Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 92

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр,

Хохирогч *******,

Гэрч *******,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1718004130046 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* /РД:*******/, 1993 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн *******тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “Скай" зочид буудлын гадна зогсож байсан иргэн *******гийн суудлын автомашин дотор иргэн *******г цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны битүү хугарал, хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “Скай" зочид буудлын гадна зогсож байсан иргэн *******гийн суудлын автомашин дотор иргэн *******г цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны битүү хугарал, хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Скай” зочид буудлаас ундаа авах гээд буйдан дээр сууж байхад таньдаг хүн маань таксинд явж байсан. Тэгээд надаас тамхи асуухаар нь би байхгүй гэж хэлээд “юу хийж яваа юм бэ?” гэж асуухад ******* “Өрөө асуугаад явж байна” гэж хэлсэн. Тухайн үед ******* өөрийнхөө машинтай явж байсан бөгөөд урд суудалд нь ******* орж ирж суусан. ******* тухайн үед тодорхой хэмжээний согтолттой байсан бөгөөд би *******гоос “орой болсон байхад юу хийж байгаа юм бэ?” гэж асуухад надтай маргаан үүсгэж, над уруу дайраад байсан. Тухайн үед 03 цаг болох гэж байсан бөгөөд *******г маргаан үүсгээд байхаар нь өөрөөсөө холдуулах гэж түлхсэн. Тэгтэл ******* миний нүүрийг маажсан. Тэгээд би гай юм байна гэж бодоод машинаас бууж явсан.

...Хохирогч бид хоёрын маргаанаас болж хохирогчид гэмтэл учирсан.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би 2017 оны 11 дүгээр сарын 23-ны орой  найзтайгаа уулзахаар таксинд суусан бөгөөд миний сууж явсан таксины жолооч ******* “Скай” буудлаас тамхи асууя гээд орсон. Такси “Скай” зочид буудлаас метр гарангийн зайд зогсож байсан бөгөөд тухайн үед би машины урд талын суудал дээр сууж байхад ******* орж ирээд ард суучихаад “хүүе, таньдаг хүн байна” гэж хэлсэн. Би тухайн үед “танихгүй байна” гэж хэлтэл ******* намайг үстэж, миний нүүр рүү гараа зангидаж байгаад миний нүүр орчимд гараараа нэг удаа хүчтэй цохисон. Гэтэл миний хамраас цус гарсан тул би хаалга онгойлгоод хамрын цусаа арчаад жолооч бид хоёр эмнэлэг орчихоод цагдаа дээр ирсэн. Миний хувьд тухайн үед нэг их согтуу байгаагүй бөгөөд мөн таксины жолооч *******г таньдаггүй байсан, хэрэг гарах өдөр *******той танилцсан. Бид буудал орох гэж яваагүй. Миний толгой болон чих байнга өвдөж байгаа учир хамраа эмчлүүлмээр байна, гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэрч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тамхи авахаар “Скай” буудал орчихоод гарч ирэхэд миний автомашин дотор ******* гэх залуу сууж байсан. Тухайн үед ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байх архи үнэртэж байсан. Намайг автомашиндаа суутал ******* нь урд сууж байсан охиныг таньдаг охин байна гээд хойноос нь чангаасан. Тэгтэл ******* эргэж хараад “болиоч” гэж хэлээд *******ыг самардах шиг болоход ******* нь *******г шанаатай нь хавсраад хамар руу нь цохисон учраас хохирогчийн хамраас нь цус гарсан. *******гийн хамраас цус гарахад ******* шууд зугтаад явчихсан. Би *******г аваад Цагдаагийн газар иртэл 103 руу залгаад очиж үзүүлээд бичиг аваад ир гэж хэлсэн учир эмнэлэг орж *******г үзүүлсэн. Хохирогч ******* миний машинд суухад нүүр нь зүгээр байсан.” гэх мэдүүлэг,

 

-Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 9/,

 

- Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 21/,

 

-“*******гийн биед хамар ясны битүү хугарал, хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хүчтэй мөргөх, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1144 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 22/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч нь хохирогчийн эрх чөлөөнд халдаж, гэмтэл учруулаагүй учир цагаатгаж өгнө үү” гэж мэтгэлцэж байгаа боловч хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...******* намайг үстэж, миний нүүр рүү гараа зангидаж байгаад миний нүүр орчимд гараараа нэг удаа хүчтэй цохисон. Гэтэл миний хамраас цус гарсан тул би хаалга онгойлгоод хамрын цусаа арчаад жолооч бид хоёр эмнэлэг орчихоод цагдаа дээр ирсэн.” гэх мэдүүлэг, гэрч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...******* нь *******г шанаатай нь хавсраад хамар руу нь цохисон учраас хохирогчийн хамраас нь цус гарсан. *******гийн хамраас цус гарахад ******* шууд цаашаа зугтаад явчихсан.” гэх мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Нөгөө талаас өмгөөлөгчийн зүгээс ямар нотлох баримтыг үндэслэж шүүгдэгчийг гэм буруугүй гэж мэтгэлцэж байгаа нь тодорхойгүй байх тул хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч *******д “хамар ясны битүү хугарал, хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан бөгөөд “...толгой болон чих байнга өвдөж байгаа учир хамраа эмчлүүлмээр байна.” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул эмчилгээ хийлгэсэн талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...******* намайг үстэж, миний нүүр рүү гараа зангидаж байгаад миний нүүр орчимд гараараа нэг удаа хүчтэй цохисон, гэтэл миний хамраас цус гарсан.” гэх мэдүүлэг, гэрч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...******* нь *******г шанаатай нь хавсраад хамар руу нь цохисон учраас хохирогчийн хамраас нь цус гарсан.” гэх мэдүүлэг, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 9/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 21/, “*******гийн биед хамар ясны битүү хугарал, хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1144 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 22/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч *******д 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч ******* нь эмчилгээ хийлгэсэн талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч нь эмчилгээ хийлгэсэн талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******д анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ