Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/50

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч О.Баатарсүх, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Хохирогч *******

Нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/263 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2418002390159 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 17.00 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” хүнсний дэлгүүрийн гадна талын шатан дээр *******ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний торлогийн цус харвалт, шилэнцрийн цус хуралт, торлог шилэнцрийн мэс засал эмчилгээний сорви, мэс заслын дараах нүдний болрын цайлт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

-Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар ******* оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,

-Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж,

-Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч ******* давж заалдах гомдолдоо:

... Миний бие 2024 оны 03 сарын 14-ний өдөр 17.00 цагийн орчим ******* гэгчид нүүрэн тус газраа цохиулж гэмтсэний улмаас баруун нүдний торлогийн цус харвалт, шилэнцрийн цус хуралт, торлог шилэнцрийн мэс засал эмчилгээний сорви, мэс заслын дараах нүдний болрын цайлт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон юм.

Энэ хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэж шүүгдэгч *******ыг 2 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, хохирогчнадад хэд хэчнээн төгрөгийг яаж гаргуулах талаар тогтоож өгсөнгүй. Би уг нь шүүгдэгчээс " " эмнэлэгт нүдний хагалгаанд орсны төлбөр 4.882.000 төгрөг,"" эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөрт 1.322.000 төгрөг, эм, эмнэлгийн үйлчилгээний зардалд 221.201 төгрөг, замын зардал болон бусад зардалд 196.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 2.000.000 төгрөг нийт 8.671.401 төгрөгийн хохирол гарснаас 8.000.000 төгрөг авахаар нэхэмжилсэн боловч шүүгдэгчээс надад 555,201 төгрөг өгсөн. Би энэ хүнд цохиулснаас болж хорвоог харах нүдээрээ хохирч бүтэн 1 жил эмнэлгээр явж зовж шаналан эдийн засгаараа ч их хохирлоо. Шүүгдэгчийн зүгээс намайг угаасаа нүдний эрүүл мэндийн асуудалтай гэсэн байр сууринаас хандан үл хүндэтгэсээр ирсэн.

Гэвч шүүх эмнэлгийн дүгнэлтээр бусдад цохиулсны улмаас дээрх гэмтэл учирсан гэдэг нь тогтоогдсон бөгөөд учруулсан гэмтэл минь миний эрүүл мэндийг улам дордуулсан. Би хэрэг шалгах явцад хохирлын баримт бичгүүдээ бүрэн гаргаж өгсөн боловч зарим нь алга болсон байсныг мэдсэн. Шүүх миний эрүүл мэндийн нөхцөл байдлыг харж үзээгүй, цаашид би энэ хүнээс ямар байдлаар хохирлоо гаргуулж авах талаар, мөн яагаад миний хохирлыг бүрэн гаргаж өгөхгүй байгаагаа ч тодорхой шийдвэрлэж өгөөгүй. Иймд би эмзэг эрхтэндээ гэмтэл авч маш их хохирч яваадаа гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа ч яах талаар дурдаагүй.

Иймд анхан шатны шүүхийн тогтоол бүрэн, хуулийн дагуу болсонгүй гэж үзэн гомдол гаргаж байна. Шүүгдэгчээс миний нэхэмжилсэн хохирлыг гаргаж өгөхийг хүсье... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* тайлбартаа:

******* нь миний эмчилгээний зардлыг төлөхгүй яваад байна. Би байрныхаа гадаа сууж байтал хүмүүс “*******аас мөнгөө аваад бурзайсан уу” гэж ярьсан. Намайг бүх зүйл дээр худлаа ярьж байна гэдэг. Би 4,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч аваагүй. Надад өгсөн гэдэг. Би үнэхээр гомдолтой байна. Хүмүүс чи “ 4 сая төгрөг аваа биз дээ” гэж ярьдаг. Би Улаанбаатар хот руу хувийн зардлаар явдаг. Энэ хүн намайг өрх толгойлсон эмэгтэй болохоор доромжилж байна гэв

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Прокурор хэлсэн учраас давхардуулах шаардлагагүй байна. , эмнэлгүүдэд эмчилгээ хийлгэсэн баримтууд нь шаардлага хангахгүй байдаг. Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн төлбөрийг би хувиараа төлсөн гээд тодорхой цэгцэлж гаргаагүй, бөөн материалууд гаргаж өгсөн байна. Энэ дээр шүүхээс дүгнэлт хийсэн. 555,201 төгрөгийг төл гэж тогтоогдсон. Бусад баримтуудаа цэгцлээд, Иргэний хэргийн шүүхэд гаргаарай гэж хэлсэн байдаг. Таны өмгөөлөгч байсан. Р.Лхамсүрэн өмгөөлөгч та хоёр баримтуудаа цэгцлээд нэхэмжлэлийнхээ асуудлыг шийдэхгүй бол тодорхойгүй баримт байгаа учраас шүүх үүнийг шийдье гэхэд төвөгтэй байдал үүсгээд байгаа юм. Тийм учраас гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг торгох шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн 263 дугаартай шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогч бол гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын баримтыг өгч, сэтгэцэд учирсан хохирол 2,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шийдэж өгөөгүй гэдэг байдлаар гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн бичиг баримт гаргуулах тогтоолын дагуу эмнэлгээс баримт гаргаж өгсөн. Энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй. эмнэлэг хохирогчид мэс засал хийсэн 4,882,000 төгрөгийн зардал гарсан талаар баримтыг ирүүлсэн. Гэтэл уг баримт нь хуулбар байна. Мөн хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ авсан лавлагаа байдаг. Энэ лавлагаагаар эмнэлэг нь 4,882,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн гэсэн нөхцөл байдал харагдсан. Хохирогч шүүх хуралдаан завсарласны дараа и-баримт болон холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Энийг Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэлтийг хийсэн. Учир нь энэ баримтууд нь он, сар, хугацааны хувьд хамааралгүй, зайлшгүй шаардагдах зардалд ороогүй зардлууд, хохирогчтой холбоогүй өөр этгээдтэй холбоотой баримтууд хавсаргасан. Энэ баримтуудад үнэлэлт, дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Хохирогч надад сэтгэцэд учирсан хохирлыг гаргаагүй гэж гомдол гаргадаг. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хохирогчоос мэдүүлэг авсан байдаг. Энэ үед хохирогч “надад сэтгэцэд учирсан хохирол гэж байхгүй, би нэхэмжлэхгүй гэдэг байдлаар” мэдүүлсэн.  Гэхдээ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөх журам үйлчилж байгаа. Ингэхийн тулд сэтгэцэд учирсан хохирлоо гаргахын тулд Шүүхийн шинжилгээний байгууллагаар сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоох шаардлага тавьж байгаа юм. Тэгэхээр дүгнэлт гараагүй учраас анхан шатны шүүх цаашид иргэний журмаар нэхэмжлэх боломжтой талаар шийтгэх тогтоолд дурдсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах, хангахгүй байх, цаашид яах эсэх талаар тогтоох хэсэгт заана гэсэн хуулийн шаардлага байдаг. Энэ заалтын дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. Дээрх байдлаар нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх нь зохимжтой. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын хувьд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хохирогч *******ийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

2.Прокуророос *******ыг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 17.00 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” хүнсний дэлгүүрийн гадна талын шатан дээр *******ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний торлогийн цус харвалт, шилэнцрийн цус хуралт, торлог шилэнцрийн мэс засал эмчилгээний сорви, мэс заслын дараах нүдний болрын цайлт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг.

4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 8******* дугаартай “*******ийн биед баруун нүдний торлог бүрхүүлийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоосон боловч прокурор нь энэ дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзээд дахин шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч , Б.Сэргэлэн, нарын бүрэлдэхүүнтэйгээр 2025 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн дугаартай дүгнэлт гарснаар хохирогч *******ийн биед баруун нүдний торлогийн цус харвалт, шилэнцрийн цус хуралт, торлог шилэнцрийн мэс засал эмчилгээний сорви, мэс заслын дараах нүдний болрын цайлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эмнэлэгт баруун нүдний торлог шилэнцрийн мэс засалд оржээ. Дархан-Уул аймгийн бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 8******* дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1.,3.,4 дүгээр хариулттай санал нийлэхгүй байна” (хэргийн 56-57-р тал) хэмээн дүгнэсэн байна.

5.Анхан шатны шүүх нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн 2025 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн дугаартай дүгнэлтийг үндэслэн *******ийн биед баруун нүдний торлогийн цус харвалт, шилэнцрийн цус хуралт, торлог шилэнцрийн мэс засал эмчилгээний сорви, мэс заслын дараах нүдний болрын цайлт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхээс хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

6.Энэ гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан  идэвхтэй үйлдэл байх ба энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирол учруулсан гэмт үйлдэл, учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаарддаг.

7.Хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч , , , нарын мэдүүлэг бусад баримтуудаар шүүгдэгч *******ын хууль бус үйлдэл давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

8.Мөн шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн баруун нүд рүү хуруугаараа хатгаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд бусдын эсрэг биеийн хүчний шинжтэй буюу түлхэх, цохиж зодох, өшиглөх, чирэх гэх мэт үйлдэх хийх нь хууль бус гэдгийг мэдсээр байж хохирогчийн эрх чөлөөнд халдаж, гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

9.Хохирогч ******* нь давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хохирлын талаарх баримтуудыг тооцож гаргуулсангүй гэжээ.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан хохирогч *******ийн 8.000.000 төгрөг нэхэмжилжилж өгсөн хохирлын талаарх баримтуудыг нэг бүрчлэн тооцож, үүнээс, эм, эмнэлгийн үйлчилгээний зардал 221.201 төгрөг, замын зардал болон бусад зардал *******4.000 төгрөг, “” эмнэлгийн 2024.11.21 гэх огноотой 1.352.000 төгрөгийн баримтаас эрүүл мэндийн даатгалын сангаас 1.152.000 төгрөгийн хөнгөлөлт эдэлсний зөрүү 200.000 төгрөг зэрэг нийт 555.201 төгрөгийн хохирлыг хохирогч нь өөрөө төлсөн байна гэж дүгнээд шүүгдэгч *******аас дээрх 555.201 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгохоор шийдвэрлэж, харин “ ” эмнэлгийн 2024.04.04 гэх огноотой 4.882.000 төгрөгийг төлсөн эсэх нь эргэлзээтэй, үнийн дүн бичигдээгүйгээс гадна бусад баримтаар нотлогдоогүй, мөн замын зардал болон бусад зардал 196.000 төгрөгийн баримтаас Автотээврийн Үндэсний Төв ТӨҮГ-ийн 2025.04.11-ний огноотой нийтийн тээврийн тасалбар авсан гэх нэртэй 20.600 төгрөгийн баримт нь өөр хүний нэртэй, “ ” хүнсний дэлгүүрийн 2024.08.27-ны өдрийн огноотой 28.000 төгрөгийн баримт, Богд банкны 2025.04.10-ны өдрийн *******.500 төгрөгийн баримт зэрэг нь эрүүл мэндтэй холбоотой гарсан зайлшгүй зардалтай холбоотой баримтад хамаарахгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, зөв байна.

10.Анхан шатны шүүх өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус байдлын зарчмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийнх нь хэлбэр, хувийн байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн хэргийн бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

11.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *******ийн сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлтийг гаргуулж хавсаргаагүй талаар анхан шатны шүүх шийдвэртээ дүгнэжээ.

12.Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “тусгай мэдлэг” гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан, техник технологи, урлаг, түүх, соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг”, 4.1.3-т “хохирлын үнэлгээнд хийх шинжилгээ” гэж эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг ойлгохоор хуульчилжээ.

*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадалгааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.

Гэвч дээрх хуулиар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох талаар хуульчлаагүйгээс гадна Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг), ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэжээ.

14.Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1, 2.2-т “... энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн (Эрүүгийн хуулийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйл) хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ ... Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэж заасан.

15.Шинжилгээний байгууллага нь практикт түгээмэл үйлдэгддэг Эрүүгийн хуулийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйлд заасан 5 төрлийн гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоох зорилгоор шинжилгээ хийсний үр дүнд сэтгэцийн хор уршиг учирсан гэх дүгнэлт гаргасан тохиолдолд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн хор уршгийн зэрэглэлийг хялбарчлан тогтоож болно.

16.Ийнхүү мөрдөгч нь шинжилгээний байгууллагаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан, уг хор уршиг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу аль зэрэглэлд хамаарахыг тогтоосон дүгнэлтийг хохирогчид танилцуулж, хүлээн зөвшөөрвөл Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-д гарын үсэг зуруулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.   

17.Харин “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн шинжилгээний байгууллагын тогтоосон хор уршгийн зэрэглэлийг хохирогч эс зөвшөөрч, маргасан тохиолдолд шинжилгээний байгууллага хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг ердийн журмаар явуулж, дүгнэлт гаргахаар зохицуулсан байна.

Иймд цаашид мөрдөгч, прокурор нь дээрх зохицуулалтуудыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгжүүлж байх шаардлагатай.

18.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байхыг хуульчилсан.

19.Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ хэрэгт гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлтийг гаргуулж хавсаргаагүй байх тул уг нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй, түүнчлэн хохирогч ******* нь цаашид эрүүл мэндтэй холбоотой зайлшгүй гарах гэм хор, хор уршгийн хохирол, зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй талаар дүгнэж шийдвэрлэсэн атлаа тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар заалгүй орхигдуулжээ.

Мөн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан 555.201 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанаас завсарлага авсан хугацаанд төлж барагдуулсан байхад тогтоох хэсэгтээ дурдаж заагаагүй байна.   

20.Иймд хохирогч *******ийн ...Шүүх эмнэлгийн дүгнэлтээр бусдад цохиулсны улмаас надад гэмтэл учирсан гэдэг нь тогтоогдсон, гэтэл би энэ хүнээс ямар байдлаар хохирлоо гаргуулж авах талаар, цаашид гарах эмчилгээний зардлаа ч яах талаар анхан шатны шүүх тодорхой шийдвэрлэж өгөөгүй, дурдаагүй тул шийдвэрлэж өгнө үү...гэсэн агуулгатай давж заалдах журмаар гаргасан гомдлын хэсгийг хүлээн авч, харин ...хохирогч надад хичнээн төгрөгийг яаж гаргуулах талаар тогтоож өгсөнгүй. Шүүгдэгчээс миний нэхэмжилсэн хохирлыг гаргаж өгнө үү...гэсэн гомдлын хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт оруулах замаар хохирогч нь цаашид эрүүл мэндтэй холбоотой зайлшгүй гарах гэм хор, хор уршгийн хохирол, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй талаар заалт оруулахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/263 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг хэвээр үлдээж, хохирогч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

2. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

3. Шүүгдэгч ******* нь хохирогч *******т 555.201 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг дурдсугай.

4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

        ШҮҮГЧ                                                        О.БААТАРСҮХ

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.АМАРЖАРГАЛ