Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 133

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 207/МА2018/00133

 

*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/00919 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Гэм хорын хохирол 2.221.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* миний бие 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө буюу 22 цагийн үед Мижиг овогтой Лханаагийн Suzuki swift маркийн 1479 ОРО машинд сууж яваад машин осолдож зам тээврийн осолд орсон. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр тархи доргилттой, хамрын таславч муруйсан, зөөлөн эдэд цус хуралттай гэсэн дүгнэлт гарсан ба нарийн мэргэжлийн эмнэлэгийн үзлэгт хамрын яс хугаралттай гэж гарсан. Осолд орсоноос хойш толгой байнга өвддөг болсон ба 2 удаа эмнэлэгт хэвтсэн. Энэ хугацаанд ******* миний биеийг асууж нэг ч удаа холбоо бариагүйд маш их гомдож байна. Хэргийг мөрдөж байсан цагдаагийн газраас зөрчлийн хуулиар арга хэмжээ авч хэргийг хаасан гээд хохирлоо иргэний журмаар нэхэмжилээрэй гэж холбогдох баримтыг өгсний дагуу миний бие иргэний шүүхэд хандсан болно. Гэтэл хэргийг хаагаагүй байгаа гэж ямар ч нотолгоогүйгээр тайлбар ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийн материал танилцах үеэр гаргасан хүсэлтийг уншсан бөгөөд байцаагч Үнэнбаатараас энэ талаар асуухад хэрэг хаагдсан гэдгийг дахин нотолж хэлсэн. Иймд хариуцагчийн хүсэлт үндэслэлгүй тул түүнийг байлцуулахгүйгээр хурлыг үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Осолд орсоноос хойш гарсан зардал: Мажаа эмнэлэгт 380 000 төгрөг, Хөтөл унаа 21 000 төгрөг, Бэст массаж 20 000 төгрөг, Медипас эмнэлэгт рентген 180 000 төгрөг, эмчийн үзлэг 20 000 төгрөг, Барагшуун 2 хайрцаг 100 000 төгрөг болон бусад эмнэлэгт уламжлалт эмчилгээ хийлгэсэн. Одоо яаралтай хамрын хагалгаанд орох шаардлагатай тул хагалгааны төлбөр 1 500 000 төгрөг нийт 2 221 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гардаж авсан бөгөөд хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/00919 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 622 000 /зургаан зуун хорин хоёр мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 599 000 /нэг сая таван зуун ерэн есөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50 486 /тавин мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийг, төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжинд 19 310 /арван есөн мянга гурван зуун арав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч ******* тус шүүхэд хандаж *******д холбогдуулан гэм хорын хохирол гаргуулахыг хүссэн шаардлагынхаа үндэслэлийг 2018.03.17-оос 18-нд шилжих шөнө *******гийн суудлын авто машинд сууж яваад осолд орж ослын улмаас *******ийн хамрынх нь таславч мурийсан тархи доргилттой, зөөлөн эдэд цус хуралттай гээд эмчилгээний зардалд нийт 2.221.000 тогрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ. Хавтаст хэргийн 45-р талд нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлттэй тахилцахад ДҮГНЭЛТ гэсэн хэсэгт *******ийн биед хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүссэн байна гэсэн болохоос түүний тархи доргисон тухай байхгүй байна.

Хавтаст хэргийн 20-р талд чих хамар хоолойн кабинетэд 20.000 төгрөгөөр үзүүлсэн баримт, унааны зардал 21.000 төгрөг нийт 41.000 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй. Эмийн жороор болон эм авсан баримтууд, мажаа эмнэлэгт толгойгоо бариулсан толгойн зургаа авахуулсан зэрэгт төлсөн 581.000 төгрөгийг хариуцан төлөх үндэслэлгүй байна. Иймд дээрх шийдвэрт *******гаас 622.000 төгрөг гаргуулж гэснийг 41.000 төгрөг гаргуулж *******т олгох гэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2.221.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 622.000 /зургаан зуун хорин хоёр мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.599.000 /нэг сая таван зуун ерэн есөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт Сүзүки Свивт маркийн 14-79 ОРО улсын дугаартай автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргажээ. Энэ осол нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 9.2-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн 2018 оны 04 дүгээр сарын 03 ны өдрийн 10 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Уг ослын улмаас нэхэмжлэгч *******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь ..шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 289 дугаарт дүгнэлтэнд: *******ийн биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чавдар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн баримтыг үндэслэн эмчийн үзлэгийн төлбөр, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэний төлбөр, компьютер томографийн зураг авахуулсаны төлбөр, унааны төлбөр зэрэг нийт 622.000 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулж, зайлшгүй хийгдэх хамрын хагалгааны төлбөрийн талаар холбогдох баримтгүй байх тул хэрэгсэхгүй болгож гэсэн дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, зөв байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нь *******ийн биед хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүссэн байна гэсэн болохоос түүний тархи доргисон тухай байхгүй байна. гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 289 дугаар шинжээчийн дүгнэлтээр няцаагдаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь нотлогдохгүй байх тул түүний давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.080 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/00919 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.080 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР