Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 127

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энх-Амгалан,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Б.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даргаанхан овогт Баатарын Гансүхэд холбогдох 1818000830114 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, Даргаанхан овогт Баатарын Гансүх /РД:ОВ84012516/, 1984 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 20000 төгрөгөөр торгох ял,

-2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

-2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

-2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,

-2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

-2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Гансүх нь 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Студент” нэртэй цайны газар дотор үйлчлүүлж байсан иргэн Э.Ариунзулын эд зүйл бүхий цүнхийг хулгайлж, 315000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Гансүх нь 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Студент” нэртэй цайны газар дотор үйлчлүүлж байсан иргэн Э.Ариунзулын эд зүйл бүхий цүнхийг хулгайлж, 315000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Б.Гансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Дархан сумын үйлчилгээний төвийн ард байдаг цайны газарт 11 цагийн үед хоол идэхээр орсон. Миний хажууд нэг эмэгтэй хүүхэдтэйгээ хамт хоол идээд сууж байхаар нь би гарахдаа цүнхийг нь аваад гарсан. Гараад хажуу талын 5 давхар байрны орцонд ороод цүнхийг онгойлгож үзэхэд 2 гар утас, бичиг баримттай түрүйвч, 70000 төгрөг байсан. 2 гар утсыг нь нийлүүлээд 50000 төгрөгөөр зарсан. Ажил хийж хохирол төлбөрийг төлж барагдуулна. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 9/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 10/,

 

-Хохирогч Э.Ариунзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 1 сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумаас нөхрөө эмнэлэгт үзүүлэх гэж Дарханд ирсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд “одоогоор хагалгаанд орох боломжгүй, тариагаа дуусгачихаад ор” гэж хэлсэн. Бид буцах гээд үйлчилгээний төвийн “Студент” гэдэг нэртэй цайны газарт хоол идсэн. Манай нөхөр тооцоогоо хийчихээд гадаа тамхилаад байж байсан. Би хүүхдээ тэвэрч дотор сууж байгаад араас нь гараад “чи миний цүнхийг авсан уу?” гэсэн чинь манай нөхөр “би аваагүй” гэсэн. Тэгээд буцаж ороод “танайх камертай юу?” гэсэн чинь “камер байгаа” гэхээр нь камер шүүж үзэхэд нэг хууз сахалтай хар урт куртикатэй залуу аваад гарсан байсан. Тэгээд бид нар цагдаа дуудсан. гэх мэдүүлэг /хэргийн 12-13/,

 

-Гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 1 сарын 22-ны өдөр Шарын гол сумаас Дарханд ирсэн. Өдөр 14:30 цагийн үед үйлчилгээний төвийн хажууд байдаг “Студэнт” нэртэй цайны газар ороод голын эгнээний эхний ширээнд сууж хооллосон. Би хоолоо идэж дуусаад тооцоогоо хийчихээд гарч тамхи татсан. Гадаа зогсож байтал эхнэр гарч ирээд “чи миний цүнхийг авсан уу?” гэхээр нь “үгүй” гээд эргэж ортол цүнх нь байхгүй байсан. Манай эхнэрийн цүнхэн дотор миний LG K-7 маркын гар утас, Чингисийн зурагтай түрийвч, эхнэрийн ягаан өнгийн элгэн материалтай түрийвч байсан. Миний түрийвчинд ажлын үнэмлэх л байсан. Эхнэрийн түрийвчинд 70 орчим мянган төгрөг, цахим үнэмлэх байсан. гэх мэдүүлэг /хэргийн 14/,

 

- Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 3 дугаар сарын 28-ны  өдрийн байдлаар 245000 /хоёр зуун дөчин тавин мянга/ төгрөг байна гэх 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 25-26/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ариунзулд эд зүйлийн үнэ 245000 төгрөг, бэлэн мөнгө 70000 төгрөг, нийт 315000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүгдэгч Б.Гансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2 гар утас, бичиг баримттай түрүйвч, 70000 төгрөг байсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай эхнэрийн цүнхэн дотор миний LG K-7 маркын гар утас, Чингисийн зурагтай түрийвч, эхнэрийн ягаан өнгийн элгэн материалтай түрийвч байсан. Миний түрийвчинд ажлын үнэмлэх л байсан. Эхнэрийн түрийвчинд 70 орчим мянган төгрөг, цахим үнэмлэх байсан. гэх мэдүүлэг /хэргийн 14/, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 25-26/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан тул шүүгдэгч Б.Гансүхээс 315000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Ариунзулд олгохоор шийдвэрлэв.           

 

Шүүгдэгч Б.Гансүхийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Шүүгдэгч Б.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б.Гансүх нь 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Студент” нэртэй цайны газар дотор үйлчлүүлж байсан иргэн Э.Ариунзулын эд зүйл бүхий цүнхийг хулгайлж 315000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Гансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дархан сумын үйлчилгээний төвд байдаг цайны газарт 11 цагийн үед хоол идэхээр орсон. Миний хажууд нэг эмэгтэй хүүхэдтэйгээ хамт хоол идээд сууж байсан. Би гарахдаа цүнхийг нь аваад гарсан.” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 10/, хохирогч Э.Ариунзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...камер шүүж үзэхэд нэг хууз сахалтай хар урт куртикатэй залуу аваад гарсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13/, гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эргэж ортол цүнх нь байхгүй байсан. Манай эхнэрийн цүнхэн дотор миний LG K-7 маркын гар утас, Чингисийн зурагтай түрийвч, эхнэрийн ягаан өнгийн элгэн материалтай түрийвч байсан. Миний түрийвчинд ажлын үнэмлэх л байсан. Эхнэрийн түрийвчинд 70 орчим мянган төгрөг, цахим үнэмлэх байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14/, “үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 245000 /хоёр зуун дөчин таван мянга/ төгрөг байна” гэх 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 25-26/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Гансүхийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Гансүх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Гансүх нь энэ хэрэгт 2018 оны 4 дүгээр сарын  12-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 7 хоног цагдан хоригдсон бөгөөд шүүгдэгч Б.Гансүхийн цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн тооцож, 56 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, үлдэх 194 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй си ди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Даргаанхан овогт Баатарын Гансүхийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Гансүхээс 315000 /гурван зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг 12-4 тоотод оршин суух Боржигон овогт Эрхэмзаяагийн Ариунзулд /РД:ЗВ77071201/ олгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Даргаанхан овогт Баатарын Гансүхэд 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам, талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Гансүхийн энэ хэрэгт 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн тооцож, 56 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, үлдэх 184 /нэг зуун наян дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Гансүх нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Гансүхэд анхааруулсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй си ди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гансүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ