Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00393

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00393

 

 

 

Ч.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2019/00138 дугаар шийдвэртэй Ч.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй Д.Бямбажаргалд холбогдох, гэрээ цуцалж, 17 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Д.Бямбажаргалаас Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 11-1 тоот хаягт байрлах хашаа байшин, газрыг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр худалдаж авсан бөгөөд түүнд ...хашаа, байшингийн ар тал нь муу байна гэхэд тэрээр зүгээр гэж хэлсэн. Нэг сар бололгүй 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байшингийн ар талын гадна хана нь нурж унасан. Энэ тухай Д.Бямбажаргалд утсаар хэлэхэд гадаадад байна гээд ирээгүй. Өнгөрсөн зун 7 дугаар сараас эхлэн бороо орж эхэлсэн ба хашааны дэргэдэх 3, 4 хашаа тэр чигээрээ булаг урсдаг. Хашаагаар дүүрэн устай болдог. Ингээд ийм нөхцөлд амьдрах боломжгүй болсон тул байшингаас гарч гэр барин амьдарсан. Тухайн газрын дээрх нөхцөл байдлыг хэлэлгүй, худалдсан хөрөнгийн доголдлын талаар надаас нуусан. Иймд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2, 243 дугаар зүйлийн 243.2, 254 дүгээр зүйлийн 254.1, 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Д.Бямбажаргалтай байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 17 500 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Бямбажаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 11-1 тоот хаягт 20 гаруй жил амьдраад хүүхдүүдтэйгээ ойртож амьдрах болсон тул уг хашаа, байшингаа худалдан борлуулах зарыг шуурхай зар, 1900-1950, facebook хаяг зэргээр заруудыг түгээсэн. ...Зарын дагуу ирлээ гээд Ч.Мягмарсүрэн нь 2 хүнтэй ирж газрыг үзсэн. Анх ...хашаа байшин, газраа 25 000 000 төгрөгөөс 20 000 000 төгрөгт өгнө гэж хэлсэн. Тэгэхэд ...дахиад жаахан ярьж хөөрөөч гээд 17 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тус хашаа байшинд 1998 оноос хойш амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгчид ирж үзэхэд нь ...ийм, ийм байдалтай, байшинг 100 айлд байдаг би чадна гэх хүмүүсээр бариулсан гэдгийг анхааруулж хэлж байсан. Нэхэмжлэгч ...бага зэргийн засвар хийх шаардлагатай юм байна 2 000 000 төгрөгөөр үнээ хямдруулчих гэсний дагуу анхны үнээ буулгаж газрыг 1 500 000 төгрөгөөр, байшинг 16 000 000 төгрөгөөр тооцож зарсан. Хариуцагчийн зүгээс хуулийн дагуу гэрээ байгуулж гэрээний 3.1, 3.2, 3.3-т зааснаар мэдээллийг бүрэн дүүрэн өгсөн ба хашаа байшингаа бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Иймд гэрээ цуцлах, хашаа, байшингийн үнэ 17 500 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Бямбажаргалд холбогдох гэрээ цуцалж, 17 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгончимэг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байх ба шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлээ нэхэмжлэгч эд хөрөнгийг хүлээн авах үедээ мэдсэн буюу мэдэх боломжтой, хариуцагч мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөө талаар талууд гэрээндээ эд хөрөнгийн шинж чанарын талаар заагаагүй тул нэхэмжлэгчийн өөрийнх нь сонгосон эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр хариуцагчийн үндсэн үүрэг дуусгавар болно гэжээ. Талууд хэдийгээр эд хөрөнгийн чанарын талаар гэрээнд заагаагүй ч Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийн биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Мөн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх хуульд заасан үүрэгтэй байна. Нэхэмжлэгч нь 17 500 000 төгрөгөөр амьдран суух зориулалттай байшин авахыг хүссэн бөгөөд урт хугацаанд амьдрахаар худалдаж авсан нь ойлгомжтой юм. Учир нь шүүх мэдэх боломжтой гэж үзэх үндэслэлээ хувийн орон сууц нь чанар байдлын хувьд хуучин барилга байсан үүнийг нэхэмжлэгч мэдэж байсан гэж үзэхээр байна. Тодруулбал, худалдан авагч эд хөрөнгийн шинж чанар элэгдэл, ашигласан хугацаа засвар үйлчилгээ хийгдсэн байдал зэргийг эд хөрөнгө хүлээж авах үедээ мэдсэн буюу мэдэх боломжтой гэ дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Худалдагч нь худалдан авагч доголдлыг мэдэх боломжтой байсан болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлоогүй. Харин ч гэрч н.Явуухулан, н.Дэлэг нарын мэдүүлгээс гэрээнд заасан чанар байдлын талаарх мэдээллийг өгөөгүй болох нь харагддаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дах хэсэгт зааснаар барилгын талаарх мэдээллийг бүрэн өгөх нь худалдагчийн хуульд заасан үүрэг юм. Гэтэл шүүх гэрч н.Баярсайхан, н.Пүрэвсүрэн нарын мэдүүлэг үзлэг хийсэн тэмдэглэлээр мэдэх боломжтой гэж үзсэн нь үндэслэлгүй. Дээрх гэрчүүд нь Ч.Мягмарсүрэнг мэдсэн мэдэх боломжтой байсан эсэхийг тогтооход ач холбогдолтой, хамааралтай мэдүүлэг өгөөгүй юм. Мөн зохигчдын тайлбараар байшин 2012 онд баригдсан, 6 жил болж байсан байх ба зохих ёсоор стандартын дагуу барьсан барилга доод тал нь 10 ба түүнээс дээш жилээр ашиглах боломжтой байх ёстой.

Нэхэмжлэгчийн хувьд хувийн орон сууцыг худалдан авснаас хойш 20 хоногт удаа дараа нурсан болохыг гэрчүүд мэдүүлж байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй юм. Мөн хуулийн 254.7 дахь хэсэгт баталгаат хугацааны дотор доголдлыг ирүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж хуульчилсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар 20 хоногийн дотор доголдлыг илрүүлсэн болох нь тогтоогдсон, уг доголдлыг нэхэмжлэгч мэдсэн, мэдэх боломж байгаагүй бөгөөд нурах эрсдэлийг мэдсэн бол байшин худалдаж авахгүй нь ойлгомжтой. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс хана нурсан нь байшингийн чанар, буруу барьснаас эсхүл гадны хүчин зүйлийн улмаас нурсан аль нь болохыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан ба шүүх хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийг шийдвэрлэсэн. Дээрх нөхцөл байдлыг тогтоох нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой байхаас гадна дээрх нөхцөл байдлыг тогтооход зайлшгүй тусгай мэдлэг шаардлагатай юм. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, тус шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэн нь хариуцагч Д.Бямбажаргалд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, эд хөрөнгийн үнэ 17 500 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, тус гэрээгээр худалдагч нь Баянзүрх дүүргийн 24 хороо, хоршоолол 11 гудамж 1 тоот хаягт байршилтай 66 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204073958 дугаарт бүртгэлтэй, №000641754 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй хувийн сууц, мөн хаягт байршилтай 18648312800528 нэгж талбарын дугаартай, 314 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-2204011014 дугаар бүртгэлтэй газрыг тус тус худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хувийн сууцыг 16 000 000 төгрөгөөр, газрыг 1 500 000 төгрөгөөр нийт 17 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон үйл баримт үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 15-17 дугаар тал/

Иймд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч худалдан авсан сууц, газрыг доголдолтой гэж үзэж буй үндэслэлээ ...тоосгон хана нурж унасан, цэвдэгтэй газар, зуны улиралд гол горхи урсаж усанд автдаг гэж тодорхойлон зааж байна. Талуудын хоорондын гэрээнд сууц, газрын шинж, байдал чанарын талаар тухайлан тохиролцсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн уг сууц, газрыг хүн оршин суух зориулалтаар ашиглах боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.1.2-т зааснаар эд хөрөнгийн доголдолгүй гэж үзэхээр байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж ... манайх тус газарт 20 гаруй жил амьдарч байна, байшинг 2012 онд бариулж байсан, нэхэмжлэгч гэрээ байгуулахаас өмнө 2, 3 удаа ирж үзсэн ... , нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэнгийн ... манайх худалдан авсан энэ газраас олон гудамжны цаана амьдардаг ба доошлоод энэ хавьд хашаа байшин авах зорилготой байсан ... зарын дагуу охины хамт хашаа байшинг үзсэн, урд талаас нь хараад гайгүй юм байна гээд 20 сая төгрөгөөс хямдруулж авсан, хуучин гэдгийг нь мэдэж байсан ... гэж тайлбарлажээ.

Гэрч Ч.Явуухулангийн ... хашаа байшинг худалдаж авах үед хамт явсан, байшинг би чадна гэдэг хүмүүсээр бариулж байсан гэж хэлсэн ... , гэрч Ц.Пүрэвсүрэнгийн ... би тус хашаа байшинд 1998 оноос 2018 он хүртэл амьдарсан, тухайн байшинг 2012 онд зуун айлд байдаг хүмүүсээр бариулж байсан, манайх жилийн 4 улирал амьдардаг, дулаахан байдаг, ус, булаг гардаг зүйл байхгүй ... гэх, гэрч Н.Баярсайханы ... тус газарт 2011 оноос 2018 он хүртэл ирэн очин байсан, хашаанд булаг задарч байгаагүй. Арын дэлгүүртэй айл, түүний арын айл худаг ухаад тэр ус нь урсаж байсан, хашааны ар талаар урсаж байсан, манай хашаанд ус орж ирж байгаагүй ... гэх мэдүүлгүүд хэрэгт авагджээ. Эдгээр нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу анхан шатны шүүх харьцуулан үнэлж, нэхэмжлэгч нь тухайн байршилд газар, хувийн сууц худалдан авах хүсэл сонирхолтой байсан бөгөөд худалдан авсан эд хөрөнгийн шинж чанар, элэгдэл, ашигласан хугацаа, засвар үйлчилгээ хийгдсэн байдал зэргийг эд хөрөнгө хүлээж авах үедээ мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн гэрээг цуцлах үндэслэл болгосон эд хөрөнгийн биет байдлын талаар доголдлыг худалдан авагч эд хөрөнгийг хүлээж авах үед мэдэх боломжтой бөгөөд байшингийн ар талын гадна тоосгон хана нурах эрсдэлтэй болсон, газар цэвдэгтэй, ус урсдаг нөхцөл байдлыг хариуцагч мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй., мөн хуулийн 255 дугаар 255.2 дахь хэсэгт Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй. гэж тус тус заасан.

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч худалдан авсан газар, хувийн сууцыг хүн амьдрах зориулалтаар ашиглагдах боломжгүй талаар эргэлзээгүй, хангалттай баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээг цуцлах, татгалзах эрхтэй болох нь тогтоогдохгүй байна.

Хариуцагч талаас шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг асуудлаар дахин хэргийн оролцогчдын зүгээс хүсэлт гараагүй бөгөөд хэргийн оролцогчийн эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэх журам буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг шүүх зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэнгийн хариуцагч Д.Бямбажаргалтай байгуулсан худалдах, худалдах авах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 17 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний зүйл болох эд хөрөнгийн зарим хэсэгт доголдол үүссэнтэй холбоотойгоор шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй болно. Учир нь сууцны хана нурсан гэх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн зарим хэсэг доголдолтой гэх нөхцөл байдалд хамаарах тул бүхэлд нь доголдолтой гэж үзэж гэрээнээс татгалзах эрхийг олгохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн нэхэмжлэгч нэхэмжлэлээ тодруулах бөгөөд шүүх уг нэхэмжлэлийн хүрээгээр хэргийг шийдвэрлэх нь Иргэний хуулийн 6 дугаар зүйлд тодорхойлсон мэтгэлцэх зарчим болон, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцнэ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2019/00138 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Б.НАРМАНДАХ