Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 130

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 207/МА2018/00130

 

 

Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарын

нэхэмжлэлтэй хариуцагч Х.Жанцансамбууд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00913 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х.Жанцансамбууд холбогдох,

Улсын бүртгэлийн 20110066111 дугаартай, регистрийн 2668009 дугаартай, Даниста-Од ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдэгийг Х.Жанцансамбуугаас албадан гаргуулж, Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарт олгуулж, Даниста-Од ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг Б.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгөхийг Х.Жанцансамбууд даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бат-Оргил, хариуцагч Х.Жанцансамбуу, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол улсын иргэд болох Ц.Энхболд, Д.Дамбапэлжээ, Х.Жанцансамбуу нар нь 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Даниста ХХК-ийг үүсгэн байгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар Даниста ХХК-ийн оноосон нэрийг Даниста од ХХК болгон өөрчилж, 2006 оны 12 дугаар сарын 20-ны улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ц.Энхболд нь нас барсан тул өв залгамжлалын дагуу түүний эхнэр Б.Эрдэнэнцэцэг уг компанийн хувьцаа эзэмшигчээр орж, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Даниста од ХХК-ийн дүрэмд тусгагдсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 288491612 төгрөг бөгөөд түүний 44 хувийг нь Б.Эрдэнэцэцэг, 44 хувийг нь Д.Дамбапэлжээ, 12 хувийг нь Х.Жанцансамбуу нар эзэмшдэг. Даниста од ХХК нь Орхон аймагт худалдаа, үйлчилгээний Даниста зах-ыг шинээр барьж, ашиглалтанд оруулж, тус захаараа байнгын үйл ажиллагаа явуулсаар байна. Х.Жанцансамбуу нь өнгөрсөн хугацаанд Даниста од ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж, компанийн үүсгэн байгуулах баримт бичгүүд болон тамга, тэмдгийг эзэмшиж, компанийн эд хөрөнгө, мөнгийг захиран зарцуулж, банк санхүүгийн холбогдолтой бүхий л баримтанд гарын үсэг зурж, баталгаажуулж байсан. Х.Жанцансамбуу нь эхэндээ компанийн гүйцэтгэх удирдлагын ажлыг хэл амгүй, зөрчилгүй хийж байсан боловч харин 2008 оноос эхлэн удирдлагын болон ажлын зөрчил дутагдал гаргаж, компанийн хөрөнгө мөнгийг үрэлгэн, замбараагүй захиран зарцуулж, санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалт хийлгэхгүй, саад хийж, ажилчдынхаа цалин хөлсийг олгохгүй тасалдуулах, татвар, нийгмийн даатгалын байгууллагуудад өр төлбөр үүсгэж, хувьцаа эзэмшигч нарын санал, шаардлагыг үл тоож, эрх барих байгууллагын шийдвэр, тогтоолыг үл биелүүлж, тэднийг хэл амаар доромжлох зэрэг ёс зүйгүй, хууль бус үйлдэл, эс үйлдэл гаргах болсон. Даниста од ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 88 хувийг эзэмшигч хувьцаа эзэмшигч нарын зүгээс удаа дараа Хувь нийлүүлэгчдийн хурлыг зохион байгуулж, улмаар гүйцэтгэх удирдлага Х.Жанцансамбууд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 01 тоот бичгээр шаардлага хүргүүлсэн боловч тэрээр хүлээн авч, биелүүлэхээс татгалзсан. Тиймээс Даниста од ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлын 02 тоот тогтоол (хувьцаа эзэмшигчдийн 88 хувийн саналаар)-оор Х.Жанцансамбууг компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд тус компанийн 44 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэцэцэгийг томилсон. Даниста од ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарын зүгээс Х.Жанцансамбууг гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн тул ажлаа хүлээлгэж өгөх, улмаар компанийн эд хөрөнгийг захиран зарцуулахгүй байх шаардлагуудыг түүнд удаа дараа бичгээр хүргэж байсан. Хамгийн сүүлд Даниста од ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарын зүгээс Х.Жанцансамбууг гүйцэтгэх захирлын ажил, компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Б.Эрдэнэцэцэгт шилжүүлэн өгөхийг бичгээр шаардсан боловч тэрээр одоог хүртэл биелүүлээгүй байна. Иймд тухайн асуудлаар шүүхэд хандаж байна. Тиймээс Улсын бүртгэлийн 20110066111 дугаартай, регистрийн 2668009 дугаартай, Даниста од ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг Х.Жанцансамбуугаас албадан гаргуулж, Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарт олгуулж, Даниста од ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг Б.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгөхийг Х.Жанцансамбууд даалгаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Х.Жанцансамбуу шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би анх 2002 онд өөрийн найз Ц.Энхболдтой хамтарч Даниста-Од ХХК-ийг үүсгэн байгуулж бүтэн 16 жил удирдаж ирсэн бөгөөд Орхон аймгийн Эрдэнэт хотод том хэмжээний үйлчилгээний зориулалттай барилга бариулж одоо үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.Миний бие өөрийн үүсгэн байгуулсан компанидаа ямар ч хохирол учруулаагүй. Хөрөнгө мөнгийг буруу зүйлд захиран зарцуулсан юм байхгүй. Нэхэмжлэл гаргаад байгаа хүмүүс нь компаний үйл ажиллагаанд огт оролцдоггүй, зүгээр хувь хүртээд сууж байдаг хүмүүс. Хувь хүний орлогын албан татваруудыг Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нар төлөх ёстой. Байгууллагын нэр дээр намайг төлбөр тооцоо гаргасан мэтээр хэлсэн. Би тэр зүйлийг шалгуулна гэж хэлсэн. Хөрөнгө оруулалтын талаар ярилцъя, хувь хүний орлогын албан татварыг компани төлөхгүй гэж хэлсэн. Д.Дамбапэлжээд 3 сарын ашгийг нь өгөхгүйгээр 5 сая гаран төгрөгийг нь төлсөн. Та нар өөрсдөө компниа өр төлбөртэй болгож байгаа гэдгийг нь хэлсэн. Бид нарын хүсэлтээр аудитын шалгалт хийх ёстой байтал Д.Дамбапэлжээгийн хүн ирээд шалгахаар ямар шалгалт болох вэ?. 78.000.000 төгрөгний хувьцааны мөнгө авчихаад 15.000.000 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт төлөх ёстой байтал компаниар төлүүлнэ. Х.Жанцансамбуу чи өр гаргасан байна гэдэг нь юу гэсэн үг вэ?. Дамбапэлжээ өөрийнхөө танидаг хүнийг авчирж шалгуулчихаад 80.000.000 төгрөгний 10%-ийг төлөх ёстой гэж надад хэлсэн. Би 80.000.000 төгрөгний ажил хийгээд байхад яагаад 8.000.000 төгрөг төлөх ёстой гэж. Д.Дамбапэлжээ 350.000.000 төгрөг аваад бүгдийг нь авсан. Орлогын албан татварт 35.000.000 төгрөг өгөх ёстой. Б.Эрдэнэцэцэгийг урвуулж миний эсрэг болгож байгаа. Энэ мэдэгдлүүдийг би аваагүй, үзээгүй юм байна. Хэн хэн ямар хөрөнгө гаргасан талаарх зүйлийг Энхболдоос хойш мэдэж байгаа ганцхан хүн гэвэл би. Д.Дамбапэлжээ нэг ч төгрөг өгөөгүй. Улаан толгойд байсан хэдэн хавтангуудыг нь Дамбапэлжээгийн хөрөнгө гээд биччихсэн. Би энэ компанийг үүсгэн байгуулсан цагаас нь эхлэн санхүүг нь барьсан. Хөрөнгө оруулалтын талаар хуралдая гэтэл хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэх ёсгүй хойшлуулъя гэсэн. Энэ асуудлыг оруулаад ирэхээр Б.Эрдэнэцэцэгийг урвуулж тамга тэмдэгээ авъя гэж байгаа. Энэ хүн шаардлага тавих эрхгүй хүн. Миний хөрөнгө оруулсан зүйл юу вэ гэхээр дулааны шугам, урд байгаа 15х12 суурь миний хөрөнгөөр хийсэн, 7х7 сэндвинчин барилга минийх, 14 ширхэг павилоныг би хийсэн, урд нь байгаа 5 ширхэг гражийг би хийсэн. Энэ компани өмчлөлийн маш их маргаантай байгаа. 288.000.000 төгрөг биш, 177.000.000 төгрөгөөр боссон компани юм. Хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэнэ гэдгийг би удаа дараа хэлсэн. Энэ асуудлыг авч хэлэлцээгүй. Энэ бүх зүйлийг Д.Дамбапэлжээ судалсан. Энэ хүн манай гэрийн гадаа ирж хойно урдаас нь зураг аваад явсан. Оношилгооны төвийн хажуу талд байдаг 4 давхар байшингийн зургийг авсан гэдгийг хүүхдүүд харсан. Би барилгын олон компанитай. Д.Дамбапэлжээ маш их шуналтай хүн. Санхүүгийн доголдол гаргасан гэж хэлж байна. Энэ асуудлыг бүгдийг нь шалгуулъя гэхээр шалгуулж чадахгүй байгаа. Өөрийнхөө таньдаг аудит хийдэг хүнийг авчирч шалгуулсан. Эхлээд намайг сайн ажилласан, дараа нь доголдол гаргасан гэх үндэслэлээр намайг зайлуулж энэ их хөрөнгийг өөрийн болгох гэж байна. Талийгаач Энхболд бид хоёр нэг анги байсан. Д.Дамбапэлжээ надаас Даниста-Од ХХК-нийг булааж авах ажиллагаагаа явуулж байна. Даниста-Од ХХК-нд миний маш их хөрөнгө байгаа. Энэ хөрөнгийг бүгдийг нь авах санаатай байгаа. Б.Эрдэнэцэцэг бид 2 нэг анги юм. Давж заалдах шатны шүүхэд бүх нотлох баримтаа гаргаж ярина гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00913 дугаар шийдвэрээр:

Компаний тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.10, 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарын хариуцагч Х.Жанцансамбууд холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн 20110066111 дугаартай, регистрийн 2668009 дугаартай, Даниста-Од ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг Х.Жанцансамбуугаас албадан гаргуулж, Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарт олгуулж, Даниста-Од ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг Б.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгөхийг Х.Жанцансамбууд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туул давж заалдсан гомдолдоо:

Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарын нэхэмжлэлтэй Х.Жанцансамбууд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/0091 Здугаартай шийдвэрийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдлыг дараахь үндэслэлээр гаргаж байна.

1.Хариуцагч Х.Жанцансамбууд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал: шүүх ...2017-10-12-ны өдрөөс эхлэн тус компаний гүйцэтгэх захирал Х.Жанцансамбууг чөлөөлж, Б.Эрдэнэцэцэгийг гүйцэтгэх захирлаар томилж баталгаажуулсан, хариуцагч Х.Жанцансамбуу нь захирлын ажлыг хүлээлгэж өгөөгүй байсан дүгнэлт хийсэн атлаа тус компаний хурал нь зохих журмын дагуу зарлан хуралдуулсан эсэх, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй ...гэсэн тэс өөр дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагад байхгүй буюу нэхэмжлэгчийн хүсээгүй шаардлагад дүгнэлт хийж улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Уг иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад Даниста од ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2017.10.12-ны өдрийн хурал болон тус хурлаас гарсан 02 тоот тогтоол нь Компанийн тухай хууль-иар тогтоосон журмыг зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэх асуудлаар талуудын хооронд ямар ч маргаан үүсээгүй, тухайн асуудлаар шүүхийн хэлэлцүүлэгт ямар ч асуудал хэлэлцүүлэгдээгүй.

2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох 2017-10-12-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоол зэргийг шүүхэд бүрдүүлж өгсөн байхад шүүх нэхэмжлэгч нарыг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь хэтэрхий нэг талын эрх ашгийг хамгаалсан гэж үзэхэд хүргэж байна.

3. Анхан шатны шүүх нь хариуцагч Х.Жанцансамбуугийн зүгээс Даниста од ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2017.10.12-ны өдрийн хурал болон тус хурлаас гарсан 02 тоот тогтоолыг хуулиар тогтоосон журам зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэх асуудлаар ямар нэгэн тайлбар гаргаж маргаагүй, тухайн асуудлаар шүүхэд сөрөг нэхэмжпэл гаргаагүй, мөн Даниста од ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2017.10.12-ны өдрийн хурлын 02 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцсон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байхад Даниста од ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2017.10.12-ны өдрийн хурал болон тус хурлаас гарсан 02 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус байна хэмээн үзэж буйд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь тус иргэний хэргийг хянан шийдвэрлэж, шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн гаргасан хариу тайлбарт огт дурдагдаагүй, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд огт хэлэлцүүлэгдээгүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж буй явдалд гомдолтой байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00913 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Д.Дамбапэлжээ, Б.Эрдэнэцэцэг нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг Д.Дамбапэлжээ нар нь хариуцагч Х.Жанцансамбуугаас улсын бүртгэлийн 201106611 дугаартай 2668009 регистрийн дугаар бүхий Даниста Од ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг албадан гаргуулах, гүйцэтгэх захирлын ажлыг Б.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Х.Жанцансамбуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Даниста-Од ХХК хувь нийлүүлэгчдийн хурлын протокол 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар хурлын тогтоол зэрэгт үндэслэн тодорхойлсон байна.

Д.Дамбапэлжээ, Х.Жанцансамбуу, Ц.Энхболд нар нь 2002 оны 05 дугаар сарын 26-ны Даниста ХХК-г үүсгэн байгуулж 5.500.000 төгрөгийн барилгын материалаас бүрдсэн дүрмийн сантай, нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 55.000 ширхэг хувьцаатай Ц.Энхболд 24750 ширхэг Д.Дамбапэлжээ 24750 ширхэг Х.Жанцансамбуу 5500 ширхэг хувьцааг тус тус эзэмшихээр компанийн дүрмээ баталж үйл ажиллагаагаа явуулж байсан байна.

Улмаар 2006 оны 12 дугаар сарын 20-нд Даниста ХХК-г Даниста Од ХХК болгон өөрчилж дүрмийн сан 288.491.612 төгрөг байх, уг хөрөнгийн 44 хувийг Ц.Энхболд, 44 хувийг Д.Дамбапэлжээ, 12 хувь Х.Жанцансамбуу эзэмшихээр компанийн дүрмээ шинэчлэн баталжээ.

Мөн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Даниста Од ХХК-г үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ, Х.Жанцансамбуу нар шинэчлэн бүртгэгдэж нийт хөрөнгө нь 288.491.612 төгрөг нэг бүр нь 2.884.900 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 100.000 ширхэг энгийн хувьцаатай байхаар үүний 44 хувь Б.Эрдэнэцэцэг, 44 хувь Энхболд, 12 хувь Х.Жанцансамбуу эзэмшихээр компанийн дүрмээ шинэчлэн баталж Х.Жанцансамбуу нь Даниста Од ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байх ба Даниста Од ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2017 оны 09 дүгээр сарын 01, 2017 оны 10 дугаар сарын 11-нд хуралдуулж Даниста Од ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Жанцансамбууд ажил сайжруулах тухай шаардлага хүргүүлж байсан, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн санал өөрийнх нь зөвшөөрлөөр гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлж компанийн гүйцэтгэх захирлаар Б.Эрдэнэцэцэгийг томилж шийдвэрлэсэн зэрэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар /компанийн дүрэм, хурлын тэмдэглэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, хурлын тогтоол зохигчдын тайлбар зэрэг/ нотлогдон тогтоогджээ.

Шүүх Даниста Од ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлын Компаний тухай хууль журам, дүрэмд заасны дагуу зарласан эсэх хурлаар хэлэлцэхээр товлосон асуудлыг хэлэлцэж баталсан байдлын талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, Даниста Од ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02 тоот тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэгэнт Даниста Од ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлан хуралдуулж хэлэлцэх асуудлаа хэлэлцэж, хурлаас зохих шийдвэр нь гарсан байхад компанийн хуулиар зохицуулагдах тухайн компанийн дотоод үйл ажиллагааны асуудлыг нотлуулахаар болж зохигчид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцээгүй асуудлаар шийдвэр гаргасан нь буруу юм.

Нөгөө талаар Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал түүний шийдвэрийн талаар хариуцагч Х.Жанцансамбуу шүүхэд гомдол гаргаж байгаагүй байх ба ТУЗ-ийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно. Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5.6 гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.

Даниста Од ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Иймд Х.Жанцансамбуу нь Даниста Од ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолын дагуу Компанийн тамга тэмдэг, гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлцэх үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны 142/ШШ2018/00913 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд Компаний тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.10, 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарын хариуцагч Х.Жанцансамбууд холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн 20110066111 дугаартай, регистрийн 2668009 дугаартай, Даниста-Од ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг Х.Жанцансамбуугаас албадан гаргуулж, Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарт олгуулж, Даниста-Од ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг Б.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгөхийг Х.Жанцансамбууд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар хариуцагч Х.Жанцансамбуугаас улсын бүртгэлийн 20110066111 дугаартай регистрийн 2668009 дугаартай Даниста Од ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарт олгож, гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлцэхийг хариуцагч Х.Жанцансамбууд даалгасугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Х.Жанцансамбуугаас 140400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

С.УРАНЧИМЭГ