Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00454

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00454

 

 

 

Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/00234 дүгээр шийдвэртэй Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-д холбогдох, Капитал банк ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд учруулсан эдийн бус гэм хорыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар залруулга гаргуулж банкны нэр хүндийг сэргээлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар, Ч.Нямсамбуу, хариуцагчийн төлөөлөгч Б.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-аас 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мэдээлэл хийсэн, тэд энэ үеэрээ ЖДҮХС-аас дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж байсан Капитал банк 2011, 2016 онд гэрээний үүргээ биелүүлэээгүй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас авсан ч эргэж төлөөгүй гэж дурдсан. Улсын их хурлын гишүүн Б.Ундармаа нь Капитал банк ХХК-аар дамжуулан мөнгө угаасан, хүүлсэн, эрх мэдлээ хэтрүүлэн нөлөөлсөн зэрэг гүтгэлгийн шинжтэй мэдээллүүд ар араасаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон Shuud.mn, Paparatsi.mn цахим сайтууд, сошиал ертөнцөөр тарж Капитал банк ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд болон хадгаламж эзэмшигч, харилцагч нарын банкинд итгэх итгэлийг алдагдуулах, цаашлаад банкны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц нөхцөл байдлууд үүсэж болзошгүй сөрөг үр дагавар бүхий мэдээллүүд цацагдаж Капитал банк ХХК-д эдийн бус гэм хор учирч байна.

Энэ бүхнээс харахад банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны онцлог нь итгэлцэл дээр үндэслэн явагддаг бөгөөд нийгэмд ийм сөрөг таагүй мэдээлэл цацсанаас хадгаламж эзэмшигч нар хадгаламжаа татах, зээлдэгч нар зээл төлөх талаар хөшүүн хойрго болох зэрэг сөрөг үр дагаврууд гарч банкны хэвийн үйл ажиллагаа доголдоход хүрдэг. Капитал банк ХХК нь ЖДҮХС-тай 2011 оноос эхлэн хамтран ажиллах гэрээ байгуулснаар нийт 150 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчдэд 107.8 тэрбум төгрөгийн зээлийг дамжуулан зээлдүүлсэн. Энэхүү төслийн зээлд хамрагдсан зээлдэгчдийн зээлийн үлдэгдэл 62.5 тэрбум төгрөгөөр, зээлд хамаарах эх үүсвэрийн үлдэгдэл 48 тэрбум төгрөгөөр банкны санхүүгийн тайлан тэнцэлд бүртгэлтэй байна. Зээлд хамаарах эх үүсвэрийн үлдэгдэл 48 тэрбум төгрөгийн зээл нь иргэд, аж ахуйн нэгжүүдээс төлөгдөөгүй. Гэрээнд зааснаар ЖДҮХС-аас банкинд олгосон мөнгөөр иргэд, аж ахуйн нэгжүүдэд дамжуулан олгосон зээлийн эргэн төлөлт саатсан, хоцорсноос үүдэн гарах хүүний төлбөр болон эрсдэлийг банк хариуцахаар байгаа. Банк зээлийг 7 хувийн хүүтэйгээр хэдэн зээлдэгчид, хэдэн төгрөгийн зээлийг жилийн хэдэн хувийн хүүтэйгээр олгосон байгаа зэрэг нь арилжааны банкнуудад хяналт шалгалт хийдэг Монгол банкны шалгалтаар болон хөндлөнгийн аудитын шалгалтаар тогтоосон акт, банкны тайлан тэнцэл, зээлдэгч нарын зээлийн гэрээ гэх мэт нотлох баримтаар нотлогдоно. УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад нөлөөлсөн гэх зүйл нь няцаагдаж байна. ЖДҮХС-аас зээл олгохдоо сонгон шалгаруулж, шаардлага хангасан төслийн эрх бүхий этгээдэд зээлийг олгодог бөгөөд энэхүү зээл олгох явцад төсөл сонгон шалгаруулах үе шат, дараалал, тавигдах шаардлага зэрэг нь ЖДҮХС-ийн сайтад нийтэд ил байгаа болно. Иймд Капитал банк ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд учруулсан эдийн бус гэм хорыг хариуцагчаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар залруулга гаргуулж банкны нэр хүндийг сэргээлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Батдэлгэр шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрээнд Гэрээний дагуу дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэсэн банк зээлдэгч нар зээлийг төлснөөс үл хамааран банк өөрийн эх үүсвэрээр үл маргах журмаар төлнө гэж заасан. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээний хугацаа дуусахад банк мөнгийг ЖДҮХС-д төлөх ёстой. Гэтэл Капитал банк ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ЖДҮХС-д мэдэгдэлгүйгээр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ХХААХҮЯ-ны үүрэг гүйцэтгэгч, Капитал банк ХХК-ийн захирал нар энэ гэрээ байгуулсан бөгөөд гэрээг байгуулахдаа Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаар тэмдэглэлийг үндэслэн гэж бичсэн байх боловч тэр 43 дугаар тэмдэглэлд гэрээтэй холбоотой заалт байгаагүй. Мөн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээний хугацаа дууссанаас 11 сарын дараа гэрээний хугацааг хууль бусаар сунгасан, 2011 оны гэрээнд хоногийн алданги 0.5 хувь, 2017 оны гэрээнд 0.014 хувиар тооцсон. Гэрээний хугацаа дуусахад үл маргах журмаар ЖДҮХС-д зээлийн төлбөрийг төлөх учиртай бөгөөд энэ нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, баялаг бүтээгчид буюу жижиг дунд үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжид олгох ёстой мөнгийг Капитал банк ХХК нь гэрээний дагуу дамжуулан зээлдэгчийн үүргээр мөнгөө төлөх ёстой. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ олон нийтэд хандаж хэвлэлийн бага хурал хийсэн, ХХААХҮЯ-ны үүрэг гүйцэтгэгч, Капитал банк ХХК-тай гэрээ байгуулахдаа Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан үндэслэлээр АТГ-т гомдол гаргаж, хэвлэлийн бага хурал хийсэн, Капитал банк ХХК-ийн нэр хүндэд халдсан зүйл байхгүй.

Капитал банк ХХК нь 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй, дамжуулан зээлсэн хүмүүс нь мөнгийг нь төлөөгүй гэдэг. Капитал банк ХХК нь гэрээний 5 жилийн хугацаанд зээл орж ирсэн эсэхээс үл хамааран, үл маргах журмаар ЖДҮХС-д төлөх ёстой. Гэрээний үүргээ биелүүлээгүй байж гэм хор, шударга ёс гэж байгаа нь үндэслэлгүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй байхдаа 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Засгийн газар нууц тогтоол гаргасан. Энэ нь эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт үйлдэл юм. 2017 онд АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэгт Капитал банк ХХК-ийн 99.98 хувь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшилд байдаг гэж мэдүүлсэн.

Нэхэмжлэлийн шаардлагад Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-ын ямар буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч байгууллагын эрх ашиг зөрчигдөж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлагад Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-ын буруутай ажиллагаа, үйлдлээс болж Капитал банк ХХК-ийн нэр хүндэд халдсаныг нотлох баримт байхгүй. Хэвлэлийн бага хурал дээр Капитал банк ХХК-ийн хууль бус үйлдлүүд болон гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар мэдээлсэн. Харин 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээнд гэрээг сунгах талаар огт тусгаагүй байдаг. Анх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, гэрээний хугацаа дуусангуут үл маргах журмаар мөнгийг санд төвлөрүүлнэ, банк 100 хувь эрсдэлээ хариуцна гэж заасан. Гэтэл гэрээний хугацаа дууссаны дараа сунгасан явдал нь хууль бус болохыг шалгуулахаар АТГ болон Монгол улсын Ерөнхий сайдад хандсан. Энэ талаар хэвлэлийн бага хурал хийсэн. Өөрөөр хэлбэл, Капитал банк ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь харамсалтай байна, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний үүргээ мөн биелүүлээгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн шилэн дансаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний дагуу 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлөх ёстой 268 000 000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төлсөн ба гэрээний дагуу 2018 оны 3 дугаар сараас хойших төлбөрүүдээ бүрэн төлөөгүй.

Мөн гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс үндсэн төлбөр 2 169 000 000 төгрөгийг төлөх ёстой байсан. Өнөөдрийг хүртэл Капитал банк ХХК гэрээний үндсэн төлбөр 6 500 000 000 төгрөгөө төлөөгүй болох нь Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн сайтаас тодорхой харагдана. 2018 оны 10 дугаар сард Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас төрийн эрх бүхий өндөр албан тушаалтнууд зээл авсан явдал нь нийгэмд асуудал үүсгэсэн. Үүнээс хойш Капитал банк ХХК 28 удаагийн гүйлгээгээр 2 200 000 000 төгрөгийг төлсөн, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний дагуу төлсөн эсэх нь тодорхойгүй. Тус гэрээгээр сар бүр үндсэн зээл болон зээлийн хүүнд 2 169 000 000 төгрөг, зөвхөн нэг сарын зээлийн хүүнд 288 000 000 төгрөг төлөх ёстой. Эндээс Капитал банк ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь тодорхой байна. Хэрэв 2016 онд 27 000 000 000 төгрөгийг төлж, мөн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний дагуу үүргээ биелүүлсэн бол ЖДҮХС-д жижиг, дунд үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид буюу баялаг бүтээгч нарт очих ёстой мөнгө байсан. ЖДҮХС-аас олгож буй жилийн 3 хувийн хүүтэй зээл бол жижиг, дунд үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй нөхцөлтэй, дээшилж дэвших боломжтой зээл юм. Энэ боломжийг Капитал банк ХХК хулгайлсан. Түүнчлэн 48 000 000 төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэгч нарт өгсөн бол хэдэн ажлын байр, хэр олон хүмүүс ажилтай болж улсад ямар хэмжээний татвар төлөгдсөн байхыг хэлж мэдэхгүй байна. Энэ асуудлаар АТГ-аас шалгаж байгаа. Капитал банк ХХК-д Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-аас учруулсан гэм хор байхгүй, зөвхөн үнэнийг олон нийтэд мэдээлсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар Капитал банк ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд учруулсан эдийн бус гэм хорыг хариуцагчаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар залруулга гаргуулж банкны нэр хүндийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан Капитал банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар, Ч.Нямсамбуу нар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй болно. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гардан авсан бөгөөд уншиж танилцахад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг бүрэн агуулгаар тусгаагүй атлаа хэт нэг талыг барьж Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-аас гаргасан тайлбарыг бүрэн дүүрэн тусгасан шүүхийн шийдвэрт шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн асуудлын зарим санааг зөрүүтэй тусгасан. Тухайлбал: Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 8 дахь догол мөрөнд буюу хариуцагч Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-ын төлөөлөгч Б.Батдэлгэр шүүх хуралдаанд тайлбарлахдаа гэх хэсэгт ... Капитал банк ХХК-ийн дүрэмд 99.98 хувийг эзэмшдэг, Бишрэлт групп ХХК нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн компани гэж бичсэн байх боловч хариуцагч Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-ын төлөөлөгч Б Батдэлгэр нь шүүхэд тайлбарлахдаа ...Капитал банк ХХК-ийн 99.98 хувийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь эзэмшдэг гэж тайлбарласан бөгөөд Бишрэлт групп ХХК-ийн тайлбар гаргаагүй байхад шүүхийн шийдвэрт зөрүүтэй тусгагдсан.

Капитал банк ХХК-аас ЖДҮХС-ийн зээлийг дамжуулан зээлдүүлэх үүрэг хүлээж байсан 11 арилжааны банкны аль нэгнээс дээрх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Түүнчлэн, Капитал банк ХХК нь төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудтай 2011, 2016-2017 онуудад Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг дамжуулан олгох, санд зээлийн эх үүсвэрийг эргүүлэн төлөх талаар байгуулсан зээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй этгээд нь Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ биш аталаа хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр дээрх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэл, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж байгаа үйлдэл нь Капитал банк ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг доголдуулах, ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилго агуулсан үйлдэл байхад шүүх энэ талаар эрх зүйн ач холбогдлыг тогтоох шаардлагатай ажиллагааг авч хэрэгжүүлээгүй атлаа хариуцагч нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилго агуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хэрэв Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ нь Капитал банк ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилго агуулаагүй байсан бол Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн дамжуулан зээлдүүлэх үүрэг хүлээж байсан бусад 10 арилжааны банкны талаар мөн олон нийтэд мэдээлэл хийх ёстой байсан гэтэл зөвхөн Капитал банкийг нэр цохож хэвлэлийн бага хурал хийсэн үйлдэл нь өөрөө анхнаасаа тус банкны ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилго агуулж байсныг илэрхийлж байна.

Хариуцагч нь мэдээлэл авах эрхийнхээ дагуу холбогдох байгууллагаас Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой баримт шаардахад зөвхөн Капитал банк ХХК-д холбогдох баримтыг гаргаж өгсөн гэж хуралдааны явцад тайлбарласан боловч энэ талаарх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх зөвхөн хариуцагчийн гаргасан тайлбарт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх иргэний хэргийг үүсгэх шүүгчийн захирамж гарахаас өмнө нь буюу иргэний хэрэг үүсгээгүй байхад хариуцагчид нэхэмжлэлийг гардуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн эхний заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хариуцагч Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-д холбогдуулан Капитал банк ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд учруулсан эдийн бус гэм хорыг арилгаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар залруулга гаргуулан банкны нэр хүндийг сэргээлгэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Капитал банк ХХК нь Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-аас 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, Капитал банк ХХК нь ЖДҮХС-аас зээл авч 48 447 000 000 төгрөгийг төлөөгүй, мөнгө угаасан, хүүлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх зэрэг гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараагдсан нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим сайтууд болон сошиал ертөнцөөр нийтлэгдэж Капитал банк ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд болон хадгаламж эзэмшигч, харилцагч нарын банкинд итгэх итгэлийг алдагдуулах, цаашлаад банкны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц нөхцөл байдлууд үүсэж болзошгүй сөрөг үр дагавар бий болсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Хариуцагч нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшилд байдаг Капитал банк ХХК нь ЖДҮХС-аас 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээгээр их хэмжээний зээл авч гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй, уг мөнгө ЖДҮХС-д жижиг, дунд үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид буюу баялаг бүтээгч нарт очих ёстой байсан. Энэ боломжийг Капитал банк ХХК хулгайлсан. Энэ асуудлаар АТГ-аас шалгаж байгаа. Капитал банк ХХК-д Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-с учруулсан гэм хор байхгүй, зөвхөн үнэнийг олон нийтэд мэдээлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

Хэргийн 74 дүгээр талд авагдсан Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албан бичигт Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-аас ЖДҮХС-аас олгох зээлийг Капитал банк ХХК-аар дамжуулан олгож байсан асуудлыг шалгуулахаар гаргасан гомдлыг хүлээн авч 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн 180200524 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар дурдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт Энэ хуулийн ... 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх зохигчдын шаардлага, татгалзалтай холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан дээрх баримт болон зохигчийн тайлбар зэргээр тогтоогдсон байхад хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлээгүй нь буруу болжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4, 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/00234 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-д холбогдох, Капитал банк ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд учруулсан эдийн бус гэм хорыг арилгах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар залруулга гаргуулан банкны нэр хүндийг сэргээлгэх тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ