Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 135

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч С.Наранцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Ш.Энхтөгс нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таванбогд овогт Шагдарын Энхтөгст холбогдох 1803000010062 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Таванбогд овогт Шагдарын Энхтөгс /РД:М388101377/, 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автотокарьчин мэргэжилтэй, “ЭФФАТА” ХХК-нд агааржуулалтын туслах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 6, ээж, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангай сургуулийн гудамжны 15 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Энхтөгс нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 06 цаг 20 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр “Дархан-2” өртөөний хажуугийн хатуу хучилттай асфальтан зам дээр “Тоёота Марк II” маркийн 49-32 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 б-д: “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.7 а-д: “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 21.8 а-д: “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно”  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас А.Даваадалайн жолоодож явсан Хово ZZ4267 маркийн 20-76 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч 3 настай Э.Ган-Эрдэнэ, 12 настай Б.Мөнхжин нарын амь нас хохирсон, зорчигч С.Дуламхандын эрүүл мэндэд хүндэвтэр, С.Наранцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Энхтөгс нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 06 цаг 20 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр “Дархан-2” өртөөний хажуугийн хатуу хучилттай асфальтан зам дээр “Тоёота Марк II” маркийн 49-32 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 б-д: “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.7 а-д: “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 21.8 а-д: “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно”  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас А.Даваадалайн жолоодож явсан Хово ZZ4267 маркийн 20-76 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч 3 настай Э.Ган-Эрдэнэ, 12 настай Б.Мөнхжин нарын амь нас хохирсон, зорчигч С.Дуламхандын эрүүл мэндэд хүндэвтэр, С.Наранцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:    

 

-Шүүгдэгч Ш.Энхтөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би тэр өдөр Улаанбаатар хотоос Дуламхандын автомашиныг жолоодож Дарханд ирсэн юм. Дарханд Дуламхандын танилынд байж байгаад Хавцал гэх газар очиж, Дуламханд бөөлсөн. Бөөлж дуусаад буцах замдаа шороон замаар явсаар байгаад өглөөний 06 цагт Дарханд орж ирсэн. Тэгээд “Жагаа эгчийнд очих уу?” гэсэн чинь Дуламханд “очихгүй, шууд хот руу явъя” гэхээр нь би “ядраад байна, амраад явъя” гэхэд Дуламханд “эгч нь архи уусан болохоор машин барьж болохгүй байна, Баруунхараа ортол гүрийчих” гэсэн. Тэгээд засмал зам дээр гараад нойрмоглоод юу болсон талаар сайн санахгүй байна. Гэнэт түс тас гэх чимээ гарахад машинтай мөргөлдсөн байсан.

...Би мөргөлдсөн машинд 2,500,000 төгрөг өгсөн. Дуламхандад 1,150,000 төгрөг өгч, Наранцэцэгт хохирол төлж чадаагүй байгаа. Хохирогч нарт хандаж хэлэхэд ядарсан үедээ машин барьж, болгоомжгүй явсанд намайг уучлаарай. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч С.Наранцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...бид нар 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос гарсан бөгөөд би Дарханд ирэхдээ автобусаар ирсэн. Харин буцахдаа Энхтөгсийн машинд сууж явсан юм. Өглөөний 06 цаг өнгөрч байхад шороон замаас засмал зам руу орсон юм. Уг нь бид нар “амраад явъя” гэж хэлсэн боловч Энхтөгс “өглөө ажилтай тул бэлэн байх шаардлагатай” гээд шууд явахаар болсон. Тэгээд явж байгаад юу болсныг мэдээгүй. Би эмнэлгийн машин ирэхэд сэрсэн. Яг юу болсныг мэдэхгүй байна. Дуламхандын хүү Мөнхжин нас барж, Дуламхандын биед хүндэвтэр хохирол учирсан.

...нийт 11613961 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс Ш.Энхтөгс нь хохирогч Дуламхандад 1150000 төгрөг төлсөн. Миний хохирлыг барагдуулаагүй байгаа, гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-19/,

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолтууд /хэргийн 22-24/,

-Хохирогч Э.Ган-Эрдэний хууль ёсны төлөөлөгч Э.Алтанталын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энхтөгс бид хоёр тусдаа амьдарч байсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Энхтөгс утсаар, би охиноо аваад “Дархан явах гэж байна” гэхээр нь “яах гэж байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь “бөөгийн буулттай, би охиноо авч яваад лусад өргөл өргүүлж, амь насыг нь хамгаалах гэж байна” гээд намайг загнаад байхаар нь би “явуулахгүй” гэсэн чинь намайг загнаад “би үр хүүхдээ хамгаалах гэж байхад чи яах гээд байгаа юм” гээд байсан тул би “чи тэгвэл бүтэн сайн өдөр яг хүүхэд авчирч өгнө шүү” гэж хэлтэл “тэгнэ ээ, нэг дэх өдөр бүх хүмүүс ажил сургуультай юм чинь амжаад ирнэ” гэж хэлсэн юм. 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн үед Энхтөгс саарал өнгийн Приус маркийн автомашинтай манай ажил дээр хүрч ирээд /манай гэр ажлын хашаанд байгаа/ охин Ган-Эрдэнийг аваад явсан юм. Тэрнээс хойш би Энхтөгстэй ярих гэж утас руу нь залгаад утсаа авахгүй байсан ба ямар нэг холбоо барихгүй байгаад байсан. 09 дүгээр сарын 10-ны өглөө 07 цагаас 08 цагийн хооронд миний 88621969 дугаарын утас руу 96-тай дугаараас дуудлага орж ирэхээр нь аваад ярьсан чинь Энхтөгс “охин минь өнгөрчихлөө шүү дээ” гээд уйлаад байхаар нь би “хэн юм бэ? чи Төгсөө юм уу?” гэж хэлсэн чинь “тийм” гэж хэлээд утас нь тасарчихсан юм.

...миний талийгаач охин Ган-Эрдэнэ нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн аав Ш.Энхтөгстэй хамт замд явж байгаад осолд орж нас барсан. Буяны ажлыг Ш.Энхтөгс нь өөрөө хийсэн. Миний зүгээс ямар нэг гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй тул уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /хэргийн 38-40, 246/,

-Хохирогч Б.Мөнхжинг нас барсныг бүртгэсэн гэрчилгээний хуулбар /хэргийн 43/,

-Хохирогч С.Дуламхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хаана яах гэж яваад энэ зам тээврийн осолд орсон талаар юу ч санахгүй байгаа юм. Намайг эмч үзээд удахгүй бүх зүйлээ санах байх гэж хэлсэн. Би энэ осол хэрэгт ороод баруун нүд юм харахгүй, баруун гар гэмтсэн. Надад мэдэх юм байхгүй байна. Одоо би ганцаараа явж чадахгүй, бусдын асрамжид байгаа тул төрсөн дүү С.Наранцэцэгийг өөрийн хууль ёсны төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралд оролцуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 46-52, 51-52 дугаар хуудас/,

- Хохирол төлбөр, эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хэргийн 63-87/,

- Иргэний нэхэмжлэгч М.Наранбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Зүүн урд талаас мөргөсөн байсан. Эвдрэлийг нь сайн тодорхой мэдэхгүй байна. Үнэлгээгээр 2336000 төгрөгийн хохирол учирсан байсан. Нэхэмжпэх зүйл, гомдол санал байхгүй. Бид нар өөрсдөө машинаа янзалж хэвийн болгосон байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 89/,

-Иргэний нэхэмжлэгч М.Наранбаярын нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх тайлбайр /хэргийн 91/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Нямлхагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... уг автомашиныг эзэмшигч Дуламханд нь манай байгууллагаас 820.000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээ байгуулан уг автомашиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн байсан. Уг автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр зээл олгосон байсан учраас уг автомашиныг Дуламханд эзэмшиж, хэрэглэж байсан. Дуламханд нь мөнгөө төлж дуусаагүй байгаа ба одоо зээлийн үлдэгдэл 753.270 төгрөг байгааг зээлийн гэрээний дагуу Дуламхандаас нэхэмжилж байна. Манай байгууллага бусдад учирсан хохирлыг хариуцахгүй. Учир нь уг автомашиныг Дуламхандтай унаж явах нөхцлөөр зээлийн гэрээ байгуулж автомашиныг Дуламхандад өгсөн байсан учраас манай байгууллага ослын улмаас бусдад учирсан хохирлыг хариуцахгүй.... ” гэх мэдүүлэг /хэргийн 94/,

- Иргэний хариуцагч “ЗАСО” ХХК-ны төлөөлөгч томилсон албан бичиг болон бусад холбогдох баримт бичиг, хохирол төлбөртэй холбоотой баримт /хэргийн 97-105/,

-Гэрч П.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн шар өнгийн эксковаторыг 20-76 УНЧ улсын дугаартай машинд ачуулж Сэлэнгэ аймаг руу 00 цаг өнгөрч байхад гарсан. Би тэр ачааны машинд сууж явж байгаад Урьхан өнгөрөөд машины арын унтлагын орон дээр унтсан. Тэгээд явж байтал гэнэт түс тас хийх чимээ гараад би босож хартал зам тээврийн осол гарсан байсан. Тэгээд жолооч машинаасаа буугаад бид нарын машиныг мөргөсөн машинд байсан хүмүүсийг гаргаж байхаар нь би бас бууж тусалсан. Миний биед ямар нэг гэмтэл шарх учраагүй учраас би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад ямар нэг санал гомдол байхгүй байна. Ачааны машины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 106-107/,

-Гэрч А.Даваадалайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 00 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэл рүү 20-76 УНЧ улсын дугаартай Хово маркын ачааны машинд ковш ачиж жолоочийн хамт явсан. Дархан-Уул аймаг руу орох үед төмөр замын призер даваад явж байхад миний урдаас цагаан өнгийн марк II маркийн машин ирж байгаад замын баруун хэсэг рүү хазайж ороод буцаж зүүн тал руу эргэж миний өөдөөс замаа голлож ирэх үед би машины рулийг баруун тийш эргүүлж, тормос гишгэх үед тэр цагаан машин миний жолоодож явсан ачааны машины зүүн урд хэсгийг урд талаараа мөргөсөн. Тэгээд би машинаасаа буух гэтэл хаалга онгойхгүй байхаар нь хөшиж онгойлгоод машинаасаа ковшийн жолоочийн хамт бууж миний машиныг мөргөсөн машин руу очиход дотор нь миний харснаар 2 хүүхэд нийт 7-8 хүн байсан. Тэгээд би жолоочийн талын хаалгыг нээхэд жолоочийн дэр нь гарсан рулээ дэрлээд хэвтэж байснаа жолооч босоод ирсэн. Тэр үед жолоочийн хажуу талын суудал дээр хүүхдээ тэвэрсэн эмэгтэй хүн байсан ба аль аль нь ухаангүй байсан. Тэгэхээр нь би хамт явж байсан хүний хамтаар жолоочийн эсрэг талын хаалгыг нээх гэж үзэхэд онгойхгүй байхаар нь зүүн талын арын хаалгыг нээхэд 3 эмэгтэй, нэг эрэгтэй, тэд нарын өвөр дээр нэг эрэгтэй хүүхэд голлож суусан байсан. Тэр хүүхэд ухаангүй байсан ба түүнийг авч машинаас гаргаж газар тавьсан. Тэгтэл жолоочийн ард сууж байсан эрэгтэй хүн хаалгаа онгойлгож гараад нэг эмэгтэйг татаж гаргахад голд сууж байсан эмэгтэй өөрөө гараад ирсэн. Би зүүн урд хаалгыг дахиж онгойлгох гэхэд хаалга нь урагдаж хавтас нь үлдчихээд онгойхгүй байхаар нь хойд талаар нь орж урд талын суудлын түшлэгийн түгжээг татаж хойш налуулахад жолооч хүүхдийг татаж гаргаж ирээд миний гаргасан хүүгийн хажууд зэрэгцүүлж тавьчхаад уйлаад байсан. Тэр үед 2 хүүхэд бага зэрэг амьсгаатай ухаангүй байсан. Тэгээд би цагдаа дуудахад надаас хүмүүсийн биеийн байдлыг асуучихаад түргэн яаралтай явуулъя гэж хэлсэн. Тэгээд цагаан машинд байсан хүмүүс тэр хавьд ёолж орилолдоод байж байхад түргэний тэрэг ирээд тэнд байсан хүмүүсийг үзээд машинаас гаргаж газар тавьсан 2 хүүхдийг даавуугаар бүтээгээд, урд нь сууж байсан эмэгтэйг гаргаж авч чадалгүй, түргэний жолооч нь онцгой байдал дуудчихаад 3 эмэгтэйг нь аваад явсан. Тэгээд би урд талын суудал дээр байсан эмэгтэй дээр очиход амьсгалж байсан. Тэгэхээр нь машин руугаа гүйж очоод багаж авч ирээд урд талын хаалганы нугаснуудыг тайлж байгаад хаалгыг нь хөшиж задлаад дотор нь байсан хүнийг гаргах гээд байж байтал түргэний машин, онцгой байдал ирээд хаалганы нугасны үлдсэн хэсгийг тастаж дотор нь байсан эмэгтэйг гаргаж авчихаад хол байж бай гэсэн тэгээд удалгүй цагдаа ирсэн.

...Би ямар нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би яг хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар сайн мэдэхгүй ямар ч байсан төмөр замын призер гарахдаа араагаа 3 дугаар араанд хийж хүндрүүлж гараад буцаад машиныхаа арааг нэг нэгээр нь ахиулж 9 дүгээр араанд хийгээд явж байх үед осол болсон. Миний машин 12 араатай. 12 дугаар араанд хийхэд хамгийн дээд хурд нь 60 км цаг байдаг юм. Тэгж бодохоор би ойролцоогоор 30-40 км цагийн хурдтай явж байсан. Би өөдөөс машин ирэх үед баруун тийш дарж тормос гишгэх үед миний машины зүүн урд талаас мөргөж, машины доогуур орсон. Би машиндаа хоёулаа явж байсан. Надтай хамт явж байсан хүн арын орон дээр унтаад явж байсан юм. Би 2008 онд анх жолооч болсон одоо 9 жил машин барьж байна. Миний биед болон хамт явсан хүний биед ямар нэг гэмтэл шарх учраагүй. Миний биед ямар нэг гэмтэл шарх байхгүй учраас надад шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 108-109/,

-Гэрч Н.Сэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Машиныг Дуламханд эгч хотоос гарахдаа Энхтөгс өө8 чи барьж явна шүү гээд бариулаад яваад байсан. Энхтөгс нойргүй байнга барьж явж байсан. Тэгээд Энхтөгс Дархан руу орж ирээд шууд Улаанбаатар хот руу явсан. Би тэгэхэд жолоочийн эсрэг талын арын захад Дуламханд эгчийн хүүхдийг өвөр дээрээ аваад унтуулж явж байсан юм. Машинд паар тавьсан өөдөөс нар тусаад бид нар бүгдээрээ унтаж явж байсан....гэнэт тас хийх чимээ гараад хүчтэй доргиод би сэрсэн. Тэгэхэд өвөр дээр байсан хүүхдийн толгойноос цус гарч байсан. Би орчин тойрноо харсан чинь машины урд салхины шил арын сандалд сууж байсан миний нүүрэн дээр тулаад ирсэн. Машины тааз хонхойгоод доошоо ороод ирсэн байсан. Би бусад хүмүүсийнхээ юу болсныг хараад хэсэг шоконд орсон байсан. Би өөрийнхөө талд буюу жолоочийн эсрэг талын хойд хаалганы цонхыг нь доош нь буулгаж байгаад гарсан. Гадаа гараад тойрч очоод эхнэр хүүхдээ буулгасан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Жолооч хир хурдтай явсныг хараагүй би унтаж явсан. Энхтөгс архи уугаагүй байсан. Дуламханд архи уусан байсан. Дуламханд эгч л Энхтөгсөө чи Дархан ороод иртэл машин барина шүү гээд байсан. Энхтөгс гэгч унтаагүй машин барьсан.” гэх мэдүүлэг /хэргийн 113-114 /,

-Гэрч Н.Сэлэнгийн гомдол санал байхгүй гэх тайлбар /хэргийн 115/,

-Гэрч Г.Ууганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би тухайн өдөр үүрийн 04 цагийн орчим аав, ээж Дуламханд, Наранцэцэг, 2 жоохон хүүхэд, Энхтөгс нарын хамт бөө буулгаж дуусаад Улаанбаатар хот уруу машинтай гарсан юм. Хөдөө бөөлсөн тул хамт байсан хүмүүс бүгд л нойр муутай байсан. Би машинд суугаад унтчихсан байсан. Нэг сэрэхэд машин осолд орсон байсан. Тэгээд юу болоод байгааг ойлгож чадахгүй байж байгаад нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан. Надад өөр санаж байгаа зүйл алга.” гэх мэдүүлэг /хэргийн 116-117/,

-Гэрч Г.Ууганчимэгийн гомдол саналгүй гэх тайлбар /хэргийн 118/,

-Гэрч Д.Цэвээндуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Бид нар 2 хүүхэд, 6 том хүн, нийт наймуулаа хөдөө Хавцалд байж байгаад үүрээр 3 цагийн орчимд Улаанбаатар хот руу гарсан. Би нам унтчихсан байсан. Нэг мэдэхэд л осолд орсон байсан. Би юу болоод байгааг ойлгоогүй.” гэх мэдүүлэг /хэргийн 119/,

-Гэрч Д.Цэвээндуламын гомдол саналгүй гэх тайлбар /хэргийн 120/,

-“Талийгаачийн цогцост гавал тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, зүүн чамархай, дагз, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, духны ясны цөмөрсөн хугарал, дух, орой, суурь ясны шугаман хугарал, духны хуйхны цус хуралт, оройн хуйхны шарх, духанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамар, дээд уруул, доод эрүү, хэвлийн цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохигдох, доргих үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нас барахын өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үөдээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь О 1-р бүлгийн цустай байна.” гэх 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 76 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 133-134/,

-Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 135-139, 145-149/,

-“Талийгаачийн цогцост гавал тархины ил гэмтэл, зүүн чамархайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, дух, зулай, баруун зүүн, чамархай суурь ясны шугаман хугарал, баруун чамархай, хацарны шарх, дух, зүүн нүдний зовхи, шанаа, хацар, зүүн чихний цус хуралт, зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохигдох доргих үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нас барахын өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь АВ 4-р бүлгийн цустай байна.” гэх 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 77 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 143-144/,

-“С.Дуламхандын биед тархи няцрал, баруун, зүүн хацар яс, гайморын хөндийн хугарал, зүүн чихний шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 896 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 153/,

-“С.Наранцэцэгийн биед тархи няцралын дунд зэрэг, цээж нүүрний зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 908 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 157/,

-Шинжилгээнд ирүүлсэн “Ш.Энхтөгс МЗ88101377” гэж хаягласан цусанд спиртын агууламж илрээгүй гэх 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 8703 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 161/,

-Шинжилгээнд ирүүлсэн “А.Даваадалай” гэж хаягласан цусанд спиртын агууламж илрээгүй гэх 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 8702 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 164/,

-Үнэлгээнд хамрагдсан “Тоёота марк 2” маркын 49-32 УНЛ улсын дугаартай суудлын автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны байдлаар 4.500.000 \Дөрвөн сая таван зуун мянга\ төгрөгөөр тодорхойлов.” гэх 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 168-169/,

-2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ослын улмаас учирсан хохирлыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 173-175/,

-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 029 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 181-185/,

-Тээврийн хэрэгслийг техникийн байдлыг шалгасан тухай 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 030 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 189-193/,

-Аптанхуяг овогтой Даваадалайн жолоодож явсан 20-76 УНЧ улсын дугаартай Хово 224267 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Шагдар овогтой Энхтөгс нь 49-32 УНЛ улсын дугаартай Т.Марк-2 маркийн авто машин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Шагдар овогтой Энхтөгс нь 49-32 УНЛ улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн авто машин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 8.2-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 21.8а-д: “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно.”, 2.3 б-д: “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.” гэх 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 197 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.Энхтөгсийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ш.Энхтөгсийн үйлдсэн гэмт хэргийн улмаас 2 хүн нас барж, хохирогч С.Дуламхандын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранцэцэг нь Ш.Энхтөгсөөс 11613961 төгрөг нэхэмжилж, хохирол төлбөртэй холбоотой бичгийн баримтыг /хэргийн 62-87/ шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Ш.Энхтөгс нь 1150000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч Ш.Энхтөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Дуламхандад 1150000 төгрөг өгч, Наранцэцэгт хохирол төлж чадаагүй.” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...нийт 11613961 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгч Ш.Энхтөгс нь хохирогч Дуламхандад 1150000 төгрөг төлж, миний хохирлыг барагдуулаагүй байгаа.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

 

Хохирогч С.Наранцэцэг нь Ш.Энхтөгсөөс 420.000 төгрөг нэхэмжилж, хохирол төлбөртэй холбоотой бичгийн баримтыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Энхтөгсөөс нийт 10463961 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Дуламхандад 10043961 төгрөг, хохирогч С.Наранцэцэгт 420000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Дуламхандын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул хохирогч С.Дуламханд нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ш.Энхтөгс нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 06 цаг 20 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр “Дархан-2” өртөөний хажуугийн хатуу хучилттай асфальтан зам дээр “Тоёота Марк II” маркийн 49-32 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 б-д: “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.7 а-д: “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 21.8 а-д: “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно”  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас А.Даваадалайн жолоодож явсан Хово ZZ4267 маркийн 20-76 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч 3 настай Э.Ган-Эрдэнэ, 12 настай Б.Мөнхжин нарын амь нас хохирсон, зорчигч С.Дуламхандын эрүүл мэндэд хүндэвтэр, С.Наранцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-19/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолтууд /хэргийн 22-24/, хохирогч Э.Алтанталын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний зүгээс ямар нэг гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй тул уг хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /хэргийн 246/, хохирогч Б.Мөнхжингийн нас барсныг бүртгэсэн гэрчилгээний хуулбар /хэргийн 43/, хохирогч С.Дуламхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би энэ осол хэрэгт ороод баруун нүд юм харахгүй, баруун гар гэмтсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 46-52, 51-52 дугаар хуудас/, хохирол төлбөр, эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хэргийн 63-87/, иргэний нэхэмжлэгч М.Наранбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... үнэлгээгээр 2336000 төгрөгийн хохирол учирсан байсан. Нэхэмжпэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 89/, иргэний нэхэмжлэгч М.Наранбаярын нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх тайлбар /хэргийн 91/, гэрч П.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний биед ямар нэг гэмтэл шарх учраагүй учраас би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад ямар нэг санал гомдол байхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 106-107/, гэрч А.Даваадалайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “тэнд байсан хүмүүсийг үзээд машинаас гаргаж газар тавьсан 2 хүүхдийг даавуугаар бүтээгээд, урд нь сууж байсан эмэгтэйг гаргаж авч чадалгүй, түргэний жолооч нь онцгой байдал дуудчихаад 3 эмэгтэйг нь аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 108-109/, гэрч Г.Ууганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...нэг сэрэхэд машин осолд орсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 116-117/, гэрч Д.Цэвээндуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... нэг мэдэхэд л осолд орсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 119/, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 76 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 133-134/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 135-139, 145-149/, гэх 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 77 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 143-144/, “С.Дуламхандын биед тархи няцрал, баруун, зүүн хацар яс, гайморын хөндийн хугарал, зүүн чихний шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 896 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 153/, “С.Наранцэцэгийн биед тархи няцралын дунд зэрэг, цээж нүүрний зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.” гэх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 908 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 157/, үнэлгээнд хамрагдсан “Тоёота марк 2” маркын 49-32 УНЛ улсын дугаартай суудлын автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны байдлаар 4.500.000 \Дөрвөн сая таван зуун мянга\ төгрөгөөр тодорхойлов.” гэх 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 168-169/, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ослын улмаас учирсан хохирлыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 173-175/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 029 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 181-185/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 030 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 189-193/, 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 197 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ш.Энхтөгс нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Ш.Энхтөгст эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа бөгөөд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа боловч хохирогчид учирсан материаллаг хохирлын ихэнх хэсгийг төлж барагдуулаагүй, цаашид гарах эмчилгээний зардлыг ямар хэлбэрээр, хэрхэн яаж нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь тодорхойгүй, хохирогч “гомдолтой” гэснийг ял оногдуулахдаа харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 6 сарын хугацаагаар хасч, 2 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ш.Энхтөгсийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 958209 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэснийг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Таванбогд овогт Шагдарын Энхтөгсийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироож, хохирогч С.Дуламхандын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч С.Наранцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.2, 510 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Энхтөгсөөс 10463961 /арван сая дөрвөн зуун жаран гурван мянга есөн зуун жаран нэг/ төгрөг гаргуулж, хохирогч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Өлгийн 29-316 тоотод оршин суух Самбуугийн Дуламхандад /ЧГ72072004/ 10043961 /арван сая дөчин гурван мянга есөн зуун жаран нэг/ төгрөг, хохирогч Улаанбаатар хот Баянгол дүүрэг 16 дугаар хороо Туулын 13-233 тоотод оршин суух Самбуугийн Наранцэцэгт 420000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөг тус тус олгож, хохирогч С.Дуламханд нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч Ш.Энхтөгсийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 6 сарын /таван жил зургаан сар/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.Энхтөгст оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ш.Энхтөгсийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 6 сарын /таван жил зургаан сар/ хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж эхлэх бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.Энхтөгсийн 958209 дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт шилжүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Энхтөгст цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс тоолсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ