Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/02415

 

 

2017 11 24

2415

 

 

Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02305 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Уранчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнчунт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Уранчимэгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 288 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1331 тоот тогтоолоор Д.Уранчимэгээс 31 615 339 төгрөгийг, Д.Даваажаваас 16 443 200 төгрөгийг гаргуулж Итгэл бизнес ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явуулж байна. Энэхүү шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Д.Даваажавын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруугийн 32 дугаар байрны 41 тоотод байрлах 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болж, үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг 64 167 464 төгрөгөөр тогтоосныг эс зөвшөөрч байна.

Дээрх орон сууцанд 10 гаруй сая төгрөгөөр тооцогдох хэмжээний их засвар хийсэн. Гэтэл үнэлгээчний тогтоосон үнэлгээ нь энэхүү засварын зардлыг оролцуулан тооцоогүй, түүнчлэн засвар хийгээгүй байрыг худалдан борлуулах зах зээлийн үнэд ч хүрэхгүй хэмжээгээр, хөрөнгийн үнэлгээг хэт бууруулж үнийг тогтоосон байна.

Үнэлгээчин тухайн орон сууцны талбайг 32.9 м.кв гэж тогтоон үнэлгээ хийсэн нь хууль бус болно. Учир нь орон сууцны талбайг тодорхойлох эрхгүй этгээд орон сууцны талбайн хэмжээг тогтоож, үнэлгээ хийсэн нь хууль бус гэж үзэж байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/46 тоот тогтоолоор Д.Даваажавын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруугийн 32 байрны 41 тоотод байрлах 1 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 250 000 000 төгрөгөөр тогтоосон зэргээс харахад тухайн орон сууцны үнэлгээг хэт багаар үнэлсэн болох нь илэрхий байна. Иймд орон сууцны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхэд гаргасан тайлбарт: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 288 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1331 дүгээр тогтоолоор Даваажав овогтой Уранчимэгээс 31 615 339 төгрөг гаргуулж Итгэл бизнес ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Бага тойруугийн 32 дугаар байрны 41 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004691 дугаарт бүртгэлтэй 17 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нараас үнийн санал авах мэдэгдлийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3/10700, 3/10701 тоот албан бичгээр төлбөр төлөгч Д.Уранчимэг, Д.Даваажав нарт шуудангаар хүргүүлсэн байна. Дурдсан хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Бэсгэ ХХК-ийг томилон үнэлгээг тогтоолгосон байна. Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 64 167 464 төгрөгөөр үнэлэгдсэн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Даваажав, Д.Уранчимэг, төлбөр авагч Итгэл бизнес ББСБ-д 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3/12847, 3/12846, 3/12848 тоот албан бичгүүдээр мэдэгдсэн болно.

Төлбөр төлөгч Д.Уранчимэгт Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдэл болон тогтоолын хамт хаягаар нь очиж биечлэн гардуулан өгсөн. Төлбөр төлөгч Д.Уранчимэг нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Д.Уранчимэг нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Д.Уранчимэгийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004691 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойруугийн 32 байр 41 тоот орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Уранчимэг давж заалдах гомдолдоо: Шүүх мэтгэлцэх зарчмаар хангалгүй хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өмнө зарлагдсан шүүх хуралд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй байсан тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн. Шүүх хүсэлтийг хангаж, шүүх хурлыг хойшлуулахдаа хурал болно гэдгийг хариуцагчид мэдэгдэлгүйгээр шүүх хурлыг хийж, хэргийн оролцогчийн шүүх хуралд биечлэн оролцох боломжийг хааж, мэтгэлцэх зарчмыг алдагдуулан хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тогтоосон үнэлгээчин тухайн орон сууцны талбайг 32.9 м.кв гэж тогтоож, үнэлгээ хийсэн нь хууль бус болно. Учир нь орон сууцны талбайг тодорхойлоход Барилга хот байгуулалтын яамнаас зөвшөөрсөн зөвшөөрөлтэй компаниуд орон сууцны талбайг тогтоох эрх бүхий этгээд болно. Гэтэл эрхгүй этгээд орон сууцны талбайн хэмжээг тогтоож, түүнд үндэслэж үнэлгээ хийснийг шүүх анхаарч үзээгүй.

Шүүх хуулийг зөвхөн хариуцагчид ашигтайгаар буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг илт зөрчиж байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үнэлгээний талаар Д.Уранчимэг надад мэдэгдэж, танилцуулсан тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой болохыг шүүх анхаарч үзсэнгүй. Мөн үнэлгээ тогтоосон өдөр гэдгийг үнэлгээчний үнэлгээ тогтоосон албан бичгийн огноогоор тодорхойлох, эсхүл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн огноогоор тодорхойлох, эсхүл төлөр авагч болон төлбөр төлөгчид хүрүүлсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Д.Уранчимэг би эд хөрөнгийн үнэлгээг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдэж, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр буюу хуульд заасан хугацаанд гомдол гаргасан. Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч гомдол гаргах хугацааны талаарх дүгнэлт буруу байна.

 

Нэхэмжлэгч Д.Уранчимэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч Д.Уранчимэгийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон мэдэгдлийг хүлээн авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэлд гарын үсэг зурж хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

Харин нэхэмжлэгчийн үнэлгээний талаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 288 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1331 дугаар тогтоолоор хариуцагч Д.Даваажав, Д.Уранчимэг нараас 32 565 622 төгрөг гаргуулж, Итгэлбизнес ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх тул төлбөр төлөгч Д.Уранчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болно.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх шийдвэр болон уг шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 440 дугаар захирамж, мөн өдрийн 54, 56 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Д.Даваажавын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 32 дугаар байр 41 тоот орон сууцыг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 288/124 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1331/124 дугаар тогтоолоор хураасан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 64 167 464 төгрөгөөр тогтоосон байна.

 

Шинжээч нь дээрх орон сууцны бодит талбайн хэмжээг 32.9 м.кв гэж тодорхойлж, зах зээлийн хандлагаар 1 м.кв талбайн дундаж үнийг 1 950 379 төгрөг, нийт 64 167 464 төгрөгөөр тогтоосон ажиллагаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасантай нийцсэн, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. Үнэлгээчин тухайн орон сууцыг биечлэн үзэж, танилцаж, засвар, засан сайжруулалтын үнэлгээг тогтоохдоо тооцсон, хөрөнгийг үнэгүйдүүлсэн, дутуу, буруу үнэлсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02305 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

А.МӨНХЗУЛ