| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сампилноровын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 305/2026/00101/И |
| Дугаар | 305/ШШ2026/00110 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 305/ШШ2026/00110
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ууганбаяр би
Нэхэмжлэгч: *****-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****-т холбогдох,
1,800,000(нэг сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** гэдэг хүнтэй 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хашааны урьдчилгаа болох 1,500,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Дараа нь 2025 оны 04 дүгээр сарын 03-нд дахин 300,000 төгрөг шилжүүлсэн. Гэвч энэ хүн өнөөдрийг хүртэл хашаагаа албан ёсоор шилжүүлэн өгөхгүй байгаа тул урьдчилгаа болгон өгсөн 1,800,000 төгрөгийг эргүүлэн авах хүсэлтэй байна. Хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ***** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *****-ээс 1,800,000 төгрөгийг нэхэмжилсэн. 500,000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Үлдэгдэл 1,300,000 төгрөгийг гаргуулна. Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч ***** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн *****-аас 1,800,000 төгрөг 2025 онд авсан нь үнэн. Би үүнийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгөнөөс 500,000 төгрөгийг өөрийнх нь гарт хүлээлгэн өгсөн. Одоо 1,300,000 төгрөгийг 2 дугаар сарын 26-наас 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд төлж барагдуулна. Үүн дээр үндэслэн энэ тооцсон хугацаанд нь төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ***** нь 1,800,000(нэг сая найман зуун мянга) төгрөгнөөс 500,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч ***** 500,000 төгрөгийг төлсөн болохыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч үлдэгдэл 1,300,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж нэхэмжлэгч хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул *****-ын нэхэмжлэлтэй *****-т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгнөөс 21,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 21,875 төгрөгийг, хариуцагчаас 21,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *****-ийн ***** нь нэхэмжлэгч *****-ы *****-ын 1,800,000(нэг сая найман зуун мянга) төгрөгнөөс 500,000(таван зуун мянга) төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1,300,000 (нэг сая гурван зуу мянга) төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгнөөс 21,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 21,875 төгрөгийг, хариуцагч *****-ээс 21,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *****-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.УУГАНБАЯР