Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 186

 

Н.Бд холбогдох эрүүгийн

                                                                 хэргийн тухай                                                                     

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 959 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 55 дугаар магадлалтай, Н.Бд холбогдох 1902007250265 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Елдэн овогт Н.Б нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Н.Бд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, өөр газар зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн уутны хамтаар 7.4 грамм ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 55 дугаар магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан гэсэн үндэслэлээр дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Н.Бийг 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай 4.8104 грамм жинтэй ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, бусдад өгсөн гэжээ. Мөн анхан шатны шүүх Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, үр дагаврын талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулж, зөвхөн гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн мэтээр дүгнэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцэхгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно гээд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Н.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн.

Гэтэл Н.Б нь “өвс” гэх ургамлыг бусдад өгөөгүй, хэргийн материалд бусдад өгсөн гэх хэргийн үйл баримт огт нотлогдож тогтоогдоогүй байхад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх миний үйлчлүүлэгчийг мансууруулах төрлийн бодисыг бусдад өгсөн гэж түүний эрх зүйн байдлыг дордуулж буруу дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн нөхцөл байдал, хувийн байдалд нь тохирсон, хуульд нийцсэн шийдвэр гаргасан. Тухайн гэмт хэргийн хор уршгийн талаар анхан шатны шүүх хуралдааны явцад маш ойлгомжтойгоор асуудлыг хэлэлцсэн. Миний үйлчлүүлэгч Н.Б нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 1 дүгээр курсын оюутан, айлын ганц хүү, холбогдох хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсан гэмшиж, хор уршгийг нь маш сайн ойлгож ухаарсан, одоо 18 настай өсвөр насны хүүхэд билээ. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор О.Мөнхбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийгн давж заалдах шатны шүүхийн магадлал хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий гарсан гэж дүгнэж байна. Н.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр тогтоогдсон асуудлын талаар мэдүүлдэг. Түүнээс өөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус дөхөм болсон, үйл баримтын талаар үнэн зөвөөр тодорхой мэдүүлсэн зүйл байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн Н.Бд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б нь 2019 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 8 дугаар байрны 57 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинол”-ын агууламжтай нийт 4.8104 грамм жинтэй, ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал /бодис/-ыг худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэм хэмжээ, үр дагаврын талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Б нь хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хэнээс авч, хэнд өгсөн талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд бүрэн тодорхой мэдүүлэг өгөөгүй байхад анхан шатны шүүхээс түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь эргэлзээ бүхий болсноос гадна шүүх Н.Бийг мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал /бодис/-ыг худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо тэрээр хэзээ, хэнд, ямар төрөл хэмжээний сэтгэцэд нөлөөт бодис өгсөн талаар үйл баримтын дүгнэлт огт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна.

Түүнээс гадна Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” ойлгохоор заажээ.

Гэтэл яллах дүгнэлтэд “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” гэж хоёр өөр төрлийн эм бодисын нэршилийг хольж бичиж, анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 55 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН