| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 2426001050325 |
| Дугаар | 2025/ДШМ/46 |
| Огноо | 2025-07-28 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/46
2025 оны 7 сарын 28 2025/ДШМ/46
Д.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Эрдэнэбат,
Хохирогчийн өмгөөлөгч М.Дамбийням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, Д.Мөнх-Эрдэнэ,
Шүүгдэгч Д.Б ,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, Д.Мөнх-Эрдэнэ нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн 2426001050325 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Д.Б
Д.Б нь 2024 оны 2 дугаар сарын 14-ний 20 цаг 46 минутаас 21 цагийн үед Өвөрхангай аймгийн ... сумын ... дугаар багт байрлах ... дугаар цэцэрлэгийн үүдэнд Ч.Т шатнаас унагааж, газарт унасан үед өшиглөх, өвдөглөх үйлдлийн улмаас гавал, тархины битүү хүнд гэмтэл болох гавал ясны зүүн чамархай, суурь яс хугарч, их тархины зүүн чамархай хэсэгт хатуу хальсан дээр цусан хураа үүсэж улмаар тархи дарагдан хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгч Д.Б аас оршуулгын зардалд 7,631,700 төгрөгийг, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 15,173,400 төгрөг, нийт 22805100 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А-д олгохоор, шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хавсаргагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий СD 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хуулийн үндэслэлгүй. Шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн мэтгэлцээн дээр яригдсан цагаатгах, яллах нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан үзэж, адил тэгш үнэлэлгүйгээр зөвхөн яллах талын эргэлзээтэй нотлох баримтуудын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Д.Б ыг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд гэрч, шинжээч нарыг оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж байсан нь хэргийн бодит үнэнийг тогтоох боломжгүй болгосон. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүх хуралдаанд оролцогчийн эрхийг хангаагүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Хохирогчтой хамт архи ууж байсан гэрч А.Б “...Д.Б ирээд хаалга цонх цохиод байхаар нь ... айгаад талийгаачийг үүдний хаалгаар гаргаад хаалгаа хаагаад түгжсэн. Д.Б ах аашлаад цагдаад өгнө гээд байхаар нь өрөө рүү орсон. Тэгээд тамхи авах гээд гартал талийгаач үүдний шатны дор хэвтэж байсан. Өндийлгөөд тамхи аваад ирье гэж хэлээд явчихаад иртэл байхгүй байсан. Би талийгаачтай хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Надтай архи уух үедээ их согтолттой байсан. Өөрийгөө хянах чадваргүй байсан. ... надтай уулзахад биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй...” гэж мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Гэрч А.Б-гийн мэдүүлэг давтан байцаалт болгонд өөрчлөгдөж байсан. Хэрэв гэрч А.Б-г шүүх хуралдаанд оролцуулсан бол түүний байнга өөрчлөгдөж буй мэдүүлэгт бодитой дүгнэлт хийж болох байсан.
Прокурор дүгнэлтдээ Д.Б нь “хохирогчийг шатнаас татаж унагаж, өшиглөж өвдөглөх зэрэг үйлдлээр амь насыг нь хохироосон...” гэх үйлдэл нь гэрч А.Б-ийн мэдүүлгээр батлагдахгүй байна. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн Д.Б Ч.Т-ын хамт үүдэнд зогсож байсан. Талийгаачийн дух нь зулгарсан Зүүн талын чихнээс нь цус гарсан байхаар нь яасан бэ гэхэд шатнаас унасан гэсэн ...” гэж мэдүүлснээс дүгнэлт хийхэд хохирогч нь шүүгдэгч Д.Б-д зодуулаагүй байна гэх дүгнэлтэд хүргэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэлт хийхэд хэрэг учрал болсон тэр өдөр уурын зуух болон 7-р цэцэрлэгт өөр хүн байсан тухай баримт авагдаагүй боловч эргэлзээтэй байна. Тухайн өдөр уурын зуух галлах ээлжид Б.Э, Д.Б ,Ч.Т, Н гэх дөрвөн хүн гарсан байна. Гэтэл Нацаг гэх хүний талаар ямар нэг мэдээлэл хавтаст хэрэгт байхгүй байгаа нь шүүгдэгч Д.Б ын хийсэн гэх гэмт үйлдлийг эргэлзээтэй болгож байна. Нацаг гэх хүний тэр өдөр хаана юу хийж явсныг тогтоох нь шүүгдэгч Д.Б ын хийсэн гэх гэмт үйлдлийг тогтооход ач холбогдолтой. Гэрч А.Б , шүүгдэгч Д.Б нарын мэдүүлгээр хохирогчийг цэцэрлэгийн дэргэд үлдэхэд бие эрхтэнд нь ил харагдах шарх соривгүй байсан байна. Гэрч А.Б шүүгдэгч Д.Б нар нь ямар хугацааны дараа цэцэрлэг дээр эргэж ирснийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед арав гаруй гэмтэл учирсан нь нотлох баримтаас дүгнэлт хийхэд нас өндөр болсон, хүч тамир султай, шүүгдэгч Д.Б нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирогчид учирсан гэмтлийг дангаараа учруулах боломжтой эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Д.Б ыг хамт ажилладаг хүнээ өөрийн хүүхэд шиг хайр халамжтай байсан хүнийхээ амь насанд халдсан гэм буруутай гэж дүгнэсэн дүгнэлтэд дурдсан үйл баримтаар эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээнд нийцсэн байх ёстой. Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдэх ёстой.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сүм дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Тариат овгийн Дамбын Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагат эдлүүлэхээр тогтоосон. Дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Гэм буруугийн тухайд анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б ыг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 20 цаг 46 минутаас 21-н цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах 7 дугаар цэцэрлэгийн үүдэнд амь хохирогч Ч.Т шатнаас унагааж, газарт унасан үед нь өшиглөх, өвдөглөх үйлдлийн улмаас гавал, тархины битүү хүнд гэмтэл болох гавал ясны зүүн чамархай, суурь яс хугарч, их тархины зүүн чамархай хэсэгт хатуу хальсан дээр цусан хураа үүсэж улмаар тархи дарагдаж амь насыг хохироосон үйл баримт нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитой үнэлж дүгнээгүй.
Шүүгдэгч Д.Б ын ... Ч.Т намайг шүргээд зөрсөн. Тэгэхээр нь би А.Б залгасан дугаараа харуулсан. А.Б нэг харчхаад амралтын өрөөний хаалга биш голын коридорын хаалгаа татаад орсон. Тэр агшинд Цагдаагийн байгууллагын жижүүр утсаа авсан. Тэгээд байна уу гэж хэлэх зуур Ч.Т шатны дор бетонон шалан дээр түрийлгээ хараад уначихсан байдалтай байж байсан. Ингээд уурын зуух орохын даваан дээр Эрдэнэжаргал урдаас гүйж ирээд бид 2 сугадаад уурын зуухны амралтын өрөөний орон дээр түрүүлгээ харуулаад хэвтүүлээд Батбаяр руу залгасан. Батбаяр хүрч ирж үзчихээд зүгээр байна шүү дээ, босоод ирэхээр нь галлагаагаа хийлгэчих гээд шууд гараад явсан. Тэгээд уурын зуухны амралтын өрөөн дотор эргээд ороход Ч.Т гэдрэгээ хараад унасан байсан. ...Ч.Т-ын царай нь сонин болоод ирэхээр нь бачимдаад эгч рүү нь явъя гэсэн бодол төрсөн. Эрдэнэжаргалд Ч.Т-ын цариа нь эвгүй болоод байх шиг байна эгч рүү нь явлаа гэж хэлээд Батбаяр руу утсаар залгаж хэлсэн .... “ гэж тогтвортойгоор мэдүүлдэг.
Гэрч А.Б-ийн “... Тухайн шөнө Д.Б ах хаалга нүдээд талийгаачийг дуудаад байхаар нь би талийгаачийг аваад хамт гаднах хаалгыг онгойлгож өгсөн. Д.Б ах их ууртай талийгаачийг ажлаа хий, нүүрсээ оруул үхсэнээ хийгээд архи уугаад байгаа юм гээд загнаад талийгаачийг хаалгаар татаад гаргахаар нь би хаалга түгжээд амрах өрөө рүү явсан. Тэр хоёр гаднах довжоон дээр үлдсэн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй ... Талийгаач өөрийгөө хянах чадваргүй, их согтолтой байсан. Талийгаачийг Д.Б ах куртикнээс нь татаад гаргасан, тэгэхэд шууд бол шатнаас унасан зүйл ажиглагдаагүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42, 45, 47/
Гэрч Б.Э ын ”... би 4 амандаа галлагаагаа хийгээд байж байтал Д.Б ах Ч.Т-ын хамт уурын зуухны өмнө зогсож байсан. Талийгаач Ч.Т-ын дух нь зулгарч, зүүн талын чихнээс нь цус гарсан байхаар нь яасан гэж асуухад талийгаач Ч.Т шатан дээрээс оочсон гэж хэлсэн. Тэгээд талийгаач Ч.Т жаахан унтаадахъя гэхээр нь Д.Б ын хамт амралтын өрөө рүү оруулж орон дээр хэвтүүлээд хаалгыг нь хаачхаад Д.Б ах бид хоёр галлагаа хийсэн. 23 цаг өнгөрч байхад талийгаачийг Д.Б ах орон дээрээс оочсон байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49 тал/.
Насанд хүрээгүй гэрч А.Э-ын “... Д.Б надаас зугтаад шатны уруу өнхрөөд оочсон гээд ээжтэй яриад байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50 тал/.
Гэрч М.Б-ын “.... Би 22-н цагийн орчин уурын зуухан дээр очиход талийгаач амралтын өрөөн дотор орон дээр хэвтэж байсан. Д.Б д Ч.Т ыг сэрэхээр нь ажилд нь гаргаарай ээлжийн хүн олдохгүй байна гэж хэлээд явсан. Тэгээд 23-н цаг өнгөрч байхад Д.Б над руу залгаад Ч.Т-ын хоолой нь дуугараад сонин болоод байна гэж хэлэхээр нь түргэн дууд гэж хэлсэн. Би уурын зуухан дээр очиход талийгаач орны урд талд дээш хараад хэвтэж байсан. Талийгаачийн баруун талын дух нь дээр цус болсон байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111 тал/
Гэрэл зургийн үзүүлэлт “ ... 10 номерын зураг амь хохирогчийн хэвтэж байсан гэх газрыг харуулсан ...” зураг /1-р хх-ийн 127 тал/.
Шүүх шинжилгээний ерөнхий газраас чанарыг сайжруулан ирүүлсэн дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. Тус тэмдэглэлд шатнаас хохирогчийг түлхэж унагаж буй үйлдэл бичигдээгүй байна. /1-р хх-ийн 129-132 тал/
Гэрч М.Н-гийн “... Манай уурын зуухны галчийг 7 дугаар цэцэрлэгийн ажилчид уруу татаад байна гэх дуудлага ирсэн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147 тал/
2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт "... 1. Талийгаач Ч.Ч.Т нь гавал тархины битүү хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ ...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 59-64 тал/.
2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт “... 1. Талийгаач Ч.Ч.Т нь гавал, тархины битүү хүнд гэмтэл болох гавал ясны зүүн чамархай, суурь яс хугарч, их тархины зүүн чамархай хэсэгт хатуу хальсан дээр цусан хураа үүсэж улмаар тархи дарагдан нас баржээ ...” гэх дүгнэлт 1-р ХХ-ийн 78-82 дугаар тал/.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл талийгаачийг цэцэрлэгээс гарах үед шүүгдэгч Д.Б шууд шатан дээрээс амь хохирогчийг татаж унагаагүй гэдгийг гэрч А.Б , түүнчлэн талийгаач амьд байхдаа гэрч Б.Э д өөрөө шатнаас оочсон гэдгээ хэлсэн зэрэг нотлох баримтаар амь хохирогч Ч.Т шатнаас Д.Б түлхэж унагаасан гэх үйлдэл нь үгүйсгэгдэж байна. Хэрэгт авагдсан 7 дугаар цэцэрлэгийн дотор, гаднаас бичсэн камерын бичлэг байх боловч тус бичлэгт шүүгдэгч хохирогчийг түлхэж унагаж буй дүрс огтоос бичигдээгүй. Түүнчлэн тус бичлэгт гарч буй тодосгогчтой хувцастай этгээд нь амь хохирогчийн толгойн тус газар нь цохих хөдөлгөөн хийж буй нь харагдахгүй байна. Энэ нөхцөл байдлаас харвал талийгаачийг үхэлд хүргэсэн гавал, тархины гэмтлийг толгойноос бусад хэсэгт цохих үед учруулах боломжгүй юм. Шүүгдэгч Д.Б , гэрч Б.Э , М.Батбаяр нарын зүгээс талийгаачийг амрах өрөөний орон дээр хэвтүүлсэн ба 2 цагийн дараа буцаж орж ирэхэд орноос унасан байдалтай хэвтэж байсан гэж мэдүүлдэг. Гэтэл орон дээрээс унах үед талийгаач гэмтэл авах боломжтой эсэх талаар мөрдөгч, прокурорын зүгээс шинжээч эмчээс асууж тодруулаагүй байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч прокурор нь шинжээчтэй шууд харилцан гаргасан дүгнэлттэй нь холбоотой тодруулах асуудал байвал мэдүүлгээр авч болдог, харин өмгөөлөгчид хуулиар ийм боломж байхгүй тул анхан шатны шүүхэд шүүгдэгч Д.Б болон өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн зүгээс удаа дараа шинжээч нарыг оролцуулан гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан асуулт асуухаар хүсэлт гаргасан боловч тус хүсэлтийг нь хүлээж авахгүй хэтэрхий яллах талыг баримталж цагаатгах талын мэтгэлцэх боломжийг нь хязгаарласан. Энэ байдлаас шалтгаалан шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүйгээс болж хуульчид бид өөрсдөө шинжээчийн дүгнэлтийг тайлбарлах нөхцөл байдалд хүрч байна. Анхан шатны шүүх яллах, цагаатгах талын тэгш эрхийг хангаж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр гэм буруугийн асуудлыг дүгнэх учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Д.Б нь талийгаачийг алсан үйлдэл нотлогдон тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсний дагуу шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү.
Эрүүгийн хариуцлагын тухайд хэрэв давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Д.Б ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэвэл анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөхийг өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Шүүгдэгч Д.Б ын хувийн байдал нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, насны хувьд одоо 60 настай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тус заалтын 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдлоо дэмжин оролцож байна. Улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан хохирогчийг шатнаас татаж унагаж, өшиглөж, өвдөглөсний улмаас амь насаа алдсан байна гэж дүгнэсэн. Камерын бичлэгт татаж унагаж, өшиглөж, өвдөглөж байгаа дүрсүүд харагдах боломжгүй. Энэ хэргийг эргэлзээтэй болгож байгаа нэг зүйл нь талийгаачийн хамгийн сүүлийн хэлсэн үг байгаа. Гэтэл шүүх эргэлзээтэй байдлыг тайлахын тулд гэрчүүд болон шинжээчийг шүүх хуралдаанд оруулах саналыг урьдчилсан хэлэлцүүлгээр удаа дараа тавьсан байдаг. Эцэст нь шүүх энэ хэргийг урьдчилан шийдвэрлэсэн байсан учраас шүүгч нар энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзахад хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл нотлох баримт шинжлэн судлахтай холбоотой хуульд заасан үйл ажиллагаа явуулахаар шүүх байнга зайлсхийж байсан учраас энэ хэрэгт цагаатгах талын нотлох баримтыг хэрэглэхгүй, яллах талын нотлох баримтыг барьж хэргийг шийдвэрлэсэн тул хэргийг бодит үнэнийг тогтоож чадаагүй.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс Д.Б амь хохирогчийг шатнаас түлхэж унагаасан, өшиглөх, өвдөглөх зэрэг үйлдлийн улмаас тархинд нь хүнд битүү гэмтэл учруулж амь насыг нь хохироосон дүгнэж гэм буруутайд тооцсон. Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж чадаагүй. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдаанд тогтвортойгоор мэдүүлдэг. Шүүгдэгч цэцэрлэгээс амь хохирогчийг авахаар очсон байдаг. Цуг байсан хүнд нь яагаад нэгнийгээ уруу татаж архидаад байгаа юм бэ. Та нарыг цагдаагийн байгууллагад хэлнэ шүү гэж утсаар залгаж ярьсан байдаг. Энэ үед амь хохирогч өөрөө шатнаас унасан гэж хэлсэн байсан энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Мөн гэрч А.Б-ийн мэдүүлэг хавтаст хэргийн 42, 45, 47 дугаар талд авагдсан. Хэрэг болох үед байсан цорын ганц гэрч нь А.Б байдаг. Түүний мэдүүлэгт тухайн шөнө Д.Б ах хаалган дээр талийгаачийг дуудаад байхаар нь би талийгаачийг аваад хамт гаднах хаалгыг тайлж өгсөн. Тэгэхэд Д.Б ах их ууртай, талийгаачийг ажлаа хий үхсэнээ хийгээд архи уугаад байгаа юм бэ гээд загнаад байсан. Талийгаачийг хаалгаа татаад гаргахаар нь би хаалгаа түгжээд өрөө рүүгээ явсан. Тэр хоёр гаднах довжоон дээр үлдсэн. Талийгаач өөрийгөө хянах чадваргүй их согтолттой байсан. Талийгаачийг Д.Б ах куртикнээс нь татаад гаргасан. Тэр үед шатнаас унаагүй гэж мэдүүлсэн байдаг. Гэрч амь хохирогчийг шатан дээр үлдсэн, харин шатнаас унаагүй гэдгийг хэлээд байгаа юм. Гэрч Эрдэнэжаргалын мэдүүлэг би уурын зуухныхаа галлагаагаа хийгээд байж байхад Д.Б ах Ч.Т хоёр уурын зуухны өмнө зогсож байсан. Талийгаач Ч.Т-ын дух нь зулгарч, зүүн чихнээс нь цус гарсан байхаар нь яасан юм бэ гэж асуухад талийгаач Ч.Т шатан дээрээс уначихлаа гэдгээ хэлж байсан. Хэрэв шатнаас унаагүй бол миний үйлчлүүлэгч зодсон, цохисон бол тэр үед яагаад ингэж хариулав. Энэ мэдүүлгээр Д.Б ын ярьж байгаа мэдүүлэг нь нотлогдож байна гэж харж байна. Насанд хүрээгүй хохирогч Энхзул тухайн хэрэг болсны дараа эгчийг нь дуудахаар гэрт нь очих үед байсан хүүхэд. Миний үйлчлүүлэгч гэрт нь ороод талийгаачийг шатнаас уначихлаа гээд ээжийг нь аваад явсан гэж охин мэдүүлдэг. Мөн гэрч Б-ын хувьд тухайн уурын зууханд гарч байсан хүмүүсийн ээлжийн дарга ажилтай хүн байгаа, түүний мэдүүлэгт би 22 цагийн орчим уурын зуухан дээр очиход талийгаач амралтын өрөөний орон дээр хэвтэж байсан. Би Д.Б-д Ч.Т ыг сэрэхээр нь ажилд нь гаргаарай, ээлжийн хүн нь олдохгүй байна гэж хэлээд явсан. Тэгээд 23-н цаг өнгөрч байхад Д.Б над руу залгаад Ч.Т-ын хоолой нь дуугараад сонин болоод байна гэж хэлэхээр нь түргэн дууд гэж хэлсэн. Би уурын зуухан дээр очиход талийгаач орны урд талд дээш гараад хэвтэж байсан. Талийгаачийн баруун талын дух нь цус болсон байсан гэсэн мэдүүлэг байгаа. Орон дээрээс талийгаач унасан шүү гэдгийг миний үйлчлүүлэгч болон гэрч Д.Б мэдүүлсэн байхад анхан шатны шүүх үүн дээр дүгнэлт хийгээгүй. Мөн 10-н номерын гэрэл зургийн үзүүлэлт нь амь хохирогч орон дээрээс ойчиж ямар байдалтай байсан юм бэ гэдгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт байгаа юм. Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газраас чанарыг нь сайжруулж ирүүлсэн дуу дүрсний үзлэг, тэмдэглэл хийсэн байдаг. Цэцэрлэгийн гадна болон дотроос хийсэн бичлэгт шатнаас хэн нэгэн амь хохирогчийг түлхэж унагааж байгаа нэг ч дүрс бичлэг байхгүй. Гэрч Н-ийн мэдүүлэгт Цагдаагийн байгууллагын албан хаагч нарт манай үйлчлүүлэгч тухайн үед дуудлага өгсөн. 7 дугаар цэцэрлэгийн ажилтан нэгнийгээ уруу татаж архидаад байна гэж хэлсэн. Миний үйлчлүүлэгч анх хохирогчийг гарч ирэхэд би чамайг цагдаад өгнө шүү гээд цэцэрлэгийн жижүүр ингэж хэлсэн гэдгийг нотолж байгаа нэг хэлбэр юм. 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4 дугаартай цогцост үзлэг хийсэн дүгнэлтээр амь хохирогчийн нас барах болсон гол шалтгаан нь гавал тархины битүү хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж тодорхойлсон. Дээрх нотлох баримтуудыг дүгнээд үзвэл хэрэгт авагдсан баримтаар миний үйлчлүүлэгч шат руу хохирогчийг түлхэж унагаасан гэдгийг нотолсон нэг ч баримт байхгүй. Харин ч цорын ганц гэрч нь амь хохирогч амьд байхдаа би өөрөө унасан гэж хэлсэн байдаг. Прокурор болон анхан шатны шүүхийн үзээд байгаа баримт нь цэцэрлэгийн дотор гадна талын камерын бичлэг байгаа. Амь хохирогчийг А.Б хөтлөөд явж байхад нь амь хохирогч бараг явж чадахгүй, хөл гар нь ч хаана яваагаа мэдэхгүй түвшинд хаалгаар гаргаж, гараад хаалга хаалттай чигээрээ гэрч А.Б 13-н секунд болдог. Энэ гэрч хаалгаа хаагаад буцаад явсан гэрч биш байгаа. Гэрчийн мэдүүлгээс гадна камерт авсан мэдүүлгээс шууд татах хөдөлгөөн хийгээд унасан асуудал байхгүй. Гадна талын камерын бичлэгт унаж байгаа нь харагдана. Харин тодосгогчтой хувцастай этгээд очоод 2 хөдөлгөөн хийдэг. Нэгдүгээрт өшиглөнө, өндийлгөж босгож байгаад нуруу руу нь хэвлий буюу аарцаг хавьд нь өшиглөдөг. Энэ 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гавал тархины битүү гэмтлээс болж нас барсан гэсэн. Хэрэв цохисон этгээдийн үйлдэл өшиглөсөн үйлдэл байлаа ч гэсэн үхэлд хүргэсэн үйлдэл биш байна гэж харж байгаа. Анхан шатны шүүх шатнаас унасан үйлдэлд огт дүгнэлт хийдэггүй. Миний үйлчлүүлэгч тухайн газраас талийгаачийг өргөж яваад ажилчдынхаа амрах өрөөнд оруулахдаа Э бид хоёр цуг орсон. Би орон дээр дээшээ харуулаад хэвтүүлсэн. Э-ын мэдүүлэгт талийгаачийг дээшээ хараад хэвтүүлсэн. Дарга ирж шалгахад хэвтэж байсан. Дараа нь хэсэг хугацааны дараа буюу 9-н цагт очсон. Харин 23-н цагийн үед буцаад ороход нөгөө амь хохирогч хоолой нь сонин болсон газар хэвтэж байсан гэдэг. Тэгэхээр цаг хугацааны хувьд 2, 3-н цагийн дараа энэ асуудал болоод байна. Талийгаач орноос унаад гэмтэх боломжтой эсэхийг тогтоож, шинжээчээс мэдүүлэг аваагүй. Анхан шатны шүүх орноос унасан үйлдлийг дурддаггүй. Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийнх нь зүгээс удаа дараа анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулъя, гарсан дүгнэлттэй холбоотой асуулт асуух гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хангаж шийдвэрлээгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хоёр талын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. П.Адьяасүрэн өмгөөлөгчийн яриад байгаа шинжээчийг оролцуулахгүй хэтэрхий яллах талыг бариад байгаа нь оролцогчийн эрхийг зөрчөөд хязгаарлаад байгаа юм. Миний үйлчлүүлэгчийн хувьд татаж унагаасан үйлдэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн 3-н удаагийн мэдүүлэгт би өшиглөөгүй, цохиогүй гэдэг. Мөн тухайн тодосгогчтой хувцастай этгээд би биш гэдгээ мэдүүлдэг. Тэр хүн ямар үйлдэл хийсэн бэ гэхээр хэвлий нуруу хоёрт өвдөглөж байгаа юм, энэ хоёр үйлдэл нь хохирогчийн гавал тархины гэмтэлд учруулах үйлдэл биш. Анхан шатны шүүхийн шийдвэртээ хөнгөрүүлэх үндэслэл байхгүй гэж дүгнээд байдаг. Харин өмгөөлөгчийн хувьд хөнгөрүүлэх үндэслэл байна гэж үздэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Ажлын байрандаа архидаад байгаа нөхцөл байдал нь хохирогчийн өөрийнх нь хууль бус үйлдэл, эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийн хувийн байдал, ам бүл, ажил хөдөлмөр тогтвортой байдал болон шүүгдэгч Д.Б нь 60-н нас хүртлээ гэмт хэрэг үйлдэж байгаагүй нөхцөл байдлыг харгалзан хуульд зааснаар хорих ялыг нь багасгаж өгнө үү гэв.
Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгээс гаргасан гомдолд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзэлгүйгээр зөвхөн яллах талын эргэлзээтэй баримтуудын хэмжээнд дүгнэлт хийсэн гэж байна. Гэрч А.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн эхний удаагийн мэдүүлгээр уг гэмт хэргийг Д.Б үйлдсэн болохыг ирүүлсэн. Уг мэдүүлгийг гэрч А.Б нь дахин мэдүүлэг авахад өөрчилсөн байсан. Хэрэв А.Б г шүүх хуралдаанд оролцуулсан бол түүний мэдүүлгийг бодитоор дүгнэлт хийх боломжтой байсан. Мөн Гэрч Эрдэнэжаргалын мэдүүлэг 7 дугаар цэцэрлэгт өөр хүн байсан тухай хэрэгт авагдаагүй боловч нөхцөл байдал эргэлзээтэй байна гэсэн. Мөн амь хохирогч нь тухайн цаг хугацаанд ээлжийн галчаар ажиллаж байсан бөгөөд архи уугаад ажлаа хийгээгүй байсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдсон. Нацаг гэдэг хүний талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байна. Тухайн цаг хугацаанд амь хохирогчийн биед өмнө нь гэмтэл учирсан уу, эсвэл хэн нэгэн биед нь гэмтэл учруулсан уу гэдэг дээр мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Цуг амьдарч байсан болон хамт ажиллаж байсан хүмүүсээс мэдүүлэг авдаг. Тухайн цаг хугацаанд цэцэрлэгийн жижүүр, уурын зууханд 2 хүн, талийгаач гээд 4-н хүн байсан байдаг. Цэцэрлэгийн жижүүр А.Б гийн тухайд тухайн үед гадаа гараад зогсож байхад талийгаач уурын зуухны үнсээ зөөгөөд явж байсан. Тэгэхэд нь архи уух уу гэж хэлэхэд тэгье гээд архи уусан байдаг. Тэгээд Эрдэнэжаргал Д.Б дээр ирж талийгаачийг архи уугаад байна гэж хэлдэг. Шүүгдэгч цэцэрлэгийн үүдэнд очиж байгаа нь тогтоогддог. Анхан шатны шүүх хуралдаанд камерын бичлэгт амь хохирогчийг шатнаас өшиглөх үйлдэл гаргасан нь цэцэрлэгийн камерын бичлэгт дүрс буугаагүй нөхцөл байдал байдаг. Гэрч А.Б гээс 4-н удаагийн мэдүүлэг авсан. А.Б архи согтууруулах ундаа зүйл уусан нь тогтоогддог. Энэ нь камерын бичлэгт ч тодорхой харагдана. Энэ нь цэцэрлэгийн гадна талын камерын бичлэгт бичигдсэн. Цэцэрлэгийн үүд 2 давхар хаалгатай байгаа. Гэрч А.Б нөхцөл байдлыг харсан байх боломжтой гэсэн боловч мэдүүлэг өгөхөөр үүнийг санахгүй байна, Д.Б ах Ч.Т ыг загнаад байсан учраас би айгаад сандарч хаалгаа буцаагаад хаасан гэж тайлбарладаг. Гэрч А.Б гийн мэдүүлгийг үнэлж байгаа нэг агуулга нь хэрэгт авагдсан камерын бичлэг байдаг. Камерын бичлэгт дурдаж байгаа канттай хувцастай хүний хөдөлгөөн үйл хөдлөлийг нь тодорхойлох боломжтой. Дотор талын камерын бичлэгээс секундын зөрүүгүй гадна талын камерын бичлэгтэй таарч байгаа юм. Сая шүүгдэгч өшиглөөд өвдөглөөд байгаа үйлдлийн хувьд шинжээчийн дүгнэлтэд дурдсанд эргэлзээтэй байна гэж би ойлгож байгаа. Тухайн 2 хүний үйлдэл үргэлжилж шатнаас унаж байгаа үйлдэл байгаа. Цаад талын цемент дээр цус асгараагүй харагдаж байна. Энэ бичлэг өнгөт биш учраас цусны толбо харагдахгүй байна. Амь хохирогчийн толгой чихнээс цус гарсан нь тодорхой харагддаг. Амь хохирогч шатнаас унаж гэмтэхэд зулгаралт үүсэх боломжтой. Гэтэл шатнаас унаснаас үүдэлтэйгээр энэ хүний тархинд гэмтэл учрах боломж бага байна. Яагаад гэвэл шатнаас унасан бол зулгаралт үүснэ. Гэтэл талийгаачийн толгойд нь зулгаралт байхгүй байгаа юм. Энэ байдлыг камерын бичлэгтэй харьцуулж дүгнэхэд ч гэсэн үндэслэл бүхий харагдаж байгаа. Иймд гэмт хэргийн шинжтэй холбогдуулж тайлбарлах шаардлагатай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж тухайн ямар нөхцөл байдлыг гэмт хэрэг гэж үзэх вэ гэдэгтэй холбож тайлбарлана. Түүнээс шүүгдэгч Д.Б би хохирогчийг алах зорилго байгаагүй, зүгээр л ах хүний хувиар архи уугаад байна, ажлаа хий гэж загнасан гэдэг байдлаар тайлбарладаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн гомдол нь шүүгдэгчийг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг дурдлаа. Энэ хэрэг гэрч Э, насанд хүрээгүй гэрч Э, гэрч Б нарын мэдүүлгүүд, талийгаачийн цогцост хийсэн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт, 4 дугаартай цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт гэх мэт дүгнэлтүүдийг үнэлсэн байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа шиг орноос унасан байдалтай гэдэг буюу орны урд талд дээшээ харсан байдалтай нас барсан байсан. Цагдаагийн байгууллагын алба хаагч нар эмнэлгийн байгууллагаас хүн ирж энэ хүн чинь нас бараад зөндөө удсан байна гэж хэлсэн. Шүүгдэгч өөрөө би хүн алчихлаа одоо яанаа гэсэн яриа тэнд болсон байсан гэдгийг ч мэдүүлж байгаа. Амь хохирогчийг уурын зуухны орноос унасан байж болзошгүй гэдэг агуулгатай хэргийн газрын үзлэгийг хийсэн. Тухайн цаг хугацаанд амь хохирогчийн толгой цустай, гар хөл нь уурын зууханд ажилладаг хүний гар ямар байх вэ гэдгийг талийгаачийн хууль ёсны төлөөлөгч болон бусад гэрчүүдээс тайлбарладаг. Талийгаачийн толгой нүүр гараа угаагаад цэвэрлэсэн гэдэг байдлууд ч мөн тайлбарлагдаж байгаа. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай баримт авагдсан байна гэж мэтгэлцсэн байдаг. Камерын бичлэгт талийгаач бусдын үйлдлийг эсэргүүцэх чадвар нь төдийлөн сайн харагдахгүй согтолттой байсан. Тухайн цаг хугацаанд цэцэрлэгийн жижүүр А.Б нь шүүгдэгч Д.Б талийгаач нар үүдэнд зогсож байсан. Цэцэрлэгийн давхар хаалган дотор гэрч Г.А.Б тодорхой цаг хугацаанд байсан. Гэхдээ Г.А.Б г хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэл бүрэн биш байгаа. Харин эсрэгээрээ хэрэгт үзсэн харсан нөхцөл байдлаа тайлбарлахгүй байгаа гэдгийг хэлж байна. Шинжээч эмчээс хэрэгт тодорхой мэдүүлгийг авсан. Талийгаачийн болгоомжгүй үйлдлээс болж учруулсан байх боломжтой. Эсвэл шатнаас унахдаа бусдын үйлдлээс холбоотой байх боломжтой юм уу гэдгийг тодорхой асууж тодруулсан. Анхан шатны шүүх хуралдаанд камерын бичлэгтэй холбоотой шинжээч нарыг оролцуулъя гэдэг агуулга яригдсан. Шүүх шинжилгээний ерөнхий газраас тусгай сайжруулж камерын бичлэг ирүүлсэн учраас камерын бичлэг дээр гарч байгаа дүрс зураг нь шүүгдэгч Д.Б мөн байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн дүрсийг тодруулж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан. Энэ канттай хувцас гэрэлтээд фото зураг биш учраас шүүгдэгчийн хөдөлж байгаа үйл хөдлөл эхнээс нь дуустал хөдөлгөөнд оролцож байгаа юм. Модны цаанаас гарч ирж буцаад модны цаагуур орж байгаа гэдэг нь нэлээн цаашлахаар энэ хүний канттай хэсэг нь харагдаад бусад хэсэг нь ямар хувцастай байсан вэ гэдгийг нь тодруулах бүрэн боломжтой. Гэрч Г.А.Б тухайн цаг хугацаанд Эрдэнэжаргал нар таньж олуулах ажиллагаа явуулсан.
Иймд хэргийн үйл баримт тогтоогдож шүүгдэгч Д.Б нь үйлдсэн болох нь тогтоогдсон учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Тухайн өдөр талийгаач 7 дугаар цэцэрлэг рүү орсон. Тухайн 7 дугаар цэцэрлэгт орсны дараа талийгаачийг тухайн цэцэрлэгээс авсан хүн нь шүүгдэгч Д.Б мөн болох нь тогтоогдсон. Шүүгдэгч мөн тухайн талийгаачийг очиж авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хэрэгт авагдсан цэцэрлэгийн камерын бичлэгт талийгаачийн биеийн байдал, хоёр хөлөөрөө алхаад тухайн цэцэрлэгээс гардаг. Талийгаач үүний дараа шатнаас унасан байдаг. Мөн өшиглүүлдэг. Дараа нь босож чадахгүй болдог. Энэ талаар бичлэгт харагддаг. Тэгээд түшүүлээд аваад явсан байдаг. Тухайн цэцэрлэг дотор дахиж ирсэн, өөр хүн байгаагүй гэдэг нь тогтоогддог. Өмгөөлөгчийн гомдолтой холбоотой эрүүгийн хариуцлагын тухайд хохирогчийн зүй бус үйлдэл байсан байж болзошгүй гэдэг байдлаар тайлбарлаж хэллээ. Тэгэхээр тухайн хүн ажлын байран дээрээ байхгүй байснаар энэ хүн амь насаараа хохирох ёсгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байхгүй.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр хүлээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна. Би ээлжийн ахлагчийн хувьд талийгаачийг хамгаалалтдаа аваад явсан байгаа. Би Ч.Т ыг өшиглөх татах үйлдлүүдийг нэг нь ч хийгээгүй. Би оройн хоол хийгээд уурын зуухны амралтын өрөөнд байхад гаднаас Эрдэнэжаргал орж ирээд Буяа ахаа Ч.Т хойд талын цэцэрлэг рүү ороод цаг гаруй боллоо, гарч ирэхгүй байна. Би шөнөжингөө ганцаараа галлаж чадахгүй гэж хэлсэн. Би ээлжийн ахлагч байсны хувьд Эрдэнэжаргалд ах нь чамайг хоёр цаг амраана гэж хэлсэн. Тэгээд би цэцэрлэг дээр яваад очиход гадна дотно гэрлүүд унтраалттай байсан. Би голын хаалгыг нь нэг татахад цоожтой байсан. Тэгэхээр нь амралтын өрөөний нэг давхрын цонхоор харахад юм харагдахгүй шахуу байсан. Би энд байгаа гэдгийг нь Эрдэнэжаргалаас мэдсэн учраас хаалгыг 2-3 удаа тогшоод Ч.Т аа чи ажлаа хийхгүй ямар хэцүү юм бэ гэж хэлэхэд дотор чимээ гараад эхэлсэн. Би цагдаагийн байгууллагын 7032102 гэсэн дугаар луу залгасан. Энэ үед А.Б гадна талын хаалгыг онгойлгоод Ч.Т ыг гаргаж ирсэн. Энэ үед гадна талын хаалгыг нь би барьж байгаад гаргасан. Би чиний оронд хэн галлах юм, чи хэлсэн ярьсандаа байхгүй гэж хэлээд шалыг 2 удаа дэвсэлж тайвшралыг авсан. А.Б түрүүлээд хаалгаа цоожилсон. Тэгээд хаалгаа цоожлохоор Ч.Т намайг шүргээд л алхаад ирсэн. Би залгасан дугаараа харуулж байхад А.Б голын хаалга болох коридорын хаалга руугаа яваад орсон. Цагдаагийн байгууллагын жижүүр утсаа аваад байна уу гээд эргээд харахад талийгаач гадна талын шалан дээр унасан байсан. Цагдаад 7 дугаар цэцэрлэгийн жижүүр манай уурын зуухны ээлжийнхнийг удаа дараа уруу татаж архидаад байна гэж хэлэхэд манай байгууллага эрүүлжүүлэхгүй байгаа тухайн асуудлыг танай байгууллага хариуцна гэж хэлсэн. Тэгээд Ч.Т ыг зүүн мөрөн дээрээс нь татаж зүүн тийш нь эргүүлээд нүүрийг нь харахад цус болоогүй байсан. Би Ч.Т ыг өргөх гэж хоёр удаа оролдсон. Би Ч.Т ыг даахгүй, Э-ыг дагуулаад ирье гэж хэлэхэд Ч.Т толгой дохисон. Тэгэхээр нь би Ч.Т ыг үлдээгээд уурын зуух руу гүйгээд Эрдэнэжаргалаас тусламж гуйсан. Намайг очиход Эрдэнэжаргал уурын зуухны гадна талын хаалган дээр хойшоогоо хараад зогсож байсан. Би очоод аваад ирье гэхэд шууд татгалзсан. Яагаад ямар учраас татгалзсан болохыг би мэдэхгүй байгаа. Тэгэхээр нь би ахиж гуйгаагүй буцаад л Ч.Т дээр ирэхэд гадаа хүйтэн байсан. Намайг очиход Ч.Т анх орхисон газраасаа 5, 6 алхмын зайтай цэцэрлэгийн гадна талын 2 өндөр довжооны урд талын сүүдэр туссан хоёр дахь шатыг түшүүлсэн байдалтай байсан. Цээжнээс дээшээ нүүр нь харагдахгүй сүүдэр газар байсан. Би миний хүү босоорой хоёулаа явъя гээд хоёр гараараа миний цээжинд тулаад ажлын цамцнаас бариад татах үйлдэл хийсэн. Би ч өргөх үйлдэл хийсэн. Би Ч.Т ыг баруун гар талаараа ууцны араар нь нөгөө зүүн гар талыг зүүн гараараа урд талдаа бариад бид хоёр зэрэгцэж явж ирэхэд чихнээс нь цус гарсан байдалтай харагдсан. Тэгээд уурын зуухан дээрээ ирэхэд Эрдэнэжаргал яасан юм гэж асуухаар нь шатнаас унасан байна гэж хэлсэн. Бид 3 уурын зуухны амралтын өрөөн дотор орж Ч.Т ыг орон дээр хэвтүүлээд Батбаяр луу утсаар залгаж Ч.Т ахиад А.Б тэй нийлээд архи уусан байна, шатнаас ойчсон байна гэж хэлэхэд би очлоо гэсэн. Тэгээд Батбаяр ороод ирсэн юм. Батбаяр юу болсон бэ гэхээр нь болсон процессыг ярьсан. Батбаяр хараад зүгээр л байна, босоод ирэхээр нь галлагааг нь хийлгээрэй би явлаа гээд гарахаар нь араас нь дагаж гарч 3-н хүн гарах ёстой гэхэд харанхуй шөнө болсон хойно хэн ирэх вэ чи хоно гээд явсан. Тэгээд өрөө рүү буцаад ороход Ч.Т орноос ойчсон байхаар нь босгоод дэргэд нь жоохон сууж байгаад гарч 4-н зуухыг эргэсэн. Тэгээд ирэхэд Ч.Т их сонин хурхираад царай нь хөхрөөд байх шиг байхаар нь бачимдаад Батбаяртай утсаар ярьж хэлээд би эгчийнх рүү нь явж байна гэж хэлсэн. Батбаяр надаас чи түргэн дуудсан уу гэж асуусан. Би дуудаж амжаагүй байна гэсэн. Тэгвэл би дуудъя чи эгчийнх рүү нь яв гэж хэлсэн. Ингээд 4 дүгээр хороонд байдаг эгчийнд нь очиж хашааны хаалгыг даваад гэрийн хаалгыг нь тогшиж байх хугацаандаа надаас битгий айгаарай, би ажлын газрын хүн нь байна, хаалгаа онгойлгоорой гэхэд тухайн айлын нэг эмэгтэй хүүхэд онгойлгож өгсөн. Том хүн байна уу гэхэд байгаа гэсэн. Тэгээд гэрт нь ороход эгч нь орон дэрээ өндийгөөд суусан байсан. Тэгээд болсон зүйлийг хэлэхэд эгч нь жоохон дургүйцэж байгаад сүүлдээ явахаар болсон. Ингээд уурын зуухан дээр ирэхэд түргэний эмч хамт ирсэн. Эмч үзээд гарсан. Би эмчийг дагаж гараад А.Б гийн гэр бүлийн болох хүн рүү нь залгаад танай А.Б тэй хамт архи уусан хүн нас барсан байна гэж хэлсэн. Эмч яваад 10 минутын дотор л болсон үйл явдал байгаа. Би А.Б гийнд очиход зүүн талынхаа орон дээр буруу хараад хэвтсэн байсан. Би Нацагаас хэзээ ирсэн гэж асуухад түрүүхэн согтуу ирсэн гэхээр нь согтуу байгаа болохоор ажил руу битгий явуулаарай, манай ажлын ээлжийн хүү бурхан болчихлоо гэхэд цаадах чинь дэлгүүрээс архи авсан гэсэн гэж хэлсэн. Энэ нь дэлгүүрийн камерт бичигдсэн байх гэж бодож байна. Тухайн үед их айсан байдалтай надад тэгж хэлсэн. Тэгээд намайг гэртээ ор гээд шалаад байхаар нь ороход 2 рунк архи хийж өгөхөөр уусан. Би ууснаа мэддэггүй. Тэр үед сэтгэл их гонсойсон байсан. Эсвэл бачимдсан байх гэж боддог. Тэгээд буцаад уурын зуухан дээр ирэхэд цагдаагийн байгууллага ирсэн үзлэг хийж байсан.
Иймд намайг хилс хэрэгт хэлмэгдүүлж байгааг та бүхэн цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, Д.Мөнх-Эрдэнэ нарын гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгээс ... Анхан шатны шүүхийн шүүхэд гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж байсан нь хэргийн бодит үнэнийг тогтоох боломжгүй болсон. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүх хуралдаанд оролцогчийн эрхийг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Гэрч А.Б г шүүх хуралдаанд оролцуулсан бол түүний байнга өөрчлөгдөж буй мэдүүлэгт бодитой дүгнэлт хийж болох байсан. Үүнд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Мөн шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирогчид учирсан гэмтлийг дангаараа учруулах боломжтой эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...гэх,
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнээс ... Д.Б амь хохирогчийг шууд шатан дээрээс татаж унагаагүй гэдгийг гэрч А.Б , түүнчлэн талийгаач амьд байхдаа гэрч Б.Э д өөрөө шатнаас оочсон гэдгээ хэлсэн зэрэг нотлох баримтаар амь хохирогч Ч.Т шатнаас Д.Б түлхэж унагаасан гэх үйлдэл нь үгүйсгэгддэг. Хэрэгт авагдсан 7 дугаар цэцэрлэгийн дотор, гаднаас бичсэн камерын бичлэг байх боловч тус бичлэгт шүүгдэгч хохирогчийг түлхэж унагаж буй дүрс бичигдээгүй. Камерын бичлэгт гарч буй тодосгогчтой хувцастай этгээд нь амь хохирогчийн толгойн тус газар нь цохих хөдөлгөөн хийж буй нь харагдахгүй байна. Энэ нөхцөл байдлаас харвал талийгаачийг үхэлд хүргэсэн гавал, тархины гэмтлийг толгойноос бусад хэсэгт цохих үед учруулах боломжгүй юм. Шүүгдэгч Д.Б , гэрч Б.Э , М.Б нарын зүгээс талийгаачийг амрах өрөөний орон дээр хэвтүүлсэн ба 2 цагийн дараа буцаж орж ирэхэд орноос унасан байдалтай хэвтэж байсан гэж мэдүүлдэг. Гэтэл орон дээрээс унах үед талийгаач гэмтэл авах боломжтой эсэх талаар мөрдөгч, прокурорын зүгээс шинжээч эмчээс асууж тодруулаагүй байдаг. Шүүгдэгч Д.Б болон өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн зүгээс удаа дараа гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулан гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан асуулт асуухаар хүсэлт гаргасан боловч тус хүсэлтийг нь хүлээж авахгүй хэтэрхий яллах талыг баримталж цагаатгах талын мэтгэлцэх боломжийг нь хязгаарласан. Анхан шатны шүүх яллах, цагаатгах талын тэгш эрхийг хангаж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр гэм буруугийн асуудлыг дүгнэх учиртай. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулга бүхий гомдлуудыг гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шийтгэх тогтоол хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь: Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгээс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гэрч А.Б , М.Б, Д.Б, шинжээч Д.М, Г.Г нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг гаргасан байна. Гэтэл анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/124 дугаартай захирамжаар дээрх гэрч, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулахгүй, ямар үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн талаарх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, яллагдагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй талаар хуульчилсан байхад анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/142 дугаартай захирамжид ...хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянаж үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, яллагдагчийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой талаар дүгнэж шийдвэрлэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гаргаж болохоор хуульчилсан. Гэтэл 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн ...гэрч А.Б , Б.Э , М.Б, Н.Н, Д.Б, шинжээч эмч М.О, Д.М, Г.Г нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШТ/08 дугаартай тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг зарласан ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов зарласан шүүгчийн захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд шинжээч Д.М, Г.Г нарыг оролцуулах шаардлагагүй гэж үзэж дээрх хүсэлтийг үндэслэл заалгүйгээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, мөн харилцан зөрүүтэй нотлох баримт байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б.ЦЭРЭНПҮРЭВ