Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 305/ШШ2026/00111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***** аймгийн ***** сумын **** багт оршин суух, ***** овгийн *****-ын *****- агийн нэхэмжлэлтэй,

Мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн тэмдэглэл хөтлөв.

Нэхэмжлэгч ***** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн зохицуулалтанд үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тунгалаг багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *****-ын ***** миний бие ***** оны ***** дугаар сарын *****-ний өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн. Миний бие ***** оны 06 дугаар сарын 03-ны өдөр 8 дугаар ангиа төгсөөд хөдөө мал дээр гарч аав, ээжийнхээ хамт мал маллаж байгаад 1994 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нөхөр *****-тэй гэр бүл болж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд аав, ээжийнхээ хамт мал маллаж байсан үеийн баримтууд өрхийн тэргүүний нэрээр гарч ирсэн байгаа, мөн гэр бүл болоод мал маллаж байсан 1998-2000 оны мал тооллогын А данс архиваас гарч ирэхгүй, байхгүй байгаа тул шүүхээр тогтоолгох болсон юм гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа

- Төрсний бүртгэлийн лавлагаа

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03-02/146 дугаартай архивын лавлагаа

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03-02/147 дугаартай архивын лавлагаа

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралтууд

- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тамгын газар, Иргэдийн МАА-н бүтээгдэхүүний орлогын албан татварын оногдуулалтын тооцоо 1998, 1999, 2000 он

- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/23 дугаартай албан бичиг

- Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ***** нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.

Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

3. Нэхэмжлэгч ***** нь 1991 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тунгалаг багт мал маллаж байсан байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай тус аймгийн Төгрөг сумын Тунгалаг багийн малчин, өрхийн тэргүүлэгч *****-ын *****-ын мал маллаж байсан хугацаа 1991-1993 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

- Нэхэмжлэгчийн эцэг *****-ын *****-ын 1991-1993 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тамгын газар, 1998 оны Тунгалаг багийн иргэдийн мал аж ахуйн албан татвар оногдуулалтын тооцооны хүснэгтийн 14-рт *****, тэмээ 18, адуу 14, үхэр 6, хонь 32, ямаа 48, нийт 118, ам бүл 4 гэж бүртгэгдсэн,

- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тамгын газар, 1999 оны Тунгалаг багийн иргэдийн мал аж ахуйн албан татвар оногдуулалтын тооцооны хүснэгтийн 15-рт *****, тэмээ 14, адуу 15, үхэр 1, хонь 70, ямаа 65, нийт 165, ам бүл 4 гэж бүртгэгдсэн,

- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тамгын газар, 2000 оны Тунгалаг багийн иргэдийн мал аж ахуйн албан татвар оногдуулалтын тооцооны хүснэгтийн 15-рт *****, тэмээ 14, адуу 9, үхэр 1, хонь 90, ямаа 68, нийт 183, ам бүл 4 гэж бүртгэгдсэн,

Дээрх иргэдийн мал аж ахуйн албан татвар оногдуулалтын тооцооны хүснэгтүүдэд Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ***** дугаартай *****-гийн *****, *****-ын ***** нар нь гэр бүл болсныг 1994 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 15-рт бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ***** дугаартай *****-ын ***** нь ***** оны ***** дугаар сарын *****-ний өдөр төрснийг ***** оны ***** дугаар сарын *****-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 49-рт бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03-02/146 дугаартай 1989 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүлэгч *****-ын с 52 настай, эхнэр*****-гийн ***** 48 настай, хүү *****-лын ***** 22 настай, охин *****-ын ***** 15 настай, охин *****-ын ***** 13 настай, хүү *****-ын ***** 11 настай, хүү *****-ын ***** 8 настай, хүү *****-ын ***** 6 настай нар нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын хөдөөд оршин суудаг гэсэн архивын лавлагаа,

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03-02/147 дугаартай 2000 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүлэгч *****-гийн ***** ***** оны 8 сард төрсөн, 28 настай, эхнэр *****-ын ***** ***** оны 7 сард төрсөн, 24 настай, хүү *****-ийн ***** ***** оны 01 сард төрсөн, 4 настай, охин *****-ийн ***** ***** оны 1 сард төрсөн 2 настай нар нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 5-р баг, хөдөөд оршин суудаг гэсэн архивын лавлагаа,

- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/23 дугаартай Тус сумын 1998-2000 оны малын А данс нь аймгийн Архивын тасагруу шилжүүлэхээс өмнө галд шатаж устсан болно. Тунгалаг багийн харъяат *****-ийн *****, эхнэр *****-ын ***** нар 1998-2000 онуудад мал маллаж байсан нь үнэн болно гэсэн албан бичиг,

- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 10 жилийн сургуулиас 1991 оны 06 дугаар сарын 08-ны өдөр *****-ын *****-д олгосон ***** дугаартай Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ***** нь 1975 онд *****-ын охин болон мэндэлж, 1991 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшиж, 1991-1993 онуудад төрсөн эцэг *****-ын *****-ын өрхөд, 1998-2000 онуудад нөхөр *****-ийн *****-ийн өрхөд тус тус харъяалагдаж мал маллаж байсан болох нь нотлогдож байна.

4. Иймд ***** овгийн *****-ын *****-г 1991 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тунгалаг багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгч *****-г мал маллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ***** овгийн *****-ын *****-г 1991 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тунгалаг багт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.УУГАНБАЯР