| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0084/Э |
| Дугаар | 110 |
| Огноо | 2018-03-27 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 110
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Хохирогч *******,
Гэрч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ******* *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1718004320060 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ******* /РД:*******/, 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дархан сумын 14 дүгээр баг Парк таун хотхоны ******* тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Парк таун хотхоны ******* тоотод *******ийн гэрт орж, хэрүүл маргаан үүсгэж, улмаар “ТCL” маркийн 46 инчийн телевизорыг хагалж гэмтээн 850000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Парк таун хотхоны ******* тоотод *******ийн гэрт орж, хэрүүл маргаан үүсгэж, улмаар “ТCL” маркийн 46 инчийн телевизорыг хагалж гэмтээн 850000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 10 дугаар сарын эхээр ******* гэсэн дугаараас над уруу залгаж “машинаа авъя” гэсэн. Тэгэхээр нь би “юун машин билээ” гэсэн чинь “чиний наад унаж байгаа 204 кроун чинь минийх ээ, машинаа авъя, шээснийнхээ толгойг бариулж дууссан бол өг, майжиг хар хүүхэн минь” гэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би яриаг нь бичиж авъя гэж бодсоноо утсаа тасалж байгаад эргэж залгаад “юу гэнээ” гэсэн чинь “машинаа авъя, майжиг хар хүүхэн минь, би *******ийн эхнэр байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “албан ёсны эхнэр нь би байна, хүүхэд нь над дээр байдаг гэхэд “та хоёр хуулийн дагуу салах гэж байгаа хүмүүс юм байна лээ, ******* одоо надтай хамт амьдарч байгаа, чи манайд ороод ирэхгүй юу” гэхээр нь би “уулзъя” гээд гэрт нь дүүгийнхээ найз болох *******ийг “болсон процессыг хараад бичээд авчих” гэж хэлж дагуулж орсон. Тэгээд би оронгуутаа *******ийн нүүр лүү нэг алгадаж, гэдэс рүү нь өшиглөөд “чи намайг доромжилж болно, яагаад үр хүүхдийг минь доромжлоод байгаа юм бэ?” гэсэн чинь ******* намайг “Чи тайвшир, хоёулаа ярилцъя” гэсэн учир Би *******ийг гаргаж явуулсан.
...би *******тэй маргалдаад алгадаж, өшиглөсөн болохоос зурагтыг нь бол хагалаагүй. Үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би түрүүлж энэ хүн рүү залгаагүй. Эхлээд ******* над уруу мессеж бичээд “танайд оръё” гэхээр нь би “манайд хүмүүс ирж байгаа” гэсэн чинь “хамаагүй ээ, аравхан минут ярилцъя” гэсэн. Тэгэхээр нь залгасан чинь “10 давхарт явж байна” гэхээр нь “манайх 8 давхарт” гэж хэлээд хаалгаа тайлж өгсөн. Тэгтэл ******* орж ирээд л шууд нүүр рүү хүчтэй цохиж, гэдэс рүү 2 удаа өшиглөсөн. Яагаад би сарын дараа цагдаад өргөдөл өгсөн гэхээр энэ явдлаас хойш дахиж удаа дараа манай гэрийн хаалгыг хүчтэй цохиж орилж хашгирч байсан. Нөгөө талаас ******* зуун мянга гаруй гишүүнтэй Дарханы фэйсбүүк групп дээр ******* бид хоёрын зургийг тавьж, доромжилж бичсэн байхаар нь маш их бухимдсан. Тухайн үед манай гэрт орж ирж асуудал үүсгэсэн явдлыг нь би уучлаад өнгөрөөж байхад миний зургийг олон нийтийн сайт дээр тавьсан байсныг хараад цагдаад өгсөн. Иргэний нэхэмжлэлийн хувьд 850000 төгрөгийг *******гаас авахаас татгалзаж байна.” гэх мэдүүлэг,
-Гэрч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би *******тай 2015 оны 6 дугаар сараас гэр бүл болоод дундаасаа нэг охинтой болсон бөгөөд 2017 оны 6 дугаар сараас хойш гэр бүлийн маргаанаас болж тусдаа амьдарч байгаа. Харин *******тэй танилцаад 5 жил гаран болж байгаа жирийн найзууд. 2017 оны 10 сарын 18-ны өдөр Өмнөговь аймагт ажилтай байхад ******* над уруу утсаар яриад “******* гэж хүүхэнтэй чинь уулзаж байна, хүүхэд нялх нойтон байхад чи хүүхэнтэй явалдлаа” гэхээр нь би “юу яриад байгаа юм, надад ямар ч хамаагүй” гэж хэлээд утсаа салгасан. Дараа нь ******* над уруу утсаар яриад “******* чинь манай гэрт орж ирчихээд хэл амаар доромжлоод байна” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгтэл 2017 оны 11 сарын 23-ны өдөр манай нэг найз над уруу залгаад “чиний зураг фэйсбүүк дээр байна” гэхээр нь гайхаад харсан чинь ******* нь ******* бид хоёрын зургийг 104 мянган гишүүнтэй Дарханы хамгийн том зарын групп дээр тавьчихсан байсан.
...тухайн үед ******* бид хоёрын харилцаа гайгүй байсан болохоор зурагтны мөнгийг өгчихье гэж бодож байсан боловч ******* өөрөө элдэв янзын ааш гаргаад байхаар нь энэ хүний өмнөөс төлбөр төлөх шаардлага надад байхгүй гэж бодоод *******т зурагтны мөнгө өгөөгүй.” гэх мэдүүлэг,
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 20-21/,
-Хохирогч *******ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 22-26/,
-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хэргийн 29/,
-Гэрч Ц.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “******* нь манай найзын эгч нь байгаа юм. Тэр өдөр буюу 2017 оны 10 сарын 18-ны өдөр “хоёулаа хамт нэг айлд оччихоод ирье” гэхээр нь би машинд нь суугаад хамт Парк тауны 10 дугаар байрны нэг айлд очсон. Тэр айлын хаалгыг ******* тогшоод “хоёулаа болохоор хаалгаа тайлж өгөхгүй байх, чи түр дээд давхарт зогсож бай, намайг дуудахаар ороод ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд ******* эгч түрүүлж орсон бөгөөд 2-3 минутын дараа тэр айлын хаалга нь онгорхой байсан. ******* эгч “******* оо, ороод ир” гээд дуудахаар нь очсон чинь айлын эзэн эмэгтэйн хамарнаас нь бага зэрэг цус гарчихсан байдалтай, тэр хоёр хэрэлдээд зогсож байсан. Миний ойлгосноор ******* нөхрөөсөө салаад нөхөр нь тэр айлд байсан болохоор гэр бүлийн асуудлаас болоод хэрэлдээд байсан. Тэгсэнээ ******* эгч гал тогооны хэсэг рүү нь очоод текэн дээр нь байсан савтай халбага сэрээг аваад том өрөөнийх нь шал уруу шидээд халбага сэрээ нь шалаар тарсан. ******* эгч “та хоёрыг явлаа гэж би ингээгүй, гол нь чи миний хүүхдийг доромжиллоо” гээд орилж хашгираад тэр хүүхэн рүү дайраад байсан. Нөгөө айлын эмэгтэй нь хаяа ганц 2 үг хэлчихээд чимээгүй байгаад байсан. Тэгээд ******* эгч удалгүй орилж хашгирахаа болиод арай тайвшрахаар нь би тэр айлаас гараад явсан. ******* эгч тэр эмэгтэйтэй гэрт нь юм яриад үлдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 37-38/,
-Насанд хүрээгүй гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би он, сар, өдрийг нь санахгүй байна. Орой 21 цаг өнгөрч байхад ээж маань “хүн ирэх гэж байгаа, жижиг өрөөндөө ор” гэж хэлэхээр нь би жижиг өрөөнд ороод хаалга хаасан. Манай гэрт гаднаас ямар хүн орж ирсэнийг мэдэхгүй байна. Тэр үед би хичээлээ хийж байсан. Ямар ч байсан нэг эмэгтэй чанга дуугараад, хашгираад байсан юу гэж хэлж байсаныг нь би санахгүй байна. Бас ээж юу гэж ярьсаныг санахгүй байна. Тухайн үед би дотроо нэг эмэгтэй хүн гаднаас ирээд манай ээжтэй маргалдаад байна гэж бодсон. Тэр эмэгтэй манай гэрт 30 минут орчим болоод гараад явсан. Би хичээлээ хийж дуусчихаад өрөөндөө унтсан. Маргааш нь хичээлдээ явж ирчихээд цайгаа ууж байхдаа зурагтаа асаасан чинь манай зурагт доод хэсгийн гол хавьцаа хагарсан юм шиг болоод дээшээ харалчихсан байсан. Тэгэхээр нь зургийг нь дараад ээж рүү чатаар явуулж зурагт хагарсан талаар хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 39/,
-Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 10 сарын дундуур яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Орой 21 цагийн орчимд ******* над уруу утсаар яриад “******* *******ийн гэрт ороод айлган сүрдүүлээд байна гэнээ, та очоод үзээдэх” гэхээр нь би *******ийнд очоод хаалгыг нь тогшсон чинь хаалгаа тайлахгүй байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэж бараг 1 цаг гэрийнх нь гадаа байсан. Тэгсэн ******* /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэдэг хүүхэн нь ******* рүү утсаар яриад намайг “орцны гадаа гараад байж бай, тэгэх юм бол гарна” гэж хэлүүлсэн байхаар нь би орцноос гараад байрных нь гадаа байж байсан чинь ******* над уруу “******* гараад явчихсан гэнэ, ******* рүү ороод үз дээ” гэхээр нь би буцаж ороод *******ийн гэрт ортол ******* уйлчихсан гэрийнх нь жижиг сажиг халбага сэрээ энэ тэр нь бутарсан байдалтай ******* гэрийнхээ юмыг янзалж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 40/,
- “…Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 1500000 төгрөгөөр тодорхойлов.” гэх 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 43-44/,
-Хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан /хэргийн 50-51/,
- “...Шинжлэгдэж байгаа зурагтын дэлгэц хэсэг голоос хоёр тийш хуваагдан асах бөгөөд доод хэсэг ба ТС1 гэсэн бичиглэлийн баруун өнцгөөс төв дээш чиглэлтэй 15x20 см хэмжээтэй дэлгэцийн цууралт гэмтлүүд илэрч байна . Энэ гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх болмжтой, гэмтэл үүссэн төв цэг нэг байгаа нь нэг удаагийн гадны хүчтэй үйлчлэлийн үр дүнд үүссэн гэмтэл байна. Шинжилгээнд ирүүлсэн зурагтан дээрх гэмтэл нь тос мэт зүйлтэй шилэн сав түүний материал, зузаан, хүндийн жингээс хамаарч үүсгэгдсэн байх боломжтой байна. Уг гэмтэл нь нэг удаагийн цохилтоор шинээр үүсгэгдсэн гэмтэл байна. Уг гэмтэл ямар зайнаас, ямар хүчээр үүссэн болохыг тогтоох боломжгүй байна.” гэх 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 58-60/,
-Хохирлын талаар нотлох баримтууд /хэргийн 96,106-107/ болон хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч *******г “гэмт хэрэг үйлдээгүй учир цагаатгаж өгнө үү” гэж мэтгэлцэж байгаа боловч тухайн үйл явдал болсны маргааш буюу 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хохирогч *******ийн фейсбүүк хаяг уруу төрсөн охин ******* нь “зурагт хагараад юм гарахгүй байна” гэсэн зурвас бичиж, зургийг нь дарж явуулсан /хэргийн 106-107/ бөгөөд хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “манай зурагтыг ******* хагалсан, өөр хүн манай гэрт орж ирээгүй.” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “маргааш нь хичээлдээ явж ирчихээд цайгаа ууж байхдаа зурагтаа асаасан чинь манай зурагт доод хэсгийн гол хавьцаа хагарсан юм шиг болоод дээшээ харалчихсан байсан. Тэгэхээр нь зургийг нь дараад ээж рүү чатаар явуулж зурагт хагарсан талаар хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 39/, “...шинжилгээнд ирүүлсэн зурагтан дээрх гэмтэл нь тос мэт зүйлтэй шилэн сав түүний материал, зузаан, хүндийн жингээс хамаарч үүсгэгдсэн байх боломжтой байна. Уг гэмтэл нь нэг удаагийн цохилтоор шинээр үүсгэгдсэн гэмтэл байна.” гэх 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 58-60/ зэргийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Иймд шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хүнийг сэтгэл зүйн дарамттай байлгаад байвал надад хэцүү л дээ. Бид адилхан эх хүн, эмэгтэй хүн учраас одоо телевизийн мөнгө нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Парк таун хотхоны ******* тоотод *******ийн гэрт орж, хэрүүл маргаан үүсгэж, улмаар “ТCL” маркийн 46 инчийн телевизорыг нь хагалж гэмтээн 850000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манай зурагтыг ******* хагалсан. Иргэний нэхэмжлэлийн хувьд 850000 төгрөгийг *******гаас авахаас татгалзаж байна.” гэх мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 20-21/, хохирогч *******ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 22-26/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хэргийн 29/, гэрч Ц.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* эгч гал тогооны хэсэг рүү нь очоод текэн дээр нь байсан савтай халбага сэрээг аваад том өрөөнийх нь шал уруу шидээд халбага сэрээ нь шалаар тарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 37-38/, насанд хүрээгүй гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “маргааш нь хичээлдээ явж ирчихээд цайгаа ууж байхдаа зурагтаа асаасан чинь манай зурагт доод хэсгийн гол хавьцаа хагарсан юм шиг болоод дээшээ харалчихсан байсан. Тэгэхээр нь зургийг нь дараад ээж рүү чатаар явуулж, зурагт хагарсан талаар хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 39/, хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан /хэргийн 50-51/,“...шинжилгээнд ирүүлсэн зурагтан дээрх гэмтэл нь тос мэт зүйлтэй шилэн сав түүний материал, зузаан, хүндийн жингээс хамаарч үүсгэгдсэн байх боломжтой байна. Уг гэмтэл нь нэг удаагийн цохилтоор шинээр үүсгэгдсэн гэмтэл байна.” гэх 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 58-60/, хохирлын талаар нотлох баримтууд /хэргийн 96,106-107/ болон хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “TCL” маркийн 47 инчийн телевизор, шилэн савтай лаа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* *******г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч *******д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “TCL” маркийн 47 инчийн телевизор, шилэн савтай лаа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ