Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/52

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******        

Нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/216 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2518001100227 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд:

Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, 2003 онд 06 дугаар сарын 09-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

Шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173. дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос эмчилгээний зардалд 237,566 төгрөг, ажилгүй байсан хугацааны зардалд 6,041,638 төгрөг, Солонгос улс руу аялах байсан онгоцны тасалбарын буцаалтын зөрүү 474,000 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг 6,600,000 төгрөг, нийт 13,353,204 төгрөгийг гаргуулж хохирогч , 1,580,333 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сан /Төрийн сан- тоот данс/-д тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхээс надад "... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй, ... ажилгүй байсан хугацааны зардалд 6,041,638 төгрөг, нийт 13,353,204 төгрөгийг гаргуулж хохирогч ... олгосугай" гэж шийдвэрлэсэн дараах үндэслэлээр шүүгдэгч надад хэт хүндэдсэн гэж үзэж байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийтгэсэн талаар: Шүүгдэгч миний бие аймгийн сумын хилийн боомтод том машин жолоодох ажил хийж амьжиргаагаа залгуулдаг бөгөөд сард 2,000,000-3,000,000 төгрөгийн орлого олдог байсан. Шүүхээс намайг хохирогчид 13,353,204 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1,580,333 төгрөгийг тус тус төлж барагдуулах шийтгэл оногдуулсан. Гэвч өдий 63 хүрч яваа миний бие тэтгэврийн зээлтэй тул өөрт минь олдсон ганц ажил болох том машинаа жолоодож орлого олохгүй л бол өөр орлого олох эх үүсвэргүй болоод байгаа юм. Гэтэл шүүхээс миний зорчих эрхийг 1 жилийн хугацаанд хязгаарласан атлаа 2 жилийн хугацаанд жолоодох эрхийг минь хязгаарласан нь намайг 2 жилийн хугацаанд ажил хийж орлого олох боломжгүй нөхцөл байдлыг үүсгээд байна.

Миний бие гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан болон эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөрийг төлж барагдуулахын тулд ажил хийж орлого олж, хохирол төлбөрөө барагдуулах боломжийг минь 2 жилийн хугацаанд хязгаарласан нь шүүгдэгч надад хэт хүндэдсэн шийдвэр гэж үзэж байна. Би нас дээр гарч яваа хүний хувьд өөрөө өөрийнхөө л асуудлыг шийдэж амьдрахгүй бол надад туслах эхнэр, хүүхэд, аав, ээж, ах, дүү гэж байхгүй учир ажил хөдөлмөр өө эрхэлж, орлого олж байж л хохирогчийнхоо хохирлыг төлж барагдуулах юм. Иймд шүүгдэгч надад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийтгэсэн шийтгэлийг зорчих эрхийг хязгаарлах ялтай адилтган 1 жилийн хугацаагаар бууруулж шийдвэрлэж өгнө үү.

Хохирогчид олгогдсон ажилгүй байсан хугацааны цалин гэж 6,041,638 төгрөг нь үндэслэлгүй олгогдсон талаар:

Анхан шатны шүүхээс хохирогчид ажилгүй байсан хугацааны цалин гэж 6,041,638 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй шийдвэр болсон байна. Хавтаст хэргийн 126-130 дугаар талд хохирогчийн ажилладаг гэх ' ” ХХК-ийн цалингийн тодорхойлолт, тооцоолол болон хуулбар, хэлбэрээр хэрэгт авагдсан тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаа хэрэгт авагдсан бол хохирогчийн цалингийн хэмжээ эргэлзээгүй тогтоогдох байсан.

Анхан шатны шүүх цалингийн зөрүүд 6,041,638 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэхдээ ямар нотлох баримтад үндэслэн ямар тооцоолол хийсэн нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гараагүй байхад сэтгэцэд учирсан хор уршигт 6,600,000 төгрөг -аргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Энэхүү үйл баримтаас үзэхэд анхан шатны шүүх баримтад тулгуурлалгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.04.28-ны өдрийн 2025/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолын зарим иргэний нэхэмжлэлийг хангасан хэсгийн цалингийн зөрүүд 6,041,638 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 6,600,000 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож, иргэний хэрэг хянан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Нэмж ярих зүйл байхгүй. Яг зөвшөөрөхгүй гэсэн зүйл байхгүй. Өмгөөлөгчийн ярьсантай санал нэг байна. Хохирогчийн төлбөрийг төлөхөд надад хэцүү байна. Би 60 нас гарсан болохоор ажил олдохгүй. Надад Улаанбаатар хот, Хан-уул дүүрэгт харуул хамгаалалтын ажил олдсон. Үүнийг хийж байгаа. Надад одоо харуул хамгаалалтын ажил олдож байгаа цалин амьдралд хүрэлцэхгүй байна. Би тэтгэврийн зээлийг 2026 оны 3 дугаар сарын 01 хүртэл авсан тул энэ өдрөөс хойш төлбөрийг төлөх боломжтой гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаагүй. Гагцхүү тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ял шийтгэлд гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж, нэмэгдэл ял буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан. ******* жолооч мэргэжилтэй, хүнс түгээх ажил эрхэлдэг. Энэ хүний орлого олох эх үүсвэр нь жолоочийн ажил юм. Өөр ажил эрхлэх боломжгүй нөхцөл байдалтай байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд, жолоодох эрх хассан ял шийтгэлийг 1 жилийн хугацаагаар бууруулж өгнө үү. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 1-3 жил байхаар хуульд хуульчилсан. Өмгөөлөгчийн зүгээс *******ийн хувийн байдлыг нь харгалзан үзэж хасах боломжтой гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацааны цалингийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны байх ёстой. Хууль зүйн үндэслэл бүхий байна гэдэг нь нотлох баримтад үндэслэсэн байхыг ойлгодог. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт буюу тооцоолол нь хуулбар байдлаар авагдсан. Нотлох баримтын шаардлага хангагдаагүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа авагдсан байхад тэрийг үндэслээд цалингийн зөрүүг тогтоогоод, нийгмийн даатгалаас авагдсан цалингийн зөрүүг бодоод, шууд хувь тэнцүүлэх байдлаар гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Энэ гомдлоо дэмжиж оролцож байна. Сэтгэцэд учруулсан хохирлын талаар төлбөр тооцсон. Гэхдээ Улсын Дээд Шүүхийн 2018 оны 25 дугаар тогтоол дээр хүснэгтээр гаргасан боловч шинжээчийн дүгнэлт ороогүй байсан. Шинжээчийн дүгнэлтээр сэтгэл санааны хохиролд ямар эмчилгээ шаардлагатай талаар тогтоогдоогүй байхад шүүх 6,600,000 төгрөгийг гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассаныг багасгаж, цалингийн зөрүүд олгосон 6,600,000 төгрөгийг гаргуулах хэсгийг хүчингүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдүүлэх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн гаргасан гомдлын хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жил гэж хуульд заасан боловч 2 жилээр хассан нь нийгмийн аюул, шинж чанар, хор уршиг, хувийн байдлыг нь харгалзаж үзэж ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал дээр компанийн цалингийн тодорхойлолтын хуулбар хэрэгт авагдсан. Энэ нотлох баримтыг үнэлж мөнгө гаргуулах асуудлыг шийдвэрлэсэн гэж ярьдаг. Тухайн компаниас ажлын байрны тодорхойлолт, цалингийн тооцоолол зэргийг гаргаж ирүүлсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хөдөлмөрийн чадвараа түр алдсан талаарх баримтууд байгаа. Эдгээр баримтуудыг үнэлээд, сар бүр авах ёстой байсан цалин, компанийн гаргаж өгсөн тодорхойлолт зэргээр хөдөлмөрийн чадвар түр алдалтыг хасаж өгч гаргаснаар Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг буруутгах үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт байхгүй байхад хохирол гаргуулсан гэсэн асуудал яригддаг. Сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн талаар нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал буюу хүснэгт байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэтгэцэд учирсан хохирлын 3 дугаар зэрэглэлд хамаарч байгаа. Энэ зэрэглэлд хамаарах хохирлыг нөхөн тооцох журмыг үндэслээд, анхан шатны шүүхээс гаргуулсан шийдвэрийг буруутгах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хохирогчийн хувьд 32 насны залуу эмэгтэй хүн байдаг. Учирсан хохирол болон сэтгэлзүйн хувьд ямар байгаагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлдэг.  Дээрх нөхцөл байдалд үндэслээд Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

- Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзээд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч *******ийн үйлдэл тогтоогдсон, түүний зүгээс өдүүлсэн нийгэмд аюултай үйлдэлд зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх  хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, шинж зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэрийг шүүгдэгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан ба гомдолдоо:

“ …Миний бие өндөр настны тэтгэвэрт байдаг ба тэтгэвэр маш бага тогтоогдсон тул амьдралд минь хүрэлцдэггүй. Тэгээд том тэрэг жолоодож амьдралаа залгуулдаг билээ.

Энэ хэргийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулснаар машин барих эрхээ удаан хугацаагаар хасуулах болж миний амьдралд хүндээр тусахаас гадна хохирогчид учруулсан хохирлыг түргэн хугацаанд барагдуулах боломжгүй болсон тул миний энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацааг багасгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн амьдралыг судалж үзэхэд:

Ам бүл ганцаар амьдардаг ба тэрээр өндөр настны тэтгэвэр сар бүр 500,000 төгрөг авдаг ба энэ нь түүний амьдралд бүрэн зарцуулагдсанаар хохирогчид учруулсан хохирлыг төлөх боломжгүй байдалд хүрсэн, түүнчлэн шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул болгоомжгүй төрлийн гэмт хэргийн ангилалд багтах гэмт хэрэг үйлджээ.

Өөрөөр хэлбэл:

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэх замаар санаатайгаар гэмт хэрэг үйлдээгүй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж өөрийн боломж бололцоогоороо мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 1 000 000 төгрөг төлж барагдуулсан, цаашид хохирогчид учирсан хохирлыг түргэн хугацаанд арилгуулах үүднээс шүүгдэгчээс гаргасан гомдлыг хүлээн авах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” тухай шударга ёсны зарчимд нийцэхээс гадна гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг богино хугацаанд нөхөн төлүүлэхээр заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/216 дугаар шийтгэх тогтоолын 2-т заасан

тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,” гэснийг “ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1  жилийн /нэг жил/ хугацаагаар хасаж,” гэж,

Мөн тогтоолын  3-т “Шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,” гэснийг

“ Шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай,” гэж өөрчилж тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.АМАРЖАРГАЛ

        ШҮҮГЧИД                                                     О.БААТАРСҮХ

                                                                                     Б.МАНЛАЙБААТАР