Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/43

 

 

 

 

 2025 оны 7 сарын    22                                                 2025/ДШМ/43                         

 

 

Т.Э д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                                      

      Прокурор Д.Алимаа /цахимаар/,

      Хохирогч Г.Н

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрвээ,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал,

      Шүүгдэгч Т.Э ,

      Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлоор Т.Э д холбогдох эрүүгийн 2427000150208  дугаар хэргийг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Т.Э

Т.Э нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ... сумын ... дүгээр баг ... тоот хашааны гадны Г.Н-ыг өөрийн нөхөр С.Г-тэй хардсаны улмаас алгадах, өшиглөх үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: Т.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдан, шүүгдэгч Т.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хийлийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511.3-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Э аас хохиролд 1,650,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 1,980,000 төгрөг нийт 3,630,890 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Н-д, 398,800 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ариунжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлгүүд эрс зөрүүтэй, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байхад гэм буруутай гэж үзэж байгаад гомдолтой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрвээ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүгийн 2427000150208 дугаартай хэргийн шүүгдэгч Т.Э  нь иргэн Г.Н-ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл авсан. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаартай магадлалаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Хэргийг анхан шатны шүүх хүлээн аваад 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Г.Н-ыг  оролцуулан хийсэн шүүх хуралдаан дээр хохирогч Г.Н  нь ...тухайн үед унтаж байсан гэвэл миний хоёр хүүхэд, бие давхар дүү нар маань л байсан... гэж мэдүүлсэн нь /манай дүү Г.А  Т.Э  гэгч үйлдэл гаргасныг мэдээгүй гэртээ байсан гэдгийн нотлоод байна/. Аав орж гараад явсан болохоор би хаана байсныг тэр үед сайн мэдээгүй миний машин асчихсан байхад аав доогуур нь гал тавьж өгч байсан гэх мэт маш эргэлзээтэй мэдүүлэг өгсөн. Гэтэл гэрч Г.А  хавтаст хэрэгт авагдсан 2 удаагийн мэдүүлгийнхээ эхнийх нь ... харанхуй байсан болохоор яг хаана нь өшиглөснийг хараагүй, ... дахин өгсөн мэдүүлэгтээ зүүн хөл рүү нь өшиглөсөн гэж шууд заасан мэдүүлэг өгсөн.Гэтэл хууль сануулан гэрчээр мэдүүлэг өгсөн хүн хэрэг явдал болох үед гэрт байсан байж яагаад гадаа байсан гэж худлаа мэдүүлэг өгөв./Ийм мэдүүлэг өгөхөд хэн нөлөөлөв/. Мөн аав Ц.Г  нь асчихсан машин доогуур дахин гал тавьж яах гэсэн болох, манай практикт машин доогуур гал, нурам тавьж моторын тосыг нь гэсгээж машин асаах явдал байдаг ч асчихсан машины доор дахин гал тавих үзэгдэл байхгүй харин ч галаа бушуухан холдуулдаг билээ. Тийм болохоор Ц.Г , Г.А  нар хэрэг явдал болох үед гадаа хашаан дотор байсан нь худлаа болж гэрчээр хууль сануулж мэдүүлэг авахад зориуд Т.Э ыг буруутгаж худал мэдүүлэг өгсөн болох нь тодорхой байна. Үүнийг гэрчлэн батлах гол хүн бол Т.Э ы нөхөр болох С.Г  юм. Гол гэрч С.Г өөс дахин мэдүүлэг авахуулах талаар прокурор болон шүүхэд хүсэлт гаргахад хүлээж аваагүй бөгөөд ямар үндэслэлээр С.Г ийг гэрчээр оролцуулахгүй талаар үндэслэлээ тайлбарлаагүй. Хандлага нь С.Г бол Т.Э ы нөхөр учраас эхнэрээ хамгаалсан мэдүүлэг өгнө гэж үзсэн байх. Тэгвэл хохирогч Г.Н ын эцэг Ц.Г , эх Б.Л, түүний төрсөн дүү хэрэг явдал болох үед гэртээ байсан /тэнд юу болсныг хараагүй/ Г.А  нар гэр бүлийнхээ гишүүнээ хамгаалсан мэдүүлэг өгөх нь ойлгомжтой.Тэр бүү хэл гэртээ байсан байж зүүн хөл рүү нь өшиглөсөн гэж худал мэдүүлэг өгөөд байгааг юу гэж ойлгох.Энэ хүн Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2-ыг зөрчөөд байгаа юм биш үү. Хэрэгт хамгийн их ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх гол гэрч С.Г өөс мэдүүлэг дахин авах, гэрч, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг гаргах, гэрч С.Г  Г.А  нараас нүүрэлдүүлж мэдүүлэг авах, хохирогчоос хохиролд гаргаж өгсөн баримтуудын үндэслэлийг тайлбарлуулсан мэдүүлэг дахин авахуулах, Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хавтаст хэрэгт хэт нэг талыг барьсан нотлох баримтууд цуглуулж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн заалтуудыг зөрчин мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Эдгээрээс дүгнэлт хийхэд шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанууд маш их байгаа учраас мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр бүрэн гүйцэд хийлгэх шаардлагатай байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрвээ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Э ы өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас эхлэн оролцож байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогч Г.Н-ыг  оролцуулсан. Шүүх хуралдаанд хохирогчоос асуулт асууж тодруулсан. Энэ хэрэгт эргэлзээтэй зүйлүүд нэлээн тогтоогдсон. Хохирогч Г.Н ын дүүгийн мэдүүлэг зөрүүтэй байдаг. Тухайн үеийн үйл явдал болоход гэрт манай хоёр хүүхэд, бие давхар дүү унтаж байсан гэсэн мэдүүлэг өгсөн. Ганбаатар би машиндаа гал түлээд гадаа байсан. Гэтэл манай хүүхдийг ирэнгүүтээ өшиглөөд алгадаад гэр лүү аваад явсан. Би гэр лүүгээ гүйж ороод эхнэрт манай хүүхдийг хүн зодоод байна гэж хэлсэн. Хүүхдээ зодуулж байгаа хүн гэртээ гүйж эхнэртээ хэлэхийн оронд үүнийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй. Хохирогч Г.Н ын анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт аав гал түлээд орж гараад байсан болохоор тухайн үед хаана байсныг мэдэхгүй байна гэсэн эргэлзээтэй зүйлийг ярьдаг. Энэ хэргийн болсон процесст эргэлзээ төрсөн учраас давж заалдах гомдол гаргасан.  Т.Э ыг очих үед машинд буюу хашаанд хэдэн хүн байсныг хамгийн сайн мэдэх хүн бол хохирогч Г.Н  гэрч С.Г  байсан. Тийм учраас гэрч С.Г өөс мэдүүлэг авхуулж зөрүүг тогтоовол энэ хэргийн бодит үнэн тодорхой болно. Мөн эрүүл мэндийн даатгалын газраас нэхэмжилсэн мөнгө болон хохиролд гаргаж өгсөн баримтууд 100 хувь нотлох баримтаар нотлогдоогүй. Хохирогч Г.Н  Улаанбаатараас Хархорин сум руу явж байх замдаа Төв аймгийн Эрдэнэсант сумын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн байдаг. Уг Эрүүл мэндийн төвд ямар үйлчилгээ авсан нь тодорхойгүй байдаг. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд асуухад тайлбарлаж чадаагүй. Би бяцхан осолд орсон гэсэн хариултыг өгсөн. Ямар осолд орсон тухай мөрдөгч үнэхээр тодорхой асууж хариулт аваагүй байсан. Т.Э д зодуулсны улмаас биедээ гэмтэл авч эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэдгээ тайлбарлаж чадаагүй. Энэ үндэслэлүүдээр давж заалдах гомдлоо гаргасан. Хамгийн ач холбогдолтой гэрч нь С.Г байгаа. Т.Э ы нөхөр учраас хамгаалж мэдүүлэг өгнө гэж үзэж байгаа бол Г.А, Ц.Г, Н.Л нар ч гэсэн хохирогч Г.Н-ыг өмгөөлж хамгаалж мэдүүлэг өгнө. Хохирогч Г.Н-ын дүү Г.А-аас 2 удаагийн мэдүүлэг авсан байхад С.Г өөс зөрчлийн хэрэгт мэдүүлэг авсан байдаг. Иймд нүүрэлдүүлэн мэдүүлэг авч өгнө үү гэж гомдлоо гаргасан байгаа гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Т.Э ы үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр эргэлзээгүй тогтоогдоогүй. Т.Э ы мэдүүлэгт тухайн үйл явдал болоход цагдаа ирсэн. Цагдаагийн албан хаагч Д-гийн өгсөн мэдүүлэгт тухайн үйл явдал болох үед миний охиныг зодоод ингэлээ гэдэг байдлаар ямар нэгэн зүйл яриагүй. Миний охиныг хэл амаар доромжилсон янхан гичий гэсэн байдлыг ярьдаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хөл гар луу нь цохисон гэдэг зүйл яригдах ёстой байсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад прокуророос асуусан асуултад бид хоёр хоёулаа байсан гэж ярьдаг. Тэр үед гэнэт Т.Э  ирээд 3-уулаа болсон. Гэтэл үйл явдал болох үед энэ гурваас гадна өөр хүн байгаагүй. Цорын ганц гэрч нь гэвэл С.Г  байгаа. Гэрч С.Г ийн мэдүүлэгт зодож цохисон зүйл болоогүй гэдэг. Гэрч Г.А унтаж байсан гэдэг. Мөн ээж нь унтаж байсан гэдэг. Гэтэл унтаж байсан хүмүүс үйл явдлыг харсан болж байгаа нь ойлгомжгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа. Мэдүүлгүүд зөрүүтэй хэргийн бодит байдлыг хэт гуйвуулсан байсан. Хэргийн цорын ганц гэрч С.Г-ийн мэдүүлгийг үнэлэхгүй байгаа юм. Хохирогч Г.Н-ын аав, ээж, эгч, ах дүүс нь бас адилхан байгаа тул үнэлэх боломжгүй шударга ёсны зарчмыг хангаагүй. Шинжээчийн дүгнэлтэд эмчийн хамгийн анхны үзлэгт хаван хавдар ч юм уу тухайн үеийн үзлэгээр илэрсэн юм байгаагүй. Хохирогч Г.Н  өөрөө миний өвдөг 10-н жилд байхдаа гэмтэж гайгүй болсон гэсэн. Хэрвээ хэн нэгний цохилтоос гэмтэл авсан гэж үзвэл эмчийн үзлэгээр хавдар хаван, хөхрөл няцрал гарах ёстой. Хохирогч өөрөө өвдөж байсан гэдэг талаараа хэлдэг. Тухайн үйл явдал болсноос 8 хоногийн дараа гомдол гаргаж эмчийн үзлэгт орсон. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Н  эмчид үзүүлэх гэж явж байхдаа аваарт осолд орсон гэдэг тухай анхан шатны шүүхэд санаандгүй байдлаар ярьсан. Мөн Амгалан эмчийн дүгнэлтийг бататгаж гаргасан шинжээч эмчийн 482 дүгнэлтэд хуучин гэмтэл гэсэн. Хохирогчийн осол орохдоо гэмтсэн гэсэн талаарх баримт хэрэгт байхгүй. Эмчийн үзлэгт  гадны нөлөө байхгүй гэсэн мөртлөө өвдгийг гэмтэлтэй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч өөрөө миний зүүн хөл өвддөг байсан гэдгээ хэлсэн. Харин шүүгдэгч хохирогчид гэмтэл учруулаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.Э ы өмгөөлөгч Д.Пүрвээ, Г.Ариунжаргал нараас шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан байна. Гэрч С.Г  нь шүүгдэгчийн нөхөр байгаа. Тухайн цаг хугацаанд хохирогч Г.Н  Т.Э  хоёрын хооронд ямар харилцаа үүссэн талаар эхний мэдүүлэгтээ өгсөн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Г.Н  болон шүүгдэгч Т.Э  нараас хэргийн үйл баримт болох цаг хугацаанд С.Г  өөрийн тээврийн хэрэгслээс огт буугаагүй машин дотроо байсан гэдэг мэдүүлгийг өгсөн. С.Г  мэдүүлэхдээ манай эхнэрийн машины толийг Г.Н д ээж өшиглөөд байсан гэдэг. Хохирогч Г.Н ын ээж шүүгдэгч Т.Э ы машины толийг өшиглөсөн үйлдэлдээ зөрчлийн арга хэмжээ авагдсан. Гэрч С.Г  нь тухайн цаг хугацаанд машинаас буугаагүй байсан учраас бусад гэрч нарын мэдүүлгээс илүү дүгнээгүй болно гэж үзсэн. Гэрч Азжаргал гэдэг хүний мэдүүлгээр шүүгдэгч Т.Э ыг гэм буруутайд тооцсон.  Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ гэрч Азжаргал гэдэг хүний мэдүүлгийг үнэлээгүй. Өөрөөр хэлбэл бусад нотлох баримтаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох болсон. Иймд шүүхийн шийдвэрийг гэрч Азжаргалын мэдүүлгийн нөхцөл байдалд үндэслэн хүчингүй болгох үндэслэл байхгүй. Хэргийн цаг хугацаанд гэрч С.Г  тээврийн хэрэгсэл дотроо байсан, хэрэг гарах цаг хугацаанд гадаа гарч ирсэн гэх 2 гэрчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авах үндэслэл бүрдэхгүй. Хохирлын баримттай холбоотой анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Т.Э  дэлгэрэнгүй тодорхой ярьсан. Шүүх хохирлын баримтыг бүрэн гаргахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Б.Ариунжаргал өмгөөлөгчөөс 4-н  шинжээчийн дүгнэлтээс алийг нь үнэлээд байгаа юм бэ гэдэг. Прокуророос хамгийн сүүлийн шинжээчийн дүгнэлт буюу эрүүл мэндийн яамнаас болон шүүх шинжилгээний хүрээлэнтэй хамтарсан дүгнэлтийг үнэлэх боломжтой гэж үзсэн. Тухайн үед хохирогч Г.Н ын зүүн өвдөгний гэмтлийн талаар гадна болон дотно талдаа ямар гэмтэлтэй байсан талаар дэлгэрэнгүй тодорхой мэдүүлгийг өгсөн. Үүнийг эмнэлгийн бичиг баримтуудад үндэслэж гаргасан. Мөн сүүлийн дүгнэлтийг нотлох баримтаар илүүд үнэлэх үндэслэлтэй байна. Энэ хэргийн шинжээчийн дүгнэлтүүд харилцан адилгүй гарсан  учраас хэргийн үйл баримтын үнэн зөв бүрэн бодит байдлыг тогтоохын тулд 4-н удаагийн дүгнэлт гаргасан. Эцсийн дүгнэлтийг эрүүл мэндийн яамны дүрс оношилгооны нарийн мэргэжлийн мэргэшсэн эмчийг оролцуулж шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс эмч оролцуулж гаргасан дүгнэлт байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрвээгээс хохирогчоос мэдүүлэг авч тодруулах, гэрчийн мэдүүлгийн зөрүүг арилгах, С.Г  гэдэг хүнээс мэдүүлэг авах гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан байсан. Прокуророос хэргийн үйл баримтыг тогтоож нотлох баримтууд агуулгын хувьд зөрүүгүй, нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээ төрөхөөргүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан учир хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогч Г.Н  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхны шинжээч эмчийн дүгнэлтийг үндэслэж байх шиг байна. Би мэдүүлгийн зөрүүг арилгах гэж өвдөгний эмчтэй уулзсан байгаа. Би хотод очиж уулзсан. Би 10-н жилд байхдаа хөлөө бэртээсэн байсан. Миний бэртлийг сэдрээсэн байгаа. Би энэ хэргийн үнэн учрыг олоосой гэж бодож өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцож байна. Надад шүүхээр удаан явах хэцүү байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Т.Э  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.  Би хохирогчтой 2 удаагаа таарч байна. Хохирогч Г.Н  хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж  яваагүй. Хохирогч илт худлаа яриад байгааг нь энгийн хараад мэдэж байгаа. Би хохирогчийг ямар аймар хүүхэд гэж бодож байна гэв.                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ариунжаргал, Д.Пүрвээ нарын гаргасан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Т.Э  нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ... сумын ... дүгээр баг ... тоот хашааны гадны Г.Н-ыг  өөрийн нөхөр С.Г тэй хардсаны улмаас алгадах, өшиглөх үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр орой би С.Г  ахын машинтай яваад газ, газын хошуу 2 авч 18 цаг өнгөрч байхад гэрт бид 2 ирсэн. Би утасны гэрлээ тусгаад гадаа машинаа янзлах гээд нэлээн удсан. За одоо ах нь машиныг нь асаагаадахъя гээд гарсан тэр үед аав, би, С.Г  ах бид 3 хамт байсан. Тэгээд галлаж асаах гэсээр байтал 23 цаг болсон байсан. Би тэгээд даараад ахаа би гэр лүүгээ ороод байж байх уу гэж асуутал ахын дүү миний машинд ороод суугаад байж бай гэж хэлсэн. Тэр үед С.Г  ахын эхнэр Т.Э  гэдэг хүн ирсэн тэр үед С.Г  ах ахын дүү машинаас буугаарай манай эхнэр хартай шүү гэж хэлтэл эхнэр нь хүрч ирээд миний баруун хацар луу 2 удаа алгадсан, цээж рүү хүчтэй цохисон, зүүн хөлийн гэмтэлтэй өвдөг рүү өшиглөсөн /10 жилдээ өвдгөө гэмтээж байсан/ дараа нь намайг үсдээд гэр лүү орсон. Намайг янхан минь би чамайг фейсбүүк-д тавина гээд байсан. Би аймар шоконд орсон. Манай гэрт ороод миний ээжийг 1 удаа хэвлий хэсэг рүү нь өшиглөсөн. Тухайн үед дуудлагаар очсон цагдаа Доржсамбуу гомдол гаргаад хэрэггүй гаргавал чи л илүү хохирно шүү дээ гэж хэлсэн. Тийм болохоор би тухайн үед аймар их айсан байсан нээрэн л би торгуулах юм байна гэж бодоод гомдол гаргаагүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Г.Н  нь эрүү мэндийн даатгалын сангаас 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж 30,000 төгрөг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт амбулаторийн үзлэг 20,000 төгрөг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт амбулаторийн үзлэг 20,000 төгрөг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт амбулаторийн үзлэг 20,000 төгрөг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн ойрын дуудлага 48,000 төгрөг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэг 20,000 төгрөг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэг 20,000 төгрөг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэг 20,000 төгрөг, Эрдэнэсант сумын эрүүл мэндийн төв яаралтай тусламж 168,000 төгрөгийн тус тус эмчилгээ хийлгэж 398,800 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна уг төлбөрийг буруутай хүн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-114 дүгээр хуудас/,

Гэрч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Д гэдэг цагдаад машины юм нь ирсэн. Шөнө 00 цагийн үед хүн чарлаад явсан. Юу болов яав ийв гээд асуутал манай нөхөр охиныг зодоод байна гээд гэрт орж ирээд тэр даруй би сандраад хөл нүцгэн гарсан. Тэгтэл өндөрдүү, дээлтэй хүүхэн манай хүүхдийг үсдээд ороод ирсэн, би яагаад байгаа юм бэ гээд асуутал миний хөл рүү өшиглөсөн, аймар, аймар үгээр манай охиныг доромжлоод би тэр үед цагдаад дуудлага өгсөн. Манайд 2 цагдаа ирсэн. Би хоёр хүүхдээ унтуулж байхад манай нөхөр гаднаас орж ирээд охиныг танихгүй хүн зодоод байна гэж хэлээд гэрээс гартал гэрийн үүдэн хэсгийн /гэрийн үүдний таамбар/ буюу амбаарт охины үснээс нь чирээд өөдөөс эмэгтэй ороод ирсэн. Тэгэхээр нь юу болов гэж асуутал энэ янхан охиноо аваач гээд хэлэхэд би хөл нүцгэн байсан учраас гараад тэр бүсгүйг яаж байгаа юм бэ? гэхэд намайг 2 удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31, 59 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн урд өдөр нь манай хүүхдийн машин асахгүй байна гээд фэйсбүүк дээр зар тавиад зарын дагуу нэг залуу ирсэн. Тэр залууг би танихгүй. Манай охины машиныг хараад сэвчээний тагнууд нь ажиллахгүй байна гэсэн. Хот руу захина би өөрөө олоод ирье гэж хэлсний дараа нь би хүнд захичихлаа гэж хэлсэн. 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манайд тэр залуу ирээд машиныг нь задлаад янзалсан. Би гал түлээд ойр зуурын юманд нь тусалсан. Тэгээд байж байтал нэг улаан машин манай гадаа гарч ирээд дотроос нь нэг хүүхэн гарч ирсэн манай охиныг учиргүй үснээс нь зулгаагаад өвдөг рүү нь өшиглөөд, хэл амаар доромжлоод байсан. Би тэр дор нь гэр лүүгээ ороод охиныг хүн зодоод байна гээд эхнэртээ хэлсэн. Манай эхнэр гараад охиноо хамгаалах гэтэл манай эхнэрийг бас өшиглөсөн. Тэгээд манай эхнэр дуудлага өгсөн тэгтэл цагдаагийн хэлтсээс 2 цагдаа ирсэн. Би ингэж доромжилж болохгүй арай л дэндүү доромжилж байна гэж хэлсэн. Манай охин эрүүл мэнд, сэтгэл санаа бүх зүйлээрээ хохирч байна. Би маш их гомдолтой байна. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нь манай хүүхдийн машин асахгүй байсан тул фэйсбүүк дээр зар тавиад зарын дагуу нэг залуу ирсэн. Тэр залууг би танихгүй. Манай охины машиныг үзээд сэвчээний тагууд нь ажиллахгүй байна хот руу хүнд сэлбэг захиад авчруулчихъя гэж хэлээд явсан. Маргааш нь хотоос машины сэлбэг ирсэн. 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манайд тэр залуу ирээд машиныг нь задлаад янзалсан. Би гал түлээд ойр зуурын юманд нь тусалсан. Тэгээд байж байтал улаан өнгийн приүс машин манай гадна ирээд хашаанд орж ирээд хар машины хажууд зогсоод машин дотроос нь нэг эмэгтэй бууж ирээд хашхираад орилоод байсан. Манай охин Г.Н  хар машины хажууд зогсож байхад Г.Н ын толгой руу нь 2 удаа алгадаад, өвдөг рүү нь өшиглөхөд нь Г.Н  газар өвдөглөөд суухад нь үснээс нь татаж босгоод ирэхэд нь би гэр рүү гүйж ороод эхнэр Б.Л-д охиныг хүн ирчхээд зодоод байна гэж хэлж байхад араас Г.Н ын үснээс нь зулгааж чирээд гэрт тэр эмэгтэй орж ирээд энэ янхан охиноо ав, манай нөхрөөс холь байлга гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Манай эхнэр Б.Л  юу яриад байгаа юм гээд өөдөөс очоод тэр хэд байшингаас гадагш гарсан. Хашаанд дотор манай эхнэр Б.Л ыг тэр эмэгтэй бас өшиглөсөн. Тэгээд манай эхнэр цагдаад дуудлага өгсөн 2 цагдаа ирсэн.Шөнийн 00 цагийн үед манай хашааны ертөнцийн зүүн талд байшингийн хажууд болсон.Тэр Т.Э  гэдэг эмэгтэй бас нөхөр нь машинаас бууж ирээгүй. Манай охин Г.Н , Г.А  тэгээд би хамт байсан. Би харсан. Г.Н  тэр залуугийн хар өнгийн машинаас буугаад зогсож байхад нь тэр эмэгтэй Г.Н ыг 2 удаа алгадаж, өвдөг рүү нь өшиглөөд Г.Н  сөхрөөд унах гэтэл нь үснээс татаж босгоод гэр рүү чирээд явахад би түрүүлж гүйж ороод эхнэрт хандаж охиныг гадаа зодоод байна гэж хэлсэн. Г.Н ын зүүн хөлийн өвдөг хэсэг нь улайсан байсан. Өөр шарх байгаагүй.Шөнө халуурч хоносон. Хэд хоног гэртээ хэвтэж байгаад 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн.Гадаа сартай байсан бас байшингийн гадна үүдний дээд хэсэгт гэрэлтүүлэгтэй байсан болохоор болсон үйл явдлыг би сайн харсан. Тэр хүүхэн машинтай хашаанд орж ирээд орилж хашхираад нөхрийгөө утсаа авсангүй олон удаа залгалаа гээд загнаж байхад нь Азжаргал гарч ирсэн байсан.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Гэрч Ц.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би тухайн өдөр томилгоот жижүүрийн мөрдөгчийн томилгоотой байсан. 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 00 цагийн үед манайд хүн орж ирээд охиныг доромжлоод байна гэх дуудлагын дагуу мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Бямбасүрэнгийн хамт очиход машин дотор Т.Э  гэх эмэгтэй машинд сууж байсан уг машины баруун талд нь Г.Н , Б.Л  нар Т.Э тай хэрэлдэж маргалдаж байсан. Юу болсон талаар Т.Э аас асуухад манай нөхөр С.Г ийн машинд Г.Н  сууж байгаад намайг хараад машинаас буугаад машины хойд талд нуугдсан. Тэгэхээр би Г.Н ыг газар унагааж гэр рүү нь чирээд гэрт нь авч ороод энэ охиноо ав гэхэд Б.Л  гэх эмэгтэй чи миний охиныг янхан, пизда гэдэг хэн бэ? надтай хэрэлдсэн гэж Т.Э  надад хэлж байсан. Б.Л  гэх эмэгтэй Т.Э ы машины баруун талын толь руу өшиглөсөн. Г.Н  ...ээж одоо болиоч ээ гээд ээжийгээ аваад цааш гэр лүүгээ явсан. Би Т.Э ыг машинд нь суулгаад ажил дээр авч ирээд явуулсан. Т.Э  эрүүл байсан. Б.Л аас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61 дүгээр хуудас/,

Гэрч С.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Нора гэсэн фэйсбүүктэй хүний машиныг нь асаах гээд гэрт нь очсон. Шөнийн 00 цаг болж байхад машиныг нь янзалж дуусаад байж байсан. Нора гэдэг хүүхэн миний машинд сууж байсан. Хүүхдээ хөхүүлж ирчихээд гэртээ орохгүй миний машинд суугаад байсан. Би машиныг нь засаж дуусчхаад өөрийнхөө машинд орж суугаад байж байтал эхнэр хүрээд ирсэн тэр үед би ахын дүү одоо буугаарай манай эхнэр хартай шүү гэж хэлсэн. Манай эхнэр жоохон хартай бусдаараа бол гайгүй ээ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Т.Э ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой 19 цагийн үед манай нөхөр хүний машин янзалж өгчхөөд ирье гээд гараад явсан. Тухайн машин янзлуулъя гэсэн хүн нь гар утас руу нь залгасан 23 цагаас хойш би нөхөр С.Г  лүү 10 гараан удаа залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд хүүхэд уйлаад манай аав бие муутай байсан болохоор эрт амраах гээд хүүхдээ тайвшруулаад аавдаа үлдээгээд нөхөр С.Г ийн хойноос явсан. Тухайн өдрөөс 2-3 хоногийн өмнө манай нөхөр ... сүмийн хийдийн цаана хаадын хөшөөний доор тийм газар хаана байдаг юм бэ гэж асууж байсан. Манай нөхөр Хархорин сумын хүн биш болохоор тухайн газрыг мэдэхгүй болохоор зааж өгсөн. Тэгээд би хэд хоногийн өмнө тэгж ярьж байсан болохоор орой тэр хавиар хайсан чинь нэг айлын хашааны хаалга онгорхой 2 машины гэрэл асаалттай байхаар нь яваад орсон чинь манай нөхрийн машин мөн байсан. Тэгээд би машинаасаа буугаад нөхрийнхөө машин дээр очих гэсэн чинь машиныхан хойд дугуйны хажууд нэг эмэгтэй сууж байхад нь куртикний захнаас нь татаж босгож ирээд машины гэрэлд харсан чинь жоохон хүүхэд байна гэж бодоод чи наанаа юу хийж байгаа юм бэ машинаа янзлуулсан юм бол манай нөхрийг явуулахгүй юм уу гэж хэлээд тухайн эмэгтэйн куртикний захнаас нь татаад байшингийн хаалгыг нь татаж онгойлгоод энэ хүүхдээ аваач ээ гэж хэлээд нөхөр дээрээ очоод манай гэрт дахиж битгий ирээрэй гэж хэлээд машиндаа суугаад хашаанаас нь гараад хөдлөх гэсэн чинь хүмүүс гарч ирээд хэрүүл хийгээд орилж хашхираад байсан. Тухайн үед юу ярьж байсан талаар одоо санахгүй байна. Миний бодлоор тухайн хүмүүс согтуу байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Тэгээд сүүлд тухайн охины аав ээж дүү нар нь гэж мэдсэн. Тухайн охин манай нөхрийн машинд сууж байсан охины ээж нь миний машины толийг өшиглөөд хагалсан. Тэгээд толь өшиглөж хагалсан талаар цагдаад гомдол гаргаж төлүүлсэн. Г.Н  бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Манай нөхөр машин дотор сууж байсан. Би тухайн охин Г.Н тай маргалдсан цохисон өшиглөсөн зодсон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220-221 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шүүх эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №1150 дугаар: “...1. 3 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №68, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №482 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна. 2. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №336 дугаартай дүгнэлттэй санал нэг байна. 4. 5 Г.Н ын биед хийгдсэн 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн өвдөгний үеийн соронзон үелзүүрт томографикаар зүүн өвдөгний өмнөд чагтан холбоос /АСL/ өмнөд дотор, ар гадна хэсгийн багцууд тод ялгарч харагдахгүй, дохионы эрчимжилт жигд бус ихэссэн, өмнөд чагтан холбоосны урагдал, арын чагтан холбоосны /РСL/ эхлэл хэсгийн дохионы эрчимжилт жигд бус ихэссэн, хойд чагтан холбоосны суналттай байна. Уг гэмтэл нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр учирсан байх боломжтой байна. 5. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн зүүн өвдөгний үений соронзон үелзүүрт томографикийг дүрс оношилгооны салба зөвлөлийн эмчээр давтан уншуулахад Э.Мөнх-Од эмчийн дүгнэлт зөв хийгдсэн байна. Шинжилгээгээр өвдөгний үенд тойгоны ар хэсгээр бага зэргийн шингэн хурсан, үений өөхөн эслэгээр нэвчдэстэй байгаа нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр учирсан байх боломжтой, шинэ гэмтлийг илтгэж байна. 6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 148-153 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Бүхийн шинжилгээний төвийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №09 дугаартай: “...1. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бусдад зодуулснаас шалтгаалан Г.Н ын /ЙР99081827/ сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. 3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” гэх дүгнэлт/хх-ийн 159-161 дүгээр хуудас/ болон анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Тогоогийн Т.Э ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлгүүд эрс зөрүүтэй, мөн гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байхад гэм буруутай тооцсон нь үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрвээ “... Гэрч С.Г өөс дахин мэдүүлэг авах, гэрч, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, гэрч С.Г  Г.А  нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авах зэрэг ажиллагаануудыг дахин хийх шаардлагатай. Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байгаа учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрвээгийн гомдолд дурдагдсан ..худал мэдүүлэг өгсөн гэх гэрч Г.А ын мэдүүлгийг анхан шатны шүүх үнэлээгүй, харин хохирогч Г.Н ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн хохирсон талаарх болон иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаа, гэрч Б.Б.Л , Ц.Г , Ц.Доржсамбуу, С.Г  нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг  тус тус үнэлжээ. /2 хх-ийн 169/

Түүнчлэн гэрч Ц.Г ын “...би гэр уруу гүйж ороод эхнэр Б.Л д охиныг хүн ирчихсэн зодоод байна гэж хэлж...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 65/ нь гэрч Б.Б.Л ын “...манай нөхөр охиныг хүн зодоод байна гээд гэрт орж ирээд...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 59/-ээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрвээгийн “эцэг хүн охиноо хүнд зодуулж байхад түүнийг салгахгүй энэ талаар эхнэртэй хэлэх гэж гэр уруу орно гэж байхгүй” гэсэн гомдлын агуулгаар гэрч Ц.Г ын мэдүүлгийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг “...Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шүүх эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №1150 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарч хэргийн оролцогчдоос дээрх дүгнэлтэд маргаж дахин шинжээч томилуулаагүй...” гэж дүгнэн нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэл бүхий байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрвээ, Г.Ариунжаргал нарын гомдлуудыг хангах үндэслэлгүй байна.

Харин хохирогч Г.Н д 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төв яаралтай тусламж үзүүлсэн 168,000 төгрөг /1 хх-ийн 111/ нь шүүгдэгч Т.Э ы үйлдлийн улмаас учирсан хохиролтой холбоогүй болох нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /2 хх-ийн 146-147/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Э аас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэсэн 398,800 төгрөгөөс 168,000 төгрөгийг хасаж шүүгдэгч Т.Э аас 230,800 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

               5 дахь заалтын “... 398,800 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.” гэснийг  “... 230,800 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.