2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/10038

 

 

 

 

 

 

 

2025 11 18 191/ШШ2025/10038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... тоотод байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар: *******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн ******* овогтой ******* нь ******* *******тай 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дугаар: ******* тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дугаар ЗГ-******* тоот Дижитал зээлийн гэрээ-г байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн дижитал зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин төлбөрөө төлөхгүй байсан тул Х.*******-д холбогдуулан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Дугаар 197/ШЗ2025/55670 тоот захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд иргэн Х.*******г эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү. гэжээ.

 

2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.12.09-ний өдрийн харилцагчид бүтээгдэхүүн, үйлчилгээний үзүүлэх гэрээ, 2024.10.28ы өдрийн ЗГ-******* дугаартай дижитал зээлийн гэрээ, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, хүү тооцооллын хүснэгт, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.09.19-ний өдрийн 197/ШЗ2025/55670 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, ******* ******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

 

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.11.04ий өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.*******г эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.

 

2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй. ******* ******* ХК нь Улаанбаатар хот, .... тоот хаягт байрладаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.

 

3. ******* ******* ХК нь ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар *******/-тай 2024 оны 10 сарын 28ы өдөр ЗГ-******* дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагч Х.*******гийн оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, түүнийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

5. ******* ******* ХК нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хариуцагч Х.*******д холбогдуулан 9,535,418.06 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахдаа хариуцагчийн хаягийг Улаанбаатар хот, .... тоот гэж тодорхойлсон байх ба тус шүүхийн шүүгчийн 2025.09.19-ний өдрийн 197/ШЗ2025/55670 дугаар захирамжаар хариуцагч дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч Х.*******гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, .... тоот гэсэн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.

 

7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаягт хариуцагч Х.******* бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.

 

Иймд, Х.*******г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст даалгах нь зүйтэй.

 

9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, .... тоот хаягт оршин суух бүртгэлтэй ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлуулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.*******г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /утас:... / мэдэгдэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР