Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/903

 

 

 

 

 

    2025            07             26                                        2025/ДШМ/903

 

      М.З-т холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.У,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж,

яллагдагч М.З, түүний өмгөөлөгч Г.Г,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/4212 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Эрхэмбаярын бичсэн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлоор М.З-т холбогдох эрүүгийн .....................дугаар хэргийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч М.З нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ....... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Яллагдагчийн өмгөөлөгч Г.Г-ийн гаргасан хүсэлтийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллагдагч М.З-т холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаах үндэстэй гэж шүүх дүгнэлээ. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчийн тогтоолд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эгч Б.Ж-г тогтоон мэдүүлэг авч, гэмт хэргийн улмаас түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр хоёрдугаар зэрэглэл гэж тогтоосон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, мөн хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг”, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ”, 40.2.1-т “хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх” гэж тус тус хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эгч Б.Ж-г бус түүний эхнэр Ц.Н-г тогтоохоор байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хуулийн дагуу зөв тогтоогоогүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг тогтооно”, мөн хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж заасныг бодитоор, зөв тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шууд учирсан хохирол, тухайн хохирол учруулснаас үүдэн гарах үр дагаврыг хор уршигт тооцдог. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд бүрэн дүүрэн явуулсны эцэст гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар яллах дүгнэлтэд тодорхой заавал зохино. Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бодитой, зөв тогтоож, түүнд учирсан хохирол, хор уршгийн асуудлыг нэг мөр болгох ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” гэсэн үндэслэлээр яллагдагч М.З-т холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв. ...” гэжээ.

Прокурор Б.Эрхэмбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүхийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг ноцтой зөрчсөн байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/4212 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч М.З-т холбогдох хэргийн нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу нотолсон, шалгавал зохих зүйлийг бүрэн шалгасан. Хэрэгт авагдсан баримтуудаар талийгаачийн үхэл, яллагдагчийн цохиж зодож, өшиглөж, цээжин дээр нь дэвссэн үйлдэл өөр хоорондоо шалтгаант холбоотой, өмгөөлөгч хэргийг прокурорт буцаалгахаар хүсэлт, үндэслэл, хууль зүйн дүгнэлтийг хийхдээ хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлүүлэхээр хууль зүйн дүгнэлтийг хийх ёстой. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар амь хохирогч Б.Э нь нас барахын өмнөх өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн эх болох Н.С, эхнэр Ц.Н нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн цохиж зодсон үйл баримт тогтоогддог бөгөөд улмаар мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж, магадлагаа гарсан байдаг. Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх гэрч нарыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох боломжгүй нөхцөл байдал, ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар дурдаж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны тов тогтоолгох саналыг тодорхой гаргаж танилцуулсан боловч шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй. Хохирогч нас барсан бол сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтад зааснаар гэм хорыг арилгахаар Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3 дахь хэсгийн 3.3-д заасан, түүнчлэн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгах”-аар заасан тул шүүх энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 226 дугаар талд амь хохирогчийн төрсөн эцэг Л.Б, төрсөн эх Н.С, эхнэр Ц.Н нар “Талийгаач Б.Э нас барсан гэх хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн төрсөн эгч Б.Ж-г оролцуулж байгаатай санал нэг байгаа болно” гэсэн хүсэлтийг гаргаж өгсөн байгааг дурдах нь зүйтэй байна. Хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан ба мөрдөн шалгах нууц ажиллагааны /магадалгаа/ материалыг хэргийн хамт хүргүүлсэн болно. Иймд анхан шатны шүүхийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг ноцтой зөрчсөн байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/4212 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэр бүлийн зүгээс үйлдсэн хэрэгт нь ялыг заавал оногдуулах ёстой гэж үзэж байна. Маш их гомдолтой байна. Харамсаж байгаагаа илэрхийлж гомдлыг минь дахин хугацаа хойшлуулахгүйгээр барагдуулж өгнө үү. Талийгаачийн эцэг, эхийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох боломжгүй. Эхнэр нь тархины хүнд гэмтэлтэй, унаж татдаг, хүний ярьж байгааг ойлгох чадвар байхгүй. Би уг хэрэгт анхнаасаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдоод явсан. Талийгаачийн хүүхдийн сэтгэл зүй маш эмзэг байгаа. Энэ хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

Яллагдагч М.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэй санал нэг байна. ...” гэв.

Яллагдагч М.З-ын өмгөөлөгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Ж байхад шүүх хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н юм байна гэж шийдвэрлэх боломжгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-ээс “талийгаачийн эхнэр Н нь тархины хүнд гэмтэлтэй тул өөрийгөө илэрхийлэх чадваргүй” гэж байна. Үүнтэй холбоотой ямар нэгэн эмнэлгийн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Н-аас гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Энэ нь өөрийгөө илэрхийлээд гэрчийн мэдүүлэг өгсөн гэж харж байна. Хууль ёсны төлөөлөгчийн асуудал нь өөрөө шүүгдэгчийн хохирол төлбөр төлөхтэй холбоотой асуудалтай холбоотой тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоож байж хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Прокуророос яллагдагч М.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бодитой, зөв тогтоож, түүнд учирсан хохирол, хор уршгийн асуудлыг нэг мөр болгох ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, мөн хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ” гэж, 40.2.1-т “хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шууд учирсан хохирол, тухайн хохирол учруулснаас үүдэн гарах үр дагаврыг хор уршигт тооцдог.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэйгэж,

мөн зүйлийн 508.5 дахь хэсэгт Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэйгэж,

мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооногэж тус тус заажээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоохоор заасан байх тул нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн материалыг судлан үзэхэд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн төрсөн эгч Б.Ж-г 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /1хх 43/-оор тогтоож, эрх үүрэг тайлбарлан хууль сануулж, мэдүүлэг авчээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн төрсөн эгч Б.Ж-г тогтоосон нь хууль зөрчсөн гэж үзэхгүй боловч түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх нь амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардлыг нэхэмжлэх хүрээгээр хязгаарлагдана.

Харин амь хохирогчийн гэр бүлийн гишүүн болох эхнэр Ц.Н-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхийг эдлүүлэх нь хуульд нийцэхээр байна.

Дээрх үндэслэлийн хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн явуулж, яллах дүгнэлтэд тодорхой заавал зохино.

Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй байх тул прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/4212 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Эрхэмбаярын бичсэн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР