| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2017/03517/И |
| Дугаар | 210/МА2017/02414 |
| Огноо | 2017-11-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2017/02414
| 2017 11 24 | 2414 |
М.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/03145 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч М.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Цогхүү, Д.Оюунтуяа нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 38 540 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Дамдинсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч М.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Д.Одонтуяад 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай 10 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлүүлсэн. 2015 оны 09 дүгээр сард 2 000 000 төгрөгийг ямар нэгэн баримтгүй зээлдүүлж, зээлийн хүүг 5 хувь болгосон. Д.Одонтуяагийн нөхөр Х.Цогхүү нь 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 10 дугаар 27-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй 10 000 000 төгрөгийг зээлсэн юм. Эдгээр зээлүүдийг нэгтгэж 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 22 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан ба тухайн гэрээгээр мөнгө шилжүүлээгүй, гэрээний хугацааг амаар сунгаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээг сунгасан. 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлж, төлбөрийг төлөх хуваарь гаргасан боловч төлөлт хийгдээгүй. Д.Оюунтуяа нь зээлийн хүүг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Х.Цогхүү нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлсөн. Үндсэн зээл төлөгдөөгүй. Д.Оюунтуяа үндсэн зээл 12 000 000 төгрөг, хүү 5 500 000 төгрөг, алданги 3 840 000 төгрөг, нийт 21 340 000 төгрөг, Х.Цогхүү үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 4 000 000 төгрөг, алданги 3 200 000 төгрөг, нийт 17 200 000 төгрөг төлнө. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 22 000 000 төгрөг, зээлийн хүү 9 500 000 төгрөг, алданги 7 040 000 төгрөг, нийт 38 540 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Цогхүү, Д.Оюунтуяа нар шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно.
Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Оюунтуяагаас зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 /арван найман сая/ төгрөг, хариуцагч Х.Цогхүүгээс зээлийн гэрээний үүрэгт 15 600 000 /арван таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.Дамдинсүрэнд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 4 940 000 /дөрвөн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443 540 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Оюунтуяа, Х.Цогхүү нараас улсын тэмдэгтийн хураамжид 325 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Дамдинсүрэнд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч М.Дамдинсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагаа 7 040 000 төгрөгөөр нэмэгдүүлснийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат миний бие 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гардан авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ... зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэхээр заасан. Гэтэл хариуцагч талд нэхэмжлэлийг гардуулснаас хойш 12 дахь хоног дээр шүүх хуралдааныг хийсэн нь хуулийг зөрчиж хариуцагчийн эрх ашгийг хохироосон.
Хариуцагчий итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан зарласан 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд амь хохирогч Л.Алтантуулын хууль ёсны хохирогчийн өмгөөлөгчөөр оролцсон, мөн хариу тайлбар гаргах хуулийн хугацаа дуусаагүй байгаа тул хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүх дээрх хүндэтгэн үзэх шалтгаан болон хууль зүйн үр дагаврыг үл тоомсорлож нэхэмжлэгчийн талд үйлчилж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэж тайлбарласан. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан давхцсан болон хариу тайлбар гаргах хуулийн хугацаа хараахан болоогүй талаар хүсэлтээ гаргасан боловч шүүх дээрх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж яагаад дүгнэсэн талаар тодорхой шийдвэр гаргаагүй байна.
Мөн хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчид төлсөн 12 орчим сая төгрөгийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4-т зааснаар 22 000 000 төгрөгийн зээлийг бодитоор олгогдоогүй тул дээрх мөнгөнөөс хүү, алданги тооцох хууль зүйн боломжгүй гэж үзэж байна. Хариуцагч нар нь нэхэмжлэгчид 12 сая төгрөгийг хүү бусад хэлбэрээр төлсөн байдаг ба дээрх тооцоог анхан шатны шүүхийн шийдвэрээс хасаж тооцох ёстой байсан. Иймд хариуцагч нарын төлсөн 12 000 000 төгрөг мөн шүүхийн тогтоох хэсэгт заасан 4 940 000 төгрөгийг тус тус хасч 16 660 000 төгрөгийг төлөх ёстой гэж хариуцагч нар үзэж байх тул 17 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлж хариуцагч нарт өөрийн эрх ашгаа хамгаалж мэтгэлцэх боломжийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М.Дамдинсүрэн нь хариуцагч Х.Цогхүү, Д.Оюунтуяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38 540 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагыг хариуцагчид гардуулан өгч, тайлбар авах ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад тайлбар гаргах хуульд заасан хугацааг хариуцагчид бүрэн олгоогүй зөрчил гаргаснаас гадна хариуцагчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг үндэслэл муутай шийдвэрлэсэн, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг үгүйсгэх хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. /хх 49-50, 67-68/
Нэхэмжлэгч М.Дамдинсүрэн нь хариуцагч Д.Оюунтуяад 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй,
хариуцагч Х.Цогхүүд 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй тус тус зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан байх ба тэрээр дээрх 2 хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 38 540 000 төгрөг нэхэмжилж, 2017 оны 09 дүгээр 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн хариуцагч нараас алдангид 7 040 000 төгрөгийг шаарджээ. /хх 47/
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Д.Оюунтуяагаас 21 340 000 төгрөг, хариуцагч Х.Цогхүүгээс 17 200 000 төгрөг гаргуулахаар өөрчилсөн байхад шүүх уг шаардлагыг хариуцагч талд гардуулаагүй, талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гардан авсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид тайлбар гаргах хугацааг 14 хоногоор тодорхойлсон.
Шүүгч нэмэгдүүлсэн шаардлагад тайлбар гаргах хуулиар тогтоосон 14 хоног дээр нэмж хугацаа тогтоогоогүй байх ба хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авахгүй шүүхийн ажиллагаанд саад учруулсан болон хэргийг хянан шийдвэрлэх 67 хоногийн хугацаа дууссан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад хариуцагчийн тайлбар гаргах 14 хоногийн хугацаанаас 2 хоногийн өмнө шүүх хуралдааныг товлож хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлажээ.
Түүнчлэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Дамбасанж нарын 3 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцох шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг мэдэгдэх хуудсын хамт шүүхэд ирүүлжээ. Шүүхээс дээрх эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг мөн өдрийн 15:30 цагт дууссан эсэхийг тодруулалгүйгээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж хүсэлтийг нь хангахгүй орхисноос хариуцагчийн шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/03145 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
А.МӨНХЗУЛ