Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2018\ШЦТ\160

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч****** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох 1818003020188 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ***** овогт ****** /РД:ТБ88121974/, 1988 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, тусгай дунд боловсролтой, авто засварчин гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, эгч, дүү, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум ****** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч****** нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ охин ****** эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч****** нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ охин ****** эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч******шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Хэрэг гардаг оройны үйл явдлыг сайн санахгүй байна, намайг хүүхдээ аваад шидчихсэн гэж хэлсэн.

…Гэм буруугийн асуудал дээр маргаангүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,

 

-Насанд хүрээгүй хохирогч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр манай сургуулийн үсэглэлийн баяр болоод би аавтайгаа хамт баяраа тэмдэглэсэн. Тэгээд аав ангийн эцэг эхчүүдтэй айлд очиж архи уусан. Тэгээд гэртээ орж ирээд аав гар утсаа архи уусан айлдаа орхисноо мартаад надаас гар утсаа нэхээд байсан. Тэгж байснаа намайг түлхээд шалан дээр унагаагаад, өргөж байгаад шалан дээр шидсэн. Тэгээд би уйлсан чинь аав намайг дагуулж гараад олсон уу, олсон уу гэж байгаад намайг дахиад түлхээд унагаасан. Тэгээд байж байхад цагдаа ирээд аавыг аваад явсан.

…Одоо өвдөж байгаа зүйл байхгүй, надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 6, 16/,

 

-Гэрч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө манай дүү ****** нь охины үсэглэлийн баяртай гээд гараад явсан. Орой 22 цагийн орчим орж ирээд охиноо “олсон уу, олсон уу?” гэж орилж, хашхирч байснаа хүүхдээ зодоод түлхээд унагаасан. Би “боль” гэтэл өргөж байгаад шидсэн. Тэгэхээр нь уусан юмаа шингээж чадахгүй юм бол зайл гэтэл хүүхдээ дагуулаад гарсан. Тэгээд гадаа хүүхэд нь уйлаад,****** нь байрны хүнтэй хэрэлдэж байгаад тэр хүн нь цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 7/,

 

-Иргэний нэхэмжлэгч ***** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний том охин ******гарсан охин нь ******юм. ******нь******тай хамтран амьдарч байгаад 2013 онд Франц улс руу суралцахаар явсан ба ****** нь манайд амьдарч байгаад эхнэрийг маань Швейцар улс руу 2016 онд явахад ******ыг түүний аав****** дээр үлдээсэн.  2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ****** багш ******миний гар утас руу залгаад ******ыг аав нь зодож цохисон талаар яриад энэ асуудал нь цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэж хэлэхээр нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг****** тоотоос зээ охин ****** очиж авсан.

…надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 14/,

 

-Насанд хүрээгүй иргэний нас тоолсон тухай тэмдэглэл /хэргийн 17/,

 

-“…****** биед тархи доргилт, нүүр, зүүн ташааны цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 442 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 23/,

-****** төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 35/,

-Аюулын зэргийн үнэлгээ /хэргийн 36/,

-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт /хэргийн 68/,

-Хохирогч, яллагдагч нараас гаргасан баталгаа /хэргийн 72/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шүүгдэгч******үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т хамаарч байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ****** биед “тархи доргилт, нүүр, зүүн ташааны цус хуралт” гэмтэл учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч ****** “одоо өвдөж байгаа зүйл байхгүй, надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 6,16/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хэргийн 68/  ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч****** нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг,****** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ охин ****** эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч******шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…намайг хүүхдээ аваад шидчихсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/, насанд хүрээгүй хохирогч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ тэгж байснаа намайг түлхээд шалан дээр унагаагаад, өргөж байгаад шалан дээр шидсэн. Тэгээд би уйлсан чинь аав намайг дагуулж гараад олсон уу, олсон уу гэж байгаад намайг дахиад түлхээд унагаасан.” гэх мэдүүлэг /хэргийн 6,16/, гэрч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...22 цагийн орчим орж ирээд охиноо “олсон уу, олсон уу?” гэж орилж, хашгирч байснаа хүүхдээ зодоод түлхээд унагаасан.” гэх мэдүүлэг /хэргийн 7/, иргэний нэхэмжлэгч ***** мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...****** багш ******миний гар утас руу залгаад ******ыг аав нь зодож цохисон талаар яриад энэ асуудал нь цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэж хэлэхээр нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг****** тоотоос зээ охин ****** очиж авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14/, “…****** биед тархи доргилт, нүүр, зүүн ташааны цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.” гэх 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 442 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 23/, аюулын зэргийн үнэлгээ /хэргийн 36/ болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ****** гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч****** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***** овогт****** гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ***** овогт ******* 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгуулийн ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч******д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч******д анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ