Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 301/ШШ2026/00028

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 301/ШШ2026/00028

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч овогт Ш.Р-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: З овогт Г.Т-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.Р

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц

Хариуцагч Г.Т

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э

Шинжээч С.Ө /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Р нь хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:        

- Ш.Р би 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Г.Э-тай гэр бүл болж, хамтран амьдарсан. Бидний дундаас 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр охин Г.Э-ийн Х төрсөн. А аймагт эхнэр ажиллаж, би У хотод барилга угсралтын ажил хийж байсан учир гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлж амжаагүй бөгөөд гэрлэлтийн баталгаагүй байсан учир охиноо ээж Г.Э-аар овоглож төрсний гэрчилгээ авсан. Бид У хот, Б дүүрэг, 16 дугаар хороо, Т-ын 5-99 тоотод айлын байр түрээслэн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан, одоо У хот, Б дүүрэг, 12 дугаар хороо, Б хотхоны 106 дугаар байрны 18 тоот  хаягт байрлах, 57 мкв 2 өрөө орон сууц худалдан авсан, энэ хаягтаа оршин сууж байна. Хамт амьдрах хугацаанд 2021 оны 02 дугаар сард бүх нийтийн бэлэн байдал зарлаж, орон нутгийн орох гарах хөдөлгөөнийг хаана гэсэн Засгийн газрын шийдвэр гарах болж эхнэр Г.Э нь А аймгийн Э сум руу охин Э.Х руу явж, би энд ажлаа зохицуулаад очихоор тохиролцсон боловч эхнэр Г.Э нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэнэт нас барсан. Эхнэрээ өнгөрсний дараа охин Э.Х-ыг эцэг би авах гэсэн боловч эхнэрийн эгч Г.Т нь надад миний охиныг өгөхгүй, тэр ч бүү хэл хүүхдийн төрсний гэрчилгээ, миний эхнэрийн нас барсны гэрчилгээ зэргийг надад өгөөгүй, охинтой минь уулзуулахгүй байсан учир охин Э.Хын төрсөн эцэг Ш.Р би мөн болохыг тогтоолгохоор иргэний шүүхэд хандсан. /нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд гуравдагч этгээдээр оролцсон Г.Т нь шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ охин Э.Х-ын эцэг мөн гэсэн тайлбар гаргасан/ Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/01081 дугаартай шийдвэрээр охин Э.Х-ын эцэг мөн болохыг тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл А аймгийн Э сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/93 дугаартай захирамжаар миний охин Э.Х-ыг бүтэн өнчин хүүхэд гэх үндэслэлээр Г.Т-ыг охины асран хамгаалагчаар тогтоосныг олж мэдлээ. Г.Т нь хуурч баримт бичиг, худлаа хүсэлт гаргаж эцэг нь Ш.Р би гэдгийг мэдсээр байж бүтэн өнчин хүүхэд болгон асран хамгаалагчаар өөрийгөө тогтоолгосон нь Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан асран хамгаалалтад байх хүн гэсэн заалтыг зөрчсөн байх бөгөөд мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт “Бүтэн өнчин ах, эгч, дүү нарт нэг асран хамгаалагч тогтоож болно” гэж заасныг зөрчсөн байна. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/01081 дугаартай шийдвэр гарч, уг шийдвэрээр 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Г.Э-ийн Х-ын төрүүлсэн эцэг Ш.Р намайг мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн, энэ шийдвэрт Г.Т нь давж заалдах журмаар гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд эцэг би Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасны дагуу охиноо өөрийн асрамждаа авч, өсгөн хүмүүжүүлэх тул 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр охин Г.Эийн Хын төрсөн эцэг Ш.Р миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

- Нэхэмжлэгч Ш.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Р миний бие эхнэр Г.Э-тайгаа 2013 оноос 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хамт амьдарсан. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа сайн муу олон зүйлийг туулсан. Эхнэр бид хоёр 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр охинтой болсон. Миний охиныг Р.Х гэдэг. Би эхнэр, охин хоёртойгоо У хот, Б дүүргийн Т-ын 5-99 тоотод хамт амьдардаг байсан. Эхнэртэйгээ хамт амьдарч байх хугацаанд Монгол улсад онцгой байдал зарласан. Тухайн үед эхнэр, охин хоёрыгоо А аймгийн Э сум руу явуулаад би өөрөө У хотод үлдсэн. У хотод ажил хийгээд эхнэр, охин хоёртойгоо байнга холбоотой байсан. 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эхнэрийнхээ талаар харамсалтай мэдээ сонссон. Тухайн үед эхнэрээ өнгөрсөн гэдгийг дуулаад А аймгийн Э сум руу очих гэсэн боловч Монгол улсад онцгой байдал зарлачихсан байсан. Би эхнэрийнхээ ажил явдал очих гээд А аймгийн Онцгой байдлын алба, А аймгийн Э сумын онцгой байдлын алба зэрэг газрууд руу хоёр өдөр хөөцөлдөж хүсэлт өгч байгаад очих зөвшөөрөл авсан. А аймгийн Э сум руу нэвтэрч орох боломжтой зөвшөөрлөө авчхаад, эхнэрийнхээ ар гэрийнхэнтэй холбогдоод би эндээс юу авч очих уу, дутуу хэрэгтэй зүйл юу байна вэ гэж асуухад, чиний хэрэг одоо энд байхгүй гэж хэлсэн. Мөн Г.Т-ын нөхөр н.А гэдэг залуу над руу залгаад, чи энд ирээд хэрэггүй, хэрвээ чамайг энд ирэх юм бол би чамайг ална. Хэрвээ чи өөрийгөө энд ирвэл амьгүй болсон гэж ойлгоорой гэж хэлсэн. Тэгээд би яах учраа олохгүй энэ талаар аавдаа хэлээд ярилцсан, тэгвэл миний хүү очоод дэмий юм биш үү бөөн асуудал үүсэх юм байна гэж хэлсэн. н.А гэдэг залуу намайг дарамтлахаас гадна миний аав руу шөнө 3 цагт залгаж дарамталсан байсан. Тэр цагаас хойш би охинтойгоо холбоо барих гэсэн боловч Г.Т гэдэг хүн утсаа аваагүй. Тэгээд би аргаа бараад Б дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Тэр цагаас хойш би шүүхээр яваад 4 жил болж байна. Г.Т гэдэг хүнтэй эвлэрээд цаашид охинтойгоо хамт байя гэхээр эвлэрдэггүй, охин бид хоёрын дунд асар их хаалт болж байна. Г.Т гэдэг хүн ямар учраас надтай эвлэрэхгүй байгааг нь ойлгож өгөхгүй байна. Би энэ хугацаанд удаа дараа эвлэрэх зорилгоор нааш цааш явж, уулзаж ярилцсан боловч уулзалт бүрийн үеэр охиныхоо ирээдүй, сэтгэл зүйн байдал, хүмүүжил зэрэг чухал асуудлыг ярилцах боломж бүрдээгүй. Үргэлж өнгөрсөн хугацаанд тохиолдсон маргаан, хуучин асуудлуудыг дахин дахин сөхөж ярьдаг. Надад ч, нөгөө талд ч хэцүү байгаа нь ойлгомжтой боловч хамгийн хүнд байдалд орсон хүн бол миний охин Р.Х гэж би үздэг. Охин минь аавтайгаа уулзаж, харилцах ёстой атал дундуур нь Г.Т гэх хүн оролцож, тухайн үеийн Засаг дарга болон бусад хүмүүстэй уулзан, ярилцсаны үр дүнд охиныг минь өнчин, өрөөсөн мэт байдалд оруулж, эцэг эхгүй мэт ойлголт төрүүлэх нөхцөл байдал бий болсон. Үүний дараа гарсан холбогдох захирамж, шийдвэрүүд нь буруу ташаа болох нь тогтоогдож, цуцлагдсан. Сүүлд охинтойгоо уулзах гээд очих үед Г.Тын нөхөр н.А надад миний охиныг намайг аавыгаа гэж мэддэг талаар хэлж байсан. Би одоо охинтойгоо уулзах гээд очих болгондоо охиныхоо өмнө гэм буруутай хүн мэтээр мэдэрч, сэтгэл зүйн дарамтад орсон байдалтай явж байна. Өмнөх шүүх хуралдааны үеэр би эвлэрэх хүсэлт гаргаж, Г.Ттай дахин ярилцсан боловч охин Р.Хын ирээдүй, цаашдын амьдрал, сэтгэл зүйн байдал, хүмүүжлийн талаар огт яриагүй. Харин миний өмнөх эхнэртэйгээ хамт амьдарч байсан үеийн асуудлууд, хуучин маргаан, өнгөрсөн үйл явдлуудыг л дахин дахин ярьж, охины ирээдүй хаана, яаж байх талаар ярилцаагүй. Дандаа л өнгөрсөн зүйлүүдийг ярьдаг. Би 2025 оны 12 дугаар сарын 20-нд охинтойгоо уулзах гээд очсон. Намайг очих үед Г.Т гэртээ байхгүй ажилдаа яваад өгсөн байсан. Мөн нөхөр нь малдаа яваад би хүүхдүүдтэй нь хамт үлдсэн. Тухайн үед би охинтойгоо ярилцсан. Миний охин яагаад ааваасаа айгаад байгаа, би чиний аав шүү дээ, миний охин ааваасаа битгий ай гэж ярилцах үед миний охин надаас айсан бэргэсэн байдалтай л байсан. Миний охин ямар учраас надаас айгаад байгаа шалтгааныг нь одоо болтол ойлгохгүй байна. Г.Тын нөхөр н.А малдаа яваад удалгүй гэртээ орж ирсэн. н.А орж ирээд хүүхдүүдээ хичээлээ хий, аягаа угаа гээд зандарч загнаад, том хүүгээ дурак минь хичээлээ хий гээд гараа зангидаад толгой руу нь цохиод уйлуулаад байсан. Мөн хүүхдүүдээ битгий үймүүлээд бай гээд гартаа барьсан сур, модоороо цохиод байсан. Тэгээд хүүхдийн утас оролдох, хүүхэлдэйн кино үзэх эрхийг нь хүртэл хориод байсан. н.Аг унт гээд дуугарахад манай охин Р.Х хамгийн түрүүнд гүйгээд л орондоо ороод л хэвтэж байсан. Энэ бүх нөхцөл байдлыг харж үзэхэд миний охин маш их айдастай байгааг харсан. Ийм нөхцөл байдалд миний хүүхэд байгаа болохоор миний сэтгэл эмзэглээд байна. Миний хүүхэд цаашид ийм айдас түгшүүр дунд байх ёстой юм уу, цаашид охиныгоо тийм байдалд байлгахыг хүсэхгүй байна. Би цаашид охиныгоо өөр дээрээ аваад хамт байхыг хүсэж байна. Намайг шинэ жилээр очиход Г.Т чи манай дүүгийн бурханд мөргөдөггүй гэж хэлсэн. Тэгээд би бурхан болсон эхнэрийнхээ бурханд мөргөсөн. Г.Тт хандаж хэлэхэд би хэнд ч гэм хийгээгүй, буруу зүйл хийгээгүй, тухайн үед надтай холбоо бариад асуудлыг шийдчихсэн байсан бол өнөөдрийн энэ бид нарын хоорондох асуудал үүсэхгүй байсан. Би охиныгоо өөр дээрээ авах хүртлээ явна. Би охиныгоо айдас түгшүүртэй орчин нөхцөлд байлгамааргүй байна. Би охиныгоо өөр дээрээ аваад охинтойгоо хамт баймаар байна гэв.

 

2. Хариуцагч Г.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Тминий бие нь охин Хын эцэг Ш.Ргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Р нь миний дүүтэй хамтын амьдралтай байсан нь үнэн бөгөөд Хын эцэг гэдэгтэй маргахгүй. Харин Х нь төрсөн цагаасаа эхлэн ээжийгээ амьд байх үед ч ээж аавтайгаа хамт амьдарч байгаагүй. Харин ээж нь У хотоос ирээд хэсэг хугацаанд авч явж хамт амьдарч байгаагүй. Харин ээж нь У хотоос ирээд хэсэг хугацаанд авч явж хамт амьдарч байсан. Энэ хугацаа нь 1-2 сараас хэтэрч байгаагүй. Энэ хугацаанд ээж нь ажил хийдэг байсан бөгөөд ажилд явсан хойгуур аав нь сайн танихгүй айлд үлдээгээд байна та ирээд аваадах гэж гуйсны дагуу би 9 сартай хүүхдээ аваад очиж Хыг авсан. Ээж нь Хыг авч явсан хугацаанд маргаантай байсны улмаас ихэнхдээ ах дүү нарынхаараа байгаад Ртэй нэг гэрт охинтойгоо цуг амьдрахгүй байсан. Р нь охинтойгоо хамт амьдарсан хугацаа маш бага. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр охин Х төрсөн. 1 сар орчим Р нь эхнэр хүүхэдтэйгээ манай эмээтэй манай гэрт амьдарч байгаад манайх хөдөөгийн айл болох гэж гэрээ авахад манай дүү Г.Э охин Х, эмээ Т нар цугтаа Э суманд ирсэн. Энэ гурвыг ирснээс хойш буюу эхнэр хүүхдээ хөдөө ирэхэд Р хотод үлдээд эхнэр хүүхдийнхээ араас ирээгүй. Тэгж байгаад дүү Г.Э маань охиныхоо 1 насны төрсөн өдрийг хийнэ гэж хот руу явсан. Хотод аавтай нь уулзаад охиныхоо төрсөн өдрийг хамт тэмдэглэсэн байсан. Төрсөн өдрийнх нь баярыг тэмдэглэснээс хойш удалгүй Хыг манайд авч ирж өгсөн. Тэгж ирэхэд нь ч Р хамт ирээгүй. Ер нь Р хүүхдээ хайхардаггүй, манайд байхад хүүхдээ яаж байна гэж асуудаггүй байсан. Охиныхоо ээжийг нас барахад ажил явдалд нь ч ирээгүй. 49 хоног болоход нь ч ирээгүй. Нас барснаас нь хойш 2 сар гарангийн дараа ирээд хүүхэдтэйгээ ганц ч хонохгүй өдөртөө буцаад явсан. Ер нь талийгаачийг өнгөрснөөс хойш хүүхдээ яаж байна гэж огт асууж сураглаж байгаагүй ямар ч хэл чимээгүй байсан. Бидэнтэй хүүхдээ авах тухай нэг ч удаа яриагүй хэр нь 2 жилийн дараа огт үндэслэлгүй зүйл гаргаж ирээд шүүхэд ханджээ. Аав нь ямар ч чимээ сураггүй болчихоор бид асрамж тогтоолгосон. Р нь Хыг би авъя гэсэн чинь миний охиныг надад өгөөгүй, тэр ч бүү хэл хүүхдийн төрсний гэрчилгээ, миний эхнэрийн нас барсны гэрчилгээ зэргийг надад өгөөгүй гэж огт үндэслэлгүй зүйл бичсэн байгаа бөгөөд хүүхдээ авах, бусад бичиг баримтыг авах талаар огт яриагүй. Мөн охинтойгоо уулзах гэж очиход уулзуулаагүй мэтээр ор үндэслэлгүй зүйл бичсэн байна. Манайд ганцхан удаа ирээд хүүхэдтэйгээ уулзаад тэр ч бүү хэл бид хорхог хийж өгөөд түүнийг идчихээд явсан. Хүүхдэдээ чихэртэй ирсэн байсан. Бид ч хөдөөний зангаараа цагаан идээгээ боож өгөөд л явуулсан. Ахиж огт ирээгүй. Ирсэн тохиолдолд хүүхэдтэй нь уулзуулахгүй байх ямар ч шалтгаан байхгүй. Ганц удаа ирэхдээ охиныхоо зургийг 2 удаа дараад явсан байна. Энэ өөр зорилготой ирснээс биш хүүхдээ гэх сэтгэлээр ирээгүй байна гэж ойлгож байна. Хын эцэг мөн гэдэгтэй маргахгүй. Харин асрамждаа авна гэдэгтэй нь маргаж байна. Ргийн асрамжид охин Хыг өгөхгүй. Р нь аавын үүргийг маш муу гүйцэтгэж байсан. Өөрийн гэсэн амьдрах орон гэргүй. Тогтсон цалин орлогогүй, амьдрах ямар ч идэвхгүй бэлэн амласан л хүн байдаг байсан. Р нь хүүхдээ өөрөө авч өсгөх зорилготой хүн биш. Үнэхээр хүүхдээ авах гэсэн сэтгэлтэй байсан бол хар нялхаараа өнчирч үлдэхэд нь анхаарал халамж тавьж хүүхдээ авах талаар ярих байсан. Огт ярьж байгаагүй хүн шүү. Мөн Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/01081 дугаартай шийдвэр нь Хын төрсөн эцгийг Р мөн болохыг тогтоосон шийдвэр. Миний бие Рг Хын эцэг мөн гэдэгтэй маргадаггүй тул энэ шийдвэрт гомдол гаргах шаардлага байгаагүй. Иймд миний бие Ргийн охин Хыг өөрийн асрамждаа авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул охин Хыг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү Г.Э нь 2018 онд У хот Ч гэх газарт манай гэрт амьдардаг байж байгаад, Эх нялхас эх хүүхдийн Эрүүл мэндийн төвд очиж төрж байсан. Тухайн үед би өөрөө 2 сартай жаахан хүүхэдтэй байсан учраас дүүгээ төрүүлэхээр хамт явж чадаагүй, манай эмээ хамт явж төрүүлж байсан. Манайх хөдөөгийн айл болох гээд У хотоос нүүхэд манай эмээ, манай дүү Г.Э охин Р.Хтайгаа хамт хөдөө манайд ирж байсан. Р.Х тэр үед 7 сартай байсан. Ш.Р гэдэг хүнийг Р.Хын аав нь гэдгийг миний дүү мэдэж байсан. Миний дүү надад хүүхдийнхээ овгийг аав Ш.Ргийн нэр дээр авчихмаар байна гэж хэлж байсан. Тэгээд би хүүхдийн овгийг Ш.Ргийн нэрээр авах гэсэн боловч Ш.Ргийн өргөдөл гарын үсэг хэрэгтэй болсон. Тэр үед Ш.Р гэдэг хүн ирээгүй учраас би хүүхдийнхээ гэрчилгээг А аймгийн Э сумын Улсын бүртгэлийн газраас хүүхдийнхээ гэрчилгээг ээжийнх нь нэрээр авч байсан. Ш.Р манай дүү Г.Э нарын хамт амьдарсан хугацаа нь богинохон. Энэ хүний хэлж байгаа зүйл нь эхнээсээ дуусах хүртлээ худлаа яриад байна. Миний хувьд Ш.Рг шинэ жилээр манайд очиход нь чи миний дүүгийн бурханд мөргөөгүй шүү дээ гэж л хэлж байсан болохоос би чи миний дүүгийн бурханд мөргө, мөргөх ёстой гэж захирч муухай аашилж хэлсэн тохиолдол байхгүй, мөн миний нөхөр энэ хүний ярьж байгаа шиг хүчирхийлэл үйлдэж хүүхдүүдээ зодож нүддэг хүн огтоосоо биш, энэ хүнийг хараад л хүүхдүүдээ зодоод эхэлнэ гэж байхгүй, миний нөхөр ямар хүн бэ гэдгийг бусад ойр тойрных нь бүгд хүмүүс мэдээд гэрчлээд өгнө. Хүүхдүүдийн утас үзэх, зурагт үзэх асуудлыг хааж боодог асуудал огт байхгүй. Хүүхдүүдийн сургууль амарсан удаан хугацаагаар дэлгэж ширтсэн тохиолдолд л удаан үзэж болохгүй талаар хэлж ойлгуулдаг. Шинэ жилийн орой би Ш.Рд ор засах уу гэхэд Ш.Р би өөрийн хөнжил гудастайгаа яваа гэж хэлж гарч яваад гэрт орж ирэхгүй машиндаа удсан. Тэгээд Ш.Рг гэрт орж ирэхэд нь манай нөхөр унтчихсан байсан. Хүүхдүүдээ орондоо ор гэж загнаж зандарсан асуудал огт болоогүй энэ хүний ярж байгаа зүйл эхнээсээ дуустал худлаа байна. Ш.Ртэй ярилцаж байхдаа би чи худал гүтгэлэгтэй зүйл ярьж байна гэж хэлэхэд Ш.Р ганц нэг удаа худлаа ярьсан байх гэж хэлээд өөрөө энэ асуудлаа хүлээн зөвшөөрч байсан. Ш.Р гэдэг хүн хүүхдийн ирээдүйг ярьж байгаа тэгэхэд миний зүгээс өөрийгөө зөвтгөх бус, зөвхөн хүүхдийн ирээдүй, сэтгэл зүйн байдал, дасан зохицлын талаар тайлбарлаж өгсөн. Энэ хүүхэд одоохондоо шууд чамтай хамт явахад сэтгэл зүй нь бэлэн биш байна, бэлэн болсон үед нь явуулна гэж тайлбарласан. Би болон манай нөхөр охиндоо хэзээ ч Ш.Р гэдэг хүн маш муу хүн, чи энэ хүнтэй хамт явж болохгүй гэх мэт үг огт хэлж байгаагүй. Харин ч эсрэгээрээ, хэрвээ миний охин өөрөө хүсээд аавыгаа хүлээн зөвшөөрөөд хамт явмаар байвал аавтайгаа хамт явж болно шүү, аав, ээж хоёр нь хот явуулна шүү, миний охины сонголт хэрвээ миний охин явмааргүй байгаа бол аав, ээж хоёр нь явуулахгүй ээ гэж аргадаж хэлж ойлгуулдаг. Хүүхэд аавыгаа хүлээн зөвшөөрөхгүй явах дургүй байхад бид хоёрын зүгээс хот яг аав дээрээ оч гэж хэлээд хүчээр явуулж чадахгүй, хүүхэд хэзээ Ш.Р гэдэг хүн миний аав юм байна гэж хүлээн зөвшөөрөөд бэлэн болно тэр үед нь явуулъя гэж ярилцсан. Ш.Р хүүхдийг 3 дугаар ангиас нь У хотод сургана гэх санал яригдсан. Үүний хүрээнд би хэрэв тухайн хугацаанаас өмнө охин энэ хүн миний аав мөн байна, хамт амьдарч үзмээр байна гэж өөрөө илэрхийлбэл бид татгалзахгүй гэдгээ хэлэхэд Ш.Р би шүүх, цагдаагийн байгууллагаас үнэхээр их залхаж байна. Би өөрийнхөө 3 дугаар ангиас нь У хотод суулгая гэдгээрээ хүүхдээ өөр дээрээ авчихъя тэгээд энэ маргаанаа дуусгая гэдэг асуудлыг л яриад байсан. Тэгээд Ш.Ртэй ярилцаад тохиролцъё гэхээр огт тохиролцож чаддаггүй. Миний дүүг нас барсны дараа ямар нэгэн тусламж хэрэгтэй юу, гэж асууж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн удаа огт байгаагүй. Харин нэг удаа утсаар яриад дансаа өг, мөнгө хийе гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгө огт чухал биш, харин хүний ёсоор хамт байж, сэтгэл санаагаар дэмжих нь л чухал байсан. Миний охин тухайн үед ээжээсээ холдож, нас бага, ухаан суугаагүй байсан. Гэсэн ч бид охинд энэ хүн чиний аав мөн гэдгийг ойлгуулж, хүсвэл уулзаж, харилцаж байж болно гэдгийг байнга хэлж ирсэн. Гэтэл охин маань уурлаж, сөрөг хариу үзүүлж байгаа нь дотор нь ямар их стресс байгааг илтгэж байсан. Би сэтгэл зүйч биш ч хүүхдийн байгууллагад ажилладаг хүний хувьд охины зан авир, сэтгэл зүйн өөрчлөлтийг анхаарч, зураг зуруулах, ярилцах, тоглох замаар дүгнэлт хийхийг хичээж байна. Р.Х миний хүүхэд л гэж явж байгаа, намайг ээж л гэдэг надад хүүхдээ хичээлээ хий гэж заримдаа загнах үе гардаг. Гэхдээ манай нөхөр бид хоёр хэзээ ч хүүхдүүдээ зодож, зохих асуудал гаргадаггүй. Би хүүхдийнхээ төлөө, хүүхдээ гэсэн чин сэтгэлээр л бүх зүйлд ханддаг. Ш.Рг манайд ирэх үед нь чи хүүхдээ 3 дугаар анги биш энэ хүүхдийг 6 дугаар ангид орохоор нь авч яваад У хотод сургуульд суулгаж болно шүү дээ гэж хэлээд ярилцах гэхээр дуугай болоод хариу хэлээгүй хэр нь одоо эвлэрдэггүй, тэгдэггүй, ингэдэггүй гээд эхнээсээ дуустал хүртэл худлаа яриад байна. Би энэ асуудлыг огт ойлгохгүй байна. Миний дүү нас барсны дараа Ш.Р гэдэг хүн ирээгүй, манай нөхөр тэгж чамайг ирвэл ална гэж сүрдүүлсэн зүйл байхгүй, энэ мэт худал тайлбар гаргаж байгаа нь бодит байдалтай огт нийцэхгүй байна. Хэрэв үнэхээр тийм заналхийлэл байсан бол яагаад манай гэрт ирэхдээ энгийнээр мэндэлж, гар барин, хэзээ ирсэн бэ, зам гайгүй юу гэх мэтээр хүн ёсоор харилцаж байсан нь ойлгомжгүй юм. Бид хэзээ ч хүн ёсоор харьцахгүй, муу санаатай хандсан үйлдэл гаргаж байгаагүй. Ийм байхад худал, хуурмаг мэдээлэл тарааж байгааг би огт ойлгохгүй байна. Миний охиныг би багаас нь асран халамжилж, баас шээснээс нь эхлэн өсгөсөн нь үнэн бодит баримт. Гэтэл намайг хүүхдийг булааж авсан гэх нь үндэслэлгүй. Миний дүү амьд сэрүүн байхдаа өөрөө надаас тусламж гуйж, ажил төрлөө хийх үедээ хүүхэд эзгүйрээд, танихгүй айлд очихоос өөр аргагүй боллоо, та ирээд аваад өгөөч гэж хүссэн. Би ганц дүүтэй, төрсөн ах эгч байхгүй хүний хувьд дүүдээ санаа зовж, 9 сартай хүүхдээ тэврэн өдрийн цагаар сумаасаа гарч, шөнө үүрээр хотод очоод, Р.Хыг авч, дахин хөдөө буцаж ирсэн. Түүнээс хойш би энэ хүүхдийг өөр дээрээ байлгаж, асран хамгаалж ирсэн. Миний ойлгосноор дүү маань тухайн үедээ хүүхдээ хотод цэцэрлэгт суулгах төлөвлөгөөтэй байсан боловч нөхцөл байдал боломжгүй болж, намайг дуудсан. Үүний дараа би Р.Хыг 2 настайгаас нь цэцэрлэгт бүртгүүлж, манай хүн мал дээрээ, би төвд, өндөр настай эмээтэйгээ хамт хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд зөөж, амьдарч ирсэн тодорхой цаг хугацаа бий. Иймээс энэ хүүхдийг хэн өсгөсөн бэ гэдэг асуултад бодит хариулт тодорхой. Гэсэн ч би өөрийгөө зөвтгөхийн тулд бус, зөвхөн хүүхдийн ирээдүйг бодож энэ асуудлыг ярьж байна. Миний зүгээс орчин солигдох, сургууль солигдох нь хүүхдийн сэтгэл зүйлд ихээхэн нөлөөлдөг тул 5 дугаар анги төгсөж, 6 дугаар ангид орох үед нь, өөрөө сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн, энэ хүн миний аав мөн юм байна гэж хүлээн зөвшөөрөөд шийдвэрээ гаргасан тохиолдолд нь өгч болно гэдэг саналыг хэлсэн. Би өвлийн хүйтэнд олон бага насны хүүхдүүдээ дагуулаад Ш.Ртэй уулзуулах гэж байгаа гээд явж очоод уулзуулж үнэхээр чадахгүй. Унаа тэрэг, тухайн үеийн зам, цаг агаар зэрэг нөхцөл байдлыг бодолцож үзээд өвлийн улиралд би хүүхдүүдээ дагуулаад олон удаа явдаггүй, явах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд л явдаг. Энэ удаад би хүүхдүүдээ авчирч ирсэн. Ш.Рг хүүхэдтэйгээ уулзах уу, хэдүүлээ ярилцах уу, өмгөөлөгч нь хамт ирсэн үү гэж асуух гээд Ш.Р рүү залгасан боловч орох ярианы эрх нь хаагдсан байсан. Ш.Ргийн зүгээс намайг болон манай гэр бүлийг, ах дүү нарыг үндэслэлгүйгээр гүтгэсэн зүйл яваад байна. Энэ хүн ягаад ингэж худлаа гүтгэж яриад байгааг би ойлгохгүй байна. Би хүүхдийг аавд нь өгөхгүй гэж гөжүүдлэхгүй, харин хүүхэд өөрөө бодол санаагаа цэгцэлж, өөрийгөө авч явах чадвартай болсон үед нь өгье гэж Ш.Рд өөрт нь эвлэрүүлэн зуучлагчаар орох үед хэлж байсан. Ш.Рд энэ саналаа дахин дахин хэлж байгаа, Ш.Р гэдэг хүн миний сэтгэлийг ойлгодог бол ойлгохоор л болсон гэв.

 

3. Нэхэмжлэгчээс:

- Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/01081 дугаартай шийдвэр,

- 2 ширхэг гэрэл зураг,

- Нийслэлийн Б дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/02328 тоот тодорхойлолт,

- Ш.Ргийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга,

- Ш.Ргийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

- А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамж,

- Р.Хын төрсний бүртгэлийн лавлагаа,

- Ш.Ргийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа,

- Виз мэдүүлэгчийн дансны хуулганы хураангуй,

- С ХХК-ийн тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, тусгай зөвшөөрлийн мэдээлэл,

- Гэрэл зургууд,

- Ш.Ргийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт,

- Б дүүргийн *** дугаар хорооны Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 653 тоот тодорхойлолт,

- Р.Х-ын төрсний гэрчилгээ,

- А аймгийн Э сумын А багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0/159 тоот тодорхойлолт,

- А аймгийн Э сумын Хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багш Л.О-гийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт,

- А аймгийн Э сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт,

- Худалдаа хөгжлийн банкны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас:

- Г.Тын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

- С.Ан 000726194 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний маягт,

- А аймгийн Э сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 135 тоот тодорхойлолт,

-О.Д-гийн гараар бичсэн тайлбар,

- Г.Т, С.А нарын Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт,

 

5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр:

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 9/1275 тоот албан бичгээр ирүүлсэн Э.Х-ын төрсний бүртгэлийн лавлагаа,

- А аймгийн Э сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/93 дугаартай захирамж,

- А аймгийн Э сумын Засаг даргад гаргаж байсан өргөдөл,

- Э.Х-ын төрсний гэрчилгээ,

- Г.Э-ийн нас барсны гэрчилгээ,

- Г.Т-ын иргэний үнэмлэхийн хуулбар,

- ХААН банк ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5135/171 тоот тодорхойлолт,

- Б дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 407 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн багийн дүгнэлт,

- А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03/103 тоот албан бичгээр ирүүлсэн Г.Тын тэтгэвэр, тэтгэмж тогтоолтын хуудас, өргөдөл, А аймгийн Э сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/93 дугаартай захирамж, Э.Хын төрсний гэрчилгээ, А аймгийн Э сумын Алаг-Уул багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/122 тоот тодорхойлолт, Г.Тын иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхэд асран тэтгэх гэрээ, Г.Эийн нас барсны гэрчилгээ,

- А аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 03/269 тоот албан бичгээр ирүүлсэн Г.Т-ын ам бүлийн тодорхойлолт, эзэмшиж, өмчилж буй газар болон өрхийн сууцны тодорхойлолт, 2024 оны малын А данс, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, бүтэн өнчин хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа эсэх лавлагаа, ЕБС-д суралцаж байгаа тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, хүүхдийн цэцэрлэгт суралцаж байгаа тодорхойлолт,

- А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 129/ШШ2025/0012 дугаартай шүүгчийн захирамж,

- Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвөөс ирүүлсэн Г.Э-ийн төрөлтийн түүх, хүлээн авсан эмчийн үзлэг, оршин суугаа хаягийн тодорхойлолт, солилцох хуудас А, яаралтай тусламж үйлчилгээний хуудас, төрлөгийн явц, төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ, төрөхөөс гарах үеийн эпикриз, нярайн түүх, эмчийн үзлэг, төрөлтийн түүх, оршин суугаа хаягийн тодорхойлолт, солилцох хуудас А, яаралтай тусламж үйлчилгээний хуудас, төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ, нярайн түүх,

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

- Р.Хын саналыг асууж авсан тайлбар зэрэг нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Ргийн хариуцагч Г.Тт холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

            2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/01081 дугаартай шийдвэр гарч, уг шийдвэрээр 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Г.Э-ийн Х-ын төрүүлсэн эцэг Ш.Р намайг мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн, энэ шийдвэрт Г.Т нь давж заалдах журмаар гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд эцэг би Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасны дагуу охиноо өөрийн асрамждаа авч, өсгөн хүмүүжүүлэх тул 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр охин Г.Э-ийн Х-ын төрсөн эцэг Ш.Р миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч доорхи байдлаар нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

... Р-гийн асрамжид охин Х-ыг өгөхгүй. Р нь аавын үүргийг маш муу гүйцэтгэж байсан. Өөрийн гэсэн амьдрах орон гэргүй. Тогтсон цалин орлогогүй, амьдрах ямар ч идэвхгүй бэлэн амласан л хүн байдаг байсан. Р нь хүүхдээ өөрөө авч өсгөх зорилготой хүн биш. Үнэхээр хүүхдээ авах гэсэн сэтгэлтэй байсан бол хар нялхаараа өнчирч үлдэхэд нь анхаарал халамж тавьж хүүхдээ авах талаар ярих байсан. Огт ярьж байгаагүй хүн шүү. Мөн Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/01081 дугаартай шийдвэр нь Хын төрсөн эцгийг Р мөн болохыг тогтоосон шийдвэр. Миний бие Рг Хын эцэг мөн гэдэгтэй маргадаггүй тул энэ шийдвэрт гомдол гаргах шаардлага байгаагүй. Иймд миний бие Ргийн охин Хыг өөрийн асрамждаа авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул охин Хыг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/01081 дугаартай шийдвэр, 2 ширхэг гэрэл зураг, Нийслэлийн Б дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/02328 тоот тодорхойлолт, Ш.Р-гийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, Ш.Р-гийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамж, Р.Хын төрсний бүртгэлийн лавлагаа, Ш.Ргийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Виз мэдүүлэгчийн дансны хуулганы хураангуй, С ХХК-ийн тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, тусгай зөвшөөрлийн мэдээлэл,  гэрэл зургууд, Ш.Ргийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, Б дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 653 тоот тодорхойлолт, Р.Хын төрсний гэрчилгээ, А аймгийн Э сумын А багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0/159 тоот тодорхойлолт, А аймгийн Э сумын Хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багш Л.О-гийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт, А аймгийн Э сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт, Худалдаа хөгжлийн банкны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт, Г.Тын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, С.Ан 000726194 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний маягт, А аймгийн Э сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 135 тоот тодорхойлолт, О.Д-гийн гараар бичсэн тайлбар, Г.Т, С.А нарын Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 9/1275 тоот албан бичгээр ирүүлсэн Э.Хын төрсний бүртгэлийн лавлагаа, А аймгийн Э сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/93 дугаартай захирамж, А аймгийн Э сумын Засаг даргад гаргаж байсан өргөдөл, Э.Хын төрсний гэрчилгээ, Г.Эийн нас барсны гэрчилгээ, Г.Тын иргэний үнэмлэхийн хуулбар, ХААН банк ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5135/171 тоот тодорхойлолт, Б дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 407 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн багийн дүгнэлт, А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03/103 тоот албан бичгээр ирүүлсэн Г.Тын тэтгэвэр, тэтгэмж тогтоолтын хуудас, өргөдөл, А аймгийн Э сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/93 дугаартай захирамж, Э.Хын төрсний гэрчилгээ, А аймгийн Э сумын А багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/122 тоот тодорхойлолт, Г.Тын иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхэд асран тэтгэх гэрээ, Г.Эийн нас барсны гэрчилгээ, А аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 03/269 тоот албан бичгээр ирүүлсэн Г.Тын ам бүлийн тодорхойлолт, эзэмшиж, өмчилж буй газар болон өрхийн сууцны тодорхойлолт, 2024 оны малын А данс, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, бүтэн өнчин хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа эсэх лавлагаа, ЕБС-д суралцаж байгаа тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, хүүхдийн цэцэрлэгт суралцаж байгаа тодорхойлолт, А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 129/ШШ2025/0012 дугаартай шүүгчийн захирамж, Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвөөс ирүүлсэн Г.Эийн төрөлтийн түүх, хүлээн авсан эмчийн үзлэг, оршин суугаа хаягийн тодорхойлолт, солилцох хуудас А, яаралтай тусламж үйлчилгээний хуудас, төрлөгийн явц, төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ, төрөхөөс гарах үеийн эпикриз, нярайн түүх, эмчийн үзлэг, төрөлтийн түүх, оршин суугаа хаягийн тодорхойлолт, солилцох хуудас А, яаралтай тусламж үйлчилгээний хуудас, төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ, нярайн түүх, Р.Хын саналыг асууж авсан тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “...Эцэг, эх нь хүүхдийг хууль бусаар авсан хүнээс хүүхдээ эргүүлж авахыг шаардах эрхтэй.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ш.Р охин Р.Хыг хууль бусаар асрамждаа авсан гэж үзэж байгаа этгээдэд холбогдуулж хүүхдээ асрамждаа авах талаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

2018 оны 06 сарын 27-ны өдөр төрсөн охин Хын эцэг Ш.Р, эх Г.Э нар гэрлэлтийн бүртгэлгүй бөгөөд охин Х эцэг эхийн хамт амьдарч байгаад тэднийг тусдаа амьдарч эхэлсэн үеэс эхийн асрамжид үлдсэн, Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1081 дугаартай шүүхийн шийдвэрээр  охин Хын эцэг Ш.Р болохыг тогтоож шийдвэрлэсэн, охины эх Г.Э  2021 оны 05 сарын 17-ны өдөр нас барснаас хойш охин Х нагац эгч Г.Тын асрамжид амьдарч байгаа үйл баримт маргаангүй тогтоогдож байна.

 

Охин Хыг асран халамжилж байгаа хариуцагч Г.Т, охиныг асрамждаа авах нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч Ш.Р нарын тухайд хүүхдийг асрамжлахад дутагдалтай зүйл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6-д заасан дарааллаар охин Хын хувьд хариуцагч Г.Т садангийн хүн, нэхэмжлэгч Ш.Р гэр бүлийн гишүүн гэж болно.

Мөн Иргэний хуулийн 16-18 дугаар зүйлд заасан дарааллаар охин Хын хууль ёсны төлөөлөгч түүний эцэг буюу нэхэмжлэгч Ш.Р байх бөгөөд нийгмийн харилцаанд охин Хын хууль ёсны төлөөлөгчийн хувьд түүний эрх ашгийг хамгаалж оролцох эрх үүргийг нагац эгч Г.Т хэрэгжүүлэх, хууль ёсны төлөөлөгчийн өмнөөс хариуцлагыг хүлээх боломжгүй.

Охин Х нь хариуцагч Г.Т болон түүний гэр бүлд ээнэгшин дассан нөхцөл байдал тогтоогдож байгаа, хариуцагч тал хүүхдийн ээнэгшин дассан орчин нөхцөлийг өөрчилж болохгүй гэж мэтгэлцээний байр суурийг илэрхийлж байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ” гэж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих” гэсэн зарчмын үүднээс  хүүхэд өөрийн гэр бүлийн гишүүнтэйгээ хамт байх, төрсөн гэр бүлдээ амьдрах нь хүүхдийн дээд эрх ашигт илүү нийцнэ. Нэхэмжлэгч Ш.Ргийн эцэг байх эрхийг хассан, хязгаарласан баримт хэрэгт авагдаагүй, охин Хыг асарч хүмүүжүүлэхийг хориглох үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Гэр бүлийн тухай хуульд заасан гэр бүлийн гишүүн, Иргэний хуульд заасан хууль ёсны төлөөлөгчийн хувьд охин Хыг нэхэмжлэгч Ш.Ргийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Харин охин Хын төрсөн эцэг, хууль ёсны төлөөлөгч Ш.Ргийн эцэг байх эрх хязгаарлагдаагүй байхад хариуцагч Г.Тын асрамжид охин Хыг үлдээх үндэслэлгүй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан Б дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 407 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтийг шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зураагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Таас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Рд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Ч овогт Ргийн Хыг эцэг Ш.Ргийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Таас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Рд олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                 Ч.ЖАРГАЛАН