Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/919

 

 

 

 

 

 

 

    2025              07             30                                            2025/ДШМ/919

 

          Д.А-д холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Т,

хохирогч С.Н, Б.З, тэдний өмгөөлөгч Г.Б,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Т,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1163 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч Б.Б, Б.Т, хохирогч С.Н, Б.З нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Д.А-д холбогдох эрүүгийн ................... дугаар хэргийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.А нь Америкийн нэгдсэн улсаас 3 ширхэг тээврийн хэрэгсэл захиалан авчруулж байгаа, ...... загварын тээврийн хэрэгсэл хямд худалдан авах уу, автомашин ачигдаж ирж байгаа, гааль дээр ирсэн байна гэж итгүүлэн хохирогч Б.З-г хуурч 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 9 удаагийн үйлдлээр ...... дүүргийн ....дугаар хорооны нутаг дэвсгэрт 90.000.000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авсан,

мөн Америкийн нэгдсэн улсаас 3 ширхэг тээврийн хэрэгсэл захиалан авчруулж байгаа, ...... загварын тээврийн хэрэгсэл хямд худалдан авах уу, автомашин ачигдаж ирж байгаа, гааль дээр ирсэн байна гэж итгүүлэн хохирогч С.Н-ыг хуурч 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр .... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 43.100.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зохиомол байдлыг зориуд бий болгон, хохирогч нарын итгэлийг урвуулан ашиглаж, хуурч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.А-г 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.А-аас нийт 102.100.000 төгрөг гаргуулж, хохирогч С.Н-т 12.100.000 төгрөг, хохирогч Б.З-д 90.000.000 төгрөг тус тус олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг диск, нэг ширхэг флаш дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “…Д.А-ийн тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон бөгөөд бусдад учруулсан хохирлоо хэрхэн нөхөн төлөхөө бодитоор илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон. Иймд түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. …” гэжээ.

Шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр суурьтай давж заалдах гомдлоо гаргасан. Давж заалдах шатны шүүхэд хэрэг шилжиж ирэхээс өмнө хохиролтой холбоотой асуудлыг шийдэхээр тал бүрээс нь үзсэн боловч хангалттай дуусгавар болж чадсангүй. Хохирогч С.Н-т 12.100.000 төгрөгийн хохирол учирсан ба үүнийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Б.З-ийн хувьд 90.000.000 төгрөгийн хохиролтой холбоотой асуудлыг анхан шатны шүүхээс шийдсэн. Үүнээс 13.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүх бүрэлдэхүүн гомдол, эсэргүүцэлд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэдэг учраас эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хохиролтой холбоотой асуудлын тухай заалт байгаа. Шүүгдэгч Д.А-ийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Б” ХК-тай ..... маркийн машинтай холбоотой байгуулсан гэрээ байдаг. 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн уг машиныг хохирогч Б.З 30.000.000 төгрөгт тооцож өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Үүнтэй холбоотой Замын хөдөлгөөний зөрчил, орсон, гарсан замын хураамж зэрэг нь шүүгдэгч Д.А-ийн нэр дээр гардаг. Үүнтэй холбоотой тайлбарыг хохирогч Б.З хэлнэ байх. Хавтаст хэрэгт хохирогч Б.З уг машиныг хүлээж авсан. Мөнгө шийдэгдэх хүртэл намайг ашиглаж бай гэж хэлсэн хэмээн мэдүүлсэн мэдүүлэг байгаа. Үүнтэй холбоотой 30.000.000 төгрөгийн гэрээ байгуулагдсан талаарх баримтыг би шүүхэд гаргаж өгсөн. Эдгээр үйл баримтуудыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд сонгох санкцтай хэрэг юм. Хугацаа олгож, доод хэмжээ болох 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү. Энэ хэргийн тухайд 2023 оны 01 дүгээр сараас эхлэн үргэлжилсэн. Шүүгдэгчийн ар гэрийнх нь зүгээс хохирогч нарын хохиролтой холбоотой асуудлыг шийдэхийн тулд үл хөдлөх хөрөнгө зарах гэж байгаа тухайгаа надад тайлбарласан. Ингэхдээ 2025 оны 8 дугаар сарын 02-ны үед бүтэх юм шиг байна хэмээн хэлсэн. Тиймээс шүүгдэгч Д.А гараад ирэх юм бол хохирогч нарын хохирлын асуудлыг нэн даруй, хурдан шуурхай шийдвэрлэх боломжтой. Шүүгдэгч Д.А-ийн хувьд бусад этгээдүүдээс авлагын асуудал байгаа. Энэ асуудал анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдэж, үүнтэй холбоотой нотлох баримтууд авагдаагүй учраас дурдах нь зүйтэй. Анхан шатны шүүх, уг хэрэгт хууль зүйн дүгнэлтийг хийхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх үйл баримт байхгүй гэж дүгнэсэн. Улсын яллагчийн зүгээс хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ялын санал гаргасан байхад шүүхээс яагаад 3 жилийн хорих ял болгон хүндрүүлсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй зэргийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Гэвч миний зүгээс анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсээгүй. Миний үйлчлүүлэгч нэгэнт гэм буруугаа хүлээсэн. Хоёр хохирогчтой холбоотой хохирлын асуудлыг нэн даруй шийдвэрлэнэ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял” оногдуулах боломжтой байгааг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг нь хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нартаа “уучлаарай” гэж хэлмээр байна. Би карго эрхлээд 10 гаруй жилийн хугацаа өнгөрсөн. Би хохирогч нартай хамтран ажиллах санал тавьж байснаас биш, залилах санаа, зорилго байгаагүй. Машин орж ирэхгүй байсан учраас хохирогч С.Н-т өөрийн унаж байсан ............. загварын тээврийн хэрэгслээ өгсөн. Харин хохирогч Б.З-д гаалийн бичигтэй ............. загварын тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Намайг хохирогч нар хохирлоо төлж чадахгүй мэтээр тайлбарлаж байна. Гэвч би хохирлыг төлөх бүрэн боломжтой. Америк талаас мөнгөө татах боломжтой. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, торгуулын ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогч С.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би шүүгдэгч Д.А-д хөнгөн ял оноосон гэж үзэж гомдол гаргаж байна. Д.А нь 2023 оны 01 дүгээр сараас эхлэн намайг “Америкаас ирэх машин худалдаж ав” гэж ятган улмаар би эхнэрийнхээ унаж байсан машиныг зарж түүнд анхны урьдчилгаа төлбөрийг төлсөн. Би Д.А-аас машин авахаа хүлээж түүний шаардсанаар өдөр өдрөөр өөрт байгаа олсон мөнгөө шилжүүлж, мөн бусдаас зээлж мөнгө шилжүүлж, санхүүгийн хувьд хувийн бизнесээ эрхлэх чадваргүй болсон төдийгүй унах машингүй болж эд материал сэтгэл санаагаар маш их хохирсон. Д.А нь машин ачигдаж ирээгүйг мэдсээр байж өвлийн хүйтэнд хүртэл худлаа ярьж, гаалийн хяналтын талбайд дуудаж аваачаад энэ хооронд мөнгө шилжүүлж авдаг байсан. Хүнийг ингэж хохироосон хүнд 3 жилийн хорих ял оноосон нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хүнийг хорлож, хуурч, эд мөнгө, сэтгэл санааны хохирол учруулсантай дүйцэхгүй байна. Энэ хүн нэг хүнээс залилж авсан мөнгөөр нөгөө өрөө төлж, дахин мөнгө авахын тулд дандаа намайг хуурч, итгэл төлүүлсээр дараагийн мөнгөө шилжүүлж авч чаддаг байсан. Миний өөрийн олж мэдсэнээр шүүгдэгч Д.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 5-7 жилийн ялтай. Гэтэл прокурорын зүгээс яагаад 1 жил 8 сар гэж дүгнэлт үйлдсэнийг ойлгохгүй байна. Тийм учраас би давж заалдах гомдлоо гаргасан. Хохирогч Б.З болон надад учирсан хохирол их байгаа. Үүнээс болж хүү төлсөн асуудал нэлээдгүй байдаг. Үүнтэй холбоотой шаардлагатай гэсэн бүх баримтууд бий. Хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна. ...” гэв.

Хохирогч Б.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би Д.А-д 90.000.000 төгрөгөө залилуулсан. Д.А шүүх хурал дээр намайг хохиролгүй болгож өгнө гэж амлалт өгч 3 жилийн хорих ял авсан. Д.А нь давж заалдах шатны хугацаандаа нэг ч төгрөг төлөөгүй тул миний бие маш их гомдолтой байна. Шүүгдэгч Д.А-д оногдуулсан ял багадсан байна гэж үзэж байна. 2023 оноос хойш өнөөдрийг хүртэл хохирол төлөх боломж хангалттай байсан. Шүүгдэгчийн зүгээс маш их худал ярьдаг. Би кино зураглаач мэргэжилтэй. Миний нийт 4 жилээс 5 жил орчим хугацааны үр шимийг шүүгдэгч Д.А авч залилсан. Би эрүүл мэндийн хувьд буюу элэгний асуудалтай байгаа. Тиймээс мөнгөө олж авах хүсэлтэй байна. Шүүгдэгчид хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байгаа учраас давж заалдах гомдол гаргасан. ...” гэв.

Хохирогч С.Н, Б.З нарын өмгөөлөгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний хувьд хохирогч нартай давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацаа дууссанаас хойш хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Хавтаст хэрэгт бичгээр тайлбараа гаргаж өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт байдаг. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдал, хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзнэ гэж заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үүнтэй нийцээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.А-ийн хувьд өмнө нь ижил аргаар ижил төрлийн гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэгдэж байсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Шийтгэх тогтоол гарснаас хойш тодорхой хэмжээний хохирлыг төлсөн байдаг боловч миний үйлчлүүлэгч болох хохирогч Б.З-д учирсан бодит хохирол 77.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. .... загварын тээврийн хэрэгслийн хувьд өмчлөлд шилжигдээгүй. Тухайн хөрөнгө ..... ХК-ийн эзэмшлийнх байгаа. Харин гэрээ байгуулсан этгээд нь шүүгдэгч Д.А болох нь тогтоогдож байгаа учраас хохирол төлбөрөөс хасагдаж тооцогдох үндэслэлгүй. Энэ хэрэгт нийтлэг жишиг болох гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруугаа хүлээсэн үг, үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа маш дутуу хийгдсэн. Нэгдүгээр хавтаст хэргийн 199-205 дугаар талд шүүгдэгч Д.А-ийн “.........” ХК-ийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл бий. Үзлэгийн тэмдэглэлээр миний үйлчлүүлэгч нараас залилан авсан мөнгийг тээврийн хэрэгсэл худалдан авахад зарцуулаагүй байна гэх үйл баримтыг тогтоож, бусад хэсгийг нь орхигдуулсан. Гэтэл тус дансны хуулгад шүүгдэгч Д.А миний үйлчлүүлэгч нарыг залилаж авсан 133.100.000 төгрөгөөс хоёр удаагийн үйлдлээр 8.486.000 төгрөгийг “.........” ХХК-нд өөрийн эхнэрийн регистрийн дугаар, овог нэрээр зээл төлсөн. Мөн өөрийн эхнэр болох  М-ын 100 хувь хувцаа эзэмшдэг компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд захиран зарцуулсан үйл баримт байдаг. Хавтаст хэрэгт эдгээртэй холбоотой баримтууд авагдсан байгаа учраас давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдвал зохих иргэн, хуулийн этгээд их хэмжээний мөнгийг завшиж хоцрох нөхцөл байдал үүсэж байна. …” гэв.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасны дагуу үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан. Үүнийг торгох ялаар өөрчлөх боломжгүй гэж үзэж байна. Торгох ял биелэгдэх боломжтой байсан тохиолдолд ялыг солих боломжтой. Гэвч энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангаагүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч Б.З-д учирсан хохирол төлөгдөөгүй байна. Хэргийн үйл явц 2023 оны 01 дүгээр сараас эхэлсэн. Хамгийн сүүлийн үйлдэл 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дууссан. Өнөөдрийг хүртэл энэ хугацаанд шүүгдэгч Д.А хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлөх бүрэн боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч Б.Б, Б.Т болон хохирогч С.Н, Б.З нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.А нь Америкийн нэгдсэн улсаас 3 ширхэг тээврийн хэрэгсэл захиалан авчруулж байгаа, ...... загварын тээврийн хэрэгсэл хямд худалдан авах уу, автомашин ачигдаж ирж байгаа, гааль дээр ирсэн байна гэж итгүүлэн хохирогч Б.З-г хуурч 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 9 удаагийн үйлдлээр ..... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт 90.000.000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авсан,

мөн Америкийн нэгдсэн улсаас 3 ширхэг тээврийн хэрэгсэл захиалан авчруулж байгаа, ...... загварын тээврийн хэрэгсэл хямд худалдан авах уу, автомашин ачигдаж ирж байгаа, гааль дээр ирсэн байна гэж итгүүлэн хохирогч С.Н-ыг хуурч 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр ..... дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 43.100.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.З-ийн “…Д.А нь би Америкаас карго оруулж ирдэг юм гээд 3-н ширхэг машины зургийг үзүүлсэн. Д.А нь эдгээр машинуудыг 55 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн бачи нэг машиныг нь авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь бид зургийг нь харж байгаад саарал өнгөтэй RХ-450 маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн машиныг нь авъя гэж зөвшөөрсөн. ...Би нийт 55.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн ба машины төлбөрийг бүрэн төллөө гэдгээ хэлсэн чинь Д.А нь одоо удахгүй машин орж ирнэ, Хятад Улсын Тянжин хотод гацаад байна. Жаахан хүлээж байгаарай гэж хэлсэн. Ингээд намайг хүлээгээд байж байхад Д.А нь над руу 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр утсаар залгаад Замын үүдээр машин чинь орж ирж байна. Замын үүдээр гурван машин орж ирж байгааг чи мэдэж байгаа, ах нь нэг машиныг нь өөрөө унах байсан болилоо, “чи нэмээд нэг машиныг нь хямдхан авах уу” гэж хэлэхээр нь би бодож үзээд зөвшөөрсөн. Яагаад би нэг машин нэмж авахаар болсон гэхээр хадам аав, ээждээ аваад өгье гэж бодсон. 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гурван машин Замын үүдээр орж ирсэн гэж хэлээд яаралтайгаар 30.000.000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь би хадам аав, ээжээс 30.000.000 төгрөгийг өөрийн дансаар авч Д.А-д .... дүүргийн ..... дугаар хороонд байх ажлын байран дээрээсээ өөрийнхөө банкны картыг өгч явуулаад 28.000.000 төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн байдаг. Харин 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Үүнээс хойш Д.А нь машин ирлээ гэдгээс 2 хоногийн дараа уучлаарай ахын дүү чиний машин ирж чадсангүй өөр чингэлэг хүрч ирсэн байна. Чиний чингэлэгтэй машин Тянжинд үлдсэн байна гэж хэлсэн. Энэ цагаас эхлэн би итгэл алдраад худлаа юм байхдаа гэж бодох болсон. ...2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр чингэлэг чинь ...... дээр буусан байна, хүрээд ир гэж намайг дуудсан. Энэ үед би зураг авалттай байсан учраас очиж чадаагүй ба орондоо эхнэр Н-ыг явуулъя гэж хэлсэн. Тэгтэл Д.А нь гааль дээр байна, чи гялс 5.000.000 төгрөг өгчих, машины татварыг өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь 5.000.000 төгрөгийг манай эхнэр гэртээ байхдаа шилжүүлсэн. Тэгээд эхнэр ...... дээр очоод над руу утсаар залгаж, ямар ч машин ирээгүй байна, нөгөө хүн чинь худлаа хэлсэн юм биш үү гэж хэлсэн ба манай эхнэрт нэг чингэлэг онгойлгож үзүүлсэн байдаг. Дотор нь ямар ч машин байхгүй, Д.А хүн ирэхээр зүгээр онгойлгоод үзүүлчихээрэй гэж хэлсэн байсан, тэр чингэлэг нь яг хэний ямар учиртай чингэлэг байсныг мэдэхгүй байна. Үүнийг сонсоод би Д.А руу залгаад энэ чинь юу болж байгаа юм бэ, машин ирээгүй байна шүү дээ гэдгийг хэлсэн. Тэгсэн чинь Д.А нь харин тийм ээ, ах нь ирээгүй байсныг мэдэж байсан. Энд ирсэн чингэлэгийн татварыг төлөхгүй бол болохгүй байсан юм уучлаарай гэж хэлсэн. Энэ цагаас эхлэн бүх юм худлаа болж гэж бодоод Д.А-аас мөнгөө авъя гэж нэхэх болсон. ...Нийт 90.000.000 төгрөгийг Д.А-д өгч байсан. Надад өөрийнхөө банк бусаас авсан хөх өнгийн ........ загварын 2012 онд үйлдвэрлэгдсэн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсад орж ирсэн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр хугацаанд машиныг иртэл унаж хэрэглэж бай гээд 2023 оны 11 дүгээр сард өгч байсан. Уг машин нь ..... банкны нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байгаа. Өөрөөр ямар нэгэн эд зүйл мөнгө, төгрөг өгсөн зүйл байхгүй. ...” /1хх 146-149, 151/,

хохирогч С.Н-ын “…Д.А нь чи хямдхан RX 450 маркийн машиныг Америкаас захиалаад авчих 50.000.000 төгрөг болно, чи надад нэг удаа тусалчих, ах нь өөр хүмүүст мөнгөний өглөгтэй, мөнгөний хэрэгцээ гараад байгаа юм гэж хэлээд гуйгаад байсан. Ингээд тухайн үед би зөвшөөрөөгүй явж байгаад хэд хоногоос дахин гуйгаад байхаар нь эхнэр С-тэй ярилцаж байгаад зөвшөөрсний үндсэн дээр С-ийн машиныг зараад Д.А-д урьдчилгаа мөнгийг эхнэрийн дансаар шилжүүлж өгч байсан. Үлдэгдэл төлбөрийг нь машин Америкаас ирсэн даруйд өгөхөөр харилцан тохирсон. Д.А нь 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр байх машин чинь Монгол Улсад ирнэ гэж хэлсэн ба машин наашаа каргонд ачигдсан байгаа гэдгийг хэлсэн. Ингээд би машин ирэхийг хүлээж байгаад 2023 оны 02 дугаар сарын эхэн үеэс Д.А-руу утсаар холбогдож машин юу болсныг асуухад Хятад Улсын Тяньжин хот дээр чингэлэг гацсан байна, нааш нь явуулахад мөнгөний хэрэг гараад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрт хэлж байгаад 6.000.000 орчим сая төгрөгийг өгч байсан. Ер нь бол манай эхнэр С бүх мөнгийг шилжүүлдэг байсан, тийм учраас яг хэдний өдөр, хэдэн төгрөг шилжүүлснийг эхнэр тодорхой мэддэг юм. Ингэж машин ачигдаж ирэхийг хүлээж 2023 оны хавар болгосон ба энэ хооронд надаас бага багаар машины төлбөрөө хийчих гэж хэлээд мөнгө авч байсан. Тэгтэл Д.А нь наадмын өмнө байх 2023 оны 06 дугаар сард утсаар холбогдож машин ирсэн байна, үлдэгдэл төлбөрөө өг гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрт байсан 8-10 сая төгрөгийг Д.А-д өгөөд үлдэгдэл төлбөрийг нь машиныг авсан даруйдаа банк бусад тавиад мөнгийг нь өгье гэж хэлсэн. Ингэж надаас мөнгө аваад машиныг өгсөн зүйлгүй 2 хоног сураг чимээгүй алга болсон. Тэгэхээр нь би араас нь утсаар залгаж байгаад холбогдож ярьтал андуурагдсан машин ирсэн байна, чиний захиалсан машины өнгөтэй адилхан өөр хүний машин ирсэн байна, уучлаарай гэж хэлсэн. ...Д.А нь 2023 оны 08 дугаар сард гэнэт над руу утсаар залгаж чингэлэг чинь ирсэн байна, одоо үлдэгдэл мөнгөө өг гэж хэлэхээр нь Д.А-ийн данс руу 12.000.000 төгрөгийг шилжүүлж, 49.000.000 төгрөгийг өгсөн. Тэгтэл Д.А нь ..... зүүн урд байдаг гаалийн талбай дээр очсон. Тэгтэл Д.А нь гаалийн талбайгаас явчихсан байсан. Тэгээд өнөөдөр чингэлэг задрахгүй, маргааш ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр С-ийн хамтаар маргааш нь З-ийн эхнэрийн хамтаар очиход тээвэр зуучийн компанийн ажилтан та нарын хайгаад байгаа машин энд байхгүй. Д.А нь та нарыг хальт чингэлэг харуулаад наад хүмүүсээ аргалаад явуулаарай гэж хэлсэн ба наад хүн чинь та нарт машин захиалсан гэж худлаа хэлээд байгаа юм биш үү гэдгийг хэлсэн. Тэгэхээр нь ер нь худлаа хуураад байна гэж бодоод Д.А руу залгасан. Тэгтэл Д.А нь андуурагдсан байна, өөр машин хийгдсэн байна гэх худал зүйлийг ярьж хэлэх болсон. Уг нь бол гаалийн талбай дээр тээвэр зуучийн компанид бүх мэдээлэл нь байдаг. Тэгээд Д.А руу би уурлаж яах гэж худлаа хэлээд байгаа юм бэ, мөнгөө буцааж авъя гэж хэлсэн. Тэгтэл над руу буцаагаад 3-4 сая төгрөгийг буцаан өгсөн, дансны хуулганаас хэдэн төгрөгийг хэзээ буцаасан нь харагдана. Энэ цагаас хойш Д.А нь машин ирж байгаа, ачигдсан гэх худал зүйлсийг яриад өнөөдрийг хүрч байгаа учраас цагдаагийн байгууллагад хандах болсон. ... Би нийт 43.100.000 төгрөгийг авах ёстой. ...” /2хх 42-45, 114/,

шүүгдэгч Д.А-ийн яллагдагчаар өгсөн “...намайг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” /1хх 164, 2хх 52-53/ тус тус мэдүүлгүүд,

дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 116-119/, хохирогч С.Н-ын гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд /2хх 100-109/, хохирогч Б.З-ээс гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд /1хх 11-146/, хохирогч С.Н-ын шүүгдэгч Д.А-д мөнгө шилжүүлсэн дансны хуулга /2хх 119-212/, шүүгдэгч Д.А-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 199-250/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Д.А-г хуурч, зохиомол байдлыг бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.А-ийн “...Америкийн нэгдсэн улсаас 3 ширхэг тээврийн хэрэгсэл захиалан авчруулж байгаа, RX-450 загварын тээврийн хэрэгсэл хямд худалдан авах уу, автомашин ачигдаж ирж байгаа, гааль дээр ирсэн байна ...” гэж хуурч хохирогч Б.З-ээс 90.000.000 төгрөгийг, хохирогч С.Н-аас 43.100.000 төгрөгийг тус тус дансаар болон бэлнээр авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б “…хорих ялыг хөнгөрүүлэн торгох ял болгон өөрчилж өгнө үү…” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т “…эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү…” гэсэн, хохирогч С.Н “... ял шийтгэлийг хүндрүүлж өгнө үү…” гэсэн,  хохирогч Б.З “…Д.А-д 3 жилийн хорих ялаас дээш ял оногдуулж өгнө үү…” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан торгох, хорих гэсэн хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч Б.Б, Б.Т нарын “ял хөнгөрүүлэх”, хохирогч С.Н, Б.З нарын “ял хүндрүүлэх” талаар тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.А нь хохирогч Б.З-д 13.000.000 төгрөгийг, хохирогч С.Н-т 12.100.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг магадлалд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Д.А-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 93 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1163 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч Б.Б, Б.Т, хохирогч С.Н, Б.З нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.А нь хохирогч Б.З-д 13.000.000 төгрөг, хохирогч С.Н-т 12.100.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 93 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

 

                     ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР