| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/10967/И |
| Дугаар | 191/ШШ2025/10036 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/10036
2025 11 18 191/ШШ2025/10036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... , өөрийн байранд байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар: *******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.******* /РД:*******/ нь тус *******тай 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр MN******* тоот Цахим цалигийн зээлийн гэрээ байгуулан 39,925,000.00 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. Иргэн Б.******* нь Цахим цалингийн зээлийн гэрээ-гээр хүлээсэн мөнгөн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлээгүй тул тус ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 191/Ш32025/22331 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй нөхцөл байдлын улмаас тус ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар 155.1-т заасны дагуу иргэн ******* ургийн овогтой *******гын Аябуян /РД:*******/-г эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. гэжээ.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, ******* ******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.05.20-ны өдрийн 191/ШЗ2025/22331 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Б.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, зээл хүсэгчийн анкет, 2024.08.20-ны өдрийн ******* дугаартай цахим цалингийн зээлийн гэрээ,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.11.04-ний өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй. ******* ******* ХК нь Улаанбаатар хот, .... хаягт байрладаг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
3. ******* ******* ХК нь ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар *******/-тай 2024 оны 08 сарын 20-ны өдөр ******* дугаартай цахим цалингийн зээлийн гэрээ байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******гийн оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, түүнийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
5. ******* ******* ХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хариуцагч Б.*******д холбогдуулан 45,701,750 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахдаа хариуцагчийн хаягийг Улаанбаатар хот, ..... тоот гэж тодорхойлсон байх ба тус шүүхийн шүүгчийн 2025.05.20-ны өдрийн 191/ШЗ2025/22331 дүгээр захирамжаар хариуцагч дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч Б.*******гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, ..... тоот гэсэн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.
7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаягт хариуцагч Б.******* бүртгэлгүй боловч оршин суудаггүй нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.
Иймд, Б.*******г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст даалгах нь зүйтэй.
9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, ..... тоот хаягт оршин суух бүртгэлтэй ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Б.Хатанбаатар /утас:... / нарт мэдэгдэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР