| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0207/Э |
| Дугаар | 000223 |
| Огноо | 2018-06-05 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 000223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Т.Ганзориг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал
Өсвөр насны шүүгдэгч Э.О-ын хууль ёсны төлөөлөгч Э.О
Өсвөр насны шүүгдэгч Э.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Од холбогдох эрүүгийн 1825003080231 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 13 дугаар сургуулийн сурагч, ам бүл-3, ээж, ахын хамт Орхон аймгийн Б-Өндөр сум Эрдэнэ багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй Б овгийн Э-ийн О /РД: ФА01280130/
Өсвөр насны шүүгдэгч Э.О нь 2017 оны 08 дугаар сард Дельта-9 титрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг сэтгэцэд нөлөөт өвсийг Орхон аймаг Б-Өндөр сум Шанд багийн нутгаас түүж хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Э.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Анх фэйсбүүкээс олж хараад сонирхож татсан. Өвсийг Шанд багаас түүсэн. Б-тай 2 удаа хэрэглэсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахиж татахгүй гэсэн мэдүүлэг,
-Насанд хүрээгүй гэрч С.Б-ийн... миний цүнхнээс гарч ирсэн өвс бол Б-аагаас худалдаж авсан өвсний үлдэгдэл байсан. Цагдаагийн газарт ирэхээс өмнөх өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Н-тэйөвс татахаас өмнө Отай 6 дугаар хороололд таарч манай гэрт очоод О-ын өвснөөс татсан гэсэн мэдүүлэг /хх 15-17 ху/
Шүүгдэгч Э.О-ын ...Хамгийн анх 2017 оны 08 дугаар сард фэйсбүүк хаягаар сэтгэцэд нөлөөт эм бодисын агууламжтай ургамлын талаар мэдээлэл авчихаад 2017 оны 08 дугаар сарын дундуур өдрийг санахгүй байна, гадуур явж байхдаа Шанд багт байрлах 17 дугаар сургуулийн урд талын гудамжинд ургачихсан байхыг нь харсан.Тэр үед уг ургамлаас тасдаж аваад Б-тай уулзаад хамт манай гэрт ирж нөгөө тасалсан ургамлыг цаасанд ороож байгаад татаж үзэхэд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй, тэгээд уг өвсийг хашаанд нойлын дотор талд цаасанд ороож байгаад нуучихсан. Б үлдсэн өвсийг нойлд нуусныг мэдээгүй, тэрнээс хойш би өвс татаагүй. Өвс татсанаас хойш манай аав нас бараад өвс ерөөсөө бодогдоогүй. 2017 оны 12 дугаар сарын эхээр санаандгүй байж байгаад нойлд нуучихсан байсан өвсөө олсон. Тэгээд уг өвсийг авчихсан явж байхдаа Б-тай 6 дугаар хороололд таарч хамт нөгөө өвсөө татаж үзэх үү гээд Б-ийн гэрт очиж татаж үзэхэд ямар нэг мэдрэмж төрөөгүй. Тухайн үед Б бид хоёр надад байсан өвсийг татаад дуусгачихсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 12 сарын 08-ны өдөр 5 дугаар хороололын цагдаагийн өрөөнд Б-ийн цүнхийг Эрхэмзаяа гэдэг цагдаа шалгаж үзэхэд дотроос нь нунтаг өвс мэт зүйл олдсон гэсэн мэдүүлэг /хх 50-51 ху /
Насанд хүрээгүй гэрч С.Б-ийн...Өвсийг шүдэнзний хайрцагны цаасанд ороож хуванцар сав цоолж дотор нь мөнгөн дэвсгэрт хийгээд хөнгөн цагаан цаасанд өвсөө ороож байгаад асаагаад утааг нь хуванцар савны амсраар нь сордог байсан. Энэ бүгдийг Баа надад зааж өгсөн. Харин би ангийнхаа Н-д зааж өгсөн. Мөн манай ангийн О бас надтай хамт сордог байсан. О өөрөө өвсөө авчираад надтай хамт татаж байсан гэх мэдүүлэг / хх 16 ху /
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 175 дугаартай: шинжилгээнд ирүүлсэн “Өвс мэт зүйл” гэж хаягласан цагаан дугтуйтай цайвар ногоон өнгийн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Өвс мэт зүйл” гэж хаягласан цагаан дугтуйтай цайвар ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн Б гэж хаягласан шээс, Э.О гэж хаягласан шээснүүд нь шинжилгээнд тэнцэж байх бөгөөд шээс тус бүрт тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. Жич:Шинжилгээнд ирүүлсэн “С.Н” гэж хаягласан шээсэнд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох техникийн боломжгүй байна. /Шинжилгээнд 50 мл-ээс багагүй хэмжээтэй шээс ирүүлж байхыг анхаарна уу/ Шинжилгээнд ирүүлсэн нунтаг цайвар ногоон өнгийн өвс мэт зүйл нь шинжилгээнд бүрэн зарцуулагдсан болно гэх шинжээчийн дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт /хх 39-40 ху/
-Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай: Шалгах ажиллагаа эхлэхийн өмнө иргэн Э.О, хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэхүү нарт ашиглах тестерийг хэрхэн хэрэглэх, илэрэх үр дүнгийн талаар тайлбарлан өгч, тестерын сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, баталгаажилтыг урьдчилан харуулж эмчилгээний шугамаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис эм бэлдмэл хэрэглэсэн гэж хариулсан ба ажиллагааг 2017 оны 12 сарын 08-ны өдрийн 20 цаг 20 минутанд эхлүүлж, иргэн Э.О болон хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэхүү нарыг цагдаагийн газрын 2 давхарын ОО-ийн өрөөнд оруулан сайн дурын үндсэн дээр зориулалтын шээсний саванд бие засуулж шээсийг авч улмаар “Herion-MET-COC AMP-THC-KET” тестний саванд шээлгэн 5-6 минут байсны дараа тестийн заалтыг харахад ТНС заалт гарсан байсныг Э.О болон хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэхүү нарт тайлбарлан өгч танилцуулан 2 кадр зураг авч бэхжүүлэн шалгах ажиллагааг 20 цаг 30 минутанд дуусгав гэсэн тэмдэглэл /хх 8-9 ху/
-Нас тоолсон тухай тэмдэглэл /хх 55 ху/
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 10-14 ху/
-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /53 ху/
-Э.О-ыг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 49-53 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотлогооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтанд хамааралтай байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.
Дээрхи нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Э.О нь 2017 оны 08 дугаар сард НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг өвс мэт ургамлыг Орхон аймаг Б-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр түүж хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О-ын…өвсийг Шанд багаас түүж 00-д нуусан байсан. Б-тай 2 удаа татаж хэрэглэсэн гэх мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй гэрч С.Б-ийн: 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Н-тэйөвс татахаас өмнө Отай 6 дугаар хороололд таарч манай гэрт очоод О-ын өвснөөс татсан гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн шээснээс делта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 175 дугаартай дүгнэлт, Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.О-ыг 2017 оны 08 дугаар сард Дельта-9 титрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны“Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг сэтгэцэд нөлөөт өвсийг Орхон аймаг Б-Өндөр сум Шанд багийн нутгаас түүж бэлтгэсэн хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Од ял шийтгэл оногдуулахдаа хэрэгт авагдсан түүний хувийн байдлын талаархи баримтууд, хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өсвөр насны шүүгдэгч зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Э-ийн О-ыг сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.О нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186,189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.О-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хязгаарлалт тогтоосон шийдвэрийн биелэлтэнд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.