| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0110/Э |
| Дугаар | 121 |
| Огноо | 2018-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 121
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох 1818000870123 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,*******овогт ******* /РД:*******/, 1990 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,
-Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 сарын 5-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 12 хоногийн хорих ялаас өршөөгдөж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Компорт” зочид буудалд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн*******ийн толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн чихний идээт архаг үрэвсэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Компорт” зочид буудалд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн*******ийн толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн чихний идээт архаг үрэвсэл бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…бидний дунд үл ойлголцол гараад намайг доромжлоод байхаар нь би нэг удаа алгадчихаад өрөөнөөс гараад явсан. Түүнээс өөрөөр зодож цохисон асуудал байхгүй. Түүний дараа хохирогчтой уулзаж ярилцахад чихэндээ эмчилгээ хийлгэж байгаа, эмчилгээний зардал хэрэгтэй байна гэсний дагуу хохирлын мөнгө гэж нийт 2300000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөг төлсөн. /хэргийн 186/
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр маань 2 ихэр хүүхэд тээж байгаа, гэмшиж байгаа тул хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-11/,
-Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хэргийн 20/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 21/,
-Хохирогч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би тэр үед *******той өөрийн найз ******* буюу ******* дамжуулж танилцсан юм. Бид 2 хамт архи уугаад, ярилцаж байгаад бэлгийн харьцаанд орсон. Дараа нь тухайн өрөөнд юм ярьж сууж байгаад маргалдаж, ******* намайг алгадсан.
...хохирлын мөнгө гэж нийт 1600000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг *******оос авч эмчилгээндээ зарцуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 25-26, 171/,
-“...шинжилгээнд ирүүлсэн *******ын цусанд ДНХ-ын тогтоц өмнө нь 1680 дугаартай дүгнэлтэд тусгагдсан дэвсгэр даавуун дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ын тогтоц 16 генетик үзүүлэлтээр тохирч байна.” гэх 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2674 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 75/,
-“Г.*******ийн биед нүүр, хүзүү, хоолойн дахь цус хуралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага түл гэмтлийн зэрэгт хамаарахгүй.*******ээс авсан үтрээний наацын шинжилгээнд эр бэлгийн эс илэрсэн бөгөөд илэрсэн эр бэлгийн эсийн эзэн холбогдогчийг ДНХ-н шинжилгээгээр тогтоолгож болно.******* нь бэлгийн замын халдварт өвчин илрүүлэх шинжилгээний хариуг авчирч өгөөгүй тул тэмбүү болон ДОХ өвчтэй эсэхийг тогтоох боломжгүй байна.” гэх 2018 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн 204 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 81/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 170/,
-“Г.*******ийн биед зүүн чихний идээт архаг үрэвсэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.*******т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх нэмэлт шинжилгээ хийсэн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 406 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 173/,
-Хохирогч*******ийн “Бид” чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэсэн тухай өвчний түүх /хэргийн 174-179/,
-Хохирогч*******ийн эмчид үзүүлсэн тодорхойлолт, эмчилгээний төлбөр төлсөн баримт /хэргийн 187-189/,
-Хохирол хүлээн авсан тухай баримт /хэргийн 196 болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч*******ийн эрүүл мэндэд “нүүр, хүзүү, хоолойн дахь цус хуралт, зүүн чихний идээт архаг үрэвсэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь 2018 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн 204 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 81/, 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 406 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 173/, хохирогч*******ийн “Бид” чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэсэн тухай өвчний түүх /хэргийн 174-179/, хохирогч*******ийн эмчид үзүүлсэн тодорхойлолт /хэргийн 88-89/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хохирогч*******ийн хохирол төлбөр хүлээн авсан тухай баримт /хэргийн 196/ болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... хохирлын мөнгө гэж нийт 1600000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг *******оос авч эмчилгээндээ зарцуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 25-26, 171/, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...эмчилгээний зардал хэрэгтэй байна гэсний дагуу хохирлын мөнгө гэж нийт 2300000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 186/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Компорт” зочид буудалд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн*******ийн толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн чихний идээт архаг үрэвсэл бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…бидний дунд үл ойлголцол гараад намайг доромжлоод байхаар нь би нэг удаа алгадсан.” гэх мэдүүлэг /хэргийн 186/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-11/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 21/, хохирогч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…тэр үед *******той өөрийн найз ******* буюу ******* дамжуулж танилцсан юм. Бид 2 хамт архи уугаад, ярилцаж байгаад бэлгийн харьцаанд орсон. Дараа нь тухайн өрөөнд юм ярьж сууж байгаад маргалдаж, ******* намайг алгадсан.” гэх мэдүүлэг /хэргийн 25-26/, “Г.*******ийн биед нүүр, хүзүү, хоолойн дахь цус хуралт тогтоогдлоо.” гэх 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 204 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 81/, “Г.*******ийн биед зүүн чихний идээт архаг үрэвсэл тогтоогдлоо.” гэх 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 406 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 173/, хохирогч*******ийн “Бид” чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэсэн тухай өвчний түүх /хэргийн 174-179/, хохирогч*******ийн эмчид үзүүлсэн тодорхойлолт, эмчилгээний төлбөр төлсөн баримт / /хэргийн 188-189/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч*******овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч *******од анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ