Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/44

 

 

 

 

 

 

  2025           7                28                                              2025/ДШМ/44                     

 

 

Т.Б д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                                   Прокурор Ц.Эрдэнэбат,

                                                        Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох,

                                                        Шүүгдэгч Т.Б ,

        Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолтой Т.Б д холбогдох эрүүгийн 2526000000026 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Т.Б

Т.Б нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу ... зочид буудлын . тоот өрөөнөөс Ц.М-ын  .. маркын хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Т.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Ы-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Т.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Учир нь шүүгдэгч Т.Б д холбогдох Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй гэж тусгасан. Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт улсын яллагчаас хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргуулах дүгнэлтийг гаргасан талаар бичсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай тусгахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл камерын бичлэг бүхий CD-г хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг зөрчсөн байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар  зүйлийн 1.6-д шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6,3 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчилд тооцохоор хуульчилсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д хураан авсан битүүмжилсэн хөрөнгө баримтыг хэрхэн шийдвэрлэсэн тухай тусгахаар хуульчилсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад хэрэгт авагдсан CD-г хэрхэн шийдвэрлэсэн дурдаж шийдвэрлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах зүйлүүдийг бичсэн. Үүнтэй холбоотой анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах талаар тусгаагүй нь буруу байна гэв.

Шүүгдэгч Т.Б  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би бичиг үсэг сайн мэдэхгүй, хэлэх гэсэн үгээ наана цаана нь оруулж хэлээд байдаг. Би хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан.

Буудалд юу болсныг санахгүй байгаа. Архи уучихсан 00 орчихоод буцахдаа өрөө андуурч орсон. Орон дээр хэсэг хэвтэж байгаад гарч ирсэн. Үүнийгээ бага зэрэг санаад байгаа. Бусдыг нь санахгүй байгаа. Миний утас куртикны карманд байсан. Намхай гэдэг залуу миний куртикны карманд хийсэн байсан. Өөр хүний  утас авчихсан байна гэдгийг манай хүн хэлсэн. Надад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Би ганцаараа амьдардаг. Манай ээжийн ганц эгч нь намайг энд байх үед өөд болсон гэж сонссон гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Прокурор Ц.Эрдэнэбатаас давж заалдах шатны шүүхэд ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй гэж тусгасан боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт улсын яллагчаас хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргуулах дүгнэлтийг гаргасан талаар бичсэн. Камерын бичлэг бүхий CD-г хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж өгнө үү ... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу хуулийн шаардлагыг хангаагүй энэ талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь: Т.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд ... Өглөө босоход миний утас байхгүй байхаар нь хажуу талын өрөө рүү ороод цэнэглэж байсан утсыг андуураад аваад гараад ирсэн байсан ... Буудлаас гараад гэртээ очоод унтсан. Согтуу байсан учир хүний утас андуураад аваад гараад ирсэн байсан. Миний утсыг С куртикны карманд хийсэн байсныг нь сүүлд мэдсэн ... гэх /хх-ийн 42 хуудас/ мэдүүлгийг өгсөн бөгөөд шүүгдэгч нь С утсыг миний карманд хийсэн байсан, миний утастай адилхан утас байсан учир андуураад авсан гэх мэдүүлгийг өгсөн байхад анхан шатны шүүхээс үүнд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Мөн прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэхдээ камерын бичлэг бүхий CD-г хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалуулахаар хэргийн хамт хүргүүлсэн ба анхан шатны шүүх хуралдаанд хяналтын камерын бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргуулах тухай саналыг гаргасан байхад шийтгэх тогтоолд хэрэгт эд мөрийн баримт болон хураагдаж ирсэн бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг зөрчсөн, шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй энэ талаарх прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.НЯМДОРЖ

                                        ШҮҮГЧИД                                 Н.ЭНХМАА

                                                                                          Б.ЦЭРЭНПҮРЭВ