Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 213/МА2019/00022

 

Э.*******ийн нэхэмжлэлтэй Баян-Өндөр сумын Ерөнхий

боловсролын сургуульд холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00655 дугаар шийдвэртэй

 Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Баян-Өндөр сум 3 дугаар баг Энхзаяагийн *******ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч Баянхонгор аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох

 Бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгийг дутуу бодож олгосоны хөлс 863.345 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Баянхонгор аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийг төлөөлж тус сургуулийн захирал Д.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Баян-Өндөр сум 3 дугаар баг Энхзаяагийн *******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын дунд сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар Э.******* намайг бага ангийн багшаар томилсон. Гэтэл ажил үүргээ гүйцэтгээд явж байтал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 37.1.3, 37.1.1 дэх заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 5 дугаар бүлгийн 20.1.1, 20.1.2 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Иймд Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгож, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгөний зөрүү 863.345 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.*******ийн өмгөөлөгч Б.Бурмаагаас анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил үүргийн талаар огт тусгаагүй байдаг. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулахаар хуульчилсан байдаг. Э.*******ийн ажлаас чөлөөлсөн байдлуудыг үгүйсгэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Ажил олгогчийн зүгээс Э.*******ийг ажлаас чөлөөлөх гээд зүтгээд байгаа нь хувийн сонирхол байгаа гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийг төлөөлж тус сургуулийн захирал Д.*******аас шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус сургууль нь бага боловсролын 3 багшийн сонгон шалгаруулалтыг явуулж өгөх хүсэлтийг 2018 оны 08 дугаар сард аймгийн Боловсрол соёлын газарт хүргүүлсний дагуу Ц.Отгончимэг, Д.Өлзийхишиг нар орж тэнцсэн. Бага боловсролын 1 багш дутагдалтай байсан тул дахин хүсэлт хүргүүлж сонгон шалгаруулалтыг явуулсан. Тус шалгаруулалтад Э.******* оролцсон боловч шалгалтандаа тэнцээгүй байдаг. Аймгийн Боловсрол соёлын газраас өөр оролцогч байхгүй тул дараагийн сонгон шалгаруулалт хүртэл түр томилон ажиллуулж болох юм гэсэн саналыг ирүүлсэн. Үүний дагуу сургалтын менежер болон Э.*******тэй ярилцаж хөдөлмөрийн гэрээг хичээлийн жилийг дуустал хугацаагаар байгуулан ажиллуулсан.

Бага, дунд багш нарын 2018-2019 оны хичээлийн жилийн ээлжийн амралтыг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Э.*******ийг ажлаас нь чөлөөлөх тушаал гарсан. Уг тушаалд ажлаас чөлөөлөх хугацаа 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс гэж заасан нь ажил хүлээлцэх хугацааг оруулж тооцсон болно.

Э.******* нь тус сургуульд нийт 9 сар тасралтгүй ажилласан бөгөөд тухайн хугацаанд харгалзах ээлжийн амралтыг гүйцэт тооцож, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил хүлээлцэх хугацаа, тэр хугацааны цалин хөлсийг хуульд зааснаар бодож олгосон болно.

Ажлаас чөлөөлөх тушаал, шийдвэрийг гаргахдаа ямар нэгэн хууль зөрчөөгүй бөгөөд сонсох үйл ажиллагааг зохион байгуулж, түүнд Э.******* өөрийн биеэр оролцож хүлээн зөвшөөрсөн тул шүүхэд гаргасан Э.*******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн багш Э.*******ийн ур чадвар, заах арга, мэдлэг, туршлага хангалтгүй, хүүхдүүдэд зохих суурь мэдлэгийг олгож чадахгүй байгаа талаар сурагчдын эцэг эхчүүдээс гомдол, санал ирсэн тул энэ бүх байдлыг харгалзан ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийг төлөөлж тус сургуулийн захирал Д.*******аас анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Аймгийн Боловсрол соёлын газраас зөвлөсөний дагуу Э.*******ийг түр томилгоотой ажиллуулж байсан юм. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хичээлийн жилийг дуустал гэж гэрээг байгуулсан байдаг. Нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын цалин, амралтын мөнгө дутуу бодогдсон гэж байна. Гэтэл дутуу биш бүр 2 өдрийн цалинг Э.*******т илүү бодож өгсөн. Энэ хичээлийн жилийн бүтэцтэй холбоотой бүх хүмүүсийн хувьд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөр жил дуусгавар болж байгаа. Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан ээлжийн амралтын олговор олгох журмыг баримталж бүх хүмүүстээ ээлжийн амралтын мөнгийг олгодог. Энэ дүрэм журмын дагуу л ээлжийн амралтын мөнгө олгогдсон. Дутуу олгогдсон зүйл байхгүй. Э.*******тэй хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Ажилласан сард нь ногдуулж 36 хоногийн ээлжийн амралт бодож олгосон гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгож, Э.*******ийг Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т тус тус зааснаар Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулиас ээлжийн амралтын дутуу тооцогдсон мөнгө 498.542 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 364.803 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7-р зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.270 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулиас 15.606 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянхонгор аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийг төлөөлж тус сургуулийн захирал Д.*******аас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00655 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Э.*******ийн хувьд 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Б/76 дугаар тушаалаар өвчний учир чөлөө авсан багшийн орон тоон дээр түр хугацаагаар томилогдсон. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар батлагдсанаар 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дууссан тул Э.*******ийн чөлөөлсөн. Анх ажилд орохдоо түр орон тоон дээр ажиллаж байгаа гэдгээ Э.******* нь мэдэж байсан бөгөөд хичээлийн жил дуустал ажиллуулна гэдгээ бид харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг түр хугацаагаар байгуулсан. Ингээд харилцан тохирсон ёсоор хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Э.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд ямар үндэслэлээр ажилдаа эгүүлэн тогтоолгох гээд байгаа нь тодорхой бус байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Иймд дээрхи шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Э.*******ийн өмгөөлөгч Б.Бурмаагаас хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулинд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан ч энэ нь ажил олгогч, ажилтан хоёрын тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл шаардлага үүссэн нөхцөлд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор заасан зохицуулалт юм. Э.*******ийн ажлын байр нь батлагдсан орон тоон дээр байгууллагын үндсэн ажилтнаар авч ажлуулдаг, байнгын ажлын байр тул түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Энхзаяагийн *******ээс бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгийг дутуу бодож олгосоны хөлс 863.345 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 Хариуцагч Баянхонгор аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийг төлөөлж тус сургуулийн захирал Д.*******аас тайлбарлахдаа Э.*******ийг түр томилгоотой ажиллуулж байсан юм. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хичээлийн жилийг дуустал гэж гэрээг байгуулсан байдаг. Анх ажилд орохдоо түр орон тоон дээр ажиллаж байгаа гэдгээ Э.******* нь мэдэж байсан бөгөөд хичээлийн жил дуустал ажиллуулна гэдгээ бид харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг түр хугацаагаар байгуулсан. Ингээд харилцан тохирсон ёсоор хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсгийн заалт нь ажилтан ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нөхцөлийг зохицуулсан бөгөөд бага ангийн багш Э.*******ийг ажилд авахдаа ямар тодорхой үндэслэл, шаардлага үүссэн учраас хөдөлмөрийн гэрээг түр хугацаагаар байгуулсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Ажил олгогчийн зүгээс Э.******* нь өвчний учир чөлөө авсан багшийн орон тоон дээр түр хугацаагаар томилогдсон гэж тайлбарладаг боловч энэ чөлөө авсан багшийн талаар нотлох баримт байхгүй байна.

Э.*******ийн эрхэлж байсан бага ангийн багшийн орон тоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байр бөгөөд байнгын орон тоон дээр түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулах тохиолдолд ажилтантай заавал тохиолцож, тухайн ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр зөвшөөрч гэрээг байгуулах үндэслэлтэй байтал ажилтны зүгээс сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг түр хугацаатай байгуулсан гэж үндэслэл нотлогдохгүй байна. Иймд Э.******* нь анх ажилд томилогдохдоо сайн дурын үндсэн дээр зөвшөөрч хөдөлмөрийн гэрээг түр хугацаагаар байгуулсан, ажил олгогчийн зүгээс Э.*******тэй хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах зайлшгүй шаардлага байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 тоот тушаалд заахдаа 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар талууд харилцан тохиолцсон гэсэн үндэслэлийг зааж Э.*******ийг багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар талууд харилцан тохиролцоогүй байна.

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгож, Э.*******ийг Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны болон 12 хоногийн амралтын мөнгө 498.542 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгоод, нэхэмжлэлийн шаардлагааас 364.803 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийг төлөөлж тус сургуулийн захирал Д.*******ын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч тус сургуулийн захирал Д.*******аас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00655 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийг төлөөлж тус сургуулийн захирал Д.*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч тус сургуулийн захирал Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

  ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 Г.УЛАМБАЯР