2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/10030

 

 

 

 

 

 

2025 11 18 191/ШШ2025/10030

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Батцэцэг, шүүгч Б.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... тоот хаягт бүртгэлтэй, ... тоотод оршин суух ******* овогт *******-н ******* /Регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... давхарт байрлах ******* *******,

 

Хариуцагч:  тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар / нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1,804,007 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/,

хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Б.*******,

иргэдийн төлөөлөгч ,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие Б.******* 2023 оны 03 сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн байрлах "*******" *******д хацрын улаан арилгах үйлчилгээнд орсон бөгөөд цахилгаан зүүгээр шивж хийсэн юм. Тухайн үедээ нүүр нилээн хавдаж хөхрөж маш олон хэмжээний нүх үүссэн нүх битүүрүүлэх шаардлага гарсан, 14 хоногийн дараа буюу 03 сарын 19-ний өдрөөс эхлэн улаан юм гаргаж эхэлсэн. Тэрнээс хойш гоо сайхны эмнэлэг, арьсны эмчилгээ хийлгэж явсан хэт эмзэг мэдрэмтгий арьс дээр лазер хийж болдоггүй, энэ наад захын гоо сайханч мэдэх ёстой зүйл гэсэн бөгөөд арсьсны эмнэлэг дээр очиход онош тодруулах шаардлагатай гээд Аллеррги мед эмнэлгийн гоо сайхны О.Баярмаа эмчийн хяналтанд орж эмчилгээ хийлгэж байна, 11 төрлийн шинжилгээ авсан. Уг үйлчилгээнээс бус миний биеийн эсвэл хооллолт зэрэг надаас шалтгаалсан байж магадгүй гэж бодоод зарим шинжилгээг өгсөн юм. Гэтэл надаас хамааралтай юу ч байгаагүй, Б.******* гоо сайханчийн үйлчилгээнээс болсон нь тогтоогдсон. Эмчийн хэлснээр гоо сайханч хэт мэдрэмтгий арьс дээр лазер хийж болохгүй. Бүр эмзэг арьстай гэдгээ хэлсээр байхад хийсэнд би маш их гомдолтой байна. Хариуцагчтай биечлэн уулзах гэж 2,3 удаа залгасан боловч таталзаж намайг янз бүрээр хэлсэн, гоо сайханч *******ын данс 5011334139 төлбөр шилжүүлсэн. Цаашид миний гоо сайхан хэвийн байдалдаа орох эсэх нь тодорхой биш, цаг хугацаа сэтгэл санаагаар маш их хохирч байна. Мөн цаашид өөр олон охид хүүхнүүдийг хохирохоос нь өмнө энэ хүний үйлдлийг зогсоож өгөх шаардлагатай байна. Тухайн үед өөрөөс нь зөвлөгөө авахад "зүгээрээ ингэж байгаад зүгээр болчихдог юм, юун бааштай юм, айх зүйл байхгүй, зүгээр л хүлээ" гэх зэргээр аргацааснаас өөр эмчлэх зүйл юу ч хийгээгүй. Миний бие эмчлүүлэхийн тулд аймгаас хот руу нийтийн унаанд сууж, хот дотор такси, автобус зэрэгт зардал гаргаж байсан, мөн шинжилгээ өгч, түүнийхээ дагуу эмэн эмчилгээ хийхийн тулд маш их эм авч уусан. Ингэснээр зөвхөн эдийн засгийн хувьд бус эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохироод байна. Олон төрлийн хүчтэй эм ууснаар ходоодонд өөрчлөлт орсон, мөн эмийн үйлчилгээнээс гадна сэтгэл санаанаас болж нойргүйддэг болсон. Миний бие сумын компанид ажилладаг тул зарим тохиолдолд нүүрнээсээ болж ажилдаа явж чадахгүй, явсан ч байнгын маск, маш зузаан гоо сайхны бүтээгдэхүүн түрхэж байгаа нь ая тухтай ажиллах боломжгүй байдалд хүргэж байна. Цаашид нүүрний энэ байдлаасаа болоод ажлын байраа ч алдах эрсдэл үүсээд байна. Хүнийг ийм хүнд байдалд оруулчихаад ядаж уучлалт гуйгаад эмчлэх талаас нь зөвлөгөө ч өгчихгүй хүний элдэвээр доромжлоод сүүлдээ утас ч авахгүй болсонд үнэхээр гомдолтой байна. Иймд зар сурталчилгааны тухай хууль, зөрчлийн тухай хууль, эмнэл зүйн удирдамж зэргийг зөрчиж миний эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд Б.*******аас эмнэлгийн эмчилгээний төлбөр 155,000 төгрөг, эм 687,007 төгрөг, унааны зардал 252,000 төгрөг, үйлчилгээний төлбөр 60,000 төгрөг, нийт 1,804,007 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг буруу бичсэн байсныг тодруулж эмчилгээний зардал 155,000 төгрөг, үүнтэй холбогдуулаад авсан эм, бусад төлбөр 11 баримтаар нотлогдож байгаа 869,351 төгрөг, нийтийн тээврийн унаагаар зорчсон зардал 4200 төгрөгийн 60 ширхэг баримт болох 252,000 төгрөг, эмчилгээний төлбөр 60,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хүний гоо сайхантай холбоотой нүүр болох хамгийн чухал хэсэгт эмчилгээ хийж байгаа хүн маш хариуцлагатай байх ёстой. Бага мөнгөн дүнгийн төлбөртэй үйлчилгээ гэдэг утгаар хариуцлагагүй хандаж болохгүй. Хариуцагчийн үзүүлсэн үйлчилгээнээс үүдэж хохирол учирсан байгаа учраас асуудлаа шийдэхээр хандсан. ******* ******* байгууллагын зөвшөөрлийг харахад 2021 онд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа нь дууссан байсан. Нэгэнт гэм хор учруулсан бол шударгаар хариуцлагаа хүлээх нь шударга ёсны зарчимд нийцэх байх гэж бодож байна. Хариуцагч Б.******* нь гоо сайханч мөн эсэх тодорхойгүй, энэ талаар баримт хэргийн материалд байхгүй. Хариуцагч ******* *******ыг хуулийн этгээдийн эрхгүй гэж хэлж байгаа боловч ******* ******* нэрээр дүүргээсээ зөвшөөрөл авсан байсан тул хариуцагч нараас гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2. Хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Иргэн Б.******* би 2023 оны 03 сарын 04-ний өдөр иргэн Б.*******т мэргэжлийн дагуу хацрын улааны судас таслах ажилбарыг лазераар хийсэн. Хийхээсээ өмнө эрсдэл, эдгэрэл, арьс арчилгаа, хориглох зүйлийг ярилцаж харилцан тохиролцсоны дараа ажилбараа хийсэн. Нэхэмжлэгч анх орж ирэхдээ мэнгээ авхуулсан гээд эрүүнээсээ доош маш их улайсан, сорвитой арьстай байсан. Тэгээд хацрын улааныг нь лазераар тасалж өгсөн. Миний хийсэн үр дүн үнэхээр гоё болсон. Нэхэмжлэгч өөрөө маш их сорвитой арьстай хүн байсан. Арьсны эдгэрэл тухайн хүний эрүүл мэнд, дархлаанаас хамаарч 3-4 сарын дараа эдгэрдэг байтал ******* нь 3-4 хоногийн дараа их хавдартай байна гэж ярьсан. Би тэгдэг юмаа, тамедины уусмалаар арчаад, бохир оруулалгүй, оролдолгүй, цочроолгүй хүлээж бай гэсэн. 7 хоногийн дараа дахиад ярьсан. Энэ нүхнүүдийг яах вэ гэж ярьсан. Ирж үзүүл эсвэл орой болгон маскаа тавиад дэглэмээ бариад байж бай. Эдгэрэлт хэвийн явагдаж байна гэсэн. 2-4 сарын дараа жижиг жижиг нүхнүүд цаанаасаа түрж эдгэрнэ гэж хэлсэн. 2023 оны 06 сарын 19-ний өдөр 88008832 гэсэн дугаараас *******ийн өмгөөлөгч байна, одоо утасдаад тохиролцвол тохиролц, цагдаа шүүх гээд явахаар таниас гарах зардал тэр хирээрээ нэмэгдэх тул аль болох ойлголцох гэж залгасан шүү. Өөрөө хуульчид хандаж зөвлөгөө ав. Энэ хүнд учруулсан хохирлоос гадна нийгэмд учруулсан хохиролдоо хариуцлага хүлээнэ гэдгээ ойлгоно биз. Бид мэргэжлийн үйл ажиллагааг чинь хүртэл хаалгаж, шалгуулж зохих арга хэмжээг авна. Эрүүгийн хууль, зөрчлийн тухай хууль, зар сурталчилгааны тухай хууль, эм эмнэл зүйн удирдамж зөрчсөн гээд өөрт нь хариуцлага үүснэ. Мэдээж хуулийн хүрээнд хариуцлага хүлээнэ, мэргэжлийн үйл ажиллагааг явуулах эрхээ хасуулах гээд өөрт чинь маш их хохирол шүү. Сануулаад байгаа нь бид ч бас цаг хугацаа алдмааргүй байна. Мөн дахин хэлэхэд итгэхгүй байгаа бол хуульчид хандаж зөвлөгөө авч аль болох өөр дээрээ хохирол багатай салбал зүгээр шүү. Тэгээд маргааш хариу өгнө биз өгөхгүй бол эвээр асуудлаа шийдэхгүй юм байна гэж үзээд ажиллагаа явуулах болно гэж ярьж, завсаргүй мессэж бичиж байсан. Би хийсэн ажиллагааныхаа л төлбөрийг авсан. 80,000 төгрөг болоход заримдаа идэх гоймонгийн мөнгөгүй болчихдог гэж ярихаар нь өрөвдөөд 60,000 төгрөг л авсан. Сарын дараа ******* өөрөө яриад аниа мөнгөө авъя, таньдаг гоо сайханч эгчээсээ асуусан, ингэж тасалдаггүй гэж байна, өгөхгүй бол шүүхэд хандана гэсэн. Явдаг газраараа явахгүй юу гэж хэлсэн. Энэ хүмүүс хүний хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан, миний хаяг мэдээллийг хаанаас авсан эсэхийг мэдэхгүй, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс намайг дуудсан. Тухайн үед болсон шүүх хуралдаанд Б.******* өөрөө ирэхэд нь харахад өмнө нь харсан улаан хацар үнэхээр гоё болсон, арьс нь хэвийн харагдаж байсан. *******ийн нэхэмжлэлийг үзэхэд эмчид үзүүлээд хацрын улаанаас болсон гэсэн тодорхойлолт байхгүй, эмчийн тодорхойлолт байхгүй, би эм бичиж шинжилгээ өг гэж хэлээгүй. Өөрөө өгсөн шинжилгээнүүд нь цусны дэлгэрэнгүй, элэгний үйл ажиллагаа, өөх тосны солилцоо холестерин, сахар, өвөрмөц шинжилгээ асло, хэвлийн эхо байсан. ******* нь яагаад мед эмнэлэгт үзүүлснийг, тэр эмч нь яагаад юуны эм бичиж өгөөд эмээ ууснаар ходоод нь өвдсөн гэж яриад байгааг ойлгохгүй байна. Баримтууд нь дандаа арьс арчилгааны үнэтэй брэндийн бүтээгдэхүүнүүд авсан байсан. Энэ хүн өөрийнхөө биеийг үзүүлсэн, батганы эм авсан зардлыг би хүлээн зөвшөөрөхгүй. Хийсэн үйлчилгээнийхээ мөнгийг буцааж өгч болно. Би саяхан 20 настай охиноо алдаад ажил хийх чадамжгүй болсон. Одоогоор эрхэлсэн ажилгүй 83-тай асрамжийн аав ээж хоёроо харж хандаж байна. Миний хувьд тухайн ажилбарыг мэргэжлийн түвшинд хийсэн бөгөөд эдгэрэх үйл ажиллагааг хүлээж чадахгүй, сэтгэл санаагаа зөв удирдаж хүлээцтэй байж чадаагүй яаран эмчид үзүүлж гаргасан зардал буюу нэхэмжлэлийн төлбөр тооцоог барагдуулах үндэслэлгүй гэж бодож байна гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Манай улсад аливаа үйлчилгээний анхан шатны стандартыг хэрэгжүүлэх маш муу байдаг. Үүний нэг жишээ иргэн Б.******* ******* *******той холбоотой асуудал гарсан байна. Салоны үйл ажиллагаа явуулж байгаа Б.******* буруутай гэж үзэж байна. Гэхдээ Б.*******ийн нэхэмжилж байгаа үнийн дүн болон эмчийн онош, дүгнэлт байгаа гэж байгаа боловч лазерын дараа арьс нь яр шарх нүхжилт үүссэн гэж хэлж байгаа боловч 2 жилийн хугацаа өнгөрсөн байхад яасан эдгэдэггүй юм бэ, хэрэв 2 жилийн хугацаанд үнэхээр эдгээгүй байгаа бол ноцтой байх ёстой. Зөвхөн мед" эмнэлэгт 30 удаа үзүүлсэн гэж байгаа нь худлаа гэж бодож байна. Нэхэмжилж байгаа үнийн дүн их байна. Хүний эрүүл мэнд мөнгөөр хэмжигдэхгүй ч гэсэн бодит бус үнийн дүнг авч үзэх шаардлагатай байх. Тэгэхээр тохирсон үнийн дүнг нэхэмжлэх ёстой гэж үзэж байна гэв.

 

4. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

4.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, банкны дугаартай дансны хуулга /хх-5, 6/, төлбөрийн баримтууд /хх-7-17, 35, 48/, шинжилгээний бичиг /хх-18/, эмийн жор /хх-19/, фото зураг /хх-20/, итгэмжлэл /хх-52, 57/,

4.2. Хариуцагч талаас ирүүлсэн: Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээ /хх-36, 37, 38/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-47/, хариу тайлбар /хх-68-70/

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан, зохигчоос гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б.******* хариуцагчаа ******* *******, Б.******* гэж тодорхойлон гоо сайханы эмчилгээ хийсэн хариуцагчийн мэргэжлийн алдаа, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас гэм хорын хохирол учирсан үндэслэлээр нийт 1,804,007 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргасан.

 

3. Хариуцагч Б.******* нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр ******* *******ыг ажиллуулан гоо сайханы үйлчилгээ эрхлэн явуулж байхад нэхэмжлэгч үйлчилгээ авсан, түүнд мэргэжлийн үйлчилгээг чанартай үзүүлсэн, ар гэрийн шалтгааны улмаас ******* *******ы үйл ажиллагааг зогсоосон гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4. 2023 оны 03 сарын 04-ний өдөр Б.******* нь хариуцагч Б.*******ын ажиллуулж байсан ******* *******д очиж, хацрын улааны судас таслах ажилбарыг лазераар хийлгэж, үйлчилгээний төлбөрт 60,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй. /хх-5/

 

5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.******* гоо сайхны үйлчилгээ үзүүлэхдээ мэргэжлийн хүний хувьд үүсэж болох эрсдлээс сэргийлэх заавар зөвлөгөө буруу өгсний улмаас эм тариа, шинжилгээ, эмчилгээ, унааны зардал гарч хохирсон гэж тайлбарлан, гоо сайхны эмчилгээнээс үүссэн шарх, сорви, батга зэрэг зүйлд хийсэн эмчилгээний зардал 155,000 төгрөг, 180,000 төгрөг, холбогдох эм, бусад төлбөр 869,351 төгрөг, нийтийн тээврийн унаагаар зорчсон зардал 252,000 төгрөг, эмчилгээний төлбөр 60,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд:

- 2023.03.16-ны өдөр Монос эмийн сан Cetapi чийгшүүлэх лосион 28,900 төгрөг, Topicrem calm тайвшруулах 32,900 төгрөг, Bella нүүрний хөвөн 6,500 төгрөг, Сентри 16,500 төгрөг, нийт 68,350 төгрөг төлсөн баримт /хх-10/,

- 2023.04.15-ны өдөр мед эмнэлэг арьс харшил үйлчилгээ 35,000 төгрөг төлсөн баримт /хх-7/,

- 2023.04.15-ны өдөр мед эмнэлэг эмчилгээний гоо засал үйлчилгээ 120,000 төгрөг төлсөн баримт /хх-7/,

- 2023.05.03-ны өдөр Төв аймаг эмийн сан 24,150 төгрөг төлсөн баримт /хх-11/,

- 2023.05.05-ны өдөр MEIC эмийн сан ибупрофин 5,250 төгрөг төлсөн баримт /хх-11/,

- 2023.05.05-ны өдөр MEIC эмийн сан этеко цитикопин шахмал 29,610 төгрөг төлсөн баримт /хх-11/,

- 2023.05.05-ны өдөр Төв аймгийн эмнэлэг 25,000 төгрөг төлсөн баримт /хх-11/,

- 2023.05.23-ны өдөр Мед аналитик үйлчилгээ 24,000 төгрөг төлсөн баримт /хх-11/,

- 2023.05.23-ны өдөр үйлчилгээ 8000 төгрөг төлсөн баримт /хх-11/,

- 2023.05.31-ний өдөр Монос эмийн сан Avene cleanance угаагч крем 51,900 төгрөг, Avene cleanance мицеллар 29,900 төгрөг, Клицин 300 мг 22,500 төгрөг, MyLacto S plus 29,250 төгрөг, Пурим 14,000 төгрөг, Флузол 5,250 төгрөг, Topicrem АС 47,900 төгрөг, нийт 195,910 төгрөг төлсөн баримт /хх-10/,

- 2023.06.08-ны өдөр Мед аналитик үйлчилгээ 27,000 төгрөг төлсөн баримт /хх-10/,

- 2023.06.16-ны өдөр MEIC эмийн сан нольпаза 14,280 төгрөг төлсөн баримт /хх-8/,

- 2023.06.16-ны өдөр MEIC эмийн сан фромилид шахмал 38,188.54 төгрөг, Бөтаклав бүрхүүлтэй шахмал 17,640 төгрөг, нийт 55,828.54 төгрөг төлсөн баримт /хх-9/,

- 2023.06.16-ны өдөр MEIC эмийн сан амбис бүрхүүлтэй шахмал 26,250 төгрөг, гастробене плюс зажилдаг шахмал 33,673.40 төгрөг, Флюкона денк 40,800 төгрөг, нийт 100,723.40 төгрөг төлсөн баримт /хх- 9/,

- 2023.10.21-ний өдөр мед эмнэлэг эмчилгээний гоо засал 180,000 төгрөг төлсөн баримт /хх-35/,

- 2023.10.21-ний өдрийн шатахуун 20,000 төгрөг төлсөн баримт /хх-35/,

- 2023.11.04-ний өдөр мед эмнэлэг эмчилгээний гоо засал 220,000 төгрөг төлсөн баримт /хх-35/,

- 2023.12.07-ны өдөр мед эмнэлэг эмчилгээний гоо засал 180,000 төгрөг төлсөн баримт /хх-48/,

- огноо байхгүй нүүр цэвэрлэгч гель 41,125.26 төгрөг, Алтан цэгцүүхэй хандтай тос 57,772.07 төгрөг, нийт 98,897.34 төгрөг төлсөн баримт /хх-10/,

- огноо байхгүй, 18,000 төгрөг төлсөн баримт /хх-10/,

- АТҮТ ТӨҮГ гэсэн 4,200 төгрөгийн 60 ширхэг, 252,000 төгрөгийн баримт /хх-12-17/.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* *******, Б.******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас гэм хор учирсан гэж үзэж байгаа бол гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

7. Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 20 дугаартай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээ-ээр иргэн Б.*******д Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 3 дугаар хороо, 70 дугаар байр, 4 тоот хаягт Үсчин, гоо сайхан чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2015 оны 03 сарын 13-ны өдрөөс 2016 оны 03 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар олгож, 679 дугаартай гэрчилгээгээр 2017 оны 06 сарын 15-ны өдрөөс 2018 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, 1007 дугаартай гэрчилгээгээр 2019 оны 07 сарын 22-ны өдрөөс 2020 оны 07 сарын 22-ны өдөр хүртэл хугацаагаар олгосны үндсэн дээр Б.******* дурдсан хаягт үйл ажиллагаа явуулж буй газраа ******* ******* гэж нэрлэн гоо сайханы чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож байна. /хх-ийн 36, 37, 38/

 

8. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн дээр дурдсан төлбөр төлсөн баримтууд нь 2023 оны 03 сарын 04-ний өдөр хариуцагчаас гоо сайхны үйлчилгээ авсан цаг хугацаанаас хойш төлбөр төлсөн баримтууд байх боловч эдгээр зардал нь хариуцагч Б.*******ын хийсэн гоо сайхны эмчилгээний улмаас нэхэмжлэгчийн гоо сайханд учирсан хохирлыг арилгахтай холбогдон гарсан зардал буюу хариуцагчийн үзүүлсэн үйлчилгээтэй шалтгаант холбоотой болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2023 оны 03 сарын 04-ний өдөр хариуцагчийн хийсэн гоо сайханы эмчилгээнээс үүдэж нүхжилт үүсэж, улмаар яртай идээт үрэвсэл үүссэн, энэ байдлыг мед эмнэлгийн эмчид үзүүлж оношлуулсан гэх тайлбарыг гаргаж байх боловч тус эмнэлэгт 2023 оны 04 сарын 15-ны өдөр арьс харшил, эмчилгээний гоо сайханы үйлчилгээ, 2023 оны 10 сарын 21, 2023 оны 11 сарын 04, 2023 оны 12 сарын 07-ны өдөр эмчилгээний гоо сайханы үйлчилгээ, Мед аналитик гэх газарт 2023 оны 05 сарын 23, 2023 оны 06 сарын 08-ны өдөр эмчилгээ үйлчилгээ тус тус авч төлбөр төлсөн үйл баримтаар хариуцагчийн хийсэн эмчилгээний улмаас нэхэмжлэгчийн нүүрэнд нүхжилт, идээт үрэвсэл гарсан гэж дүгнэх нь учир дутагдалтай бөгөөд тухайн шалтгаант холбоог оношилж тогтоосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. /хх-ийн 7, 10, 11, 35, 48/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хийсэн эмчилгээний дараа шинжилгээ өгч, эмчийн бичсэн жорын дагуу эм, эмийн хэрэгсэл авсан гэх тайлбарыг гаргаж байх боловч 2023 оны 05 сарын 20-ны өдрийн шинжилгээнд явуулах эмчийн бичиг, 2023 оны 05 сарын 31-ний өдрийн энгийн эмийн жор болон 2023 оны 03 сарын 16, 2023 оны 05 сарын 03, 05, 31, 2023 оны 06 сарын 16-ны өдөр эмийн сангуудаас эм, эмийн хэрэгсэл, гоо сайханы бүтээгдэхүүн худалдан авч төлбөр төлсөн баримтаар хариуцагчийн үзүүлсэн гоо сайханы эмчилгээ үйлчилгээнээс үүдсэн үр дагаврыг арилгахтай холбогдон зардал гарсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 8, 9, 10, 11, 18, 19/

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн үзүүлсэн эмчилгээ үйлчилгээний дараа Төв аймгаас Улаанбаатар хот руу ирж эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэхтэй холбоотой унааны төлбөрт нийт 252,000 төгөрг зарцуулсан гэж 4200 төгрөгийн 60 ширхэг баримтыг ирүүлсэн байх боловч эдгээр баримтын 1 баримт дээр 2023.04.07 гэсэн огноотой, бусад баримт дээр огноо бичигдээгүй байх ба хариуцагчийн 2023 оны 03 сарын 04-ний өдрийн эмчилгээний үр дагаврыг арилгахтай холбоотой гарсан зардал гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,804,007 төгрөгийн тооцооллын задаргааг эмчилгээний зардал 155,000 төгрөг, 180,000 төгрөг, холбогдох эм, бусад төлбөр 869,351 төгрөг, нийтийн тээврийн унаагаар зорчсон зардал 252,000 төгрөг, эмчилгээний төлбөр 60,000 төгрөг гэж тодорхойлсон ба түүний тайлбарт дурдсан зардлын дүн 1,516,351 төгрөг байгааг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тодруулахад нэхэмжлэгч гэм хорын хохиролд нийт 1,804,007 төгрөгийн зардал гарсныг гаргуулахаар шаардаж байгаа гэсэн тайлбарыг гаргасныг дурдах нь зүйтэй.

 

9. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж зааснаар иргэн шүүх хуралдаанд оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ гаргасан.

 

Иргэдийн төлөөлөгч ******* *******ы үйл ажиллагаа явуулж байгаа Б.******* буруутай гэж үзэж байна. Гэхдээ Б.*******ийн нэхэмжилж байгаа үнийн дүн болон эмчийн онош, дүгнэлт байгаа гэж байгаа боловч лазерын дараа арьс нь яр шарх, нүхжилт үүссэн гэж хэлж байгаа боловч 2 жилийн хугацаа өнгөрсөн байхад яасан эдгэдэггүй юм бэ, хэрэв 2 жилийн хугацаанд үнэхээр эдгээгүй байгаа бол ноцтой байх ёстой. Зөвхөн мед эмнэлэгт 30 удаа үзүүлсэн гэж байгаа нь худлаа гэж бодож байна. Нэхэмжилж байгаа үнийн дүн их байна. Хүний эрүүл мэнд мөнгөөр хэмжигдэхгүй ч гэсэн бодит бус үнийн дүнг авч үзэх шаардлагатай байх. Тэгэхээр тохирсон үнийн дүнг нэхэмжлэх ёстой гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

10. Хариуцагч Б.*******ын хийсэн гоо сайханы эмчилгээ үйлчилгээний улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учирсан бол гэм хорын хохирлыг хариуцагчаар төлүүлбэл зохих ба хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.******* Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үсчин, гоо сайханы чиглэлээр ******* ******* нэртэй газрыг ажиллуулж байхдаа 2023 оны 03 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Б.*******т хацрын улааны судас таслах ажилбарыг лазераар хийж, үйлчилгээний төлбөрт 60,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байх боловч тухайн эмчилгээ үйлчилгээний улмаас нэхэмжлэгчийн нүүрэнд шарх сорви, батга, идээт үрэвсэл үүссэн, үүнээс үүдэж эмчилгээ хийлгэх шаардлагатай болж нэхэмжлэгчээс нийт 1,804,007 төгрөгийн зардал гарсан нь хариуцагчийн үзүүлсэн гоо сайханы эмчилгээ үйлчилгээтэй шалтгаант холбоотой болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаар ******* *******-ыг татсан байх боловч хариуцагч Б.******* өөрт олгогдсон зөвшөөрлийн үндсэн дээр гоо сайханы үйлчилгээг үзүүлж буй газраа ******* ******* гэж нэрлэн ажиллуулж байсан нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон ******* ******* нь өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээх бие даасан эрх зүйн этгээд буюу хуулийн этгээд болох нь баримтаар тогтоогдоогүй болно.

11. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч Б.******* нь ...нэхэмжлэгчид үзүүлсэн үйлчилгээндээ итгэлтэй байгаа, гэхдээ шүүхийн маргааныг дуусгамаар байна, 600,000 төгрөгийг өгөөд эвлэрэх боломжтой гэх тайлбарыг гаргасан тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх ба нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1,204,007 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч ******* *******д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 18,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******аас гэм хорын хохиролд 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,204,007 /нэг сая хоёр зуун дөрвөн мянга долоон/ төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч ******* *******д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 18,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР

 

ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ

 

Б.БИЛГҮҮН