Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00299

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Банк,

хадгаламж зээлийн хоршоодын төлбөр

барагдуулах ажлын  албаны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/05993 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2094 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын  албаны

Хариуцагч : Б.Баатархүү

Нэхэмжлэлийн шаардлага : 20 сая төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Ч.Сэргэлэн, хариуцагчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь хариуцагч Б.Баатархүүгээс Toyota маркийн Land Cruiser100 загварын UZJ 10001311394 арлын дугаартай, 01-17 УБХ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг гаргуулах нэхэмжлэлийг 2016.4.15-ны өдөр тус шүүхэд гарган шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2016.5.04-ний өдрийн 18360 дугаар бүхий шүүгчийн захирамж гарсан. Тус алба уг захирамжийн дагуу тээврийн хэрэгслийг үрэгдүүлсэн байх магадлалтай бөгөөд тус автомашин нь замын хөдөлгөөнд оролцохгүй байгаа нь Замын хөдөлгөөний удирдлагын 2016.5.20-ны өдрийн 1/577 тоот албан бичгээр тогтоогдож байх тул хариуцагч Б.Баатархүүгээс уг автомашины үнэ болох 20 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Баатархүү нь 2007 онд дээрх албыг анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш тасралтгүй ажилласан болно. Тус албаны дэд даргын санаачлагаар машин авч явж, өөрийн хөрөнгөөр засвар хийн борлуулан ашиг олох зорилго нь Б.Баатархүүгийн буруутай үйлдэл мөн болно. Нэхэмжилсэн машины үнийг төлөх нь үнэн болно. Уг машин нь 2000 онд үйлдвэрлэгдэж 2005 онд орж ирээд удаан хугацаанд хадгалагдсан машин. Одоогийн зах зээлийн ханшаар нэхэмжилж буй нь өндөр үнэтэй байна. Үнийг бууруулж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/05993 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 228 дугаар зүйлийн 228.1-т заасныг баримтлан Б.Баатархүүгээс 20 сая төгрвг гаргуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан Б.Баатархүүгээс 257.950 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2094 дугаартай магадлал гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага "..дуудлага худалдаагаар Б.Бат-эрдэнэд худалдаж, төгрөгийн төлөөгүй байхад хариуцагч ланд круйзер автомашиныг хууль бусаар авч явсан" гэж тайлбарлажээ. Хариуцагч тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч одоогийн зах зээлийн ханшаар тооцож байгаа нь буруу гэж маргасан. Анхан шатны шүх Үнэлгээний комиссоос автомашиныг 20 сая төгрөгөөр үнэлснийг үндэслэн хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Учир нь автомашиныг үнэлсэн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, тус тээврийн хэрэгслийг анхны дуудлага худалдаанд 20 сая төгрөгөөр үнэ хаялцуулж Б.Бат-эрдэнэ 20.100.000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон үйл баримт тогтоогдож байна." гэсэн дүгнэлтийг хийсэн нь учир дутагдалтай байна. Шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар нь өөрийн хуулиа зөрчин өөрийн ажилтангаа хуулийн гадуур дуудлага худалдаанд оруулалгүй төлбөр төлөгчөөс хураан авсан автомашиныг хууль зөрчин өөрийн ажилтанд шууд өгч засвар хийлгэн улмаар уг хэрэг хууль зөрчсөн болох нь илэрмэгц буцааж дуудлага худалдааны үнэ 20 сая төгрөгийг гаргуулахаар шаардаж буй нь анхан шатны шүүх нь хэргийг тал бүрээс нь нотлох баримт гаргаж шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэгт үндэслэн шийдвэр гаргахбайталзөвхөнзохигчдын гаргасан тайлбар дүгнэлтээр өнгөц дүгнэлт хийж хэргийг буруу шийдвэрлэлээ. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасны дагуу тус алба өөрийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг нотлох баримтыг хуульд заасан шаардлагад нийцүүлэн шүүхэд гаргаж өгсөн. Харин хариуцагчийн зүгээр баримт гаргаж өгөөгүй байдаг. Хоёр шатны шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбар, нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан бөгөөд хариуцагч зөвхөн хугацаа хожих зорилгоор гомдол гаргасан гэж харагдаж байна. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь Б.Баатархүүгээс 20 сая төгрөг гаргуулахыг шаардсан байх бөгөөд хариуцагч үйл баримтын талаар маргаагүй ч нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Б.Баатархүү нь 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогоолын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд байсан 01-17 УБХ улсын дугаартай цагаан өнгийн Toyota маркийн Land Cruiser100 маркийн тээврийн хэрэгсэлийг хууль бусаар авч явсан нь тогтоогдсон, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа хариуцагч нотлоогүй, хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж   шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны Эдүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/05993 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2094 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ