Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2018\ШЦТ\148

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч *******ар /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******ын *******арт холбогдох 1818002240150 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* хорин овогт*******ын *******ар /РД:МФ81092318/, 1981 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *******ар нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод эхнэр *******ын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *******ар нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод эхнэр *******ын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч *******арын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 03 дугаар сарын 08-ны орой манай эхнэр найзуудтайгаа нийлж архи уучихаад дахиад даврах гээд байхаар нь би уурлаж бид маргалдсан. ******* нь болж бүтэхгүй найзуудтайгаа нийлээд гараад явчихдаг бөгөөд нэг гарахаараа олон хоногоор явдаг. Архи уучихаараа хүний үгэнд ордоггүй зэрэг асуудлаас болоод бид маргалддаг. Би шүд рүү нь цохиж, цээж рүү нь өшиглөсөн.

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Асуудлыг буруу аргаар шийдсэн миний буруу, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч *******ын Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 9/,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 10/,

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байна гэх дуудлагын дагуу очиж шалгасан тухай жижүүрийн мөрдөгч *******ын илтгэх хуудас /хэргийн 11/,

-Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 03 дугаар сарын 8-ны өдөр найзууд манайд ирээд бид баяр тэмдэглэж, архи уусан. Тэгээд бааранд орж архи ууцгааж байгаад баар хааж нөхөр *******ар болон хүүхдийнхээ хамт гэртээ харьсан. Бааранд орохдоо хүүхдээ аваад орсон юм. Гэртээ хариад унтаж байтал нөхөр *******ар босч цай ууснаа “тамхи аваад өг” гэсэн. Тэгээд би авч өгөх гээд бостол чи найз нараа хараад том байнаа гээд цээж рүү өшиглөсөн. Тэгээд би унтах гээд хэвттэл миний дээрээс хөлөөрөө хавирга орчим 2-3 удаа дэвсэж, гараараа 2 удаа шүд орчимд цохиод, үснээс бариад нүүрээр газар мөргүүлээд байсан. Тэгээд би “болиоч, хайр аа” гэж гуйж байгаад болиулсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 13-16/,

-Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “******* нь миний төрсөн охин юм. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би эднийд байж байтал ******* “найзууд ирнэ, бааранд сууна” гэхээр нь би уурлаад “та нар яадаг билээ, зодоон цохион болдог биз дээ” гэхэд уурлаад “та намайг харж үздэг юм уу? чамд миний ууж идэх хамаагүй, чи зайл” гээд хөөхөөр нь миний уур хүрээд гол зороод л би уйлаад гарч явсан. Ингээд уулзаагүй байж байтал 03 дугаар сарын 10-ны өдөр утасдахаар нь автал “ээж, хавирга” гээд утас нь тасарсан. Яг зодоон хийж гээд нь очтол *******арт зодуулсан гээд хиймэл шүд нь хугарчихсан нүүр ам хөхөрчихсөн амьсгалж болохгүй байна гээд байж байсан юм.

...2 хоногийн дараа байх ******* залгаад “хөдөө айлд ирсэн байна, *******ар архи уучихаад зодох гээд байна, цасанд боогдоод байна, цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь би Сэлэнгэ аймгийн Номгон сумын цагдаа дуудаж өгсөн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 18/,

 

-“*******ын биед нэг хавирганы битүү хугарал, доод эрүү, доод уруулын дотор салст, баруун шуунд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдантад нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 361 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 22/,

 

-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 34-35/,

-Аюулын зэргийн үнэлгээ /36-46/,

-*******арын согтууралыг хэмжсэн тодорхойлолт /хэргийн 47/,

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байна гэх дуудлагын дагуу очиж шалгасан тухай Цагдаагийн ахлагч Ю.Баяржаргалын илтгэх хуудас /хэргийн 50/,

-Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хэргийн 52-55/,

-Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хэргийн 56-59/,

-Хохирогч *******ын “нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хүсэлт /хэргийн 114/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч *******арын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******арыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд “нэг хавирганы битүү хугарал, доод эрүү, доод уруулын дотор салст, баруун шуунд цус хуралт” тогтоогдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь “...*******арт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хэргийн 114/ ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч *******ар нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 1 дүгээр баг, Партизаны 6-93 тоотод эхнэр *******ын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч *******арын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…би шүд рүү нь цохиж, цээж рүү нь өшиглөсөн.” гэх мэдүүлэг,  хохирогч *******ын Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 9/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 10/, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байна гэх дуудлагын дагуу очиж шалгасан тухай жижүүрийн мөрдөгч *******ын илтгэх хуудас /хэргийн 11/, хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний дээрээс хөлөөрөө хавирга орчим 2-3 удаа дэвсэж, гараараа 2 удаа шүд орчимд цохиод, үснээс бариад нүүрээр газар мөргүүлээд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13-16/, гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...*******арт зодуулсан гээд хиймэл шүд нь хугарчихсан нүүр ам хөхөрчихсөн амьсгалж болохгүй байна гээд байж байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 18/,  “*******ын биед нэг хавирганы битүү хугарал, доод эрүү, доод уруулын дотор салст, баруун шуунд цус хуралт тогтоогдлоо.” гэх 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 361 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 22/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 34-35/, аюулын зэргийн үнэлгээ /36-46/, *******арын согтууралыг хэмжсэн тодорхойлолт /хэргийн 47/, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байна гэх дуудлагын дагуу очиж шалгасан тухай Цагдаагийн ахлагч Ю.Баяржаргалын илтгэх хуудас /хэргийн 50/, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хэргийн 52-55/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хэргийн 56-59/, хохирогч *******ын “нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хүсэлт /хэргийн 114/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******арыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******ар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч *******арыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* хорин овогт*******ын *******арыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* хорин овогт*******ын *******арт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч *******арт оногдуулсан торгох ялын 600000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч *******арт үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч *******арт анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөггүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******арт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ