Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2018/0027/З |
Дугаар | 221/МА2018/0367 |
Огноо | 2018-06-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2018/0367
2018 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 221/МА2018/0367 | Улаанбаатар хот |
“И д ф” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0278 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “И д ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0278 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 138.1.6, 138.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасныг тус тус баримтлан “И д ф” ХХК-иас Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дүгээр тушаалын “И д ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д давж заалдах гомдолдоо: Гомдлын шаардлага: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0278 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг хангуулах тухай.
Гомдлын үндэслэл: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 128/ШШ2018/0278 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл 106.2-т заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Нэхэмжпэгч “И д ф” ХХК-иас Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А219 дүгээр тушаалын “И д ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэлээ” гэжээ.
Шүүх “ ...Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн атлаа үнэн хэрэгтээ хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А219 дүгээр тушаалын “И д ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай байсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн Гаалийн ерөнхий газрын даргын тусгай зөвшөөрөл анх олгосон буюу 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/162 дугаартай тушаалыг олгосон процессын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн... шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Шүүх хариуцагч болох Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А219 дүгээр тушаалын “И д ф” ХХК-д холбогдох хэсэг, түүний хууль зүйн үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой байтал дээрх тушаалын хууль зүйн үндэслэл болоогүй, тушаалд дурдагдаагүй /Анх олгосон байгууллага хууль бус тушаалын алдаагаа олж, түүнийг хүчингүй болгосон/ үндэслэлийг зөвтгөж, түүнийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь тус шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий гараагүйг илтгэж байна.
Уг шүүхийн шийдвэр нь бүхэлдээ Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А219 дүгээр тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/162 тушаалыг үнэлж дүгнэсэн шүүхийн шийдвэр болсон.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 1, 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахдаа хуульд заасан журмын сонсох ажиллагаа явуулж, гарсан захиргааны актаа мэдэгдэх ёстой байжээ” гэж дүгнэсэн атлаа энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна” гэж үзсэн нь Шүүхийн шийдвэр агуулгын хувьд зөрүүтэй болжээ.
Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал нь захиргааны байгууллагын дур зоргоороо аашлах, хууль зөрчих асуудлыг хязгаарлах, иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах үүднээс Захиргааны акт гаргах журмыг хуульчилж өгсөн бөгөөд хэрэв уг хуульд тусгасан Захиргааны акт гаргах процессыг зөрчиж гарсан бол уг захиргааны акт хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан.
Гэтэл шүүх Захиргааны актыг гарах журмыг зөрчсөн гэж дүгнэсэн хирнээ захиргааны актыг хүчингүй болох хэмжээний зөрчил биш гэж үзсэн нь цаашид захиргааны байгууллага захиргааны актыг гаргах журмыг баримтлахгүй, дур зоргоороо аашлах боломжийг бүрдүүлж байгаагаас гадна, иргэд, хуулийн этгээдийн захиргааны актыг гарах процесст оролцох, захиргааны актыг гарсан эсэхийг мэдэх эрхэд халдсан шүүхийн шийдвэр боллоо гэж үзэж байна.
Шүүх Гаалийн ерөнхий газрын даргын 10 дугаар сарын 03-ны өдрийн А219 дүгээр тушаалын хуулийн үндэслэл болгосон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.4 “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Гаалийн тухай хуулийн 271.1.1 “Гаалийн үйл ажиллагааг өдөр тутмын зохион байгуулалтын удирдлагаар хангах, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2 “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1 “Тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох”, заалтуудад ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхэд дүгнэлт өгөх ёстой байсан ба дээрх хуулийн заалтын хүрээнд Захиргааны акт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байсан эсэхийг дүгнээгүй хэргийг шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Захиргааны акт гаргах хуулийн бодит үндэслэл байгаагүй гэж маргасан бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл буюу Гаалийн тухай хуулийн 13.8.4, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 14.1.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан; 14.1.2.хуулийн этгээд татан буугдсан” 14.1.3-т “тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон” 14.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” 14.1.5-д “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй, гэсэн нөхцөлийн аль ч нөхцөл бий болоогүй байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль бус гэж маргасан.
Гэтэл шүүх ямар хуулийн заалтыг баримталж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн нь ойлгомжгүй, Үндсэн хуулийн ерөнхий зарчим баримталж хэргийг шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 128/ШШ2018/0278 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын хангаж өгнө үү" гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/162 дугаар тушаалаар “И д ф” ХХК-д Улаанбаатар хот дотор татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дүгээр тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар “...Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, захиргааны актыг мэдэгдээгүй, хуульд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийн дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй гэсэн үндэслэлээр маргасан.
Харин хариуцагчаас маргаж буй тушаалын үндэслэлээ нэхэмжлэгч хуулийн этгээдэд татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгохдоо хуульд зааснаар сонгон шалгаруулах ажиллагаа явуулаагүй тул хүчингүй болгосон гэж тайлбарласан байна.
Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д “Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь дор дурдсан төрөлтэй байна”, 138.3-т “Энэ хуулийн 138.1.6-д заасан зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно” гэж заасантай 2017 оны А/162 дугаар тушаал нь нийцээгүй тул маргаан бүхий А/219 дүгээр тушаал гарах үндэслэл болжээ.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэл байхгүй байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэх боловч хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлийг Гаалийн ерөнхий газрын дарга 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дүгээр тушаалаар хүчингүй болгосон нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д “зөвхөн хуульд заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох” зарчим, шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” Гаалийн тухай хуулийн 27111.1-т “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 2711.1.1-т “гаалийн үйл ажиллагааг өдөр тутмын зохион байгуулалтын удирдлагаар хангах”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно”, 48.2.2-т “Бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараахь эрхтэй” 10.1.5-д “тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох” гэж тус тус заасныг үндэслэн хууль бус захиргааны актаа хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх боломжгүй энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Захиргааны акт гаргах хуулийн бодит үндэслэл байгаагүй гэх гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ