| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0234/э |
| Дугаар | 000245 |
| Огноо | 2018-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 000245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгч Б.-
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1825003890255 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Завхан аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын опероторчин мэргэжилтэй Хомын тал ХХК-д ачигч ажилтай, ам бүл-4, өвөө, эмээ, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Их залуу баг, баруун задгай оршин суух, урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Х овгийн Б-ийн Б
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн 18-05 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам аав болох С.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
-Хохирогч С.Э-гийн: 2018 оны 06 сарын 06-ны өглөө гэрээсээ гараад айлд барилгын ажил хийж өгчихөөд орой 20 цагийн үед гэр рүүгээ явсан. Гудамжинд танил 2 хүнтэй таараад бид 3 дэлгүүрээс 1 шил Ерөөл архи аваад хувааж уугаад салсан. Намайг хашаа руугаа орж явтал манай хажуу талын айл хорхог хийгээд намайг дуудахаар нь орж хорхог идээд сууж байхад манай охин ирээд намайг гэр рүүгээ аваад орсон. Гэртээ хэвтэж байтал гаднаас манай хүргэн болох гэж багаа Б согтуу 1 шил архи барьчихсан орж ирээд бид хоёр тэр архийг хувааж ууж байгааг санаж байна. Яг хоорондоо хэрүүл хийж цохисоныг нь мэдэхгүй байна. Миний бодлоор хоёулаа согтуу байсан учраас бие биенийхээ үгийг ойлгохгүй буруу зөрүү ойлголцсоноос болж хэрүүл маргаан гарсан байх гэж бодож байна. Охин цагдаа дуудаад Быг аваад явсан. Тухайн үед миний хөмсөг шалбарсан нүд хөхөрсөн хүзүү бага зэрэг хөхөрсөн байсан. Хөмсөгөндөө 6 оёдол тавиулсан. Б бид 2 урд өмнө хэрүүл маргаан хийж байгаагүй. Одоо миний биеийн байдал зүгээр, ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй гэсэн мэдүүлэг /хх 08-09 ху/,
-Гэрч Э.Н: 2018 оны 06 сарын 06-ны өдөр манай хажуу талын айл хорхог хийгээд аав тэр ахтай 1 шил архи хувааж уухаар нь би ороод аавыг гэртээ оруулсан. Гаднаас манай нөхөр Б согтуу 1 шил архи барьчихсан орж ирээд аавтай хувааж уусан. Б тэр архинаас бараг уугаагүй аав уусан. Аав Б 2 түр тар хийхээр нь би очоод хартал тэр хоёр бие биетэйгээ зууралдсан харагдахаар нь айсандаа цагдаа дуудчихсан юм гэсэн мэдүүлэг /хх 15 ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 сарын 08-ны өдрийн 438 дугаартай шинжээчийн...С.Э-гийн биед зүүн шанаанд шарх, нүүр, хоёр нүдний алимны салст, баруун бугалга, суганы ар хэсэгт цус хуралт, нүүр хүзүүнд зулгаралт үүсчээ. Зүүн шанаанд шарх, нүүр, хоёр нүдний алимны салст, баруун буглага, суганы ар хэсэгт цус хуралт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, бүгд шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх-ийн 11 ху/,
-Б.Быг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 45-46 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 24 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Б.Бы гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн 18-05 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам аав болох С.Э-г зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн хоёулаа согтуу байсан учраас бие биенийхээ үгийг ойлгохгүй буруу зөрүү ойлголцсоноос болж хэрүүл маргаан гарсан байх гэж бодож байна. Тухайн үед миний хөмсөг шалбарсан нүд хөхөрсөн хүзүү бага зэрэг хөхөрсөн байсан. Хөмсөгөндөө 6 оёдол тавиулсан гэсэн мэдүүлэг, гэрч Э.Н аав Б 2 түр тар хийхээр нь би очоод хартал тэр хоёр бие биетэйгээ зууралдсан харагдахаар нь айсандаа цагдаа дуудчихсан юм гэсэн мэдүүлэг, хохирогч С.Э-гийн биед зүүн шанаанд шарх, нүүр, хоёр нүдний алимны салст, баруун бугалга, суганы ар хэсэгт цус хуралт, нүүр хүзүүнд зулгаралт үүссэнийг тогтоосон 438 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч С.Э нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай баримт хэрэгт авагдсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. /хх 54 ху/
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ