| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0130/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\150 |
| Огноо | 2018-05-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2018\ШЦТ\150
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Насанд хүрээгүй хохирогч*******,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт *******овогт *******ийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818001560119 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******Улсын иргэн, *******овогт *******ийн ******* /РД:*******/, 2001 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “*******” цогцолбор сургуулийн ******* ангид сурдаг, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *******ардын намын байрны орчим иргэн *******ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *******ардын намын байрны орчим хохирогч *******ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Насанд хүрээгүй хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “******* бид хоёр 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн үед PC тоглоомын газарт муудалцсан. Би эхлээд *******ийг цохиж түлхээд гадаа гарч зодолдсон. Учир нь миний урд сууж байсан хүүхэд миний өмд рүү өшиглөөд байхаар нь уурласан юм. Гэтэл ******* “сүртэй юм.” гэж хэлсэн учир түүнээс болж бид маргалдсан.
... Анх 5000000 төгрөг нэхэмжилсэн боловч 4100000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, *******ээс 2050000 төгрөгийг нь авсан.” гэх мэдүүлэг,
-Насанд хүрээгүй хохирогч *******ын хууль ёсны төлөөлөгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Дарханд ирсэн. Тэгээд 2 дугаар сарын 27-ны өдөр хүүгийнхээ багштай нь уулзаж, цагдаагаар явмааргүй байна гэж хэлж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл зөвхөн эмчилгээний зардлыг нэхэмжилсэн. Шүдний эмнэлгийн эмч манай хүүг залуу хүүхэд тул хиймэл шүд хийлгэх хэрэггүй гэж хэлсэн учир хүүгийнхээ гурван шүдийг Солонгос эмчтэй шүдний эмнэлэгт ломбодуулж, нэг шүдийг нь бүрүүлсэн. Бүрээстэй шүдийг хэдий хугацаанд солих нь тухайн хүний шүд арчилгаанаас хамаардаг бөгөөд 8-15 жилийн дотор солих шаардлагатай байдаг гэсэн. Хүүгийнхээ хамрыг өрхийн эмнэлэгт үзүүлэхэд 24 цагийн дотор эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгээд Саран эмнэлэгт үзүүлж зургийг нь авахуулчхаад 2 дугаар сарын 28-ны өдөр Бид эмнэлэгт хамрыг нь янзлуулсан. 3 дугаар сарын 02-ны өдөр томографын зураг авахуулсан
...эмчилгээний зардалд нийт 5 сая төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд 4100000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. 2050000 төгрөгийг хүлээн авсан нь үнэн.” гэх мэдүүлэг,
-Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 4/,
-Хохирол, төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 5-67/,
-Гэрч *******ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намын байрны ард талд *******, ******* хоёр бие биеэ заамдаад авчихсан зогсож байсан. Намайг очиход ******* өвдгөөрөө *******ын нүүр рүү 2 удаа өвдөглөж цохисон.
...*******ын хамар нь муруйсан, нэг үүдэн шүд нь сэтрээд хугарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 75/,
-Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гадаа гараад ******* *******ийг нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод зүүн хөл рүү нь нэг удаа өшиглөхөд нь ******* зөрүүлээд *******ын нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон.
...******* нь *******ыг 2 удаа өвдөглөсөн чинь *******ын хамарнаас нь цус гараад хүүхдүүд салгасан. Салгасны дараа *******ын хамар нь муруйсан, дээд үүдэн шүд нь хугарсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 77/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 78/,
-“*******ын биед 4 шүдний цөгцний хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, нүүрний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг үлэмж хэмжээгээр буюу 15 хувиар тогтонги алдагдуулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.” гэх 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 307 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 80/,
-“*******ийн биед зүүн чихэнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 302 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 84/,
-Өсвөр насны шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... “гараад ир, зодолдъё” гэж хэлээд гараад явахаар нь би араас нь гарч явсан. Гадаа гартал миний нүүр уруу гараараа нэг удаа цохиод зүүн хөлний шилбэ үрүү өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр үрүү нь гараараа 2-3 удаа цохиод намайг бас зөрүүлээд цохисон. Дахиад цохих гэхээр нь би бултаад холдтол эрчиндээ өөрөө доошоо тонгойсон. Тэгэхээр нь өвдөглөтөл өөрөөр хэлбэл өвдөгөөрөө нүүр уруу нь цохисон чинь хамарнаас нь цус гарч, хүүхдүүд ирээд бид хоёрыг хоёр тийш нь болгосон юм.” гэх мэдүүлэг /хэргийн 89/,
-Насанд хүрээгүй иргэний нас тоолсон тухай тэмдэглэл /хэргийн 106, 109/ болон хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******ын биед 4 шүдний цөгцний хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, нүүрний цус хуралт бүхий гэмтэл учирсан бөгөөд хохирол төлбөрт 5000000 төгрөгийг нэхэмжилж, мөрдөн байцаалтын шатанд 2304629 төгрөгийн, шүүхийн шатанд 1780694 төгрөгийн нотлох баримт ирүүлсэн байна.
Хохирогчоос гаргаж ирүүлсэн 4085323 төгрөгийн нотлох баримтыг судалж үзэхэд эмчилгээ хийлгэсэн, эм тариа авч хэрэглэсэн 2913813 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд төлсөн 2050000 төгрөгийг хасч, өсвөр насны шүүгдэгч *******, хууль ёсны төлөөлөгч ******* нараас үлдэх 863813 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн худалдан авсан, чөлөөт цагаараа тоглоом тоглосон зэрэг нь гэмт хэргийн улмаас гарсан шууд зардал биш, тухайн гэмт хэрэгтэй шалтгаант холбоогүй байх тул иргэний нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *******ардын намын байрны орчим хохирогч *******ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 4/, хохирол, төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 5-67/, гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг очиход ******* өвдгөөрөө *******ын нүүр рүү 2 удаа өвдөглөж цохисон. ...*******ын хамар нь муруйсан, үүднийх нь нэг шүд сэтрээд хугарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 75/, гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* нь *******ыг 2 удаа өвдөглөсөн чинь *******ын хамарнаас нь цус гараад хүүхдүүд салгасан. Салгасны дараа *******ын хамар нь муруйсан, үүдэн дээд шүд нь хугарсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 77/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 78/, “*******ын биед 4 шүдний цөгцний хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, нүүрний цус хуралт тогтоогдлоо.” гэх 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 307 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 80/, өсвөр насны шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний нүүр уруу гараараа нэг удаа цохиод зүүн хөлний шилбэ уруу өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр уруу нь гараараа 2-3 удаа цохиод намайг бас зөрүүлээд цохисон.” гэх мэдүүлэг /хэргийн 89/ болон хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт хуульчилж өгсөн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялын аль нэгийг сонгож өсвөр насны шүүгдэгчид оногдуулахаар хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилж өгсөн бөгөөд өсвөр насны шүүгдэгчид торгох ял оногдуулахыг хуулиар хориглосон, зорчих эрхийг хязгаарлах ял 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх учир шүүх өсвөр насны шүүгдэгч *******т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-т заасны дагуу 125 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.7, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч *******овогт *******ийн *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, иргэний хариуцагч ******* нараас 863813 /найман зуун жаран гурван мянга найман зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 21 дүгээр байрны 53 тоотод оршин суух насанд хүрээгүй хохирогч *******ын ******* /РД:*******/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Их *******овогт*******ийн ******* /РД:*******/ нарт олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ийн *******т 125 /нэг зуун хорин тав/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч *******т анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ