Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 108

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* *******од холбогдох 1718003870047 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,************** /РД:*******/, 1962 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг******* тоотод оршин суух хаягтай, “Онц тээвэрчин” цол тэмдэг, “Тэргүүний барилгачин” хүндэт тэмдэгээр тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн орчим “Хино ренжер” маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 /а/-д “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. ...хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчсөнөөс*******г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн орой 22 цагийн орчим “Хино ренжер” маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг асааж явна.”, 15.1 а-д “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчсөний улмаас*******г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:    

 

-Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө гадаа цасан шуургатай байсан. Би тухайн өдөр Улаанбаатар хот орох гэж Дарханаас гарч яваад “Гурван шар”-д байх төмөр замын гарам дөхөж байх үед урдаас хурц гэрэлтэй хоёр машин гарч ирсэн. Тухайн үед миний машины ард нэг машин явж байсан бөгөөд би төмөр замын гарам даваад машиныхаа арааг сольсон. Энэ үед шил хагарах шиг болохоор нь гүйцэд түрүүлсэн машинаа хагалчихлаа гэж бодоод шууд явсан. Тухайн үед юу болсон нь мэдэгдэхгүй байсан бөгөөд би машиныхаа хөгжмийг чангалсан байсан. Би тэр шөнө машиндаа унтчихаад өглөө нь босоод бие засахдаа машин руугаа харахад машины урд гэрэл хагарсан, урд гупер цуурч дотогш хонхойсон байсан. Дараа нь хүүхэдтэйгээ утсаар яриад “Юу байна” гэж асуухад “ийм хэрэг гарсан, эзэн нь олдохгүй байна.” гэж хэлэхээр нь “хаана болсон юм бэ” гэхэд “Гурван шарын тэнд болсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өчигдөр аав нь тиймэрхүү үйлдэл гаргасан.” гэж хэлчихээд би биш биз дээ гэж бодсон. Тэгээд 102 дугаар руу залгаж өөрийнхөө машинд гэмтэл учирсан талаар хэлсэн.

...тухайн үед цасан шуургатай байсан бөгөөд осол болох үед жижиг оврын машины хурц гэрэл тусч, юу ч харагдахгүй болсон. Дэлгүүр өнгөрөөд явахад цаг агаар гайгүй болсон. Би хохирогчид нийт 4480000 төгрөг хохирол төлбөрт өгсөн, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-9/,

-Хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 10-16/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 17/,

-2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 5 дугаартай прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хэргийн 30/,

-Хохирогч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нөхөр *******ын хамт Дархан сум Малчин баг 3 шард гэртээ нэг шил 0.5 литрийн Хараа гэдэг архи, 2.5 литрийн пиво хувааж уучихаад би Дархан руу явах гээд зам дагаад гараа өргөөд алхаж байсан. Тэгээд цааш нь юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд эмнэлэгт ирчихсэн байсан юм .” гэх мэдүүлэг /хэргийн 33-34/,

-Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би нагац ахын хүүхэд болох *******ын хамт миний эзэмшлийн *******улсын дугаартай королла маркийн шаргал өнгийн тээврийн хэрэгслээр Дарханаас Хонгор сум руу 22 цагийн үед гурван шарын төмөр замын гарам гарч явтал замын хажууд хар зам дээр хүн хэвтэж байсан. Би тэр хүний хажуугаар өнгөрч яваад замаасаа буцаж эргээд тэр хүн дээр очиж 103 руу дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 37/,

-Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2017 оны 11 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн үед аавтайгаа хамт дэлгүүр орохоор машинтайгаа явсан юм. Гурван шараас гарч, төмөр замын гарам гараад явж байтал замын боржур дагаад нэг хүн хэвтэж харагдсан. Тэгээд аав бид 2 зогсолтгүй явсаар “Туруун” дэлгүүр дээр ирж дэлгүүрийн худалдагчид зам дээр хүн хэвтэж байгаа талаар хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 38/,

-Гэрч*******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2017 оны 11 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн үед өөрийн хүү *******ийн хамтаар гурван шарын гэрээсээ дэлгүүр орохоор явж байсан юм. Тэгээд төмөр замын гарам гараад явж байтал замын баруун талд, боржур дээр нэг хүн хэвтэж байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 39/,

-Гэрч *******йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2017 оны 11 дүгээр сарын 12-ны орой өөрийн дэлгүүрт ажлаа хийгээд байж байсан юм. Би яг цагийг нь сайн санахгүй байна. Манай дэлгүүрээр 4-5 хүн үйлчлүүлээд байж байтал манай гурван шард суудаг зүс таних******* гэх эмэгтэй орж ирээд “архи зээлээч” гэж гуйсан. Би тэгэхээр нь “өгөхгүй” гэтэл гараад явчихсан. Түүнээс өмнө өдөр яг хэдэн цагийг нь сайн санахгүй байна.******* нь нөхөр  *******ын хамт манайхаас 0.5 литрийн архи, 1 том пиво аваад гарсан юм.

...согтсон бол харагдаагүй, гэхдээ архи үнэртэж байсан.******* ганцаараа орж ирсэн ба биед нь ил харагдах шарх, гэмтэл, зодоон цохион хийсэн шинж тэмдэг харагдаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 40/,

-Гэрч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******гийн биед баруун гарын шуу болон бугалга орчимд том хэмжээний хууларсан шархтай, шархыг шамлахад судас, булчин, мэдрэл тасарч урагдсан байна. Баруун тохойн үе орчимд тэмтрэхэд ясны хугарал мэдрэгдэнэ, зүүн сарвууны ар болон дотор талд язарч урагдсан, зүүн гарын 2-3 дугаар хурууны шивүүр яс хугарсан, хэвлийн баруун хажуу тал болон умдаг орчимд хөхрөлт, няцралт, зулгаралт үүссэн байна. Духны баруун талд том хэмжээний язарч урагдсан шархтай байсан.

... Цус их алдсан тул яаралтай цус тогтоох, хугарал хадаж, ясыг эвлүүлэх мэс засалд орсон.” гэх мэдүүлэг /хэргийн 41-42/,

-Гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “урьд өдөр нь эзэнгүй зам тээврийн осол гарсан гээд” ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад 10 цагийн орчим төрсөн аав болох ******* нь над руу утсаар яриад “өчигдөр орой хот явж байгаад гурван шарын төмөр замын гарам өнгөрч явахад хойноос машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд машинаас нь юм унаад миний урд талын салхины шилийг хагалчих шиг боллоо” гэж хэлсэн юм. Тэр үед би “урьд шөнө гурван шарын орчим хүн машинд мөргүүлсэн зам тээврийн осол гарсан, та мөргөчихсөн юм биш биз дээ” гэж асуухад “мэдэхгүй, би анзаараагүй, тухайн үед гадаа шуургатай байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь та ямар ч байсан Дарханд орж ирээд уулзаарай гэж хэлсэн. Тэгээд өдөр аав таксигаар Дарханд ирэхэд нь уулзаж асуухад осол гарсан газар яг таарсан юм.

...хэрэг болсноос хойш 2 хоногийн дараа тээврийн хэрэгсэл хадгалах байранд машиныг авчирахад нь харсан. Тухайн үед урд салхины шил хагарсан, урд копут нь хонхойсон байдалтай харагдаж байсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 45/,

- Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 46/,

-“...*******биед гавал тархины битүү гэмтэл, суурь ясны битүү хугарал, тархины дунд зэргийн няцрал, баруун бугалга ясны үений хэсгийн ил хугарал, баруун шуу, зүүн сарвууны 2-3 дугаар хуруу, зүүн шуу ясны хугарамтгай хэсгийн ил хугарал, баруун талын 4-7-р хавирганы битүү хугарал, дух, бугалга, шуу, зүүн сарвууны шарх, баруун чих, баруун, зүүн хацар, баруун бүсэлхий, ташаа, хэвлий, умдагны зулгаралт, баруун зүүн нүдний зовхи, баруун гуяны цус хуралт, хагалгааны дараах байдалтай гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын улмаас хүчтэй мөргөх, цохигдох, дайруулах үед үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтэл нь зодуулсны улмаас үүсгэгдэх боломжгүй. Уг гэмтэл нь хүчтэй цохигдож, мөргөгдөх үед унаснаас үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1114 дугаартай шинжээчийн дүгнэлт” /хэргийн 48-49/,

-“…техникийн хувьд бүрэн, ямар нэг эд ангийн эвдрэлгүй байсан, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй байна. *******ын жолоодож явсан *******улсын дугаартай “Хино ренжер” маркийн тээврийн хэрэгслийн баруун гар талаас урд гэрлийн гадна шил хагарсан, салхины шил цуурсан, бүхээгний нүүр хэсэгт хонхойсон зэрэг нь ослын дараах гэмтэл байна. Ослоос өмнө эвдрэл гэмтэлгүй байсан байна” гэх тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 004 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 52-56/,

-“******* “Хино ренжер” маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15-р бүлэг 15.1 а-д “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэсэн заалтыг зөрчсөн. Явган зорчигч автомашинд мөргүүлж осол гарсаны дараа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  2-р бүлэг 2.5а-д”тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн.

...“Хино ренжер” маркийн******* улсын дугаартай автомашины осол гарах үеийн хурдыг тогтоох боломжгүй. Уг зам тээврийн ослын гарсан шалтгаан нь жолооч *******, явган зорчигч******* нар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн учраас зам тээврийн осол гарсан. Явган зорчигч******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р бүлэг 3.9 г-д “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн ослын дүгнэлт гаргаж байна.” гэх 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 5 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 61/,

-“…Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 35000000 /гучин таван сая/ төгрөгөөр тодорхойлов.” гэх 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 66-67/,

- “...*******эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг нотолсон Шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 248 дугаартай дүгнэлт /хэргийн 73-75/,

-Хохирогч*******гийн өвчний түүхийн хуулбар /хэргийн 108-137/,

-Шинжээч эмч Э.Отгончимэгийг гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан байцаасан тэмдэглэл /хэргийн 138/,

-Хохирлын талаарх нотлох баримтууд /хэргийн 139-143/,

-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хэргийн 146/,

- “...Замын цагдаагийн тасгийн зохицуулагч албан тушаалтай, цагдаагийн ахмад Б.Өнөрбатын гаргасан 2018 оны 1 сарын 17-ны өдрийн 5 дугаартай ослын дүгнэлт үндэслэлтэй боловч учир дутагдалтай байна. 2017.11.13 болон 2018.01.31-ний өдрийн *******ын өгсөн тэмдэглэл дээр ... 2017 оны 11 дүгээр сарын 12 ны орой 22:36 цагийн орчим Дархан Уул аймгийн Дархан сумын Малчин баг гурван шарын төмөр замын гарам дээр жолооч ******* нь “Хино ренжер” маркийн******* улсын дугаартай авто машиныг жолоодон явж байгаад явган зорчигч*******г мөргөж зам тээврийн осол гаргасан эсэхийг мэдээгүй байх тул ... *******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.5 а-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.” гэх 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хэргийн 148/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч*******гийн эрүүл мэндэд “гавал тархины битүү гэмтэл, суурь ясны битүү хугарал, тархины дунд зэргийн няцрал, баруун бугалга ясны үений хэсгийн ил хугарал, баруун шуу, зүүн сарвууны 2-3 дугаар хуруу, зүүн шуу ясны хугарамтгай хэсгийн ил хугарал, баруун талын 4-7-р хавирганы битүү хугарал, дух, бугалга, шуу, зүүн сарвууны шарх, баруун чих, баруун, зүүн хацар, баруун бүсэлхий, ташаа, хэвлий, умдагны зулгаралт, баруун зүүн нүдний зовхи, баруун гуяны цус хуралт” бүхий хүнд хохирол учирсан болох нь эмчилгээ хийлгэсэн талаар баримт, өвчний түүхийн хуулбар /хэргийн 108-137/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 46/, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1114 дугаартай шинжээчийн дүгнэлт” /хэргийн 48-49/, шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 248 дугаартай дүгнэлт /хэргийн 73-75/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирол төлбөрт мөрдөн байцаалтын шатанд 2148000 төгрөг, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад 2000000 төгрөг төлсөн болох нь хохирогч*******гийн хохирол төлбөр хүлээн авсан тухай баримт /хэргийн 143, 169/, шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би хохирогчид нийт 4480000 төгрөг хохирол төлбөрт өгсөн.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Хохирогч******* нь “...эмчилгээ, хохирлын мөнгө авсан. *******од гомдол, саналгүй” гэх тодорхойлолт ирүүлсэн /хэргийн 169/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн орой 22 цагийн орчим “Хино ренжер” маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг асааж явна.”, 15.1 а-д “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчсөний улмаас*******г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-9/, хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 10-16/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 17/, хохирогч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…нэг сэрэхэд эмнэлэгт ирчихсэн байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 33-34/, гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...замын хажууд хар зам дээр хүн хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 37/, гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2017 оны 11 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн үед аавтайгаа хамт дэлгүүр орохоор машинтайгаа явсан юм. Гурван шараас гарч, төмөр замын гарам гараад явж байтал замын боржур дагаад нэг хүн хэвтэж харагдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 38/, гэрч Ш.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...төмөр замын гарам гараад явж байтал замын баруун талд, боржур дээр нэг хүн хэвтэж байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 39/, гэрч Б.Шараагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******ганцаараа орж ирсэн ба биед нь ил харагдах шарх, гэмтэл, зодоон цохион хийсэн шинж тэмдэг харагдаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 40/, гэрч Б.Батхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******биед баруун гарын шуу болон бугалга орчимд том хэмжээний хууларсан шархтай, шархыг шамлахад судас, булчин, мэдрэл тасарч урагдсан байна. Баруун тохойн үе орчимд тэмтрэхэд ясны хугарал мэдрэгдэнэ, зүүн сарвууны ар болон дотор талд язарч урагдсан, зүүн гарын 2-3 дугаар хурууны шивүүр яс хугарсан, хэвлийн баруун хажуу тал болон умдаг орчимд хөхрөлт, няцралт, зулгаралт үүссэн байна. Духны баруун талд том хэмжээний язарч урагдсан шархтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 41-42/, гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хэрэг болсноос хойш 2 хоногийн дараа тээврийн хэрэгсэл хадгалах байранд машиныг авчирахад нь харсан. Тухайн үед урд салхины шил хагарсан, урд копут нь хонхойсон байдалтай харагдаж байсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 45/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 46/, “...*******биед гавал тархины битүү гэмтэл, суурь ясны битүү хугарал, тархины дунд зэргийн няцрал, баруун бугалга ясны үений хэсгийн ил хугарал, баруун шуу, зүүн сарвууны 2-3 дугаар хуруу, зүүн шуу ясны хугарамтгай хэсгийн ил хугарал, баруун талын 4-7-р хавирганы битүү хугарал, дух, бугалга, шуу, зүүн сарвууны шарх, баруун чих, баруун, зүүн хацар, баруун бүсэлхий, ташаа, хэвлий, умдагны зулгаралт, баруун зүүн нүдний зовхи, баруун гуяны цус хуралт, хагалгааны дараах байдалтай гэмтэл тогтоогдлоо.” гэх 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1114 дугаартай шинжээчийн дүгнэлт” /хэргийн 48-49/, “…Хино ренжер маркийн тээврийн хэрэгслийн баруун гар талаас урд гэрлийн гадна шил хагарсан, салхины шил цуурсан, бүхээгний нүүр хэсэгт хонхойсон зэрэг нь ослын дараах гэмтэл байна. Ослоос өмнө эвдрэл гэмтэлгүй байсан байна” гэх тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 004 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 52-56/, “Баяндалай овогтой ******* “Хино ренжер” маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15-р бүлэг 15.1 а-д “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэсэн заалтыг зөрчсөн.“ гэх 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 5 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 61/, Шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 248 дугаартай дүгнэлт /хэргийн 73-75/, хохирогч*******гийн өвчний түүхийн хуулбар /хэргийн 108-137/, хохирлын талаарх нотлох баримтууд /хэргийн 139-143/, Замын цагдаагийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хэргийн 148/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар тэнссэн хугацаанд авто тээврийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан нөхцлийг хангасан тохиолдолд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор зохицуулсан боловч нэмэгдэл ялаас чөлөөлөх зохицуулалт хуульчлагдаагүй тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тухайн зүйл, ангид заасан хамгийн доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байх тул *******ын  өмчлөлийн *******улсын дугаартай “Хино ренжер” маркийн автомашин битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хос эсгий тавчик, автомашины эд ангийн хуванцар хэлтэрхий гурван ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэснийг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч******* *******ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч *******од авто тээврийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хос эсгий тавчик, автомашины эд ангийн хуванцар хэлтэрхий гурван ширхэг зэргийг устгаж, *******ын  өмчлөлийн *******улсын дугаартай “Хино ренжер” маркийн автомашин битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг дурдаж, *******ын жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүйг дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******од анхааруулсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ