Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 40

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

             Нэхэмжлэгч:  П.*******ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаанд холбогдох, 

         Нэхэмжлэлийн шаардлага: Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А-02 дугаар тушаалын П.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүү 4453775 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагч Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.    

      ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч П.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие улсад 40 гаруй жил хөдөлмөрлөсөн бөгөөд сүүлийн 10 гаруй жилийг Тосон-Хулстайн байгалийн нөөц газрын байгаль хамгаалагч-байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилласан. Миний хувьд Тосон-Хулстай байгалийн нөөц газрын 5 байгаль хамгаалагч, TNC-ийн техник хэрэгсэл, хөрөнгийг нь хариуцан хэсгийн хэмжээнд  улсын  байцаагчийн эрх, үүрэгтэйгээр ажиллаж байсан тул БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 3/4757 тоотыг үндэслэн 2011 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ТЗ-6 шатлалаар цалинжиж байсан юм. Гэтэл Дорнод хамгаалалтын захиргааны дарга, нягтлан бодогч нар үндэслэлгүйгээр 2013 оны 01 дүгээр сарын 1-нээс 2015 оны 01 дүгээр сарыг дуустал /25 сар/ шатлалыг бууруулж, ТЗ-2 шатлалаар цалинжуулж, цалинг бууруулсан. Дарга, нягтлан бодогч нар тайлбарлахдаа цалингийн фонд хүрэхгүй байна гэсэн. Энэ нь цалин бууруулах үндэслэл болохгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь заалт болон бусад хууль тогтоомж журмыг зөрчиж, миний эрхийг хохироож байна. Миний цалинг үндэслэлгүйгээр бууруулсан гэж үзээд би холбогдох байгууллага, дарга, удирдлагад удаа дараа гомдол гаргасан боловч шийдэхгүй явсаар тэтгэвэрт гарах болсон. Үндэслэлгүйгээр цалинг бууруулан олгосны улмаас миний тэтгэвэр буурсан. Иймд Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/02 тоот тушаалын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүү болох 4453775 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, цалингийн зөрүүг гаргуулахыг хүссэн шаардлагаа дэмжиж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч хэргийн материалтай танилцаж байх үедээ л энэ тушаалтай танилцсан. Үүнээс өмнө хариуцагч танилцуулаагүй байсан. П.******* хууль дүрэм их судалсан хүн. ТЗ-6 ангиллаар цалинжих ёстой байсан гэдгээ мэдэж байсан тул удаа дараа өргөдөл, гомдол гаргаж, хөөцөлдөж байсан. Гэвч тухай бүрт хариу ирдэггүй байсан. Түүний өргөдлийг Дорнод хамгаалалтын захиргаанд шилжүүлсэн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Засгийн газрын 2007 оны 354 тоот тогтоолыг төрийн байгууллагынхан цалингийн шатлал дээр дагаж мөрддөг. Энэ тогтоолын дагуу П.******* нь ТЗ-6 ангиллаар цалинжих ёстой юм. Төрийн нарийн бичгийн даргын албан тоотын дагуу 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ТЗ-6 ангиллаар цалинжуулж байснаа 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ТЗ-2 болгон бууруулсан..  П.******* нь байгаль хамгаалагчаар ажиллаж байсан нь үнэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 196 тоот тушаалаар байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхийг олгосон. Энэ хүн акт тавих, торгууль ноогдуулах, бусад байгаль хамгаалагч нарыгаа удирдах ажил эрхэлдэг байсан. Улсын төсөвт олон сая төгрөгийн орлого оруулсан хүнийг байгаль хамгаалагч гэж хэлээд байгаа нь ташуу ойлголт юм. ТЗ-6 ангиллаар цалинждаг нөхцөл байдлыг ТЗ-2 болгож өөрчилснөөс болж авч байгаа цалин нь буурсан. П.******* нь 2015 оны 01  дүгээр сарын 30-ны өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарсан. Цалин багассанаас болж тэтгэврийн хэмжээ багассан. П.******* нь зэрэг дэвийн нэмэгдэл 15 хувь, удаан жилийн нэмэгдэл 25 хувиар авдаг. Түүнийг ТЗ-6 зэрэглэлээр цалинжуулаагүйн улмаас сард 178151 төгрөг, нийт 25 сарын 4453775 төгрөгөөр хохирсон. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв. 

     Хариуцагч, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.******* нь манай байгууллагад байгаль хамгаалагчаар ажиллаж байсан нь үнэн. Ажлаа сайн хийдэг байсан нь ч үнэн. Гэхдээ ажлаа сайн хийдэг гээд цалингийн шатлалыг ТЗ-6 болгон өөрчлөх боломжгүй. Тэрээр Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2001 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 12 дугаар тушаалаар ТҮ-4 зэрэглэлээр Тосон-Хулстайн байгалийн нөөц газрын байгаль хамгаалагчаар түр томилогдон ажиллаж эхэлсэн. Улмаар 2008 оны Дорнод хамгаалалтын захиргааны даргын 28 дугаар тушаалаар түүнийг байгаль хамгаалагчаар жинхлэн томилж, ТЗ-2-5 зэрэглэлээр цалинжуулсан. Уг тушаал нь Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолыг үндэслэсэн. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын бүтэц орон тоо баталсан 2010-2015 онуудад гарсан А-100, А-06, А-233 дугаар тушаалуудад улсын байцаагчийн орон тоо гэж заагаагүй, байгаль хамгаалагч гэж заасан байдаг... Нэхэмжлэгч П.******* нь яам, тамгаар өөрөө хөөцөлдөж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3/4757 албан тоотыг авч ирүүлсэн бөгөөд уг албан бичигт ТЗ-6-аар цалинжуулахыг санал болгосон болохоос биш мөрдөн дагах тушаал биш юм. Мөн Дорнод хамгаалалтын захиргааны цалингийн санд байгаль хамгаалагчдын цалинг ТЗ-2 зэрэглэлээр тооцож, жил бүр ирүүлдэг.. Манайд ажилладаг нийт 12 байгаль хамгаалагчийн 9 нь улсын байцаагчийн эрхтэй. Тэдгээр хүмүүс бүгд ТЗ-2 гэсэн ангиллаар цалинждаг. Цалингийн сан хүрэлцэхгүй байсны улмаас П.*******ын ТЗ-6 зэрэглэлээр цалинжиж байсныг буцааж, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бусад байгаль хамгаалагчдын адилаар ТЗ-2 зэрэглэлд оруулж цалинжуулсан... Иймд П.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.    

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч П.******* нь Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А-02 дугаар тушаалын түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүү болох 4453775 төгрөгийг гаргуулахыг хүссэн. Хариуцагч тал Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010-2015 онуудад гарсан А-100, А-06, А-233 дугаар тушаалуудаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын бүтэц, орон тоог батлахдаа улсын байцаагчийн орон тоог батлаагүй, байгаль хамгаалагчийн орон тоог баталсан,  цалингийн санд байгаль хамгаалагчийн цалинг ТЗ-2 зэрэглэлээр тооцож ирүүлдэг, төсөв хүрэлцэхгүй, байгаль хамгаалагчид байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгох тухай журмыг баталсан боловч цалин, орон тоо нь яамны хэмжээнд шийдвэрлэгдээгүй, П.******* нь бусад байгаль хамгаалагчдын хэсгийн ахлагч биш, ажил үүрэг нь бусадтайгаа адилхан зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. 

       “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 76 дугаар захирамжаар Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2013 оны А-02 дугаар тушаалын П.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, цалингийн зөрүүг гаргуулахыг хүссэн П.*******ын нэхэмжлэлийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 221/ШТ2016/0592 дугаар тогтоолоор хүчингүй болгосон бөгөөд П.******* нь А/02 дугаар тушаалыг хариуцагч танилцуулаагүй, түүний албан тушаалын зэрэглэлийг бууруулсантай холбогдуулан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар удаа дараа эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй гэсэн нь хэргийн оролцогчдын тайлбар, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2014 оны 90 дугаар албан бичиг зэрэг баримтаар нотлогдож байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн болно.[1]

       Түүнчлэн хэргийн оролцогчдын тайлбар, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2014 оны А-01, 2015 оны А-05 дугаар тушаалуудаас үзэхэд нэхэмжлэгчийн хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахыг хүссэн Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2013 оны А-02 дугаар тушаалын П.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй, өөрчлөлт оруулалгүйгээр жил бүр байгууллагын цалин, орон тоог шинэчлэн баталж иржээ.[2] 

     Иймд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч П.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А-02 дугаар тушаалын П.*******т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүү болох 4453775 төгрөгийг Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаанаас гаргуулан П.*******т олгох нь зүйтэй гэж үзлээ:

       П.******* нь 2001 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс Тосон-Хулстайн байгалийн нөөц газрын байгаль хамгаалагчийн албан тушаалд ТҮ-4 зэрэглэлээр түр томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс түүнийг байгаль хамгаалагчаар жинхлэн томилж, албан тушаалынх нь зэрэглэлийг ТЗ-2-аар тогтоосон байна.[3]

       Байгаль орчин аялал, жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3/4757 тоот албан бичгээр түүнийг ТЗ-6-аар цалинжуулахыг санал болгожээ.[4] Энэ дагуу Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б-38 дугаар, 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-03 дугаар тушаалаар тус тус П.*******ын үндсэн цалинг 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ТЗ-6 зэрэглэлийн 5 дахь шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэж, цалинг тооцон олгож байжээ.[5]

      Гэвч 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А-02 тоот тушаалаар П.*******ын албан тушаалын зэрэглэлийг ТЗ-6 -аас ТЗ-2 болгон бууруулахаар шийдвэрлэж, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарах хүртэлх 25 сарын хугацаанд ТЗ-2-5 дахь шатлалаар цалинжуулж иржээ.[6]

       Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасны дагуу олгоно.”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “... хуулиар улсын байцаагчийн эрхтэй бусад этгээдэд улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно.” гэсэн хуульд заасан журмын дагуу П.*******т байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 195 дугаар тушаал, улсын байцаагчийн эрхийн үнэмлэх зэрэг баримтаар тогтоогдож байна[7]. Мөн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт гарах хүртэлх хугацаанд түүний албан тушаалын зэрэглэлийг ТЗ-6-аас ТЗ-2 болгон бууруулсан хэдий ч байгаль хамгаалагчийн болон байгаль орчны хяналтын улсын байцаагчийн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27, 28 дугаар зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйл болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, улсын байцаагчийн үүрэгт ажлаа гүйцэтгэсээр байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, П.*******ын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, түүний биелэлт, сар, жилийн ажлын тайлан, танилцуулга, мэдээ, судалгаа зэрэг хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдож байна[8].

     Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хамгаалалтын захиргааны хамгаалалт хариуцсан ажилтан болон байгаль хамгаалагч нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх, үүрэгтэй байна.” гэж зааснаар Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй байхаар хуульчилан тогтоожээ. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-т “Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж заасны дагуу Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолд байгаль хамгаалагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг ТЗ-2-оор, улсын байцаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг ТЗ-6-аар тус тус тогтоосон байна. Дээрх хууль тогтоомжийн дагуу П.******* нь улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар ажиллахдаа байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй, хуулиар тогтоосон ажил, үүргийг нь гүйцэтгэсээр ирсэн тул түүний албан тушаалын зэрэглэлийг ТЗ-6 –аар тогтоох нь зүйтэй байсан гэж үзлээ.

       Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-100, 2013 оны А-06, 2015 оны А-233 дугаар тушаалуудаар Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын бүтэц, орон тоог баталсаныг үндэслэн Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2011 оны А/09, 2013 оны А-02, 2014 оны А-01, 2015 оны А-05 дугаар тушаалуудыг гаргаж, улмаар П.*******ын албан тушаалыг байгаль хамгаалагчаар, албан тушаалын зэрэглэлийг нь ТЗ-2-оор тус тус тогтоож байжээ.[9] 

         Хэдийгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-100, 2013 оны А-06, 2015 оны А-233 дугаар болон Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2011 оны А/09, 2013 оны А-02, 2014 оны А-01, 2015 оны А-05 дугаар тушаалуудаар байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоог батлаагүй, байгаль хамгаалагчийн орон тоог баталсан, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т зааснаар “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”-оор хуульчилсан боловч энэ нь П.*******ын албан тушаалын зэрэглэлийг ТЗ-6- аас ТЗ-2 болгон бууруулж тогтоох үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоож, үүнийгээ үндэслэн байгууллагын бүтэц, орон тоог тогтоох учиртай бөгөөд эрх бүхий албан тушаалтнууд харьяалах байгууллагынхаа бүтэц, орон тоог тогтоохдоо тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын эрх ашиг, холбогдох хууль тогтоомжийг зөрчих ёсгүй юм. Хэрэв хууль тогтоомжийн дагуу байгаль хамгаалагчийн хяналтын улсын байцаагчийн эрх олгож, ажил үүргийг нь гүйцэтгүүлсэн бол албан тушаалын зэрэглэлийг ТЗ-6 -аар тогтоон цалинжуулах, эсхүл батлагдсан бүтэц, орон тооныхоо дагуу байгаль хамгаалагчаар ажиллуулах бол байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхийг олгохгүйгээр, эрх олгосон бол эрхийг нь цуцалж, зөвхөн байгаль хамгаалагчийн ажил, үүргийг нь гүйцэтгүүлэх ёстой байсан гэж үзлээ.

     Мөн цалингийн сан, төсөв хүрэлцэхгүй, байгаль хамгаалагчид байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгох тухай журмыг баталсан боловч цалин, орон тоо нь яамны хэмжээнд шийдвэрлэгдээгүй зэрэг үндэслэл нь П.*******ын албан тушаалын зэрэглэлийг бууруулах үндэслэл болохгүй юм. Нөгөө талаас П.******* нь төрийн жинхэнэ албан хаагч, улсын байцаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн албан хаагчийн цалин хөлс ... авах”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Улсын байцаагч Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, түүнд олгох цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэвэр, тэтгэмжээс гадна дор дурдсан нэмэгдэл баталгаагаар хангагдана: ...”  гэж заасан баталгааг эдлэхээр байна. Ийнхүү П.*******ын албан тушаалын зэрэглэлийг үндэслэлгүйгээр бууруулсны улмаас түүнд учирсан хохирол болох 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 25 сарын цалингийн зөрүүг тооцож, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаанаас гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал: Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолоор ТЗ-2-5 дахь шатлалын үндсэн цалин 461824 төгрөг, ТЗ-6-5 дахь шатлалын үндсэн цалин 589075 төгрөг байна. П.******* нь төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувь, зэрэг дэвийн нэмэгдэл 15 хувь, нийт 40 хувийн нэмэгдэл авдаг тул ТЗ-2-5 дахь шатлалаар 646554 төгрөг, ТЗ-6-5 дахь шатлалаар 824705 төгрөгийн цалин тус тус авахаар байна. П.*******ын албан тушаалын зэрэглэлийг ТЗ-6 –аас ТЗ-2 болгон бууруулсны улмаас дутуу олгосон цалингийн зөрүү сард 178151 төгрөг болох бөгөөд үүнийг 25 сараар тооцож үзэхэд 4453775 төгрөг болж байна. Иймд П.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10, 27 дугаар зүйлийн 27.1.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1, Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч П.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А-02 тоот тушаалын П.*******т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүү болох 4453775 төгрөгийг Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаанаас гаргуулан П.*******т олгосугай.  

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаанаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.*******т олгосугай.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ОЮУНТУНГАЛАГ

 


[1] Хавтаст хэргийн 1-3, 19-24, 30-39, 50-51, 124-126, 169 дүгээр хуудас.  

[2] Хавтаст хэргийн 1-2, 50-51, 64-68, 194-195 дугаар хуудас.

[3] Хавтаст хэргийн 1, 6-9, 50, 80-81 дүгээр хуудас.

[4] Хавтаст хэргийн 90 дүгээр хуудас.

[5] Хавтаст хэргийн 62-63, 90-94 дүгээр хуудас.

[6] Хавтаст хэргийн 7-9, 65, 82, 92-94 дүгээр хуудас.

[7] Хавтаст хэргийн 1-2, 50-51, 129-132, 143-147, 184-185, 189-190, 195-199 дүгээр хуудас.

[8] Хавтаст хэргийн 1-2, 50-51, 83-89, 95-120, 129-132, 154-175, 184-185, 192-209 дүгээр хуудас.

[9] Хавтаст хэргийн 54-68 дугаар хуудас.