| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00050/И |
| Дугаар | 311/ШШ2026/00079 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 311/ШШ2026/00079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч Э.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л........гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.............д холбогдох,
Сэтгэцэд учирсан хохирол хор уршиг 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л........., хариуцагч Б......... /цахим/-аар, иргэдийн төлөөлөгч Ц........., нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л...... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 03 сарын 08-наас 09-ний шилжих шөнө Завхан аймгийн …….. сумын …….багт Л…….. миний толгойн хэсэгт цохиж миний биед хүнд гэмтэл учруулсан. Энэ хэргийг хууль хяналтын байгууллагууд шалгаж 2024 оны 4-р сарын 30-ны өдөр эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн боловч миний сэтгэцэд учирсан хор уршигийг тодорхойлох хохиролыг арилгуулах асуудлыг шийдвэрлүүлээгүй орхигдуулсан. Иймд иргэн Б…….аас Сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Б............ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ……. сумын иргэн Л…….д эмчилгээний зардалд болон сэтгэл санааны хохиролд нь дансаар 22,500,000 төгрөг, бэлнээр 600,000 төгрөг, нийт 23,100,000 төгрөг төлсөн болно. Энэ хэрэг 2024 оны 4 дүгээр сарын 30-нд эрүүгийн шүүхийн шийдвэрээр 10,000,000 төгрөгийн торгуулийн ял миний бие Б…….д оногдуулсан. Иймд миний бие Б…… нь Л……….гийн нэхэмжилж буй 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Л.Л...........гийн сэтгэл санааны нэхэмжлэлийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоол ирүүлсэн байна.
Хариуцагч тал нотлох баримтаар: Хариу тайлбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганы баримтууд болон тодорхойлолт зэргийг ирүүлсэн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч Л.......гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч Л......... нь хариуцагч Б........д холбогдуулан сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Л.......... шаардлагын үндэслэлээ “... хариуцагч Б.......... нь Л.Л......... миний гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар миний толгойн тус хэсэгт цохисны улмаас миний биед хүнд гэмтэл учирсан, ...энэ хэргийг хууль хяналтын байгууллагууд шалгаж 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн боловч миний сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлох хохирлыг арилгуулах асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан ... иймд Б..........д холбогдуулан гэм хорын хохирлыг нэхэмжилж байна гэх агуулгаар тайлбарлаж байна.
Хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад эмчилгээ болон сэтгэл санааны зардалд 22,500,000 төгрөгийг дансаар, 6,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 23,100,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, тодорхой орлогогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлан, зохигч маргажээ.
Хариуцагч Б..........д Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэсэн, уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагч Б......... нь нэхэмжлэгч Л..........гийн биед хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж хуульчилсан.
Өөрөөр хэлбэл энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь дээрх үйл баримтуудтай холбоотойгоор үүссэн гэм хорын хохирлын асуудал бөгөөд үндсэн маргаан нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул шүүх дахин нотлохгүй.
Нэхэмжлэгч Л.......... нь сэтгэцэд учирсан гэм хорын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж 20,000,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэгч Л.............гийн сэтгэцэд хор уршиг учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1132 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ”, мөн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн .......... дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр ... Л................гийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас дасан зохицохуйн хариу урвалын шинжүүд илэрсэн нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” баталсан. Уг аргачлалын 2.1-д “гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх” зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болсон бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т заасны дагуу сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж, 2.1-д заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “5-22,99 хувь” болно гэжээ.
Иймд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилсан шалгуурын дагуу хувьчилж, хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримталсан.
Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэл 0-3%, 2-р зэрэглэл 4-8%, 3-р зэрэглэл 9-15%, 4-р зэрэглэл 15-30%, 5-р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно гэж нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг хүснэгтэд “гуравдугаар зэрэглэлийн сэтгэцийн эмгэгийн гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор тус тус журамласан.
Хэрэг болох үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байсан нь Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор тогтоогдож байх тул 22,99 дахин нэмэгдүүлж, 15,173,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, түүний нэхэмжлэлээс 4,826,600 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй байна.
Иймээс хариуцагч Б........... нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Л............гийн сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг хүлээх тул нэхэмжлэгч өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар Б............аас шаардах эрхтэй байна.
Хариуцагч Б............. нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор Л...............гийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг төлөх үүрэгтэй.
Тухайлбал, хариуцагч Б..........ын буруутай үйлдлийн улмаас Л........д ямар хэмжээний бодит хохирол учирсан гэдгийг тогтоохоос гадна гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн эсэхийг дүгнэснээр нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдож, энэ хэмжээгээр хариуцлага хүлээх учиртай.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Ц......... “...Л...........гийн сэтгэл санааны нэхэмжлэлийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй болно.
Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б...........аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 233,817 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хариуцагч Б...........аас сэтгэцэд учруулсан гэм хорын хохирол 15,173,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л..........д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,826,600 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Б..........аас 233,817 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ
ШҮҮГЧИД Э.ОЮУН-ЭРДЭНЭ
Э.ЭНХТУЯА