Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00453

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00453

 

 

 

Капитрон банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/00090 дүгээр шийдвэртэй Капитрон банк ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Баяржаргалд холбогдох, зээлийн болон барьцааны гэрээний дагуу 62 347 299 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэг, Г.Энхтайван, хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Хариуцагч О.Баяржаргал нь үндсэн зээлэнд 21 309 461.85 төгрөгийг төлсөн. Үндсэн хүүнд 47 920 596.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4 654 449.95 төгрөг, нийтдээ 73 884 558.72 төгрөгийг төлсөн байна. Шүүхэд нэхэмжлэлээ 2018 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан. Хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл нь 45 690 538 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл нь 13 094 282 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 618 856 төгрөг, нийтдээ 59 403 677 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манайх нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэмэгдүүлсэн. Үүнд үндсэн хүүнд 2 453 019 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 428 601 төгрөг нийт 2 933 620 төгрөг байгаа. Нийт нэхэмжилж байгаа үнийн дүн нь 62 347 299 төгрөг байна. Үүнээс үндсэн зээлийн үлдэгдэл нь 45 690 538 төгрөг, үндсэн хүү нь 15 547 301 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 1 109 460 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн гэрээний 3.1.4 дэх хэсэгт зээлийн нэмэгдүүлсэн хүүг жилийн 5.52 байна гэж тодорхой хувь хэмжээтэй заасан. Энэ нь үндсэн хүүгийн 20 хувь нь 5.52 гэж тооцсон. Үүнийг дэлгэрэнгүйгээр гэрээний 4.9 дэх хэсэгт байгаа. Зээлийг төлөөгүй бол хавсралт 1-д заасан төлөлтийн хуваарийн дагуу төлөх ёстой үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд эргэн төлөлтийн хуваарьт заасан төлөгдөөгүй үндсэн өрийн үлдэгдлээс өр үүссэн өдрөөс эхлэн гэж заасан. Энэ нь үндсэн хүүгийн 20 хувиар тооцож байгаа хэлбэр юм гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 67 000 000 төгрөгөөс тооцож нэхэмжлэлийн үнийн дүнг гаргасан байна. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн хүснэгтэд төлөх ёстой нь 63 000 000 төгрөг, төлсөн нь 21 309 461.85 төгрөг, зээлийн үлдэгдэл нь 45 690 538.15 төгрөг, бодогдсон хүү нь 61 014 879.26 төгрөг, төлсөн хүү нь 47 920 596.92 төгрөгийг төлсөн байна. Үндсэн зээлээс 21 000 000төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 4 654 499.95 төгрөгийг төлсөн байна. Гэтэл зээлийн дансны хуулгаар хариуцагч нь нийтдээ 73 884 558.72 мөнгийг төлсөн, мөн 4 654 499.95 мөнгийг нэмэгдүүлсэн хүү төлсөн. Хариуцагчийн зүгээс нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Учир нь нэмэгдүүлсэн хүүг гэрээнд тохирохдоо үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцно гэсэн байгаа. Иргэний хуулийн заалтад нийцээгүй, гэрээгээр тохироогүй тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Бид хуулийг үгийн шууд утгаар нь тайлбарлаж хэрэглэх ёстой, зээлийн гэрээний 4.9 дэх хэсэгт нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцох талаар зааж өгсөн. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэсэн, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт аль нэг талд гэрээний нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасан байгаа. Үүнээс үзэхэд зээлийн гэрээний 4.9 дэх заалтад зээлийн үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэх тохиролцоог заасан. Үүнийг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо гэж үзэх боломжгүй. Хариуцагчийн зүгээс зээлийг төлөхгүй байсан өөр шалтгаан нь банк тодорхой үүрэг хариуцах ёстой, зээл өгчхөөд зээлийн хугацаа нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дууссан байхад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар татгалзах асуудал байсан. Зээлийн гэрээний 7.1 дэх хэсэгт банкны үүргийг тусгасан. Гэрээний 10.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх нь нэхэмжлэгч талд байгаа. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдолд банк гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцлах эрхтэй гэсэн. Дангаар цуцлах эрх нь байсаар байхад 10.2.2 дахь хэсэгт зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд гэрээгээ цуцлахгүй, шүүхэд хандахгүй байсан. Банк гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан шаардах эрхээ эдэлж чадах эсэхэд эргэлзэж байна. Хариуцагчид дангаараа гэрээг цуцлах эрх байхгүй. 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс банк үүргээ биелүүлсэн бол хариуцагчид ийм их өр төлбөр нэмэгдэхгүй байсан. Иймд Иргэний хуулийн 452 дугаар зүйлд заасан хэтэрсэн хугацааны хүү авах эрхээ алдаж байгаа учраас гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжилж байгаа хүүг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Баяржаргалаас зээлийн гэрээний үүрэгт 59 403 677 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 943 622 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Б.Энхжин,О.Баяржаргал нарын өмчлөлийн Ү-2203018774 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 24 тоот 34 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587 217 төгрөг 454 969+70 200+62 048/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Баяржаргалаас 525 169 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд хууль зүйн дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Зээлийн гэрээний 3.1.1-д ... 67 000 000 төгрөгийг бэлэн бусаар олгохоор гэрээ байгуулж уг зээлийг 11 дүгээр сарын 27-ны өдөр 3000015350 тоот данс руу бэлэн бусаар шилжүүлэхдээ олгосон зээлийн шимтгэл гэж 335 000 төгрөг, 5 000 төгрөгийг тус тус суутган авсан нь хууль бус гэж үзэж байна. Тус гэрээний 3.1.7-д 0.5 хувиар зээл олгосны шимтгэл гэж санал болгосон нөхцөл гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч 67 000 000 төгрөгийн зээл бус, харин 66 660 000 төгрөгийн зээл олгосон. Иймд тухайн зээл, хүү тооцох тооцоолуур бодолт буруу хийгдэж банк үндэслэлгүйгээр 340 000 төгрөг суутгасан нь хууль бус байна. Дээрх суутгасан 340 000 төгрөгт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хууль зөрчсөн ба банк гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, илүү мөнгө авсан. 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 67 000 000 төгрөгийн зээлийн гэрээнээс нэмэлт гэрээ буюу 63 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд төлөгдсөн 4 000 000 төгрөгөөс зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү хэдийг тооцсон нь тодорхойгүй, зээлийн гэрээний 10.2-д зөвхөн банк гэрээг цуцлах зохицуулалттай байхад банк гэрээний үүргээ биелүүлээгүй зэрэг нөхцөл байдалд шүүх дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт ... гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээний 3.1-д .. Банк нь зээлдэгчид зээлийг дараах нөхцөлөөр олгоно, мөн гэрээний 3.1.4-д ... Зээлийн нэмэгдүүлсэн хүү жилийн 5.52 хувь, 3.3-д ... Зээлдэгч нь зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлнө, 4.9-т ... Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөгдөөгүй үндсэн өрийн үлдэгдлээс өр дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна гэж тус тус тодорхойлсон. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт ... Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт ... гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж тус тус заасан.

Эдгээрээс үзэхэд талуудын хооронд байгуулсан гэрээний 4.9-т ... зээлийн үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэх... тохиролцоо байх бөгөөд үүнийг ... үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцоогүй тул 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 12-ны хугацаанд 4 654 499 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд төлсөн нь хууль бус юм. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч чадаагүйн зэрэгцээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Капитрон банк ХХК нь хариуцагч О.Баяржаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 62 347 299 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Капитрон банк ХХК нь О.Баяржаргалтай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3000-2014/282 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 67 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд жилийн 5.52 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцох, зээл олгосны шимтгэлд зээлийн үнийн дүнгээс 0.5 хувийг төлөхөөр зээлдсэн. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Б.Энхжин,О.Баяржаргал нарын өмчлөлийн Ү-2203018774 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны 24 тоот 34 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 8-12 дугаар тал/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1,156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

Зээлдэгч О.Баяржаргалын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хүсэлт, зээлийн гэрээний холбогдох заалт, Капитрон банк ХХК-ийн зээлийн хорооны хурлын шийдвэрийг тус тус үндэслэн талууд 3000-2014/282 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан байх бөгөөд зээлийн үлдэгдэл болох 63 000 000 төгрөгийн эргэн төлөлтийн хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл сунгажээ. /хх-ийн 13 дугаар тал/

Дээрх нэмэлт гэрээнд заасан хугацаа дууссан боловч О.Баяржаргалын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ...зээлийн үлдэгдэл 60 100 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж дуусгах, тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх хөрөнгийг борлуулахыг зөвшөөрсөн талаарх хүсэлт болон Капитрон банк ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 16/92, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17/146 тоот мэдэгдэл зэргээс үзэхэд зээлдэгчийг төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Талууд зээлийн гэрээний 3.1.7, 3.2, 4.9-т зааснаар зээл олгосны шимтгэлийг зээлийн үнийн дүнгээс 0.5 хувиар тооцож, зээл олгох гүйлгээ хийсэн өдөр төлөх, зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон байна. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй юм. /хх-ийн 8 дугаар тал/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол ...нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу зээлийн гэрээний 4.1-д үндсэн зээл, хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байх тул эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээлийн төлбөрт тооцсон хүүгээс нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөгдөх хуваарьт заасан хугацаа, хэмжээгээр зээлийг эргүүлэн бүрэн төлөөгүй, зээлийн гэрээний 6.2.4 дэх заалтыг зөрчсөн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч Капитрон банк ХХК нь хариуцагчид зээлийн төлбөрийг барагдуулах тухай мэдэгдэж байсан, үүргээ гүйцэтгэхийг сануулсан, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. /хх-ийн 21-22 дугаар тал/

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл болон зээлийн хүүгийн тооцооллыг үндэслэн зээлийн үлдэгдэл 45 690 358 төгрөг, хуримтлагдсан хүү 13 094 282 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 618 856 төгрөг, нийт 59 403 677 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй бөгөөд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан хэдий ч шүүх нэхэмжлэл гаргаснаас хойших хугацааны буюу 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 23-н өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 2 943 622 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй байна.

Гэрээгээ цуцлах, зээлийг буцаан шаардах нь банкны эрхийн асуудал тул давж заалдах гомдолд дурдснаар гэрээгээ цуцлах үүрэгтэй байсан гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд, шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцсэн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/00090 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ