Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 31

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Ш.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох 

“Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц 13 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн өмчлөх эрхийн 010372 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Зол-Эрдэнэ

Гуравдагч этгээд Д.Алтангинж

Гуравдагч этгээд Ш.Шижиртунгалаг, Ш.Болормаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Дашбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам нар оролцов.

Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний төрсөн ээж Раднаа овогтой Лодон нь бүхий л насаараа ажилласан. УБТЗамд бүх хөдөлмөрөө зориулсан хүн байлаа. Ээжид маань Төмөр замаас өөрийн амьдарч байсан 29 м2 орон сууцыг өмч болгон өгсөн байдаг. Гэтэл ээжийг маань насан өөд болсоны дараа буюу 2004 оны 03 дугаар сарын 01-нд миний төрсөн дүү Ш.Алтангэрэл нь өөрийн болон гэр бүлийнхээ нэр дээр бичиг баримтыг шилжүүлэн авсан нь хууль бус үйлдэл болжээ. Учир нь бид ах дүү нар ярилцаад энэ орон сууцыг цаашид эзэмшиж, өмчилж, гал голомтоо авч явах хүн нь Ш.Оюунгэрэл намайг гэж ярилцаж тохирсон юм.

            Уг 29м2 орон сууцыг эзэмших эрхийн гэрчилгээ нь 1999 онд зөвхөн миний ээжийн нэр дээр олгогдсон байсан байхад орон сууц өмчлөлийн үед буюу 2007 онд гэрчилгээг Ш.Алтангэрэл өөрийн болон гэр бүлийнхээ нэр дээр бичиг баримтыг шилжүүлэн авсан болохыг миний бие 2016.08.15 нд мэдлээ. Иймд миний өв залгамжлах эрхийг зөрчиж, Ш.Алтангэрэлд өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн асуудал болсон байна. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас Ш.Алтангэрэлд олгосон 010372 дугаар орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргав гэжээ.

            Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн 2 дугаар 60 айлын 13 тоот хаягт байршилтай 29мкв талбайтай орон сууцны зориулалттай барилгыг “Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.6, 13.5.7, 13.5.8-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.2-т заасан нотлох баримтууд бүрдсэн бөгөөд дагуу иргэн Ш.Алтангэрэл /МЮ64051716/, Д.Алтангинж /МЮ64020106/, А.Болормаа /МЬ88122821/, А.Шижиртунгалаг /МЮ91012501/, дөрвөн иргэний өмч нарын нэр дээр Улсын бүртгэлийн Ү-1317000150 дугаарт бүртгэн баталгаажуулсан байна.

            Хуульд заасан нотлох баримтууд нь мөн энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэн Улсын бүртгэгч бүртгэлд бүртгэж баталгаажуулсан болно.

            Гуравдагч этгээд Ш.Алтангэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ш.Алтангэрэл нь нэхэмжлэгч Ш.Оюунгэрэлийн гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ш.Оюунгэрэл нь уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд нэр нь орох зүй ёсны эрхтэй хүн мөн болно. Миний бие өмчлөх эзэмших эрхээсээ татгалзаж Ш.Оюунгэрэлийн өмчлөгч эзэмшигчээр бүртгүүлэхэд татгалзах зүйлгүй. Уг нэхэмжлэлийн дагуу явагдах шүүх хурлын үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож чадахгүй тул намайг байлцуулахгүй хийхэд татгалзах зүйлгүй гэжээ.

            Гуравдагч этгээд Д.Алтангинж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ш.Оюунгэрэлийн нэхэмжлэлийг авлаа, танилцлаа. Ш.Алтангэрэл бид хоёр 1986 оны 08 дугаар сарын 01-нд гэр бүл болсон. 3 охин 3 зээтэй. Тухайн үед /1986-2003/ хадам ээж маань цуг амьдарч байсан. Хадам ээжийг би асарч сувилж өтгөн шингэнээс нь салгадаг харин төрсөн хүүхдүүд нь өтгөн шингэнд нь хүрдэггүй байсан юм шүү. Анх байр Ш.Алтангэрэлийн нэр  /СБ депогийн/ дээр байсан. 2006 онд аймгийн дарга Баярмагнай дуудаж өмчлөх эрхийн гэрчилгээг өгсөн. Гэрчилгээг би очиж авсан. Гэрчилгээн дээр Ш.Оюунгэрэлийн нэр байгаагүй. Харин Ш.Алтангэрэл, Д.Алтангинж, А.Болормаа, А.Шижиртунгалаг нарын нэр байгаа. Ш.Алтангэрэл 2009 оны 09 дүгээр сарын эхээр гэрээсээ явж ор сураггүй болсон. Би хүлээсээр байлаа. Саяхан сонсоход авгай авч хүүхэд гарсан сурагтай.

            Ш.Оюунгэрэл, Ш.Алтангэрэл нар үгсэн тохирч ийм үйлдэл хийж байгаад би болон хүүхдүүд маань маш их харамсаж дургүйцэж байна. Хүүхдүүд /оюутан/ УБ хотод айлын байр, өрөө хөлсөлж амьдарч байгаа. Хэрвээ эд нар өвдөөд зовоод ирвэл хаана /байрандаа/ ирэх вэ

            Энэ байр бол манай гэр бүлийн өмч. Ш.Оюунгэрэлийн биш. Иймд Ш.Оюунгэрэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бас 3 сартай зээ хүүгийн маань бие тоогүй байгаа учраас 14 хоног хойшлуулж өгөөч гэжээ.

            Гуравдагч этгээд А.Болормаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.Болормаа миний бие Ш.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 7 дугаар баг 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц, 13 тоот орон сууцыг хуульд заасны дагуу хууль ёсны өмчлөгч нь болсон, хууль ёсны өмчлөгч тул Ш.Оюунгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Гуравдагч этгээд А.Шижиртунгалаг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.Шижиртунгалаг миний бие Ш.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 7 дугаар баг 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц, 13 тоот орон сууцыг хуульд заасны дагуу хууль ёсны өмчлөгч нь болсон, хууль ёсны өмчлөгч тул Ш.Оюунгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

         Дорноговь аймаг Сайншанд сум 7 дугаар багийн иргэн Ш.Оюунгэрэл нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц 13 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн өмчлөх эрхийн 0103072 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах зүйлүүд тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

          2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын 82 дугаартай “Орон сууц хувьчлах тухай” тогтоолоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эзэмшил өмчлөлд байсан орон сууцнуудыг хувьчилсан үүнээс өмнө маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь тус нийгэмлэгийн эзэмшил өмчлөлд байсан бөгөөд 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн орон сууц эзэмших эрхийн бичгээр Раднаа овогтой Лодонд “орон сууц эзэмшигчидтэй хийх гэрээ”-г хийж эзэмшүүлжээ[1]. Уг үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч Р.Лодон нь 2003 оны 07 дугаар сарын 14-ний өдөр нас барсан бөгөөд хамт амьдарч байсан түүний хүү Ш.Алтангэрэлд 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгээс эзэмших эрхийн бичиг олгож үргэлжлүүлэн эзэмшүүлжээ.

          Сэлэнгэ аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “Орон сууц хувьчлах тухай” тогтоолоор Ш.Алтангэрэлийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц 13 тоот орон сууцыг 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ш.Алтангэрэлд эзэмшүүлсэн эзэмших эрхийн бичиг, 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын 82 дугаартай “Орон сууц хувьчлах тухай” тогтоол, Төрийн өмчийн хорооны 2/1511 дугаартай албан бичиг, төмөр замаас тэтгэвэр групп тогтоолгосон иргэдээс гадна эрхийн бичиг, гэрээгээр эзэмшин амьдарч байсан нас барагсадын ар гэрт хувьчлах үндэслэлээр хүү Ш.Алтангэрэлд хувьчилжээ.

         Дээрх үл хөдлөх эд хөрөнгө хувьчлагдсан талаар Хувьчлалын 2 дугаар шатны 1 дүгээр хэсэгт хамрагдах орон сууцыг хувьчилж авсан иргэдийн жагсаалтын ерөнхий дугаарын 131-т, орон сууцаа хувьчилж авах хүмүүсийн товчооны 6-д тус тус бүртгэгджээ.

          Сэлэнгэ аймгийн Орон сууц хувьчлах товчооны 03 дугаартай тогтоолыг үндэслэн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц 13 тоот орон сууцыг Р.Лодонгийн хүү Ш.Алтангэрэл болон түүний гэр бүлд өмчлүүлж, өмчлөх эрхийн 0103072 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олгожээ.

          Сэлэнгэ аймгийн улсын Бүртгэлийн хэлтсээс Сэлэнгэ аймгийн орон сууц хувьчлах товчооны 03 дугаартай тогтоол болон Ш.Алтангэрэлд өмчлүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн 0103072 дугаартай гэрчилгээг үндэслэн 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн  Ү-1317000150-т бүртгэжээ.

          Үүнээс дүгнэж үзэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан баримтыг /орон сууц эзэмших эрхийн бичиг, орон сууц хувьчлах товчооны тогтоол, 0103072 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ гэх мэт/ мэдүүлгийн хамт Сэлэнгэ аймгийн бүртгэлийн байгууллагад гаргасныг бүртгэх байгууллага хүлээн авч мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэж мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн дугаар өгч, гарын үсэг зурж тамга дарсан нь хууль зөрчөөгүй, улсын бүртгэлийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагджээ.

           Р.Лодон нь 2003 онд нас барсан бөгөөд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан үндэслэлээр тус байгууллагын эзэмшил өмчлөлийн дээрх орон сууцны эзэмших эрхийг 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдөр түүний хүү Ш.Алтангэрэлд олгосон нь түүнд уг орон сууцыг хувьчлах цаашлаад өмчлөх эрхийн гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болсон гэж дүгнэхээр байна. Мөн нэхэмжлэгч талаас өв залгамжлах эрх болон шударгаар эзэмших, өмчлөх эрхтэй холбоотой баримтууд нь улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхэд ач холбогдолгүй байх тул үнэлэх боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Оюунгэрэлийн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц 13 тоот, 29 мкв орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1317000150-т бүртгэгдсэн өмчлөх эрхийн 0103072 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах болохыг дурьдсугай.

          4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдусгай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ОДБААТАР