхүү хэсгээсээ татгалзаж байна Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг бүхэлд нь хангаж    шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.......... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ……… газрын ………….. нь 2023 онд Завхан аймгийн ………. газар ………ээр томилогдон ажилласан бөгөөд ………. хийх хугацаандаа ……… албаны цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй хийдэг, ажлын цагийг баримталдаггүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй, ойр ойрхон чөлөө зөвшөөрөл авах хүсэлт гаргадаг, тэр болгонд чөлөө өгч байсан алдаагаа засаж ажлаа сайжруулах байх гэж олон удаа итгэл үзүүлсэн.  Хариуцсан ажлаа сайжруулах талаар удаа дараа Захиргаа хуулийн тасгийн дарга, удирдлага үүрэг өгдөг боловч ажил сайжирдаггүй, үүрэг өгсөн удирдлагын шийдвэрийг эсэргүүцдэг, байнга тайлбар тавьдаг, олон удаа ажил сайжруулах үүрэг өгдөг боловч өөрийн бурууг хүлээн зөвшөөрдөггүй. Албан өрөө тасалгаа коридорт хийх цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй. Мөн албан хаагчдаас цэвэрлэгээг дутуу хагас хийдэг, тогтмол цэвэрлэдэггүй, хэлэхээр хүлээж авахгүй, ширээ сандлаа өөрсдөө цэвэрлэж байгаа талаар, нарийн цэвэрлэгээ үйлчилгээ тоос шороог тогтмол цэвэрлэхгүй байгаа талаар удирдлагад үргэлж мэдэгддэг байсан. Тухайн онд коридорын хана, хаалга, цонхыг энэ онд огт цэвэрлээгүй, өрөө тасалгааг цэвэрлэхдээ дутуу цэвэрлэдэг, ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэдэггүй, суултуур гоожуур бохир байдаг, конторын гадна талыг тогтмол цэвэрлэдэггүй шувуу үхээд олон хонож байсныг цэвэрлээгүй, зарим өрөө тасалгааг өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийдэггүй 7-10 хоногт цэвэрлэдэг ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа хариуцсан ажилдаа хариуцлагатай хандах талаар сануулахад миний ажлыг үгүйсгэж байна. Би ажлаа сайн хийдэг, тасгийн даргын албан шаардлагыг биелүүлдэггүй. Миний бие хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн эрхийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг ажилтнаас шаардаж, гүйцэтгэлийг сайжруулахаар бодит байдлыг танилцуулж, үүрэг даалгавар тухай бүр нь өгч ажилладаг. Үүрэг даалгавар өгсөн хугацаанд ажил сайжраагүй бөгөөд 2025 эхний хагас жилийн үнэлгээгээр цаг ашиглалт, харилцаа хандлага, ажлын гүйцэтгэлээр хангалтгүй үнэлэгдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 80 дугаар зүйлд заасны дагуу 2025 оны 06 дугаар сарын 25-ний өдөр "Ажлаас чөлөөлөх тухай" мэдэгдлийг ажилтанд хүргүүлж, 09 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн. Гэтэл хөдөлмөрийн харилцааны хугацаанд удирдах албан тушаалтны чиг үүргээ хэрэгжүүлэх эрхийн хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг хүлээн авч, ажлын гүйцэтгэлийг сайжруулах, хүчин чармайлт гаргах биш эсрэгээрээ хамт олны групп дээр зохисгүй зүйл бичиж, хамт олны уур амьсгалыг эвдэх, хувь хүний болоод гэр бүлийн талаар ил далдуур муулах, хов ярих зэргээр сэтгэл зүйн дарамт үзүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчих, хувь хүний орон зайд бүдүүлгээр халдах зэргээр ажлаас чөлөөлөхтэй холбоотой хувийн гомдол, өс хонзонгийн сэдлээр хандаж байгаа бодит нөхцөл байдал үргэлжилж байгааг энд дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн өмгөөлөгч Н........ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль зүйн дүгнэлтээ танилцуулъя гээд, нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсантай холбогдох нэхэмжлэлийг гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Харин хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлаас халсан тушаал үндэслэл бүхий гарсан байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь анх 2023 онд ..........ээр тус байгууллагад ажилд орсон байна. Албан тушаалын тодорхойлолтод зааснаар ........ нь байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээг стандартад заасны дагуу хийж, алба хаагчдад тав тухтай орчин бүрдүүлэх үндсэн чиг үүргийг гүйцэтгэж ажиллах ёстой. Ажиллах явцдаа ажлын гүйцэтгэлийн хувьд хангалтгүй ажилласан. Энэ талаар гэрчүүд мэдүүлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ажилтан ажлын цаг бүртгэлийн баримтаар ажилласан юм шиг харагдаж байгаа хэдий ч бодит байдал дээр эсрэгээрээ байдаг. Гэрч ......... мэдүүлгээр бол эн байдал нотлогдож байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл ......... нь ажиллаагүй нөхцөл байдлыг ажилдаа ирснээр бүртгэсэн нөхцөл байдлууд нэлээдгүй байсан. Нэхэмжлэгч ............. нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс ээлжийн амралтаа авч 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа орно гэж амарч байх хугацаандаа өөрөө дур мэдэн ажилласан байдаг.  Удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгавар биелүүлээгүй болох нь ямар баримтаар нотлогдож байгаа юм бэ? гэж байна. Тухайн .........ийн албан тушаалын тодорхойлолтод заасан байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй байна. Цэвэрлэгээ үйлчилгээгээ сайжруул гэдэг байдлаар удаа дараа үүрэг даалгавар өгсөн талаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон захиргаа, хууль зүйн тасгийн дарга .......... мэдүүлдэг. Гэрч нарын мэдүүлэг нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжтой учраас удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байна. Иймд ...........ын цаг ашиглалт хангалтгүй байсан болох нь тогтоогдож байна. 2024 оны жилийн эцсийн ажил гүйцэтгэлийн үнэлгээ болон 2025 оны эхний хагас жилийн ажил гүйцэтгэлийг үнэлэхэд хангалтгүй үнэлсэн байдаг. Удаа дараа хангалтгүй үнэлүүлсэн учир ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Үйлчлэгчийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих хүн нь ......... бөгөөд гэрчээр мэдүүлэг өгөхдөө ажлаа хангалтгүй хийдэг байсан талаар нь хэлж байна. Ажлаа сайжруулах талаар тасгийн дарга нь хүртэл шаардлага тавьсан байдаг. Өмнөх оны ажлын үнэлгээнээс ажил үнэлүүлсэн үнэлгээ нь буурсан байдаг. Хэрэв ажлаа сайжруулсан бол үнэлгээ нь өсөх байсан байх.

Гүйцэтгэлийн тайланд бичсэн гарын үсэг миний гарын үсэг биш гэж нэхэмжлэгч маргадаг. Тайлан доторх агуулга дээр маргах зүйл байгаа юу гэж асуухад маргах зүйл байхгүй гэж хэлсэн. Иймд хангалтгүй үнэлсэн үнэлгээ дээр маргахгүй байгаа юм байна гэж үзэж байна. Ажлын гүйцэтгэлээ сайжруулах талаар байгууллагын хурал дээр хамт олных нь өмнө ч дуудаж өрөөндөө оруулж ирж хэлдэг байсан хэдий ч ажил сайжруулж байгаагүй талаар тасгийн дарга болон хэлтсийн дарга хэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь өмнө нь ........ банканд ........хийж байсан. Туршлагатай, чадвартай гэсэн хэдий ч ажил гүйцэтгэл муу, чадваргүй юм. Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар бол бичгээр хүсэлтээ гаргаж чөлөө авах ёстой байтал хэлчихээр болно гэж ойлгож, албан ёсоор бичгээр хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд удаа дараа ажлын цагаар гарч, орж явж, ажлын цаг ашиглалт муу байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс зүгээс нотлох баримтаар: Завхан аймгийн ......... газрын даргын 2025 оны 09-р сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаал, мөн даргын 2023 оны 04-р сарын 24-ний өдрийн  Б/07 дугаар тушаал, Завхан аймгийн ........сумын Хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, 2025 оны эхний хагас жилийн тайлан, ......... ерөнхий газрын дэргэдэх ёс зүйн дэд хорооны 2025 оны 10 сарын 06-ны өдрийн №13/03 дугаартай дүгнэлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг өгсөн байна. 

Хариуцагч байгууллагын зүгээс нотлох баримтаар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх тайлбарууд, мэдэгдэх хуудас, албан тушаалын тодорхойлолт, нийгмийн даатгалын газар /тасаг/-ын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр, 2023, 2024, 2025 онуудын жилийн эцсийн ажлын тайлан, Завхан аймгийн .......... хэлтсийн даргын 2023 оны 04 сарын 24-ний өдрийн Б/07 дугаартай ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, Завхан аймгийн .......... хэлтсийн хөдөлмөрийн дотоод журам, үүрэг даалгавар өгсөн тэмдэглэл зэргийг өгсөн байна.

Шүүхээс талуудын хүсэлтийн дагуу үзлэг хийсэн баримт хэрэгт авагджээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч............. нь хариуцагч Завхан аймгийн ......... газарт холбогдуулан Завхан аймгийн ..........газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, уг цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэхээр анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Улмаар нэхэмжлэгч нь ажил олгогчийн хууль бус ёс зүйгүй үйлдлийн улмаас 4 хоног эмчилгээ хийлгэсэн өдрүүдийн цалин болох 173,456 төгрөг, шагналын мөнгө болох 175,500 төгрөг, нийт 348,956 төгрөг гаргуулах, 2025 оны хагас жилийн урамшууллыг зохих журмаар тооцож олгохыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсэг болох 2025 оны хагас жилийн урамшууллыг зохих журмаар тооцож олгохыг даалгуулах тухай шаардлагаасаа татгалзаж байх тул түүний энэхүү хэсгийг татгалзсаныг баталж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ч.......... нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 08-ныг хүртэл Завхан аймгийн ..........газарт ...........ээр ажилласан болох нь Завхан аймгийн .......... хэлтсийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажил байдлын тодорхойлолт болон талуудын тайлбараар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй. 

Харин Завхан аймгийн .......... газрын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Ч........... нь дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч Завхан аймгийн ........... сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч маргалдагч талууд эвлэрч тохиролцоонд хүрээгүй, хуралдаан дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасантай нийцжээ.

Хариуцагч Завхан аймгийн ........ газар нь нэхэмжлэгч Ч............ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон”,

Татварын ерөнхий газрын даргын 2022 оны А/105 дугаар тушаалаар баталсан “Татварын албаны хүний нөөц бүрдүүлэлтийн журам”-ын 5.1, 5.4, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл удаа дараа хангалтгүй биелүүлсэн”,

ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1-т “ажилтан хууль тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн дагуу эрх, үүргээ хэрэгжүүлнэ”, 4.2.1-т “удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, тушаал,  шийдвэр, дүрэм журмыг мөрдөх, хариуцсан ажил үүргийг үр дүнтэй зохион байгуулах, гүйцэтгэх”, 5.2-т “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль, дүрэм, журам зөрчсөн байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын байранд танхайрсан, ёс зүйн болон харилцааны зүй бус үйлдэл гаргасан, сахилгын зөрчил гаргасан, Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийг гэрээг цуцлах үндэслэл болно” гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т Ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино.

Өөрөөр хэлбэл ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан байна. Гэтэл Ч..............ыг ажилдаа тэнцэхгүй болсныг тогтоосон /эрх бүхий албан тушаалтны болон байгууллагын хурал цуглаанаас гарсан шийдвэр/ ямар нэг шийдвэр алга байна.

Түүнчлэн ажилтанд ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй байгааг урьдчилан анхааруулж, ур чадвар, ажлын гүйцэтгэлийг нь сайжруулах талаар байгууллагаас боломжит хугацаа олгоогүй ба хариуцагч энэ талаар өмнө удаа дараа сануулж, мэдэгдэж, боломжит хугацаа олгосон гэх боловч энэ байдлаа нотлох баримтаар нотлоогүй, хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн дээрх үйл явдал нь хавтаст хэрэгт авагдсан 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Завхан аймгийн Татварын газрын нийт ажилчдын хурлын тэмдэглэл, Ч.............ын 2023, 2024, 2025 оны ажлын гүйцэтгэл, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон Нийгмийн даатгалын газар /тасаг/-ын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр, 2024, 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлан, тэмдэглэл /гар бичмэл/ зэргийг гаргаж өгсөн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Завхан аймгийн .......... газрын нийт ажилчдын хурлын тэмдэглэл, Ч............ын 2023, 2024 оны ажлын гүйцэтгэлийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй ба уг 2024 оны ажлын гүйцэтгэлийн талаар тусгагдсан, 2025 оны ажлын гүйцэтгэл, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон Нийгмийн даатгалын газар /тасаг/-ын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр, 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлан, тэмдэглэл /гар бичмэл/ зэрэг нь ажилтанг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, ур чадвар, ажлын гүйцэтгэлийг нь сайжруулах талаар байгууллагаас боломжит хугацаа олгосон баримт гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал: Нийгмийн даатгалын газар /тасаг/-ын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр нь Ч..........ын дотор өвчлөлийг тогтоосон заалтад тулгуурлаж гаргасан байх бөгөөд энэхүү заалтаар ажилтанг ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэж үзэхгүй. Мөн 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлан, тэмдэглэл /гар бичмэл/-ээр ажилтанд үүрэг даалгавар өгсөн гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл тухайн тэмдэглэл даргын өдөр тутмын тэмдэглэл байх ба албан ёсны шийдвэр гэж үзэхгүй. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн дээрх үйлдлийг нотлохоор гэрч оролцуулсан боловч гэрчүүдийн мэдүүлэг нь Ч............ыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй байгааг урьдчилан анхааруулж, ур чадвар, ажлын гүйцэтгэлийг нь сайжруулах талаар байгууллагаас боломжит хугацаа олгож, удаа дараа сануулж, мэдэгдэж байсан гэж үзэхгүй, эдгээр гэрчүүдийн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчид ажил үүргээ сайжруулах талаар үүрэг даалгавар өгсөн гэж үзэх боломжгүй, тухайн байгууллагын хурал зөвлөгөөнөөс гарсан албан ёсны шийдвэр биш юм.

Мөн нэхэмжлэгчийг ажлын цаг ашиглалт, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлээгүй зөрчлүүд гаргасан гэж тайлбарлаж, ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болгож байгаа боловч энэхүү нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх ажлаас чөлөөлсөн үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой.

Тиймээс Ч.............ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан ...шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлын зарчимтай нийцээгүй бөгөөд түүний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд Завхан аймгийн .......... газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Ч...........ыг тус байгууллагын үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Ч..........ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгч Ч............ нь ажил олгогчийн хууль бус ёс зүйгүй үйлдлийн улмаас 4 хоног эмчилгээ хийлгэсэн өдрүүдийн цалин болох 173,456 төгрөг, шагналын мөнгө болох 175,500 төгрөг, нийт 348,956 төгрөг гаргуулахыг хүсэж байгаа бөгөөд түүний энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэдийгээр ажил олгогчийг ажилтайн зүй бус харьцаж, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж Татварын ерөнхий газрын дэргэдэх ёс зүйн дэд хорооны дүгнэлтээр тогтоогдсон байгаа боловч, нэхэмжлэгч нь дээрх шаардлагаа баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл 4 хоног эмчилгээ хийлгэсэн өдрүүдийн цалин болох 173,456 төгрөг, шагналын мөнгө болох 175,500 төгрөгийг авах ёстой болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж хуульчилсан.

Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж шийдвэрлэсэн тул ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход нэг сарын дундаж цалин хөлсийг түүний 2025 оны 6 дугаар сард 1,343,880 төгрөгийн, 7 дугаар сард 1,652,562 төгрөгийн, 8 дугаар сард 1,480,903 төгрөгийн авсан цалингийн дундажаар тооцож, 1,492,448 төгрөг гарсан. Нэхэмжлэгч нь 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 95 хоног ажилгүй байсан байна. Ажилтны 1 өдрийн дундаж цалин хөлс 1,492,448/21,5 гээд 69,416 төгрөг байх тул 95 хоногт тооцохоор 6,594,520 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин олговорт гаргуулж шийдвэрлэв.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:           

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч..............ыг түүний урьд эрхэлж байсан ажил болох Завхан аймгийн ........... газрын .............ийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож,

түүний нэхэмжлэлээс ажил олгогчийн хууль бус ёс зүйгүй үйлдлийн улмаас 4 хоног эмчилгээ хийлгэсэн өдрүүдийн цалин болох 173,456 төгрөг, шагналын мөнгө болох 175,500 төгрөг, нийт 348,956 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх  хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн ......... хэлтсийн газраас нэхэмжлэгч  Ч............ын ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,594,520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.............д олгосугай.

3. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийн 43.2.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ч............ нь 2025 оны хагас жилийн урамшууллыг зохих журмаар тооцож олгохыг даалгуулах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас ажилд эгүүлэн тогтоосон шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАЛЖИННЯМ