Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 97

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,  

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч*******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт * *******, ******** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818000000052 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, * ******* /РД:*******/, 1995 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг *******тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар  250 /хоёр зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

2.Монгол Улсын иргэн, ******** /РД:*******/, 1997 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *******,******* нар нь 2018 оны 1 дүгээр сарын 31-ний шөнийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн гадна ******* нь насанд хүрээгүй *******ийн Самсунг эс-5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 180000 төгрөгийн хохирол учруулсан,******* нь *******ийн Самсунг эс-3 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 120000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *******,******* нар нь 2018 оны 1 дүгээр сарын 31-ний шөнийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн гадна ******* нь насанд хүрээгүй *******ийн Самсунг эс-5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 180000 төгрөгийн хохирол учруулсан,******* нь *******ийн Самсунг эс-3 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 120000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:        

 

-Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 1 дүгээр сарын 31-ний орой найз*******, *******, *******нартай архи ууж байгаад танил *******ын гэрт орж архи уучихаад гарч яваад 4 хүүхэдтэй таарсан. Би нэг хүүхдийг нь дуудаж гар утсаар нь ярьчихаад өгье гэж авсан. Утсанд нь нэгж байхгүй гэхээр нь би гар утсыг нь халаасандаа хийсэн юм.******* өндөр хүүхдийнх нь гар утсыг авсан байсан. Тэгээд бид нар тэр хүүхдүүдийн гар утсыг нь буцааж өгч байтал цагдаа нар ирсэн. ”гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч*******гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 1 дүгээр сарын 31-ний орой танил *******ын гэрт архи уучихаад гарч явтал 4 хүүхэд таарсан. Тэд нар пиво барьчихсан явж байсан бөгөөд нэг залуу нь насанд хүрсэн байсан. Насанд хүрсэн тэр залуутай нь ******* уулзаад гар утсыг нь авсан байсан. Би нэг өндөр хүүхдийн гар утсыг нь авсан. Тэр хүүхэд надад гар утсаа өгөхдөө сим картаа авчихаад өгье гээд симээ өөрөө аваад утсаа өгчихөөд зугтсан. Тэгэхээр нь би гар утсаа ав гэсэн чинь нэг хүүхэд нь цагдаа дуудсан байсан. Тэгээд би *******од гар утсыг нь өг, цагдаа дуудсан байна гэж хэлээд дуудлагыг нь буцаалгаж байсан чинь цагдаа нар ирээд би зугтах гэж байгаад баригдсан.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,

 

-Хохирогч *******ээр таньж олуулах ажиллагаа явуулсан “...миний гар утсыг авсан хүн 2 дугаартай /*******/ хар өнгийн куртиктай залуу мөн байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзуүлэлтүүд /хэргийн 6-8/,

 

-Хохирогч Л. *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 31-ний орой 22 цагийн орчим хамаатны ах *******ынхаас гараад үеэл дүү *******тай хамт дэлгүүр орох гээд явж байх замдаа *******ын 2 найз болох *******, ******* нартай таарсан. Манай ах ******* намайг “дэлгүүрээс пиво аваад ир” гэхэд нь би дэлгүүр ороод гарч явах замдаа 4 залуутай таарсан. Намхан хар куртиктай залуу нь намайг дуудаад “яахаараа пиво авч явдаг юм” гэхээр нь “манай ах аваад ир гэсэн юм” гэж хэлсэн чинь “худлаа яриад бай, надад гар утсаа өг, тэгэхгүй бол цагдаад хэлнэ, би цагдаад ажиллаж байсан” гээд өөрийнхөө утсаар энд хүүхдүүд пиво авч явж байна гээд яриад байсан. Тэгээд “чамайг саатуулна, аль эсвэл надад утсаа өг” гээд миний Самсунг Эс-3 маркийн гар утсыг авах гээд байсан, би айсандаа гар утсаа өгчихсөн юм."

...хамт явсан дүү ******* цагдаад дуудсан байсан. Тэгсэн чинь тэд нар миний гар утсыг өгчихөөд “эд нар цагдаа дуудсан байна, дуудлагаа буцаачих” гээд зугтах гэж байгаад цагдаад баригдсан.

...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би хөдөө байдаг учир дахин ирж чадахгүй, шүүх хуралд оролцохгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 12 /,

 

-Насанд хүрээгүй хохирогч Б. *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 1 дүгээр сарын 31-ний орой ******* болон түүний найз *******, *******ын хамаатны ах ******* нартай хамт дэлгүүр орохоор болоод гарсан. Дэлгүүр орж гоймон, гөөхий аваад *******, ******* бид 3 түрүүлээд гарсан. Араас ******* гарч ирж байсан чинь бид нартай 4 залуу зөрж өнгөрөөд *******тэй уулзаад байх шиг байхаар нь бид 3 хараад зогсож байтал биднийг дуудаад өндөр ногоон күртикатэй ах бид нарын халаасыг ухаж үзээд, миний халааснаас Эс-5 маркийн гар утас, *******ээс Эс-3 маркийн гар утас гарч ирсэн. Тэгээд хар күртиктэй ах *******ийг цааш нь дагуулаад явсан. Ногоон куртиктай залуу намайг дуудаж нөгөө хэдээс тусад нь уулзаад “гар утсаа гаргаад ир” гээд “энэ гар утсыг чинь бид нар авлаа, та нар зүгээр яв” гээд байхаар нь би “үгүй, өгч чадахгүй” гэсэн чинь миний гар утсыг өгөхгүй байсан. Тэгэхээр нь би гар утаснаасаа нэг юм авчихаад өгье гээд утсаа авч зугтаад удалгүй нөгөө ахад баригдаад миний толгой руу цохиж, тонгойсон чинь унагаагаад өшиглөж гар утсаа өг гэхээр нь би өгсөн." гэх мэдүүлэг /хэргийн 18-19/,

 

-Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 22 цагийн орчим*******, *******, ******* нарын хамт архи уучихсан явж байгаад 4 хүүхэдтэй тааралдаад пивыг нь хувааж уусан. Тэгсэн чинь гар утсыг нь*******, ******* хоёр авсан байсан юм байна лээ. Тэгээд гар утсыг нь буцааж өгч байгаад цагдаад баригдсан.

...Мөнгөншагай, ******* нар намайг харж байхад хүүхдүүдийг цохиж зодоогүй.” гэх мэдүүлэг /хэргийн 20/,

 

-Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...*******,*******, *******бид дөрөв архи уучихаад явж байгаад 4 хүүхэдтэй таарсан. Намхан цагаан ороолттой хүүхэд нь 2,5 литрийн пиво куртика дотроо хийчихсэн явж байхаар нь “насанд хүрээгүй хүүхдүүд байж яахаараа пиво барьчихсан явж байдаг юм” гэж хэлээд пивийг нь авч уусан. ******* арай өндөр хүүхдээс нь “гар утсаа өгч бай, ганц ярьчихъя” гэж хэлж авсан. Тэгж байтал цаана нь нэг хүүхэд утсаар яриад байсан. Тэгтэл ******* наад хэд чинь цагдаа дуудчихлаа гээд нөгөө өндөр хүүхдийн гар утсыг өгөөд дуудлагаа буцаачих гээд байж байтал цагдаа нар гарч ирээд ******* түрүүлээд зугтааж, араас нь******* зугтааж байгаад газарт унаж цагдаа нарт баригдсан.

...******* арай өндөр хүүхдийн гар утсыг авч байсан.******* тэр өндөр хүүхдийг цохисныг би хараагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 21/,

 

-Насанд хүрээгүй гэрч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 31-ний орой 21 цагийн орчим найз *******ийнд хамт байсан ба бид хоёр өлсөөд байхаар нь би ойрхон байдаг ангийн найз ******* руу утсаар яриад “2000 төгрөг байвал өгөөч” гэсэн чинь ******* хамаатны ах *******тэй хамт ирсэн.

...4 ах бид нарын хажуугаар өнгөрч гараад ард явсан *******тэй уулзаад байсан. Намхан хар куртиктай, хар ноосон малгайтай ах нь бид гурав дээр ирээд наанаа зогсож бай гээд биднийг явуулахгүй байсан.

...ажлын хувцастай ах нь *******ийн халаасыг нэгжиж байтал *******ийн гар утас дуугартал ногоон куртиктай ах нь *******ийг дагуулаад цааш явсан. Хар куртиктай 2 ах нь миний хажууд зогсож байгаад намайг тамхинд яваад ир гээд явуулахаар нь би шууд цаашаа гүйж 100 дугаар брак орж *******ийн ах болох ******* дээр очиж бид нарыг хүмүүс явуулахгүй байна гээд би ******* ахын гар утсаар цагдаа дуудчихаад тэндээ хүлээсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 22-24/,

 

-Насанд хүрээгүй гэрч Т. *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид гуравтай танихгүй 4 ах зөрж өнгөрсөн. ******* ах ард үлдээд гарч ирэхдээ 1 том пиво авсан байсан юм шиг байна лээ, тэрийг нь бид нар мэдээгүй. ******* ахыг нөгөө 4 залуу зогсоогоод юм асуугаад байх шиг байсан. Бид хараад зогсож байтал биднийг дуудахаар нь очтол ногоон куртиктай ах нь бид нарын халаасыг ухаж үзсэн. Надад ямар нэгэн эд зүйл байгаагүй тул намайг пүүзээ тайл гэхээр нь би тайлахгүй гэсэн чинь юм яриагүй. Намхан ах нь ******* ахтай уулзаад байсан тэгсэн чинь гар утсыг нь авсан байсан. *******той ногоон куртиктай залуу нь уулзаж байгаад гар утсыг нь авсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 25 /,

 

-Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэд нарыг зугтаахад нөгөө хэд нь энэ “гар утсаа ав” гэхээр нь *******, ******* бид гурав нөгөө 4 залуутай уулзаад ногоон куртиктай залуу нь гар утсыг нь гаргаж өгсөн.

...цагдаа нар *******, ******* хоёроос эд нар мөн юм уу гэсэн чинь мөн гээд цагдаа нар тэд нарыг барих гэхэд намхан залуу нь зугтаагаад явсан, ногоон куртиктай нь зугтаах гэж байгаад цагдаад баригдсан. Нөгөө хоёр нь зүгээр зогсож байгаад баригдсан." гэсэн мэдүүлэг /хэргийн 26/,

 

-“*******ийн биед баруун гарын хуруун дахь зулгаралт, баруун бугуй орчмын зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 222 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 32/,

 

-“*******ийн биед баруун шанааны зулгаралт, зүүн гарын 2 дугаар хурууны цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 223 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 37/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан Samsung galaxy S-5 маркийн гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар 180000 төгрөг байна. гэх “Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн эд зүйл үнэлсэн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 43-44/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан Samsung galaxy S-3 маркийн гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар 120000 төгрөг байна. гэх “Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн эд зүйл үнэлсэн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт / хэргийн 50-51/болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******ид 180000 төгрөгийн хохирол, хохирогч *******д 120000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Л. ******* мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 12 / өгсөн, “гомдол, санал байхгүй” гэх тодорхойлолтыг хохирогч ******* ирүүлсэн /хэргийн 131/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч *******,******* нар нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний шөнийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн гадна ******* нь насанд хүрээгүй *******ийн Самсунг эс-5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 180,000 төгрөгийн хохирол,******* нь *******ийн Самсунг эс-3 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 120,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзуүлэлтүүд /хэргийн 6-8/, хохирогч Л. *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний Самсунг Эс-3 маркийн гар утсыг авах гээд байсан, би айсандаа гар утсаа өгчихсөн юм." гэх мэдүүлэг /хэргийн 12 /, насанд хүрээгүй хохирогч Б. *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гар утсаа өг гэхээр нь би өгсөн." гэх мэдүүлэг /хэргийн 18-19/, гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...гар утсыг нь*******, ******* хоёр авсан байсан юм байна лээ.*******, ******* нар намайг харж байхад хүүхдүүдийг цохиж зодоогүй.” гэх мэдүүлэг /хэргийн 20/, гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...******* арай өндөр хүүхдээс нь “гар утсаа өгч бай, ганц ярьчихъя” гэж хэлж авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21/, насанд хүрээгүй гэрч*******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ажлын хувцастай ах нь *******ийн халаасыг нэгжиж байтал *******ийн гар утас дуугартал ногоон куртиктай ах нь *******ийг дагуулаад цааш явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 22-24/, насанд хүрээгүй гэрч Т. *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намхан ах нь ******* ахтай уулзаад байсан, тэгсэн чинь гар утсыг нь авсан байсан. *******той ногоон куртиктай залуу нь уулзаж байгаад гар утсыг нь авсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 25 /, гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэд нарыг зугтаахад нөгөө хэд нь энэ “гар утсаа ав” гэхээр нь *******, ******* бид гурав нөгөө 4 залуутай уулзаад ногоон куртиктай залуу нь гар утсыг нь гаргаж өгсөн." гэх мэдүүлэг /хэргийн 26/, “үнэлгээнд хамрагдсан Samsung galaxy S-5 маркийн гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар 180000 төгрөг байна.” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн эд зүйл үнэлсэн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 43-44/, “үнэлгээнд хамрагдсан Samsung galaxy S-3 маркийн гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар 120000 төгрөг байна.” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн эд зүйл үнэлсэн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт / хэргийн 50-51/болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч*******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар  250 /хоёр зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан бөгөөд тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Иймд шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 /зургаан сар/-ын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар  250 /хоёр зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 194 цагийн 8 цагийг 1 хоног хорих ялаар тооцож,  нийт 6 сар, 24 хоногийн хорих ялыг нэмж тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч******* нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 /зургаан сар/-ын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******,******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч*******, ******* нар нь эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа бүлэглэн үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ.

 

Иймд шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар  тус бүр 7 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 7 сар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолын дагуу оногдуулсан 6 сар 24 хоногийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 1 сар 24 хоног хорих ялаар, шүүгдэгч*******д оногдуулсан 7 сар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолын дагуу оногдуулсан 6 сар хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 1 сар хорих ялаар тус тус тогтоож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал  зэргийг харгалзан оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. * *******, ******** нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч * *******, ******** нарт Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүр 6 /зургаан сар/-ын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******,******* нарт тус бүр 7 /долоон сар/-ын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар 24 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 1 сар 24 хоног /нэг жил нэг сар хорин дөрөв хоног/ хорих ял, шүүгдэгч*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 1 сар /нэг жил нэг сар/ хорих ялаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 1 жил 1 сар 24 хоног хорих ял, шүүгдэгч*******д оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоног, шүүгдэгч  Г.Мөнгөншагайн энэ хэрэгт 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ